Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2014/0232

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

2014 оны 06 сарын 12 өдөр                    Дугаар 232                                        Улаанбаатар хот

 

 

 

С аймгийн Эрдэнэцагаан сумын 

...намын хорооны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагч С аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээд Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор С аймгийн Эрдэнэцагаан сумын ...намын хорооны нэхэмжлэлтэй, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон С аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тус хуралдаанаас гарсан “Тооллогын комисс байгуулах тухай 01 тоот”, “Тогтоолын төсөл хянан боловсруулах комисс байгуулах тухай” 02 тоот, “Хуралдааны даргыг томилох тухай” 03 тоот”, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 04 тоот, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 тоот, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 06, 07 тоот, “Сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай” 08 тоот, “Сумын 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 09 тоот, “Сумын 2014 оны төсөв батлах тухай” 10 тоот тогтоолууд, Сүхбаатар аймгийн

Засаг дарга Ж.Батсуурийн “С.Аыг ажилд томилох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч, С аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр товлон 4 асуудал хэлэлцэхээр болсон. Гэвч анхдугаар хуралдаанаас сумын Засаг даргад Ч.Эийн нэрийг дэвшүүлсэн маргаантай асуудал шат шатны шүүхээр шийдвэрлэсэн. ... ...намын бүлэг 2 удаа завсарлага авсны дараа 13 төлөөлөгч Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь заалтыг зөрчиж хурлыг орхиж гарсан. Ардчилсан намын 13 төлөөлөгч, МАН-ын нэг төлөөлөгч үлдэн 14 төлөөлөгч хэлэлцэх асуудлаа батлан, хурлыг цааш үргэлжлүүлсэн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас томилогдсон дарга, тэргүүлэгч нар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн улмаас сум орны нийгэм, эдийн засгийн амьдрал зогсонги байдалд орж төсвийн байгууллагын ажилчид цалингаа авч чадахгүй, иргэд тэтгэвэр, халамжаа авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Ардчилсан намын бүлэг дээрх хүмүүсийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.

... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь жилд 1-2 удаа хуралддаг. Өмнөх хурлын үед хуралдаж чадахгүй нөхцөл байдалтай байсан тул уг хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд хуулийн дагуу 15 хоногт багтаан дахин нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон асуудал бөгөөд сумын Тамгын газраас холбогдох хуулийн дагуу бэлтгэн өргөн барьсан төсвийг баталсан. Төсвийн тухай хуулийн болон бусад хууль, дүрэм журамд нийцүүлэн баталсан тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

Хариуцагч С аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “... 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдсан 2 дугаар хуралдаанаас С.Аыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хүргүүлсэн байгаа. Ч.Эт бол татгалзсан хариуг өгсөн хоёр шатны шүүхийн шийдвэр байгаа. Хуулийн дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг Засаг дарга татгалзах үндэслэлгүйгээр томилдог хуулийн заалттай.

... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.3, 22.1.3, 22.1.4, 24.1 хурлын тэргүүлэгчдээс санал авч хэлэлцэх ёстой. Хурлын дарга хурал орхиж гарах эрх зүйн зохицуулалт байхгүй. Хурлын дарга өөрөө энэ хуулийн заалтуудыг зөрчсөн. Ардчилсан нам 1 удаа, Монгол < , Ардын нам 2 удаа завсарлага авсан. Тэгээд хурлаа орхиж гарсан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.9 дүгээр зүйлд зааснаар хуралдаан цаашаа үргэлжлэх бүрэн боломжтой байдаг. Хуулийн 12.4, 18.1.1-т зааснаар төлөөлөгч бол хурлын даргыг сонгох, өөрчлөх эрхтэй. Сумын Засаг даргад дэвшүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. ... Энэ хурлыг хүчин төгөлдөр хурал гэж үзэж, хурлаас гарсан тогтоолууд мөн адил хүчинтэй” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хуралдаанд хэлэлцүүлэх асуудал болоод , товыг баталсан. Сумын Засаг дарга С.Аыг томилсон захирамж нь хууль бус болох нь шүүхээр тогтоогдсон тул хуралд асуудал оруулах боломжгүйг сумын Засаг даргын тамгын газрын дарга ойлгож төрийн алба тасралтгүй явах үүднээс хуралдаанаар хэлэлцүүлэхээр 4 асуудал санал болгон оруулж ирсэн. Энэ асуудал дотор зохион байгуулалтын асуудал ороогүй. Гэтэл Ардчилсан намын төлөөлөгчид хүчээр оруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Орон нутгийн сонгуулиар олонх болсон ...намын бүлэг түрүүлж нэр дэвшүүлэх эрхтэй байтал энэ эрхийг эдлүүлээгүй. Тухайн хуралдаанаас гарсан тогтоолууд нь хууль зүйн үндэслэлгүй, хуралдааныг удирдах эрхгүй Р.Саранцэцэг удирдсан. Мөн хуульд зааснаар сумын хурлын төлөөлөгч нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэмэл хуудас ашиглах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд саад учруулах, хурлын даргыг ажлаас чөлөөлөх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс бие даан тогтоол, шийдвэр гаргах эрхгүй. Ийм учир хууль бус гэж үзэж байна. Намайг ажлаас огцруулах үндэслэл байхгүй” гэжээ.

Гуравдагч этгээд, Эрдэнэцагаан сумын Засаг дарга С.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хурлын ирц 100 хувь бүрдсэн тул хүчин төгөлдөр бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулалтын асуудал болон төсвийн асуудал хэлэлцэж батлаад тогтоолуудаа гаргажээ. Харин энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан гарсан тогтоолын биелэлт түдгэлзүүлэх тухай 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаа эргэж харахыг хүсч байна. Учир нь сум орны ажил эзэнгүйдэх, төсөв мөнгө, тэтгэвэр, цалин олон сараар зогсох, төрийн үйлчилгээ саатах, иргэдийн эрх ашигт ноцтой хохирол учрах зэрэг сөрөг үр дагаврууд гарахыг урьдчилан харж нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж шийдвэр гаргана гэдэгт найдаж байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С аймгийн Эрдэнэцагаан сумын ...намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С аймгийн Эрдэнэцагаан сумын ...намын хорооны дэд дарга Б.О давж заалдах гомдолдоо: “Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад биднийг хууль бусаар хурлын даргаар томилогдлоо гэж үзэж, томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаад байгаа Ц.Аыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийг танилцуулсан. Энэ нь хууль бус байна гэж үзэж хариуцагчийг солих тухай хүсэлт гаргасан боловч, хариуцагчийг өөр хүнээр сольсон гэж байснаа хуралд болохоор Ц.Аыг хариуцагчаар оруулсан нь Ц.Аыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэдгийг хүлээн зөвшөөрсөн асуудал гэж үзэж байна. Иймээс хариуцагчийг зөв тогтоогоогүй нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Шүүх хэргийг шалгаж байх хугацаанд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрүүдийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хүчин төгөлдөр болсон байсан. Гэтэл энэ хугацаанд Ц.А нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажил үүргийг гүйцэтгэх эрхгүй байж шүүгчийн захирамжийг үл хүндэтгэн, Улаанбаатар хотод очиж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг шинээр захиалан хийлгэж ирээд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоолуудыг баталгаажуулан хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, хурлын даргын нэрээр албан бичиг үйлдэн шүүхэд ирүүлсэн, мөн сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолд тамга дарж аймгийн засаг даргад уламжилж, энэ тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг томилсон байхад шүүх аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа этгээдэд хуульд заасан хариуцлага тооцоогүй. Энэ нь шүүх өөрийнхөө гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг хэн дуртай хүн биелүүлэхгүй байж болохыг хүлээн зөвшөөрсөн. Хуулийн байгууллага, шүүхийн нэр төрийг унагасан, өөрийгөө үл хүндэтгэсэн хуулиас дээгүүр хууль бус үйл байж болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болохыг ард иргэд бидэнд ойлгуулж байна гэж үзэж байна.

Миний бие шүүхэд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрдэнэцагаан < , сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас гарсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон, сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгосон болон сумын 2014 оны төсөв баталсан тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анх гаргасан. Ингээд сумын Засаг даргыг томилсон аймгийн Засаг даргын захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх хурал дээр өмгөөлөгч маань 2014 оны 01 дүгээр сарын 17-ны хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, тус хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байгаа Ц.Ат арга хэмжээ авч өгөхийг хүсч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Миний бие өмгөөлөгчийг оролцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан болохоос биш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх эрх олгоогүй. Гэтэл өмгөөлөгч миний зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсний улмаас шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоход хүрлээ.

Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тохиолдолд хариуцагч талд танилцуулж, хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангах ёстой гэсэн. Гэтэл өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг албан ёсоор хариуцагчид танилцуулах, хариу тайлбар гаргах нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэнгүй. Хэрэв ингэсэн тохиолдолд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг татгалзах байсан. Гэтэл надад энэ боломжийг шүүх олгосонгүй. Сумын Засаг даргын тамгын газрын даргыг оролцуулсан саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хуралдаж хэлэлцэх асуудлаа батлан тогтоол гаргаж, хуралдааны товыг зарлан төлөөлөгчдөд мэдэгдэн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө хурлын ажиллагаа эхэлсэн. Гэтэл зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэхээр Ардчилсан намын бүлэг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 02 тоот албан бичиг ирүүлсэн. Анхдугаар хуралдаанаас намын бүлэг байгуулагдах ёстой. Гэтэл 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болсон анхдугаар хуралдаанд Ардчилсан нам намын бүлэг байгуулаагүй.

Тэгээд ч 24.1 дэх заалтаар намын бүлэг хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхгүй байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т хуралд асуудал оруулах эрх нь хурлын тэргүүлэгчид, төлөөлөгч, Засаг даргад байдаг. Хэрэв эрх бүхий хүмүүс санал оруулсан тохиолдолд холбогдох тооцоо судалгаа, гарган шийдвэрийн төслийг хавсаргаж 1 хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах, энэ шаардлагыг / хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан тул зохион байгуулалтын асуудлыг хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан боловч хуулийн энэ заалтыг зөрчиж хурлаар хэлэлцүүлэхээр батлагдаагүй асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан. Тэгсэн атлаа хурлаар хэлэлцэхээр баталсан асуудлыг хэлэлцээгүй орхисон. Энэ нь зөвхөн сумын бүх удирдлагыг хууль бусаар ч хамаагүй өөрсдөө авах гэсэн санаа нь илэрч байгаа юм. Хуулиар хурлын даргын эзгүйд хурлын даргын зөвшөөрснөөр хэн нэгэн төлөөлөгч хурал удирдах эрхтэй байгаа.

Гэтэл хурлын даргаас зөвшөөрөл олгоогүй байхад Р.Саранцэцэг хурлыг удирдсан. Хуралдааны даргаар сонгосон тогтоолд хэнийг сонгосон тухай нэр заагаагүй байхад Р.Саранцэцэг тогтоол дээр гарын үсэг зурж өөрөө өөрийгөө хуралдааны даргаар сонгосон. Энэ тогтоол нь баталгаажаагүй илт хууль бус байгаагаас гадна санал гаргах эрхтэй хурлын даргын эрх, хурал удирдуулахаар хурлын даргаас санал болгож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн эрхэнд халдсан шийдвэр болсон. Шүүх хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох өөрчлөх нь сумын хурлын онцгой бүрэн эрх, хурал 100 хувийн ирцтэй хуралдсан учраас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны хуралдаан хуралдаанаас гарсан тогтоолууд, сумын засаг даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэжээ. Гэтэл хуулиар болон хурлын дэгээр орон нутгийн сонгуулиар хамгийн олон санал авсан нам эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй байтал манай намд хуулиар олгогдсон энэ эрхийг эдлүүлээгүй, манай намын төлөөлөгчдийн эрхэнд халдсан асуудал мөн. Мөн хуулиар хурлын даргыг 4 жилийн хугацаагаар сонгодог, хурлын даргыг огцруулсан 04 тоот тогтоолд барьсан хуулийн заалтууд нь хурлын даргын бүрэн эрхэд хамааралтай заалт болохоос биш ажлаас чөлөөлөхтэй холбоотой заалтууд биш. Хурлын даргыг үүргээ гүйцэтгээгүй гэдэг боловч энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад шүүх шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хурлын тэргүүлэгчдийг огцруулах үндэслэлгүй гэж бодож байна. Хуулиар хурлын тэргүүлэгчид жилд 1-2 удаа тайлангаа тавихаар заасан боловч 2013 оны 10 сараас 2014 оны 1 сарын хугацаанд л ажилласан.

Тайлангаа тавих ажлын үр дүнгээ тооцох хугацаа болоогүй байсан. Мөн ямар тохиолдолд огцруулах тухай хуулиар зохицуулаагүй байхад хуулиар олгогдсон бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх боломж олголгүй хууль бусаар огцруулсан. Р.Саранцэцэг нь хуралдааны даргаар хуулийн дагуу сонгогдоогүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах хэвлэмэл маягт хэрэглэх эрх олгогдсон албан тушаалтан биш учраас гаргасан шийдвэр тогтоол нь хууль бус юм. Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолд Ц.А гарын үсэг зурж тамга дарсан байдаг. Гэтэл өөрийнх хурлын даргаар сонгогдсон асуудал шүүх дээр маргаантай хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа, хурлын нэрийн өмнөөс шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах ямар ч эрхгүй хүн тогтоол дээр гарын үсэг зурж хүчин төгөлдөр эсэх нь маргаантай байгаа тамга тэмдэг ашиглаж тогтоол гаргаж сумын даргад нэр дэвшүүлсэн, хууль зөрчиж гаргасан тогтоолыг үндэслэн сумын Засаг даргыг томилсон захирамж гаргасан нь илэрхий хууль зөрчсөн байхад шүүх зөв гэж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Шүүх хуралдааны даргыг томилсон, Засаг даргад нэр дэвшүүлсэн, томилсон зэрэг тогтоол шийдвэрүүд нь хуульд нийцэж хуулийн хүрээнд гарсан уу, уг шийдвэрийг гаргах эрхтэй албан тушаалтан мөн үү, энэ тогтоол шийдвэрүүд гарснаар хэн нэгний эрх ашиг зөрчигдсөн үү, үгүй юу гэдгийг тал талаас нь шалгаж, дүгнэлт хийлгүйгээр асуудлыг зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би шүүхийг жинхэнэ үнэн зөв, хар цагааныг ялгаж чаддаг гэж итгэж байсан. Хэргийг ингэж шийдвэрлэснээр төрийн албан хаагчдын эрх ашиг зөрчигдөж эхлээд байна. Тухайлбал шүүхээр маргаан эцэслэж шийдвэрлэгдээгүй байхад Ц.А нь өөрийгөө хууль ёсны хурлын дарга мэтээр ойлгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Амарбаясгаланг ажлаас нь халж шинээр өөр хүн авч ажиллуулж байна. Цаашид хэдэн хүнийг ажил амьдралаар нь хохироохыг хэлж мэдэхгүй байна, Иймд хэргийг нягтлан шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

С аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааныг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл[1]-ийг захиргааны хэргийн шүүхэд тус сумын ...намын хорооны дэд дарга гэх Н.О гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг ... захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагын эрх баригч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж тус тус заажээ.

Иргэн Ө.Баас Д.От 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар хэлцэлд төлөөлөх, миний нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, давж заалдах, ... гүйцэтгэх хуудсыг бичүүлж авах” зэрэг бүрэн эрхийг олгосон итгэмжлэл[2]-ийг олгожээ.

Энэхүү итгэмжлэлд нэгдүгээрт, итгэмжлэл олгогч Д.Батсайханыг С аймгийн Эрдэнэцагаан сумын ...намын хорооны дарга болохыг тодорхойлоогүй, энэ тухай өөр баримт хавсаргаагүй хоёрдугаарт, итгэмжлэл гаргагч нь итгэмжлэгдэгчид иргэний хэлцэлд төлөөлөх эрхийг олгосон байх тул нэхэмжлэл гаргагч Д.О ийг С аймгийн болон Эрдэнэцагаан сумын ...намын хороог Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэсгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд “итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд “нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах” гэж заасан бөгөөд дээрх нэхэмжлэлд энэ эрх олгогдоогүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.