Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0270

 

 

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Гомдол гаргагч: “Б” ХХК.

      Хариуцагч: ХУДМХХ-ийн улсын байцаагч Э.Д.

     Гомдлын шаардлага: “ХУДМХХ-ийн  улсын байцаагч Э.Д-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П, хариуцагч Э.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Гомдол гаргагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М шүүхэд гаргасан гомдол, түүний үндэслэлдээ: “Тус дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс шийтгэлийн хуудсыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компанийн байранд авчирч өгсөн бөгөөд авсан даруйд гомдлоо гаргасан болно. Гэхдээ гомдлыг шууданд хийхдээ Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гэж андуурсан бичиж явуулсны улмаас дээрхи гомдол шуудангаар буцаж ирсэн тул хаягийг зөвтгөн явуулсан болно.

         ХУДМХХ-ийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны 17-320/189 Зөрчлийн хэрэг нээн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүтээгдэхүүнээс дээж авах акт үйлдэж дээж авахдаа гүний худаг, хэрэглэгчийн цэг, усан сан гэж аван лабораторид хүлээлгэн  өгсөн акт үйлдсэн хэдий ч зөвхөн хэрэглэгчийн цэг, усан сан дээр шинжилгээний дүгнэлт гаргуулсан байна.

       2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1910001108 дугаартай эрх бүхий албан тушаалтан даалгавар өгсний дагуу манай компани усан санд ариутгал цэвэрлэгээг эрүүл ахуйн шаардлагын  хүрээнд хийж даалгаврын биелэлтийг хангуулсан болно.

          Гэтэл зөрчлийн хэргийн материалтай танилцахад улсын байцаагч Э.Д нь гүний худгаас дээж авсан гэх ч дээжээ шинжлүүлээгүй атлаа шинжлүүлсэн мэтээр хуурамч баримтыг бүрдүүлэн улмаар манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн оногдуулсныг эс зөвшөөрч байна. Учир нь усан нь гадны ямар нэгэн нөлөө ороогүй, байнгын цэвэрлэгээ цаг тухайд нь хийгдэж байсан байтал эрүүл ахуйн шаардлага хангахгүй усыг агуулсан байх боломжгүй бөгөөд энэ нь гүний худгаас гарах усны бохирдлоос үүдэлтэйгээр эрүүл ахуйн  шаардлага хангаагүй ус түгээгдсэн байх бөгөөд анхнаасаа чанарын шаардлага хангах эсэх нь тодорхойгүй гүний худгийг ашиглах зөвшөөрлийг олгосон байгууллагыг зөрчлийн хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах ажиллагааг огт хийлгүй зөвхөн түгээх үйл ажиллагаа явуулдаг компанийг хялбарчлан торгож байгаа нь үндэслэлгүй юм. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн улсын байцаагчийн 0066574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагыг гаргаж байна” гэжээ.

        Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс шийтгэлийн хуудсыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр компанийн байранд авчирч өгсөн дариуд гомдлоо гаргасан боловч гомдлыг шууданд хийхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гэж андууран бичиж явуулсны улмаас дээрх гомдол буцаж ирсэн бөгөөд зөвтгөж явуулсан болохыг хэлэх нь зүйтэй. ХУДМХХ-ийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17/320/189 тоот зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүний худаг, хэрэглэгчийн цэг, усан сангаас бүтээгдэхүүний дээж аван, акт үйлдсэн хэдий ч хэрэглэгчийн цэг, усан сан дээр шинжилгээний дүгнэлт гаргуулахдаа шалгуулагчийг огт байлцуулаагүй. Мөн түүнчлэн эрх бүхий албан тушаалтны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн 1910001108 дугаартай даалгаврын дагуу манай компани усан санд эрүүл ахуйн шаардлагын хүрээнд ариутгал цэвэрлэгээг хийж даалгаврын биелэлтийг хангуулсан. Гэтэл зөрчлийн хэргийн материалтай танилцахад улсын байцаагч Э.Д нь гүний худгаас авсан дээжийг шинжлүүлээгүй атлаа шинжлүүлсэн мэтээр хуурамч баримтыг бүрдүүлэн манай компанийг Зөрчлийн тухай тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байгаа. Учир нь усан санд гаднын ямар нэгэн нөлөө ороогүй, байнгын цэвэрлэгээг цаг тухайд нь хийж байсан бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангахгүй усыг агуулсан байх боломжгүй. Гүний худгаас гарах усны бохирдлоос үүдэлтэйгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус түгээгдсэн байх магадлалтай. Анхнаасаа чанарын шаардлага хангах эсэх нь тодорхойгүй гүний худгийг ашиглах зөвшөөрлийг олгосон байгууллагыг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахгүй, зөвхөн түгээх үйл ажиллагаа явуулдаг компанийг хялбарчлан торгож байгаа нь үндэслэлгүй байна. Мөн тухайн усан сан, хэрэглэгчийн цэг, гүний худгаас авсан дээж нь шинжилгээнд очихдоо тухайн дээжийг хаанаас, хэзээ хурааж авсан нь тодорхойгүй усыг шинжлүүлсэн гэж үзэхээр байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлагыг гаргаж байна.

        Үндэслэл болгосон зүйл нь лабораторийн шинжилгээ. Уг шинжилгээ нь өөрөө эргэлзээтэй. Яагаад эргэлзээтэй гэвэл, дээжийг авахдаа 1.5 л ус авсан, лабораторийн дээжид өгөхдөө 1.5 л ус өгсөн байдаг. Заримд нь 1.5 л ус ч өгдөггүй, ямар нэгэн хэмжээ байдаггүй, ус өгсөн эсэхийг нь мэдэхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0016141 тоот бүтээгдэхүүнээс дээж авсан актад гүний худаг, байр-1.5 л, хэрэглэгч-1.5 л, усан сангаас ямар хэмжээгээр ус авсан нь тэмдэглэгдээгүй байдаг. 004211 тоотоор лабораторид дээж өгөхдөө огт ус аваагүй усан сангийн усыг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13:30 минутад өгсөн мэтээр бичсэн. Мөн хэдэн литр ус лабораторид өгсөн талаар тэмдэглэгээ байхгүй. Ж******* импекс, А******* ******* зэргээс авсан дээжээ цаг минутын зөрүүгүй буюу 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13:30 минутад өгсөн мэт харагддаг. Лабораторид дээж өгсөн 4234 тоот тэмдэглэлд цаг, усны хэмжээ байхгүй, 16117 тоот тэмдэглэлд усан сангаас 1.5 л ус авсан. Гэтэл Э.Д-ийн төв лабораторид өгсөн сорилтын тайланг харахаар усан сангаас 1.5 л ус аваагүй. Гэдэсний савханцар гарсан хэрэглэгчийн цэг, усан сангаас авсан тэмдэглэлд тодорхойгүй гэсэн байгаа, хэмжээ нь 500 мл, энэ хүн 500 мл-ээр ус огт аваагүй. Үүнээс харахаар 1.5 л усыг хуваагаад байгаа юм шиг харагдаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 255 дугаар тушаалаар Бүтээгдэхүүнээс дээж авах, хадгалах, тээвэрлэх заавар-ыг баталсан байдаг. Уг зааврын 5.2.2-т хэрэв шингэн буюу нухаш хэлбэрийн бүтээгдэхүүнээс дээжийг авахдаа бүтээгдэхүүний дээжийг таслан авах тохиолдолд дээжид авсан бүтээгдэхүүний гүний хэмийг хэмжих бөгөөд хэвийн заалтыг тогтвортой болтол хүлээх, хэрэв бүтээгдэхүүний төлөв байдал нэгэн төрлийн биш бол сайтар хутгасны дараа авах, 1 л хэмжээтэй савласан бүтээгдэхүүний дээжийг дусаагуур, шанагаар авах эсхүл дээжийн ариун байдлыг хангах үүднээс савалгаатай нь авах, 1 л-ээс илүү хэмжээгээр савласан бүтээгдэхүүний харилцан адилгүй 3 төрлийн гүнээс эсвэл савалгаатай нь авах, цорготой савтай бүтээгдэхүүнээс дээж авахын тулд цоргыг угааж хатаагаад халдваргүйжүүлэх уусмалаар арчиж дөлөөр ариутгаад эхний 1 л-ийг гоожуулсны дараа дээжийг ариун саванд авна гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хүн байлцуулж аваагүй, ариун байдлыг нь хангасан эсэх нь тодорхойгүй буюу үгүй байх магадлалтай. Гүний худгаас ямар ч ус аваагүй байтал шинжлүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн. Дээж авах, шинжилгээнд хүлээлгэн өгөх ажиллагаа нь хуульд заасан журмаар шийдвэрлэгдээгүй. Энэ талаар эрх бүхий этгээдийг байлцуулах, гомдол санал гаргах эрхийг маань хангахгүйгээр ажиллагаа явуулсан. Энэ хүн ус аваагүй байж 500 мл усыг шинжлүүлсэн нь ойлгомжгүй. Дараа нь хэвийн гарсан усан сангаас 500 мл аваад 500 мл-ээр шинжлүүлсэн байдаг. Тиймээс зөрчил болгож гаргасан шинжилгээний дүгнэлтүүд нь үндэслэлгүй. Огт авагдаагүй усан дээр шинжилгээ хийсэн гэж үзэх боломжтой, нөгөө талаар ариун байдлыг хангасан гэж үзэх боломжгүй байгааг шүүхийг анхаарч үзэхийг хүсэж байна. Энэ хүн илт хууль бус ажилласан. Зөрчлийн хэрэг үүсгэх байсан бол яагаад даалгавар өгч байгаа юм. Өгсөн даалгаврыг эс биелүүлсэн тохиолдолд асуудал яригдах ёстой. Бид 1-2 хоногийн дотор зохих арга хэмжээг авч, усыг бэлэн болгосон байтал өөрсдөө утсаа салгаад, зугтаад, худлаа үнэн ярьж явсаар байгаад олон хоног болсны дараа бид прокурор дээр очин ядаж жорлонгийн ус тавьж өгөөч гэж гуйсны дагуу усаа тавиулсан байдаг. Тэгэхээр энэ бүх үйлдлийг тус компанийг нухчин дарах гэсэн, эсхүл илт ашиг сонирхолтойгоор юм харсан, эсхүл хэн нэгэн хүний аргад автсан, мэргэжлийн ямар ч чадваргүй нөхцөл байдлаар ажилласан гэж үзэж байна. Үйл ажиллагаагаа нотолж чадахгүй, зориулалтын бус бодисоор угаасны дараа ийм хугацаанд савханцар илэрнэ гэсэн дүгнэлт бас байхгүй. Иймд гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

       Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ХУДМХХ-ийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д би Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийг Нийгмийн Эрүүл Мэнд Судлалч Мэргэжлээр 2017 онд төгссөн. 2017 оноос эхлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх МХХ-ийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна.

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Б” ХХК -иас “2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн улсын байцаагчийн 0066574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гэх гомдолд дараах хариу тайлбар гаргаж байна.

      Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр А, Ж ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Г-аас “Тус хотхонуудын оршин суугчдаас ундны ус зэгэл сааралдуу, тунадастай, өмхий үнэртэй байна гэх утга бүхий гомдлууд Сууц Өмчлөгчдийн Холбоонд удаа дараа ирсээр байна. Энэ талаар “Б”: ОСНААК-т ундны усыг цэвэршүүлэх, шүүлтүүр тавих, усан санг цэвэрлэж ариутгал хийх талаар удаа дараа шаардсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй ундны усны чанар байдал, оршин суугчдын эрүүл мэндэд шууд нөлөөлж байна гэж үзэж байна. Иймд удаа дараа үүсэж байгаа дээрх асуудалд оршин суугчид маш их гомдолтой байгаа тул яаралтай хяналт шалгалтыг хийж, цэвэр усаар хангах үүрэгтэй тус конторт хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч өгнө үү” гэх утга бүхий гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу дээрх хотхонуудад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12-р зүйлийн 13-2.4 - 12.2.8-т тус тус заагдсан 00377 дугаартай “...нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК-д холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1910001108 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

         Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал:

       “Б” ХХК нь Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлөөс олгосон 00377 дугаартай тусгай зөвшөөрөлд заагдсан асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж Ж *******, А хотхонуудын ус түгээх үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байгууллага бөгөөд дээрх хотхонуудын ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангуулах үүрэгтэй “Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хүүлийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-т “... стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах...”, мөн хуулийн 14.2.3-д “ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх” гэж заасны дагуу “Б” ХХК нь хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үүрэг хүлээдэг болно.

       Тус хотхонуудын ундны усны чанар аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор “Б” ХХК-ийн слесерь Д.А утас: 9*******, Иргэн Ц.Э, Б.А нарыг байлцуулан 2019 оны 09 дүгзэр сарын 18-ны өдөр “Ж *******” хотхоны байруудын гүний худаг, хэрэглэгчийн цэг, тус хотхоны хаусуудын ус нөөцлөх сан, “А” хотхоны ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид нян, хими судлалын шинжилгээнд хамруулахад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0004211 тоот нян судлалын сорилын дүнгүүдээр “Ж *******” хотхоны гүний худгаас авсан дээжинд бичил биетний тоо стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илрээгүй, хэрэглэгчийн цэгээс авсан усны дээжинд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан, хориглосон бичил биетэн болох халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн, “Ж *******” хотхоны амины орон сууцны ус нөөцлөх сангаас авсан дээжинд мөн адил халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн, 0004210 тоот сорилын дүнгээр “А” хотхоны ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс авсан ундны усны дээжинд халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрч “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” ММ30900:2018 стандартын шаардлагын аюулгүй байдлын шаардлага хангахгүй байсан үзүүлэлттэй гарсан.

           Иймд 2019 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын Газрын 04 тоот үйл ажиллагааг түр зогсоох тогтоолоор эрх хязгаарлах арга хэмжээ авч, албан даалгавар хүргүүлсний дагуу Б ХХК нь зөрчил арилгасан талаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан бичиг ирүүлсэн.

       Албан даалгавраар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлж зөрчлөө арилгасан тухай албан бичиг ирүүлсний дагуу шалгалт хийхэд эрх бүхий байгууллагаас олгосон ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар ус нөөцлүүрийн сав, шугам хоолойд ариутгал, халваргүйтгэл хийлгэх хариу ирүүлэх талаар албан даалгавар хүргүүлсэн байтал мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, ус нөөцлөх санд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийхдээ ямар бодис ашигласан нь тодорхойгүй байсан тул өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж үзэн дахин шаардлага тавьж мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн. Тус байгууллагаас ирүүлсэн давтан шинжилгээнд хамруулах тухай хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Б” ХХК-ийн инженер Б.Б, Иргэн Ц.Г нарыг байлцуулан ус түгээх үйл ажиллагаа бүрэн зогсоосон байсан тул Ж ******* хотхоны байруудын ус нөөцлөх сан, амины орон сууцыг усаар хангадаг ус нөөцлөх сан, А******* ******* хотхоны ус нөөцлөх сангуудаас ундны усны давтан дээж авч НМХГ-ын Төв лабораторид шинжилгээнд хамруулахад 0004241, 0004242 тоот сорилын дүнгүүдээр бичил биетний ерөнхий тоо стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнд, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илрээгүй, “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” 30900:2018 стандартын шаардлагын аюулгүй байдлын шаардлагыг хангасан нь тогтоогдсон тул 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05 тоот Прокурорын тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээх тогтоол гарсан.

      Гүний худгаас дээж авч шинжлүүлсэн, хуурамч баримт бичиг бүрдүүлэх боломжгүй талаар: А хотхоны гүний худаг 000 дүгээр байрны суурийн давхарт, Ж хотхоны гүний худаг нь 000 дугаар байрны суурийн давхарын гражид, Ж хотхоны 000-р амины орон сууцанд тус тус байрладаг бөгөөд Ж хотхоны 00 дугаар байрны суурийн давхарт байрлах гүний худгын хаалтын цэгээс “Б” ХХК-ийн селесерь Д.А-ыг гэрчээр байлцуулан 0016142 дугаартай бүтээгдэхүүнээс дээж авах акт үйлдсэн, хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд актыг танилцаж, хүлээн авсан хэсэгт дээж авахад байлцсан Д.А гарын үсэг зурсан байдаг. Тус дээжийг 0004211 дугаартай “Лабораторид дээж өгсөн тэмдэглэл” үйлдэн НМХГ-ийн төв лабораторид дээжийг хүлээлгэн өгч шинжлүүлэн 0004211/19-627/ сорилтын дүнг хүлээн авсан. Уг сорилтын дүнгээр 1 дэх дээж буюу гүний худгаас авсан сорьцонд бичил биетний ерөнхий тоо 7, Халуунд тэсвэртэй гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч тус тус илрээгүй болно.

      Гэтэл дээрх сорилтын дүнгээр 2, 3-р дээж буюу хэрэглэгчийн цэг, ус нөөцлөх сангаас авсан сорьц нянгийн бохирдолтой гарсан байсан.

     “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS30900:2018 стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт / төвлөрсөн бус ус хангамжийг хариуцсан байгууллага иргэн нь усны Рh, булингар, Е.Соli, нянгийн тоог улиралд 1 удаа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ./- ын дагуу шинжлүүлэхээр тусгасан байдаг.

        Худаг ашиглах зөвшөөрлийг олгосон байгууллагыг зөрчил шалган  шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй талаар: “Ж******* *******” хотхоны 000 дугаар байрны суурийн давхарын гражид байрлах гүний худгаас дээж авахад зориулагдсан цорго байсан боловч, хаусуудын гүний худгаас гарсан хоолой шууд ус нөөцлөх сантай холбогдсон, “А******* *******” хотхоны гүний худаг мөн адил хаалтын хэсэг/ цоргогүй/ -гүй шууд ус нөөцлөх сантай холбогдсон байсан тул дээж авах боломжгүй байсан тул гүний худгаас дээж аваагүй, ус нөөцлүүрийн сан, хэрэглэгчдийн цэгүүдээс дээж авсан болно.

          А******* ******* хотхоны гүний худагын тухайд: Ус нөөцлүүрийн сав, хэрэглэгчийн цэгээс авсан дээжнүүд нь гүний худгын усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг шууд төлөөлөхгүй боловч усны дээж стандартын шаардлага хангасан тохиолдолд гүний худгын усыг төлөөлдөг.

       Тодруулбал газрын гүнээс гарч байгаа ус нь ус нөөцлүүрийн савыг дамжин түр хугацаагаар нөөцлөгдөж дамжуулах шугам хоолойгоор хэрэглэгчдэд хүрдэг. Гүний худгын ус бохирдолтой байсан тохиолдолд хяналтын журмаар авсан дээжүүд бүх цэгүүдэд бохирдолтой гарах ёстой байсан. Гэтэл ХУД дэх МХХ-ийн ЭАХХХ-ийн улсын байцаагч Б.О нь тус хотхоны гүний хуД-ийн ус нөөцлөх сан болон хэрэглэгчийн цэгээс 2018.07.09-ний өдөр дээж авч 2018.07.27-ны өдрийн 02-03-319/228 тоот “стандартын түвшинд байна” гэх дүгнэлт үйлдсэн, мөн ЭАХХХ-ын улсын байцаагч Э.Д би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А******* ******* хотхоны ус нөөцлөх сан болон хэрэглэгчийн цэгээс дээж авч  2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-03-320/78 тоотод “ ... стандартын шаардлага хангасан” тухай дүгнэлт тус тус үйлдэж байсан. Мөн давтан шинжилгээний дүнгээр дээрх гүний хуД-ийн усанд хийсэн дээжүүд шаардлага хангасан үзүүлэлтүүдтэй гарсан. Иймд дээрх гүний хуД-ийн усыг удаа дараа шинжлүүлэхэд нянгийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй гарч байсан, нянгийн бохирдол гүний худгаас хамааралтай гэж үзэх боломжгүй байсан тул худаг ашиглах зөвшөөрөл олгосон байгууллагыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн” гэжээ.

        Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа: “Иргэнээс ирсэн гомдлын дагуу ХУДМХХ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын хүрээнд Б ХХК-ийн слесарь ажилтай н.Б-г мөн хэрэглэгчийн цэгт байсан бусад хүмүүсийг байлцуулан дээж авсан бөгөөд үүнийг нотлох гарын үсэг зурсан протокол хавтас хэрэгт авагдсан байдаг. Б ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд оршин суугчдад ус түгээхдээ MNS 0900:2018 стандартад заасан шаардлага хангасан ус түгээх ёстой байдаг. Улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь журмын дагуу явагдсан. Мөн холбогдогч компанийн захирлыг дуудахад цаг тухай бүрд нь ирж мэдүүлэг өгөөгүй, өмгөөлөгчтэй нь холбогдоход ажил гарсан гэх шалтгаанаар хойшлуулсан талаар тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.

          Бүтээгдэхүүнээс дээж авах актыг 3 хувь, дээж өгсөн тэмдэглэлээс 2 хувийг бидэнд цаанаас өгдөг. Дээж авдаг сав нь 1 л-ийн хэмжээтэй цагаан сав, нян судлалын сав нь 0.5 л-ийн хэмжээтэй цэнхэр таглаатай сав байдаг. Нийтдээ 1.5 л-ийг бүхэлд авч, лабораторид хүлээлгэн өгдөг бөгөөд лабораторид хэдний өдөр хүлээлгэж өгсөн талаар тэмдэглэлд тусгагдсан байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу ажиллагаа явагдсан бөгөөд холбогдогчийн эрх үүргийг тухай бүр танилцуулж, эрхийг хангаж ажилласан. Хэрэглэгчдийг шаардлага хангасан усаар хангаагүй гэж хуульд заасан үндэслэлийн дагуу эрх хэмжээний хүрээнд би арга хэмжээгээ авч ажилласан байгаа. Иймд шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү “гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

        Гомдол гаргагч “Б” ХХК-ийн захирал Б.М ХУДМХХ-ийн улсын байцаагч Э.Д-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

         “Б” ХХК улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шийтгэлийн хуудсыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан талаар тайлбарласан бөгөөд энэ хугацаатай хариуцагч маргаагүй байна.

        Гомдол гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн хариуцдаг усан сан, хэрэглэгчийн цэг, гүний худгаас дээж авч шинжлүүлэхдээ компанийн төлөөллийг байлцуулаагүй, шинжлүүлсэн усны дээж нь яг тухайн цэгээс авсан ус мөн эсэх нь эргэлзээтэй, гүний худгаас усны дээж аваагүй атлаа авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн шийтгэл оногдуулсан нь хууль бус гэж харин хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэглэгчдийг стандартын усаар хангадаг байгууллагын хувьд шаардлага хангасан усаар хангаагүй зөрчил байсан, энэ зөрчил иргэдээс гомдол ирсэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зөрчил байсан гэж үзэж шийтгэл оногдуулсан гэж тус тус маргажээ.

          “Б” ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-д “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;”, 12.2.5-д “орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;”, 12.2.6-д “ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ;”, 12.2.7-д “бохир  усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;”, 12.2.8-д “бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ;” эрхлэх тусгай зөвшөөрөл  эзэмшигчийн хувьд Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “А”, “Ж” хотхонуудыг ундны болон ахуйн усаар хангах үйл ажиллагаа явуулдаг байна.

         “А”, “Ж” хотхонуудын Сууц өмчлөгчдийн холбоо(СӨХ)-ноос 2019 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст оршин суугчдаас ундны усны чанар байдал хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай хүсэлтийг уламжлан хяналт шалгалт хийж хариуцлага тооцуулахаар гомдол[1] ирүүлсний дагуу дүүргийн МХХ-ийн даргын баталсан удирдамжаар төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066574 дугаар шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулжээ.

        Шүүхээс эрх бүхий улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

          ХУДМХХ-ийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Д хэрэглэгчээс ирүүлсэн гомдлын дагуу дээрх хотхонуудын ундны усаар хангадаг усан сан, зарим хэрэглэгчийн цэгээс дээж авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид өгч шинжлүүлэн энэхүү шинжилгээний дүнг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг буруутгахааргүй байна.

         Учир нь “Б” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хангагч дараахь үүрэгтэй:”, 14.2.1-д “гэрээний нөхцөлд тохирсон тоо, хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах,...технологийн дагуу цэвэрлэх, чанар, аюулгүй байдлын шаардлагад хяналт тавих;” гэж заасны дагуу хэрэглэгчийг стандарт шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үүрэгтэй байна.

         Харин дүүргийн МХХ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу эрх бүхий улсын байцаагч гомдол гаргасан оршин суугчдын  амьдарч буй орон сууцны усан сан, хэрэглэгчийн цэгээс дээж авч шинжлүүлэхэд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар байвал зохих хэмжээнээс их байсан нь тогтоогджээ.

          Энэ нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн сорилтын тайлангаар[2] батлагдсан байх бөгөөд энэхүү дүгнэлтийг үндэслэн “Б” ХХК-ийг хэрэглэгчид стандартын дагуу цэвэр усаар хангах үүргээ зөрчсөн гэж үзсэн улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй.

          Өөрөөр хэлбэл гомдол гаргагч компани 2019 оны 08, 09 дүгээр саруудад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулинд заасан цэвэр ус түгээх, шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг зохих түвшинд хийгээгүйгээс оршин суугчдад тунадастай, бохирын үнэртэй, саарал ус түгээгдсэн байх магадлалтай байна.

          Тодруулбал 2019 оны 03, 04 дүгээр сард хийгдсэн хяналт, шалгалтаар энэ төрлийн зөрчил илрээгүй, харин 09 дүгээр сард иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хийгдсэн хяналт, шалгалтаар зөрчил тогтоогдсон бөгөөд тухайн зөрчлийг арилгуулахаар мэргэжлийн хяналтын хэлтсээс өгсөн шаардлагын дагуу тус компани цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн гэх боловч зориулалтын дагуу стандартын бодисоор угаагаагүй тул дахин мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг “Сэмжийн нуруу” ХХК-иар хийлгэн зөрчлийг арилгуулжээ.

          Үүнээс үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 11-нд иргэд болон тус байрыг хариуцсан СӨХ-өөс ирүүлсэн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаанд мэргэжлийн байгууллагаас өгсөн шаардлагыг зохих түвшинд хийгээгүй учир дахин цэвэрлэгээ, үйлчилгээ хийлгэж,  2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх зөрчилд хариуцлага оногдуулсан гэх хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

          Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан цэвэр усаар хангах үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын MNS 0900:2018 стандартыг мөрдөж ажилладаг байна.

          Энэхүү стандартад зааснаар 100 мл усанд байх бичил биетний ерөнхий тоо болон гэдэсний бүлгийн эмгэг төрөгч зөвшөөрөгдөх хэмжээнд байсан хэдий ч лабораторийн 0004210/19-627 протоколын дугаар бүхий сорилтын тайлангаар халуунд тэсвэртэй гэдэсний савханцар хэрэглэгчийн цэгээс авсан дээжинд 41, усан сангаас авсан дээжинд 43, 0004211/19-637 протоколын дугаар бүхий сорилтын тайлангаар[3] хэрэглэгчийн цэгээс авсан дээжинд 2, усан сангаас авсан дээжинд 1 гарч MNS 0900:2018 стандартад[4] 0 байхаар заасан хэмжээнээс их байсан нь гомдол гаргагч компанийг хэрэглэгчдэд стандартын цэвэр усаар хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болжээ.

         Түүнчлэн хариуцагч улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “Б” ХХК-ийн төлөөлөгчийг оролцуулаагүй мэдэгдээгүй гэх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

          Учир нь хариуцагч улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн захирал, хуулийн зөвлөх нарт удаа дараа утсаар залгах, мессеж бичих зэргээр мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд тус компани болон хуульчаас оролцох боломжгүй талаар хариу мессеж ирүүлэх, утсаа авахгүй байх зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.           Түүнчлэн хэрэглэгчийн цэг, усан сангаас авсан дээжинд хийсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн дүгнэлтийн дагуу усан санд цэвэрлэгээ, үйлчилгээ хийсэн, энэхүү цэвэрлэгээ нь стандартын бодисоор хийгээгүй зөвхөн содын уусмалаар угаасан гэж тайлан ирүүлсэн учир улсын байцаагч цэвэрлэгээ хийсэн гэж үзэхгүй гэж дүгнэн дахин мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар цэвэрлүүлсэн, гомдол гаргагч мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй маргаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон байх бөгөөд харин гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  өгсөн усан сан болон хэрэглэгчийн цэгээс авсан дээжийн савласан хэмжээ зөрүүтэй уг цэгээс авсан усыг шинжилсэн эсэх нь эргэлзээтэй байх тул лабораторын шинжилгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй.

          Өөрөөр хэлбэл гомдол гаргагч лабораторын шинжилгээг эргэлзээтэй гэж үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу тухайн үед гомдол гаргаж байгаагүй байна. 

          Мөн хариуцагч гүний худгаас дээж авч шинжилгээнд өгөөгүй, учир нь гүний худаг хэрэглэгчид ус түгээх усан сантай шууд холбоотой тул тусд нь дээж авах шаардлагагүй байсан гэж тайлбарлажээ.

          Нөгөө талаар хариуцагч улсын байцаагч шаардлагатай цэгээс усны дээж авахдаа компанийн болон оршин суугчдын төлөөллийг оролцуулсан гэх боловч энэ талаар баримт бичигт тодорхой тусгаагүй, гаргасан шийдвэрээ танилцуулах, хүргүүлэх талаар санаачлагатай ажиллаагүй зөрчил байгаа хэдий ч энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.

            Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

          1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.1, Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан ХУДМХХ-ийн улсын байцаагч Э.Д-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0066574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах “Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         А.НАСАНДЭЛГЭР

 


[1] Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас

[4] Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн –Усны чанарын стандартын эмхтгэл” 4 дүгээр хуудас