| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2015/05571/и |
| Дугаар | 101/ШШ2016/03446 |
| Огноо | 2016-04-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2016/03446
| 2016 оны 4 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2016/03446 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Монгол нэхмэл ХК-ийн байранд байрлах, “Алс групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-8, Болгор улсын Элчин сайдын яаманд байрлах, “Их говь энержи” ХХК-д холбогдох
627,568,739 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн “Их говь энержи” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Алс групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Одбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “Алс групп” ХХК 2003 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Алекс Стюарт Ассейрс Монголия” ХХК гэсэн оноосон нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Стюарт Монголиа” ХХК, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Алс групп” ХХК болж тус тус оноосон нэрээ өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Нэхэмжлэгч геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуйн лаборатори ажиллуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Манай геохими, нүүрсний судалгааны лабораторийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар Стандартчилал, хэмжил зүйн газраас итгэмжилж, TL10(С115) дугаартай итгэмжлэлийн гэрчилгээг олгосон .
Нэхэмжлэгч нь хариуцагч “Их говь энержи” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 196/12 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-г байгуулсан.
Энэхүү гэрээгээр 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч “Их говь энержи” ХХК-иас ирүүлсэн нүүрсний бэлтгэсэн дээжүүдэд хатуу түлшний шинжилгээ хийх, хариуцагч гэрээнд заасан журмын дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэрээний дагуу хариуцагч “Их говь энержи” ХХК-иас бэлтгэн ирүүлсэн дээжүүдэд шинжилгээ хийж, шинжилгээний үр дүнг хариуцагчид зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн. Энэ ажлын нийт төлбөр 236,131,628 төгрөг болсон. Үүнээс хариуцагч 100,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд одоогийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 136,131,628 төгрөг байна.
Мөн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ALS-IKHGOBI/13 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээгээр 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагчаас бэлтгэн ирүүлсэн дээжүүдэд нэхэмжлэгч хатуу түлшний шинжилгээ хийх, хариуцагч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэрээний дагуу хариуцагчаас бэлтгэн ирүүлсэн дээжэнд түүний захиалгын дагуу элементийн, баяжуулалтын болон фторын шинжилгээг хийсэн ба ажлын хөлс нь 422,473,862 төгрөг болсон.
Хариуцагч нэхэмжлэгчид мөн брикет бэлтгэх ажлын хөлсөнд 897,435 төгрөгийн төлбөр өртэй.
Нэхэмжлэгч дээр дурдсан гэрээний төлбөрүүдийг хариуцагчаас төлөхийг удаа дараа шаардаж байсан. Хариуцагч төлбөрийг хүлээн зөвшөөрч, тодорхой хугацааны дотор төлөхөөр удаа дараа амлаж байсан.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 09/14 дугаартай “Гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоо”-г байгуулсан. Энэхүү хэлцлээр 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 196 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ALS-IKHGOBI/13 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-нүүдийн үлдэгдэл төлбөр нийт 559,502,926 төгрөг болохыг баталгаажуулж, хариуцагч энэхүү төлбөрийг 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хуваарийн дагуу төлбөр барагдуулахаар харилцан тохирсон.
Энэ тохиролцооны дагуу хариуцагч 2014 оны 5 дугаар сард төлөх ёстой байсан 10,000,000 төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлсөн. Хариуцагч 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 09/14 дугаартай “Гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоо”-г зөрчиж төлбөрийг бүрэн төлөөгүй тул бид энэхүү харилцан тохиролцооны хэлцлээс татгалзаж байгаагаа 2015 оны 3 дугаар сарын 03-ний өдрийн 15С035 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дараахь шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд: 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 196/12 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 136,131,628 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 196/12 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу алданги 68,065,814 төгрөг /алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу тооцсон болно/
2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ALS-IKHGOBI/13 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-нүүдийн үлдэгдэл төлбөр 422,473,862 төгрөг, Брикет бэлтгэх ажлын хөлс 897,435 төгрөг нийт 627,568,739 төгрөгийг хариуцагч “Их говь энержи” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнд: Нэгдүгээрт талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 196/12 дугаартай хатуу түлшний шинжилгээ хийх гэрээний үлдэгдэл төлбөр болох 136,131,628 төгрөгийг, хоёрдугаарт мөн уг гэрээний 8.2-д заасан алданги болох 68,065,814 төгрөгийг, гуравдугаарт 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан хатуу түлшний шинжилгээ хийх гэрээний үлдэгдэл төлбөр 422,473,862 төгрөг, дөрөвдүгээрт брикет бэлтгэх ажлын хөлс 897,435 төгрөг нийт 627,568,739 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.
Үндэслэл нь нэхэмжлэгч компани нь Монгол улсад 2003 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Алекс Стюарт Ассейрс Монголиа” ХХК гэх оноосон нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Стюарт Монголиа” ХХК гэж нэрээ өөрчилж, мөн 2013 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр “Алс групп” ХХК болж, оноосон нэрээ өөрчилж, улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Тус компани нь геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөө аж ахуйн лаборторийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд лабораторийг Стандартчилал, хэмжилзүйн газраас 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар итгэмжилсэн гэрчилгээ олгосон байдаг. Талууд анх 2012 оны 10 дугаар сарыг 11-ний өдөр 196/12 дугаартай хатуу түлшний шинжилгээ хийх тухай гэрээ байгуулсан бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч талаас ирүүлсэн нүүрсний дээжид хатуу түлшний шинжилгээ хийх, нөгөө талаас хариуцагч гэрээнд заасан төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэрээний дагуу “Их говь энержи” ХХК-иас нийт 236,131,628 төгрөгийн үнийн дүн бүхий шинжилгээ хийж, шинжилгээний хариуг гэрээнд заасан журмын дагуу хариуцагчид хүргүүлсэн байдаг.
Үүнээс хариуцагч нь 100,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 136,131,628 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Талууд өмнөх гэрээний үр дүн болоод хариуцагчийн санал хүсэлтийн дагуу 2013 оны 7 дугаар сарын 29-ны өдөр мөн хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ байгуулсан.
Уг гэрээгээр тус өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хариуцагчаас ирүүлсэн нүүрсний дээжид хатуу түлшний шинжилгээ хийхээр тохиролцсон.
Ингээд нэхэмжлэгч нь нийт 422,473,862 төгрөгийн үнийн дүн бүхий шинжилгээг хийж, хариуцагчид хүргүүлсэн. Шинжилгээг хийх явцад хариуцагчийн хүсэлтийн дагуу брикет бэлтгэх ажил гүйцэтгэсэн бөгөөд үүний хөлс 897,435 төгрөгийг нэхэмжилж байгаа, үүнээс гадна талууд төлбөр тооцоог хэрхэн яаж барагдуулах талаар хоорондоо албан бичиг солилцож байсан.
Улмаар 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 09/13 тоот гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоо байгуулсан байдаг. Үүгээр дээр дурдсан 2 гэрээний үлдэгдэл төлбөр нийт 559,502,926 төгрөгийг талууд баталгаажуулаад, хариуцагч нь уг төлбөрийг 2015 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд сар бүр хуваарь гарган төлөхөөр болсон байдаг.
Гэтэл хариуцагч талаас 2014 оны 6 дугаар сарын 11ний өдөр 10,000,000 төгрөг төлөөд дахин өөр төлбөр төлөөгүй. Иймд бид шүүхэд хандсан. Үүнээс өмнө талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тохиролцооноосоо татгалзаж байгаа гэдгээ хариуцагч талд Иргэний хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч тодорхой хариу ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 627,568,739 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “Их говь энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч “Их говь энержи” ХХК нь “Стюарт Монголия” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрө №196/12 дугаартай “Хатуу түлшний шинжилгээ хийх” гэрээ, “Алс групп” ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр № ALS-IKHGOBI/13 дугаартай Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээнүүдийг тус тус байгуулсан.
Дээрхи гэрээнүүдийн дагуу “Их говь энержи” ХХК нь “Алс групп” ХХК-иар хатуу түлшний бэлтгэсэн дээжүүдэд шинжилгээ хийлгүүлэхээр харилцан тохирсон бөгөөд №196/12 дугаар гэрээний төлбөрөөс 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 100,000,000 төгрөгийн төлбөрийг “Алс групп” ХХК-д төлсөн байгаа.
“Их говь энержи” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын Мандах нуурын уурхайд үйл ажиллагаа явуулж байсан боловч 2012 онд би болсон дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан худалдан авагч улс болох БНХАУ-ын эдийн засаг зогсонги байдалд орж олон улсын зах зээл дэх нүүрсний үнэ унаж, эрэлт багассан тул компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.
Үүнээс шалтгаалан Мандах нуурын уурхайн үйл ажиллагааг 2013 оны 5 дугаар сараас тодорхойгүй хугацаагаар зогсоосон бөгөөд санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас харилцагч байгууллагуудад төлөх төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрсэн.
Энэхүү нөхцөл байдлыг талууд харгалзан үзэж 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр №09/14 дугаар гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоог байгуулсан бөгөөд уг тохиролцооны дагуу төлбөрийн үлдэгдлийг нийт 503,552,633.40 төгрөг байгааг баталгаажуулан тогтсон хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Энэхүү тохиролцооны дагуу 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн төлбөрийг “Алс групп” ХХК-д төлсөн байгаа.
Компанийн санхүүгийн байдал болон үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа хэдий ч бид бага хэмжээгээр экспорт хийх талаар харилцагч байгууллагуудтай тохиролцоо хийж байна. Дээрхи нөхцөл байдалтай холбогдуулан “Алс групп” ХХК-тай дахин хуваарь тохирч эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Доржханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрээтэй холбоотой маргааны хувьд талуудын хоорондын харилцаа нь Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ юм.
Дээрх гэрээнүүдийн 9.1-д Иргэний хуулийг баримтлахаар заасан. Ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл нь ажлын үр дүн байдаг бөгөөд ажлыг хүлээлгэж өгснөөр буюу үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр төлбөр төлөгдөх ёстой.
Гэрээнүүдийн 3.2-т шинжилгээний үр дүнг эх хувиар нь хүргэх тухай зохицуулалт байгаа бөгөөд шинжилгээний үйл явц болон чанарын хяналтыг хариуцсан техникийн ажилтан тайлан дээр гарын үсэг зурж хүлээлгэж өгнө гэж заасан байна.
Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралдаан хэрэгт авагдсан баримтын хүрээнд явагдах бөгөөд нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн нотлох баримт гаргаж өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар тайлан хүргэгдээгүй.
Хэргийн материалаас харвал 3 хуудас шинжилгээний дээж хүлээлцсэн мэт баримт хүргүүлсэн байдаг. Үүний гарчиг нь англи нэртэй, тайлбар хэсгийг нь Монгол хэлээр бичсэн байдаг.
Үүнийг уншихаар 316 ширхэг композитоос “Pulp” болон “Coarse reject” /нунтагтай/ дээжнээс бүрдсэн композитыг хасч, 175 ширхэг композит дээжинд шинжилгээ хийхээр болов.
“Coarse reject” -ээс бүрдсэн 5 ширхэг композит нэмж 180 ширхэг дээжтэй болов. 180 ширхэг дээжний фторын шинжилгээг цуцлав гэж байгаа юм. Манай гэрээн дээр талууд хэдэн дээж шинжлэх, хэдэн төгрөг зарцуулахаар ерөнхий төсөв батладаг бөгөөд эхний гэрээгээр 1202 ширхэг гэж байдаг, 2013 оны гэрээн дээр 804 ширхэг гэж байдаг.
Хүлээлцсэн гээд байгаа баримтыг тайлан гэж би харахгүй байна. Үүнийг хүлээж авсан хүн нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнээс итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсэхийг харж болно.
Тэгээд нэхэмжлээд байгаа дүн нь гэрээний анхны төсвийн хэмжээгээр байгаад байдаг, хэдэн ширхэг дээжийг больсон гэдгээрээ нэхэмжлэхээ дүгнэх ёстой. 2013 оны гэрээ нь төсвөөрөө 413,871,436 төгрөг байтал нэхэмжилсэн үлдэгдэл төлбөр 422,463,872 төгрөг болоод 8,000,000 орчим төгрөг нэмэгддэг.
Хэрвээ ихэссэн, багассан зүйл байгаа бол задаргаа байх ёстой. Мөн нэхэмжлэхүүд дээрх огноог харахаар эхний гэрээний дагуу 2013 оны 5 дугаар сарын 11, 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гээд англи нэрээр байгаад байдаг.
Тэгэхээр аль гэрээний дагуу гэдэг нь тодорхойгүй. Гэрээний дагуу тайлан хүлээлгэж өгөөд гэрээ дүгнэсэн акт үйлдэх ёстой байтал тооцоо нийлсэн акт байгаа гээд байдаг.
Гэхдээ бид үүнийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн тооцоо нийлэх гэрээ биш гэж үзэж байна. Үүн дээр эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан зүйл байдагүй.
Иймд төсөв, ажлын үр дүн байхгүй учраас нэхэмжлэл үндэслэлгүй байна. Өмнөх шат шатны шүүхийн шүүх хуралдаануудад биднийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар хэлдэг байсан мөртлөө одоо зөвшөөрдөггүй гэж нэхэмжлэгч талаас хэлдэг боловч хуулинд ингэж болохгүй гэсэн заалт байхгүй юм.
Тэгэхээр манай эрхэнд халдаж, биднийг зөвшөөрч байгаад зөвшөөрөхгүй тайлбар хэлэх эрхгүй гэж хэлж болохгүй. Эхний гэрээний үйлчлэх хугацаа 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй бөгөөд 2 сар 20 хоног гэхээр нэхэмжлэхүүд нь 2 дахь гэрээг байгуулагдахаас өмнөх огноотой байдаг, гэрээний хүчинтэй хугацааны дараа байдаг.
Гэрээний хүчинтэй хугацаанд хийгдсэн гэрээ дүгнэсэн акт байхгүй, хүлээлгэж өгсөн баримт байхгүй, харин 2012 оны гэрээний дагуу төлсөн 100.000.000 төгрөг бол урьдчилгаа төлбөр бөгөөд бид сөрөг нэхэмжлэл гаргах гэж байсан боловч компанийн захирал байхгүй болчихоод байна.
Тэгэхээр бид үүнийг жич шийдвэрлүүлэх болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд ажлын үр дүнг хүлээж авснаар төлбөр төлөх үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд хэсэгчилсэн ажил хийлгэсэн бол тухай бүрд нь акт үйлдэхээр зохицуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч “Их говь энержи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржханд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Их говь энержи” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд компанийн дүрмийн 3 дугаар зүйлд зааснаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй “Говь Майнинг Лимитед” компани юм.
“Их говь энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ч.Энхцэцэг нь “Стюарт Монголиа” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ” болон 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ” байгуулсан нь компанийн дүрмийг зөрчиж, гүйцэтгэх захирлын эрх мэдлийг хэтрүүлсэн байна.
Компанийн тухай хуулийн 88.1-т зааснаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргахаар заасан.
“Их говь энержи” ХХК-ийн дүрмийн сан нь 132,400,000 төгрөг байтал дээрх гэрээнүүд нь 283,505,793.45 болон 413,871,436 төгрөг болсон байна. Дээрхи гэрээнүүдэд хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй болохыг хувьцаа эзэмшигч баталгаажуулсан юм.
Иргэний хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ байгуулсан явдлыг Хувьцаа эзэмшигч хүлээн зөвшөөрч, дэмжих боломжтой гэж үзсэн тул гэрээний төлбөрийг хүлээн зөвшөөрсөн болно. Харин алдангийн хувьд бид хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Харин 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ нь компанийг их хэмжээний өрөнд оруулж хохирол учруулсан, ач холбогдолгүй, шаардлагагүй ажилд гэрээ байгуулсан байна.
Төлбөрийн хувьд хөнгөлөлт тооцсон үнэ гэж байгаа ч асар өндөр үнээр тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндөр байдлаар гэрээ байгуулсан байгаа нь компанийн эрх ашгийг ноцтой хохироож байна.
Уг гэрээний дагуу үр дүнг компанийн эрх бүхий этгээд хүлээж аваагүй, тухайн үр дүн нь компанид огт ашиггүй, хэрэгцээгүй байсан. Мөн шинжлүүлэх дээж нь өмнөх гэрээний шинжилгээний дээжийг давхар ашигласан, өмнөх шинжилгээгээр хийгдчихсэн ажлыг давхар хийсэн зэрэг зөрчлүүд харагдаж байна. Хэдийгээр SRK компанийн зөвлөгөөний дагуу Алс группийг ажиллуулсан мэт харагддаг ч үнэндээ SRK-ийн тайланд уг гэрээний үр дүн огт ороогүй хэрэглэгдээгүй байдаг.
Иймд 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулах нэхэмжлэлийг гаргаж байна” гэв.
“Алс групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлыг хариуцагч байгууллагаас судалсны дараа асуудлаа тавих хэрэгтэй.
Сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага хангаагүй нь тодорхой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.
Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж заасан. Харин 62 дугаар зүйлийн 62.1.2-т “нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар”, мөн зүйлийн 62.1.3-т “хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар”-ыг нэхэмжлэлд тусгана гэж бүрдүүлбэрийг заасан.
Гэтэл сөрөг нэхэмжлэл дээр огноо, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн агуулга гэж бичсэн байгаа боловч би хэнд хэнээс ямар шаардлага гаргаад байгааг ойлгоогүй.
Хэдийгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтад нь шийдвэрлэдэг гэдгийг ойлгож байгаа боловч хуулинд тодорхой шаардлага тавьсан, хэрвээ нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол шүүх хүлээн авахаас татгалзах тухай хуулинд мөн зохицуулсан.
Харин сөрөг нэхэмжлэлийн агуулгын хувьд их хэмжээний хэлцлийг дүрмийн сангаар тодорхойлдоггүй бөгөөд актив хөрөнгийн 25 хувь түүнээс дээш хэмжээтэй хэлцэл нь их хэмжээний хэлцэл байх талаар Компанийн тухай хуульд зохицуулсан.
Энэ талаар буюу тус компанийн өөрийн хөрөнгөтэй холбоотой баримт хэрэгт огт байхгүй. Тэгээд ч Компанийн тухай хуульд дүрмийн сан гэдэг ойлголт байхгүй. Хэрвээ сөрөг нэхэмжлэлээр их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшичгийн зөвшөөрлөөр хийх ёстой байсан гэж үзэж байгаа бол компаниас өөрийн хөрөнгөтэй холбоотой баримтыг өгөх ёстой байсан.
Бүхэл бүтэн уурхай эзэмшдэг, ашигт малтмалын олборлолт эрхэлдэг компанийн хувьд актив хөрөнгийн 25 хувь нь тус хэлцлийн үнийн дүнд хүрэхгүй гэдэгт би эргэлзэж байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаагаар 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс хувьцаа эзэмшигч нь “Говь майнинг лимитэд” ХХК болсон байна.
Гэхдээ итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хэн талаар баримт тодорхой бус, “Говь майнинг лимитэд” ХХК-иас гаргасан мэдээлэл ирүүлснээс биш, тухайн компанийг бүртгэсэн байгууллагаас нь 2013 онд захирал нь тэр байсан талаар баримт байдаггүй.
Ямар ч байгууллагын хувьд өөрөө манай захирал тэр байсан гээд бичиж чадна. Иймд бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.
Хариуцагч талаас 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 2014 оны турш төлбөрөө хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг удаа дараа хийж байсан, шүүх хуралдааны явцад болон давж заалдах гомдолдоо ч тийм байр суурьтай байсан.
Эвлэрэх боломж олгоогүй гэдэг зүйлийг ярьдаг байсан. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж зааснаар хариуцагч 2013 оны гэрээний үлдэгдэл төлбөрийг зөвшөөрсөн мэдэгдлийг удаа дараа өгч байсан бөгөөд талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ бас бий.
Дээрээс нь ерөнхий нягтлан бодогч нар тооцоо нийлсэн байдаг. Гэхдээ энэ нь өөрөө тухайн үед харилцааг зохицуулж байсан хүчин төгөлдөр баримт байсан, харин одоо бид үүнийг хэрэглэхээс татгалзсан. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алс групп” ХХК нь хариуцагч “Их говь энержи” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 627,568,739 төгрөг гаргуулах,
Хариуцагч “Их говь энержи” ХХК нь нэхэмжлэгч “Алс групп” ХХК-д холбогдуулан 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч “Их говь энержи” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, нэхэмжлэгч “Алс групп” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хатуу түлшний шинжилгээ хийх” 196/12 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр болох 136,131,628 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Талууд 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хатуу түлшний шинжилгээ хийх” 196/12 дугаартай 283,505,793 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулж, хариуцагч нь эхний гэрээний урдчилгаанд 100,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй. /хх-ийн 10-14 х/
Дээрх гэрээний үлдэгдэл төлбөр 183,871,436 төгрөг байхаар боловч нэхэмжлэлийн шаардлагаа 136,131,628 төгрөг гэж тодорхойлсон боловч яаж тооцсон аргачлал байхгүй байна.
Шүүхээс талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн 549,502,926 төгрөгөөс 2 дахь гэрээний төлбөр гэх 422,473,862 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл төлбөр нь 127,029,064 төгрөг болж байна.
Иймд 136,131,628-127,029,064=9,102,564 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хоёр: 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хатуу түлшний шинжилгээ хийх” 196/12 дугаартай гэрээний 8.2-т заасны дагуу алданги 68,065,814 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тодорхойлсон.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т “гүйцэтгэгч нь гэрээний дагуу ажлыг зааврын дагуу хийж гүйцэтгэсэн тохиолдолд захиалагч нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлөхгүй 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг төлбөр төлөх хүртэл тооцно” гэж тохиролцсон байна.
Ийм учраас нэхэмжлэгч нь алданги 68,065,814 төгрөгийг нэхэмжилсэн байна. Харин гүйцэтгээгүй үүргийн үнийг дүн 127,029,064 төгрөг байх тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 63,514,532 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, мөн гэрээний 8.2-т заасны дагуу алдангид 63,514,532 төгрөгийг /68,065,814-63,514,532=4,551,282 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, дээрх шаардлагаас 4,551,282 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Гурав: 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” ALS-IKHGOBI/13 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 422,473,862 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” ALS-IKHGOBI/13 дугаартай гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талууд 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” ALS-IKHGOBI/13 дугаартай 413,871,436 төгрөгийн үнэ бүхий гэрээг байгуулж, гарын үсэг зурж, эрх бүхий этгээд баталгаажуулсан байна. /хх-ийн 17-19 х/,
2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” ALS-IKHGOBI/13 дугаартай гэрээний үнийн дүн 413,871,436 төгрөг байхад гэрээний үндсэн төлбөрийг 422,473,862 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Гэрээний 10 дугаар зүйлд “гэрээний аль нэг хэсэгт засвар оруулах болон өөрчлөлт оруулах тохиолдолд нөгөө талдаа ажлын 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. Энэхүү гэрээнд хийсэн засвар болон өөрчлөлтүүд нь талуудын хариуцах хүмүүсийн гарын үсэг болон тамгатай холбоотой тохиолдолд хүчинтэйд тооцно. Гэрээгээр тохиролцсноос илүү нэр төрлийн үйлчилгээг хийлгүүлэх тохиолдолд нэмэлт гэрээг байгуулж, үнэ төлбөр бусад зүйлийг тохиролцоно” гэсэн шаардлагад хамаарахгүй байх тул энэ гэрээний шаардлагыг талуудын анх тохиролцсон 413,871,436 төгрөг гэж үзэхээр байна.
Иймд энэхүү шаардлагаас /422,473,862-413,871,436=8,602,426 төгрөг/ 8,602,426 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Алс групп ХХК-иас 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18/14, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 108/14 тоот албан бичгүүдээр хариуцагч Их говь энержи ХХК-д “Төлбөр барагдуулах тухай” мэдэгдлийг тус тус хүргүүлж байжээ.
Талууд 2014 оны 5 дугаар сарын 23-нд 09/14 тоот “Гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоо”-г, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа №14L18” гэсэн баримтуудыг үйлдэж тооцоо нийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 25, 26 х/
Энэ тохиролцоо буюу хэлцлээр 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” 196/12 дугаартай гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” ALS-IKHGOBI/13 дугаартай гэрээнүүдийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 559,502,926 төгрөг болохыг талууд баталгаажуулсан байна.
Дээрхээс дүгнэвэл талууд Иргэний хуульд заасны дагуу гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй гэсэн ажил гүйцэтгэх гэрээний хуулийн зохицуулалтыг хангаж тооцоо нийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын тохиролцооны дагуу хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч Алс групп ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 15С035 дугаартай мэдэгдлийг Их говь энержи ХХК-д хүргүүлж, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 09/14 дугаартай “Гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоо”-ноос татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. /хх-ийн 27 х/
Хариуцагч нь Их говь энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ч.Энхцэцэг нь компанийн дүрмийг зөрчиж, гүйцэтгэх захирлын эрх мэдлийг хэтрүүлж, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” 196/12 дугаартай гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” ALS-IKHGOBI/13 дугаартай гэрээнүүдийг байгуулсан гэж маргаж байна.
Их говь энержи ХХК-ийн шинэчилсэн дүрмийн 2.1-д “компанийн гүйцэтгэх захирлыг томилон өөрийн үйл ажиллагаагаа удирдуулж болно. Энэ нөхцөлд хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулан түүний эрх хэмжээг тогтоож өгнө” гэжээ.
Их говь энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Ч.Энхцэцэг нь тухайн үед компанийн дүрмийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан ба эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэсэн баримт хэрэгт байхгүй, хариуцагчаас энэ талаар нотлох баримтыг өгөөгүй болно.
Дөрөв: Брикет бэлтгэх ажлын хөлс 897,435 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хатуу түлшний шинжилгээ хийх” 196/12 тоот гэрээ, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх” ALS-IKHGOBI/13 тоот гэрээнүүдэд хариуцагч нь брикет бэлтгэх ажлын хөлс 879,435 төгрөгийг төлөх тухай зохицуулалт байхгүй байна.
Дээрх гэрээнүүдийн 10 дугаар зүйлд “гэрээний аль нэг хэсэгт засвар оруулах болон өөрчлөлт оруулах тохиолдолд нөгөө талдаа ажлын 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ. Энэхүү гэрээнд хийсэн засвар болон өөрчлөлтүүд нь талуудын хариуцах хүмүүсийн гарын үсэг болон тамгатай холбоотой тохиолдолд хүчинтэйд тооцно. Гэрээгээр тохиролцсноос илүү нэр төрлийн үйлчилгээг хийлгүүлэх тохиолдолд нэмэлт гэрээг байгуулж, үнэ төлбөр бусад зүйлийг тохиролцоно” гэж заажээ.
Дээрхээс дүгнэвэл талууд энэ талаар байгуулсан гэрээ байхгүй бөгөөд Алс групп ХХК нь нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул брикет бэлтгэх ажлын хөлс 897,435 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Хариуцагч Их говь энержи ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 604,415,032 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Алс групп ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 23,153,707 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн шаардлагын хувьд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Их говь энержи ХХК-ийн дүрмийн сан нь 132,400,000 төгрөг байтал дээрх гэрээнүүд нь 283,505,793.45 болон 413,871,436 төгрөг болсон байна. Дээрх гэрээнүүдийг Компанийн тухай хуулийн 88.1 болон компанийн дүрмийг зөрчсөн, хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй болохыг хувьцаа эзэмшигч баталгаажуулсан гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан ба талууд 2014 оны 5 дугаар сарын 23-нд 09/14 тоот “Гэрээний төлбөр барагдуулах харилцан тохиролцоо”-г, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа №14L18” гэсэн баримтуудыг үйлдэж тооцоо нийлсэн зэргээс харахад уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Их говь энержи ХХК нь нэхэмжлэгч Алс групп ХХК-тай гэрээ байгуулснаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т захиалагчийн шаардлага гаргах эрхийг заасан ба мөн хуулийн 352.4-т “ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана” гэжээ.
Хариуцагчаас ажлын гүйцэтгэлийг хүлээж авснаас хойш ямар нэгэн шаардлага гаргаж байсан баримт хэрэг авагдаагүй болно.
Компанийн дүрмийн 2.1-д “Компанийн гүйцэтгэх захирлыг томилон өөрийн үйл ажиллагааг удирдуулж, болно. Энэ нөхцөлд хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулан түүний эрх хэмжээг нь тогтоож өгнө” гэж заасан байна.
Гэтэл хариуцагчаас гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Энхцэцэг болон Б.Төгсжаргал нарын эрх хэмжээг тодорхойлсон баримтуудыг ирүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох нь Их говь энержи ХХК-ийн үүрэг юм.
Ийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16683 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар 232.4-т зааснаар хариуцагч Их говь энержи ХХК-иас 604,415,032 төгрөг гаргуулж, Алс групп ХХК-д олгож, нэхэмжлэлээс 23,153,707 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хатуу түлшний шинжилгээ хийх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Их говь энержи ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Алс групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,295,793.70 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Их говь энержи ХХК-иас 3,180,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Алс групп ХХК-д олгож, Их говь энержи ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,227,308 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16683 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА