Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Болор-Эрдэнэ, М.Мөнхчимэг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мядагбадам,

шүүгдэгч М.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Галбадрахын Болор-Эрдэнэ, Боржигон овогт Мөнхчулууны Мөнхчимэг, Боржигон овогт Мягмарын Энхтүвшин нарт холбогдох эрүүгийн 201526022375 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Топаз ресторан пабд бармен ажилтай, ам бүл 8, ээж, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 44-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УУ92090981 регистрийн дугаартай, Боржигон овогт Галбадрахын Болор-Эрдэнэ.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Топаз ресторан пабд зөөгч ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 37-11а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, АЮ90041164 регистрийн дугаартай, Боржигон овогт Мягмарын Энхтүвшин.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Топаз ресторан пабд зөөгч ажилтай, ам бүл 3, ах, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 7-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК92022469 регистрийн дугаартай, Боржигон овогт Мөнхчулууны Мөнхчимэг.

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Мөнхчимэг, М.Энхтүвшин, Г.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” бааранд иргэн Б.Ирэхбаяр үйлчлүүлээд гарахдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картаа гээснийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө тус баарны зөөгч М.Энхтүвшин нь 1 номерийн ширээний доороос  олж авсныг АТМ-д уншуулан 505,500 төгрөгийг хуваан авч, хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Энхтүвшин мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлчлүүлэгчийн үлдээсэн эд зүйлийг буцааж өгөх ёстой байдаг. Хохирогч маргааш нь ирээгүй болохоор санамсаргүй хэрэглэсэн. Үнэхээр их харамсаж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхчимэг мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Дахин хүний эд зүйлсэд зөвшөөрөлгүй хүрэхгүй. Үнэхээр их харамсаж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс : 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ирэхбаярын өгсөн:

“... 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний 5022374282 тоот дансанд нийт 592,892,62 төгрөг байсан. Энэ тоог би мөнгөө алга болсноос хойш дансныхаа мэдээллийг аваад харсан учир нарийн хэлж байна. Энэ өдрийн орой 18 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байдаг Топаз ресторанд найзуудын хамт ороод жаахан ууж идсэн ба 22-ны өдөр дэлгүүрээс юм аваад тооцоо хийх гээд картаа үзэхэд карт байхгүй байхаар нь Хан-Уул дүүргийн Хаан банкны салбаараас очиж шалгуулахад 4 газраас 10,000, 100,000, 200,000, 205,500 төгрөгөөр тус бүр мөнгөний зарлага гарсан ба нийт 515,500 төгрөгийн зарлага гараад надад 342,62 мөнгө үлдсэн байсан. Зарлага гарсан баримтаа аваад шууд цагдаад хандсан юм. Гэтэл энэ өдөр 18:03 цагийн үед миний цалин 589,000 төгрөг картанд орсон ба цалин орохоос өмнө миний картанд байсан үлдэгдлийг үзчихээд сүүлийн мөнгөнүүдийг яг тэр үзсэн үлдэгдлээрээ авчихсан юм шиг байна лээ. Цалингийн мөнгө хэвээрээ дансанд байсан тул би бушуухан өөрөө авчихаад картаа хаалгасан байгаа. Надад учирсан бодит хохирол бол 515,500 төгрөг. Би тухайн өдөр нилээд согтсон байсан. Картаа алга болсныг мэдээд эргээд бодоод санаад байхад Топазын зөөгч охинд картаа өгч байснаа санасан. Мөн манай хамт явсан Ганхуяг надад та рестораны зөөгчид картаа өгөөд тооцоо хийсэн шүү дээ, тэгээд үлдээчихсэн юм биш үү гэж хэлж байсан. Би шууд л Топаз рестораны зөөгч охиныг дотроо сэжиглээд байсан ба энэ маань ч гэсэн батлагдаад тухайн рестораны зөөгч одоо нэрийг нь мэдснээр Энхтүвшин гэх охин миний картаар тооцоо хийчихээд картыг минь өгөлгүй ийм зүйл хийсэн байна гэж бодож байна. Надад карт өгсөн ч байж магадгүй. Би согтуудаа авалгүй мартаад орхиод явсныг ашигласан байх гэж бас бодож байна. Энэ охиныг хардах өөр нэг шалтаг нь дансны зарлагын мэдээллээ авахад 20-ны өдрийн 16 цаг 52 минутын орчим Топаз рестораны позын машинаар уншуулсан байхаар нь шууд зөөгч охин уншуулжээ гэдгийг ойлгосон. Хэрэв өөр хүмүүс олсон бол өөр газар уншуулах байсан. Би картаа өгсөн юм чинь нууц дугаараа хэлсэн л байж таараа, тийм ч учраас миний данснаас тэнд үйлчлүүлсэн 74,800 төгрөгийг тэднийх дансандаа хийсэн. Хохирол барагдуулвал гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65, 78-79,  дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Энхтүвшингийн өгсөн:

“... 2015 оны 11 дүгээр сарын 19-ний орой Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Топаз ресторандаа зөөгчийнхөө ажлыг хийж байгаад орой тарах үеэр буюу 00 цагийн орчим хамт ажилладаг Мөнхчимэг нь ногоон өнгийн Хаан банкны виза карт оллоо, 1 номерын ширээний доор байна гэсээр бариад ирсэн. Тухайн үед ажил их завгүй байсан тул уг картыг шалгаж үзээгүй Болор-Эрдэнэ Мөнхчимэгээс картыг аваад за энд байж байг гээд текний доогуур хийгээд орхисон. Маргааш нь ажилдаа ирээд би үдээс хойш 16 цагийн орчим байх текний доор юм хийж байгаад өчигдрийн Мөнхчимэгийн олсон карт байж байхаар нь аваад Болор-Эрдэнэ, Мөнхчимэг хоёрыг сууж байхаар нь энэ картыг уншуулаад үзэх үү гэхэд тэр хоёр тэг тэг гээд рестораныхаа позын машиндаа би хийж 10,000 төгрөг уншуулсан чинь уншчихсан. Гурвуулаа ярилцаад энэ карт мөнгөтэй юм шиг байна, АТМ орж үзье гээд Мөнхчимэг бид хоёр 10-р хорооллын Хаан банкны АТМ орж би картыг уншуулсан. Карт унасан газар 1 номерын ширээ байсан ба тэр ширээнд байсан ах тэр өдөр надад картаа өгөөд нууц дугаараа хэлээд авсан юмныхаа тооцоог хийсэн учир би уг картын нууц дугаарыг тэрхэн үедээ цээжлээд авчихсан ба уг дугаарыг нь АТМ-д хийгээд үлдэгдлийг нь шалгасан чинь 505,000 төгрөг байхаар шууд картаа буцааж аваад Болор-Эрдэнэ рүү залгаад энэ картанд 505,000 төгрөг байна, яах вэ гэтэл харин гурвуулаа яах вэ гэж эргэлзэж ярьж байгаад би юу ч гэсэн 100,000 төгрөг авчихья гэж хэлээд мөнгө аваад ажил дээрээ очоод, бид гурав энэ картыг яах тухай ярихад Мөнхчимэг наад картанд чинь мөнгө байгаа юм чинь эзэн нь хаалгачихна, бушуухан мөнгийг нь авчихъя гээд Мөнхчимэг картыг аваад ганцаараа явж хорооллын орчим хоёр АТМ-д уншуулж 200,000, 200,000 төгрөгөөр нь аваад 400,000 төгрөг болгосноос замдаа таксины мөнгө өгсөн гээд 396,000 төгрөг бариад ирэхээр нь урд авсан 100,000 төгрөгөө нэмээд 496,000 төгрөг болгоод түүнийгээ гурав хуваагаад нэг хүний 166,000 орчим төгрөгөөр тооцож хувааж авсан. Он гарсны дараа 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр хорооны байцаагч Отгонбаяр гэгч байцаагч ирээд танай картын машин хаана байдаг, яаж уншуулдаг талаар асуугаад явсан. Дахиад 2 дугаар сарын дундуур дахин Отгонбаяр ирээд манай менежертэй уулзаад явсан. Дахин хэд хоногийн дараа Отгонбаяр гэдэг байцаагч дуудаад очиход тэр Мөнхчимэг, Болор-Эрдэнэ бид гурвыг бусдын карт ашиглан мөнгө авсан байна гэж хэлээд камерын бичлэг үзүүлснээр би хэргээ хүлээсэн. Ажил дээрээ очоод Болор-Эрдэнэд хэлэхэд тэр би очиж уулзая, нэгэнт аваад хэрэглэсэн юм чинь гурвуулаа хуваагаад хохирлыг нь төлье гээд явсан ба ирэхдээ тэр би хохирлын мөнгийг нь байцаагчид өгчихлөө, би зохицуулчихлаа гэж хэлээд ирсэн. Маргааш нь Отгонбаяртай уулзахад Болороо гуйсан болохоор би зохицууллаа шүү гэж хэлээд намайг чүдэнзэнд гаргасан, би авчирч өгөөд явсан. Тэрнээс хойш хэсэг чимээгүй байж байтал прокуророос дуудснаар очиход Отгонбаяр нь намайг сэжигтнээр байцаагаагүй байж байцаасан болж юм бичээд гарын үсэг зурсан байсан. Тэр мэдүүлэгт зурагдсан гарын үсэг минийх биш байсан. Мөн мэдүүлэгт бичигдсэн зүйлийг би огт яриагүй байснаа прокурорт хэлж тайлбар өгсөн байгаа. Би уг нь хохирлыг нь төлсөн тул гайгүй ингээд хаагдаж байгаа юм байна гэж бодож явсан. Хохирогч ах нилээд согтуу байсан бөгөөд надад картаа өгөөд тооцоо хийхдээ пин кодоо хэлж би позын машиндаа хийж тооцоо хийсэн. Орой нь Мөнхчимэгийг карт олоод маргааш нь Топазын рестораныхаа позын машинд пин кодыг нь хоёр удаа тоонуудыг нь тааж хийгээд хоёрдох дээр нь олсон. Одоо яг хэд хэд гэсэн тоонууд хийснээ санахгүй байна. АТМ-д уншуулахадаа позын машинд уншуулсан кодоор хийж мөнгө уншуулсан. Позын машин манай ресторан, дэлгүүр хоёрын дунд байдаг бөгөөд дэлгүүрээс очиж аваад рестораны текнийхээ хажууд зогсож байгаад уншуулсан. Текний хэсэгт камер байдаг, намайг позын машинаар уг картыг уншуулж байсан бичлэг тухайн үед бичигдсэн байх, одоо бол устгагдсан байхаа. 14 хоногийн хугацаанд дахь бичлэг хадгалагддаг гэж байсан. Бидний зүгээс хохирогчид өгөх ёстой хохирлын мөнгийг Отгонбаяр байцаагчаас авч төлмөөр байна. Мөн хохирогч ахаас уучлалт гуйж энэ хэргээ хаалгах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91,  97-98 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Болор-Эрдэнийн өгсөн:

“...Би 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Топаз ресторанд 10 цагийн үед ажилдаа ирэхэд зөөгч Энхтүвшин надад өчигдөр үйлчлүүлж байсан 1-р ширээний хүмүүс хаяад явсан юм шиг байна, би олсон гээд ярьж байсан. Үдээш хойш 16 цагийн орчим Энхтүвшин нөгөө картаа барьчихсан би энэ картын пин кодыг нь мэднэ гээд уншуулах уу гэхээр нь бид зөвшөөрч Энхтүвшин доод дэлгүүрээс позын машин авч ирээд текний хажууд 10,000 төгрөг гэж бичээд пин кодыг нь хийж уншуулахад зөвшөөрөгдсөн гэж гарч ирсэн. Үлдэгдлийг нь шалгая гээд Мөнхчимэг, Энхтүвшин хоёр 10-р хорооллын АТМ орж уншуулаад 100,000 төгрөг аваад ирсэн. 500,000 гаруй төгрөг энэ картанд байна гэж хэлсэн. Үлдэгдлийг нь авахаар Мөнхчимэг ганцаараа яваад АТМ-д уншуулаад үлдэгдэл 400,000 төгрөгийг авч ирж бид нийт 500,000 төгрөгийг гурав хувааж 166,000 төгрөгөөр нэг хүнд оногдуулан хувааж авсан. Энэ картын эзэн гэж хүн ирээгүй, таг чиг болсон тул бид юу ч бодолгүй явж байсан чинь 2016 оны 02 дугаар сарын орчим хорооны байцаагч Отгонбаяр ажил дээр ирээд танайхаас хүн карт уншуулаад, картаа алга болгосон гэж гомдол ирсэн гэж байсан. Тэр өдөр хэн мөнгө хурааж авсан бэ гэж асуухаар нь би Энхтүвшинг зааж өгөхөд түүнийг маргааш явуул гээд Энхтүвшин Отгонбаяртай уулзаад ирэхдээ нөгөө картны асуудлаар дуудсан байна, угаасаа камераар миний зураг гарсан байнаа, та гурав бүлэглэн үйлдсэн гэж байна гэхээр нь би очоод байцаагчтай уулзъя гээд Отгонбаяртай уулзаад хохирол мөнгийг нь төлж барагдуулъя, хохирогчийн утасны дугаарыг өгөөч бид уулзъя гэхэд өгөхгүй байсан. надад 650,000 төгрөг байна, үүнийг хохирлын мөнгөнд өгье гээд Отгонбаяр байцаагчийн данс руу тэр оройдоо нөгөө хоёртойгоо ярьж байгаад шууд шилжүүлсэн. Отгонбаяр байцаагч ч гэсэн хохирол төлж байгаа учир энэ хэрэг хаагдана гэж хэлсэн учир бид тайвшраад байж байтал 4 дүгээр сарын үед прокуророос дуудаад Отгонбаяр байцаагч биднээс авсан мөнгийг хохирогчид өгөөгүй байсан учраас хохирогч гомдол гаргасан гэдгийг мэдсэн. Хэн гэдгийг нь санахгүй байна. Энхтүвшин, Мөнхчимэг хоёрын аль нэг нь санаа гаргасан. Би бол дэмжиж оролцсон. АТМ-ээс мөнгө авахад нь хоёуланд нь би яваагүй.19-ний орой картын эзэнтэй Энхтүвшин очиж тооцоо хийж байсан тул тэр пин кодыг нь мэдэж байсан. Тэр кодыг шууд хэлж чадахгүй, нилээд санаж байгаад хоёр гурван тоо хийж байгаад олчихсон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Мөнхчимэгийн өгсөн:

“... Би 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Топаз ресторанд зөөгчөөр ажилд орсон. 19-ний орой манай ресторанд станцын ажилчид гээд 20 гаруй хүн орж үйлчлүүлээд орой гарцгаасан. Сүүлд нь нилээд согтуу хоёр ах үлдэж байж байгаад гарцгаасан. Би уг 1 номерын ширээг цэвэрлэхээр очиход газарт ногоон өнгийн Хаан банкны виза карт хэвтэж байхаар нь аваад хамт ажилладаг Болор-Эрдэнэ, Энхтүвшин нар эндээс карт оллоо гэж хэлээд текэн дор шууд аваачаад тавьсан. Маргааш нь ажилдаа ирээд би үдээс хойш 16 цагийн орчим Болор-Эрдэнэ, Энхтүвшин хоёр текний ард шивнэлдээд юм яриад байхаар нь очиход нөгөө хоёр өчигдрийн миний газраас олсон картыг барьчихсан энийг уншуулах уу гээд хоорондоо яриад зогсож байснаа Болор-Эрдэнэ рестораны дэлгүүрээс позын машин авч ирээд 10,000 төгрөг хийгээд, Энхтүвшин пин кодыг нь мэдэж байсан тул уншуулахад зөвшөөрөгдсөн гэж гарч ирэхээр нь бид гурав юу ч гэсэн АТМ орж үзье гээд Энхтүвшин бид хоёр 10-р хорооллын Хаан банкны АТМ орж Энхтүвшин картыг уншуулаад 100,000 төгрөг аваад гарч ирээд, 5-ын ард олон оронтой тоо байна, таван зуу юмуу таван сая гэдгийг би мэдэхгүй байна гэж гарч ирсэн. Бид хоёр ажилруугаа ороод Болор-Эрдэнэд хэлээд өөр АТМ орж шалгая гээд би картыг аваад Өргөө кино театрын чанх урд байдаг Хаан банкны АТМ-рүү орж эхлээд 200,000 төгрөг уншуулаад тэндээс гарч Королл центр дотор байдаг Голомт банкны АТМ-ээс орж 205,000 төгрөг уншуулаад замдаа таксинд 5000 төгрөгийг өгөөд 400,000 төгрөгтэй нөгөө хоёр дээр очоод өмнө авсан 100,000 төгрөгөө нэмээд 500,000 төгрөг болгоод 166,000 төгрөг нэг хүнд тооцож гурвуулаа хувааж авсан. Он гарсны дараа би 2016 оны 02 дугаар сарын 08-нд ажлаасаа гарсан ба 4 дүгээр сарын үед байх прокурорын газраас намайг дуудснаар очиход хохирогч Ирэхбаяр гэх хүнээс гомдол ирсэн учир та гурвыг дуудаж байна. Хохирлын мөнгө төлсөн үү гэж асуусан. Намайг ажлаас гарсны дараа Болор-Эрдэн, Энхтүвшин хоёр над руу залгаад картны эзэн цагдаад гомдол гаргасан, мөнгийг нь буцааж өгөхгүй бол болохгүй, 650,000 төгрөг болгож өгөхгүй бол болохгүй байна гээд би 200,000 төгрөгийг нь төлсөн. Үлдэгдлийг нь нөгөө хоёр маань хувааж төлсөн байх. Хэсгийн байцаагч Отгонбаярт хохирлын мөнгийг нь дансаар шилжүүлчихлээ, одоо гайгүй байх гэж Болор-Эрдэнэ надад хэлсэн. Тэрнээс хойш хэсэг таг болж байгаад дээрх өдөр прокурор дуудсан. 19-ний орой картны эзэнтэй Энхтүвшин очиж тооцоо хийж байсан тул тэр пин кодыг нь мэдэж байсан. Бидний зүгээс хохирлын мөнгийг Отгонбаяр байцаагчаас авч, хохирогчдоо өгөөд, уулзаж уучлалт гуйж энэ хэргээ хаалгах хүсэлтэй байна. Бид буруу зүйл хийснээ бүрэн ухаарч ойлгож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/

 

- Б.Ирэхбаярын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Ихэрбаярын хохиролд 520,000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгч нарт гаргах гомдол саналгүй, бид хоорондоо эвлэрсэн гэх баримт /хавтаст хэргийн 151, 153 дугаар хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 107, 111, 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Мөнхчимэг, М.Энхтүвшин, Г.Болор-Эрдэнэ нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” бааранд иргэн Б.Ирэхбаяр үйлчлүүлээд гарахдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны виза картаа гээснийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө тус баарны зөөгч М.Энхтүвшин нь 1 номерийн ширээний доороос  олж авсныг АТМ-д уншуулан 505.500 төгрөгийг хуваан авч хувьдаа завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогч Б.Ирхэхбаярын мэдүүлэг, хохирогч Б.Ихэрбаярын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Мөнхчимэг, М.Энхтүвшин, Г.Болор-Эрдэнэ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж  ирүүлсэн нь үндэслэлтэй ба тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч тэдний үйлдсэн хэрэг нь хөнгөн хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Галбадрахын Болор-Эрдэнэ, Боржигон овогт Мөнхчулууны Мөнхчимэг, Боржигон овогт Мягмарын Энхтүвшин нарыг санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэг М.Мөнхчимэг, М.Энхтүвшин, Г.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. М.Мөнхчимэг, М.Энхтүвшин, Г.Болор-Эрдэнэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мөнхчимэг, М.Энхтүвшин, Г.Болор-Эрдэнэ нарт урьд авсан батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Мөнхчимэг, М.Энхтүвшин, Г.Болор-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.МӨНХ-ЭРДЭНЭ