Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

 

     2022           01            03                                                         2022/ШЦТ/02                                             

 

                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: У.Г, У.Т/өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.Г, У.Т нарт холбогдох 2129000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

  Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч У.Г нь 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Бумбан овоо 5-9 тоот хашаанд өөрийн төрсөн эгч болох иргэн У.Туяажаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хоолойг багалзуурдаж, хамар луу нь мөргөж, тархины доргилт, хамар ясны хугарал, хуйх, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамрын цус хуралт, доод уруулын салстын язрал, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,       

Яллагдагч У.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Бумбан овоо 5-9 тоот хашаанд өөрийн төрсөн дүү болох иргэн У. Гантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар тархины доргилт, духны язарсан шарх, дух, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 завжны салстын язрал, хамар, баруун зүүн хацар, дээд уруул, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-7-р хуудас/

-Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-9-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-15-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Очирын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-21-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Ггийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батбуянгын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Туяажаргалын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 557 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-47-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд У.Г, У.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-58-р хуудас/

- У.Г, У.Т суурь боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 59-88-р хуудас/

-Эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72-81-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:        

Яллагдагч У.Г нь 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Бумбан овоо 5-9 тоот хашаанд өөрийн төрсөн эгч болох иргэн У. Туяажаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар хоолойг багалзуурдаж, хамар луу нь мөргөж, тархины доргилт, хамар ясны хугарал, хуйх, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамрын цус хуралт, доод уруулын салстын язрал, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.       

Яллагдагч У.Т нь 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Бумбан овоо 5-9 тоот хашаанд өөрийн төрсөн дүү болох иргэн У. Гантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар тархины доргилт, духны язарсан шарх, дух, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 завжны салстын язрал, хамар, баруун зүүн хацар, дээд уруул, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч  Б.Батбуянгын: “…2021 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Цагаан хаданд очих замаараа  найз Батбаярынд ирж хоносон юм. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед би Батбаярынд байж байхдаа Батбаярын эхнэр Т хоёр найзаа гэртээ дуудаад хоол хийж идэхдээ нэг нэг касс нэртэй 0.5 литрийн пиво ууцгаасан. Тэгээд Туяа ус аваад ирье гээд гараад явсан. Тэгээд цаг гаруй болж байгаад ам хамар нь цус болчихсон ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч У.Очирын: “…Тухайн өдөр би гэртээ байж байтал манай төрсөн дүү Мөнгөнтуяа гэрт орж ирээд гэрийн хойно Т, Г хоёр эгч зодолдоод байна. Та гарч болиул гэж надад хэлсэн. Тэр үед би гараад очтол нэг нэгнийгээ заамдчихсан Гантуяа эгчийн нөхөр дундуур орчихсон тэр хоёрыг болиулах гээд байж байсан. Тэгэхэд нь би Т эгчийг аваад “Гэртээ ор. Яагаад хоорондоо муудалцаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд Т миний өмнөөс “Чи Г өмөөрөөд байгаа юм уу. Энэ Г эгч чинь миний хүүхдийг нохойгоо аваад гэр гэр лүүгээ ор гэж хөөсөн” гэж надад хэлэхэд нь би “Та одоо согтуу байна. Гэр лүүгээ ор” гэж хэлсэн. Тэгэхэд Т эгч гэртээ орохгүй улам уурлаж агсраад Гийн гэр лүү нь орох гээд байсан юм. Тэгэхэд нь би Т эгчийг гэр лүү нь оруулах гээд тэврээд өргөтөл орохгүй гээд тийчлээд миний гарын тавиулаад өөрөө газар уначихсан юм. Т эгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Г эгч архи уугаагүй эрүүл байсан. Туяажаргал эгч их хэмжээний гэхээр согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21-р хуудас/

Гэрч Ж.Батбаярын: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед би Цогтцэций сумын зүүн талд машин янзлаад байж байхад манай гэрт байсан найз Батбуян над руу залгаад Очир гэдэг хүн танайд ирээд хаалга үүдийг чинь эвдээд байна танай эхнэрийг чинь зодоод байна гэсэн. Тэгэхээр нь би гэртээ ирэхэд хаалганы хацавч салгаад хаячихсан манай эхнэрийн уруул нь цус болчихсон хамар нь хавдчихсан байсан. Манай эхнэр Т надад манай дүү Гантуяа, Очир хоёр намайг зодчихлоо гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 557 дугаартай “У.Тын биед тархины доргилт, хамар ясны хугарал, хуйх, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, хамрын цус хуралт, доод уруулын салстын язрал, хүзүүний зулгаралт гэмтэл үүсжээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна’’ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-37-р хуудас/

Шүүгдэгч У.Г, У.Т хувийн байдлын талаар: /хх-ийн 59-62-р хуудас/

Шүүгдэгч У.Г, У.Т нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-81-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  У.Г, У.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна. Шүүгдэгч У.Г, У.Т нар харилцан зодолдож бие биенийхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.3-т заасныг зөрчөөгүй байх тул прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч У.Г, У.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчаас гаргасан “…Шүүгдэгч У.Г, У.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт танилцуулсан байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд нь тохирсон байх тул саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Г, У.Т нар Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г, У.Т тус бүрт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч У.Г, У.Т нарт энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг  дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТТУЛГА