| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/0027/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/32 |
| Огноо | 2022-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/32
2022 02 25 2022/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч О.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Дд холбогдох 2229000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч О.Д нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө О.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Сумъяадоржтой маргалдаж хутгаар хатгаж баруун өгзөгт шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч О.Ө нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө О.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Сумъяадоржтой маргалдаж хутгаар хатгаж баруун өгзөгт шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч М.Сумъяадоржийн “...Тухайн өдөр би нагац ах Отгоотой хамтаар сумаас баруун тийш байх Уужим-Од ХХК руу явчихаад гэртээ байж байхад 20-21 цагийн орчимд манай найз Төрөө утасаар залгаад “гадуур гарах уу” гэж асуухаар би завтай байна чи хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Отгоо ах намайг хүргэж өгчихөөд гэрээс гарч байхад зөрөөд манай найз Төрөө нэг танихгүй залуугийн хамтаар манай гэрт орж ирсэн. Би Төрөө тэр 2-той тэр танихгүй залуугийн машинтай бид 3 сумын төвөөр хамт явж байгаад Өгөөмөр караоке руу ороход дотор нь дүүрэн хүнтэй байж байхаар нь тэндээсээ гараад Хархорин гэх дэлгүүр лүү орж 2 ширхэг лаазтай пиво авчихаад гэр хорооллын гудамжинд зогсож байгаад 2 лаазтай пивийг Төрөө нөгөө залуу 2 хувааж уусан...Тэгээд бид нар машиндаа тавуулаа суугаад сумын зүүн хойно байх урдуураа хашаагүй гадна талдаа нэг мотоцикльтой танихгүй айлд очсон чинь Ө хамт явж байсан залуутайгаа, Төрөө 3 буугаад ороод явчихсан тухайн үед машинаас архиа аваагүй машинд үлдээгээд ороод явчихсан. Тэгээд 5 орчим минутын дараа Төрөө ганцаараа гарч ирээд “эндээс явъя Өсөхөө уур хүргээд байна энэ 2-ыг энд нь үлдээчих” гэж хэлээд бид 3 машинтайгаа хөдлөөд 2-р сургуулийн зүүн талд зогсож байгаад Төрөө найзтайгаа хамт нөгөө архиныхаа нэгийг нь задлаад хувааж уусан. Тэгээд уугаад байхаар нь би гэрлүүгээ харъя өглөө ажилтай гэсэн чинь Төрөө “чи сая очсон айлыг танина биздээ Өийн эгчийнх ш дээ, тэнд очоод түр амарчих жаахан байж байгаад эргэж ирээд гэрт чинь хүргэж өгье” гэж хэлэхээр нь “би танинаа тэгьеээ энд жаахан амарчихъя тэгж байгаад хүрч ирээд намайг хүргэж өгөөрэй” гэж хэлээд буцаад нөгөө айлын гадаа очиж зогсоод би буугаад тэр 2 машинтайгаа хөдлөөд явчихсан тэр айлаар ороогүй. Намайг тэр айл руу ороход Өийн эгч нь хүүтэйгээ хамт, нэг хэлгүй охин 3 байсан. Би оронгуутаа Өийн эгчид нь би танайд жаахан унтаж байгаад явъя гэж хэлчихээд орон дээр нь гутлаа тайлаад гараад унтаж байхад нойрон дунд хүн дуудсан сэрээд харсан чиньӨ ирчихсэн “чи хэн бэ, юу хийж байгаа юм бэ” гээд над руу дайраад, зодох гээд байсан тэгээд байхаар нь би явах гээд гутлаа өмсөх гэсэн чинь намайг түлхээд байхаар нь баруун талын ор луу нь очиж суугаад гутлаа өмсөх гэж байхад намайг мөрөөрөө түлхээд чамайг алчих уу гээд мөрлөөд байсан. Би гутлынхаа үдээсийг үдэх гээд тонгойход Ө зүүн талын орыг сөхөөд доороос нь хутга аваад над руу хүрч ирээд миний зүүн талын мөр хэсгээр тулгаж чичилж хатгах гээд байхаар нь би хамгаалаад гарыг нь түлхэхэд зөрүүлээд миний баруун талын өгзөг хэсэгт хутгаараа хатгачихсан. Тухайн үед би Өг цааш нь түлхчихээд тэндээс гараад гүйгээд явж байхад миний бие өвдөөд сонин болоод байхаар нь утсаараа нагац дүү Төгөлдөр рүүгээ залгаад болсон асуудлыг хэлэхэд манай дүү мотоцикльтойгоо хүрч ирээд би мотоцикль дээр сундлаад гэртээ очсон. Гэртээ очиход хамаг хувцас цус болчихсон байхаар нь хувцасаа сольж өмсчихөөд гарч бие засах гээд гэрээс гараад ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд манай дүү эмнэлэг рүү явж түргэн дуудаад би эмнэлэгт очиж хэвтээд хутгалуулсан шархандаа 3 оёдол тавиулсан... Би гомдолтой байна миний бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан түүний улмаас өөрт учирсан хохиролоо барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Сумъяадоржоос дахин “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Төгөлдөрийн “...2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд үеэл ах М.Сумъяадорж ах надруу залгаад “би хүнд хутгалуулчихлаа намайг ирээд аваач би хямд маркетын ар талын гудмаар өөдөөс чинь явж байя” гэхээр нь би ганцаараа мотоцикльтой амдаад очтол хямд маркетын ар талын гудамд Сумъяадорж алхаж байхаар нь очиход өмднийх нь гадна хэсэг зүүн гуяны хэсэгт цус шиг зүйл болчихсон байсан. Сундлаад гэрлүү очоод хувцасыг нь тайлахадзүүн талын бөөрний орчимд зүсэгдсэн шархтай тэрнээс нь цус шиг зүйл болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,
Гэрч Р.Мөнгөнтулгын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн орчимд хөдөө гэрээсээ Ханбод сумын төв рүү орж ирээд байж байхад манай хүү Сумъяадорж над руу залгаад эмнэлэг дээр байна дэлгүүрээс уух юм аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь дэлгүүрээс ундаа аваад очиход манай хүү өгцөгний дээд талд хутгалуулсан байдалтай эмнэлэгт хэвтэж байсан. Тийм учраас би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 26-27-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай “...М.Сумяадоржийн биед баруун өгзөгт зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ.Дээрх гэмтэл нь хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,
Яллагдагч О.Өын “...Намайг гэрлүү ороход манай дүүгийн хажууд сууж байхаар нь уурандаа зүүн талын орыг сөхөөд хутга аваад өгзөг хэсэгт нэг удаа хатгасан юм...Би хэрэг болсноос хойш 2 хоногийн дараа сумаас зүүн тийш 50 орчим километрт тэмээ нядалж байгаад тухайн үедээ санаандгүй арьсанд нь боогоод ачуулчихсан...Намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ө нь боловсролгүй, монгол хэл, бичиг мэддэггүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчтэй явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Ө “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч М.Сумъяадорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Өыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч О.Ө нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч О.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.Өд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Өыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА