Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2016/03597

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 22 өдөр

      Дугаар 101/ШШ2016/03597

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Билэг төв, өөрийн байранд үйл ажиллагаа явуулах, Билэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, С.Данзангийн гудамж 5/1, Засгийн газрын хоёрдугаар байранд байрлах, Сангийн яаманд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 142,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Билэгсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажаргал, нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Билэг” ХХК-ийн захирал Д.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монгол улсын 2011 оны улсын төсвийн тухай хуулинд Дорнод аймгийн Чойбалсан хотод усан бассейн байгуулахад 650,000,000 төгрөг батлагдсан Эрүүл мэндийн сайдаас худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсний дагуу манай компани Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан тендерт  оролцож тухайн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан.

2011 оны 6 сарын 30-нд Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавтай УТ-2011/39 дугаартай “Дорнод аймаг, Хэрлэн сум, Усан бассайны барилга угсралтын ажлын гэрээ”-г байгуулан гэрээний үнийг 640,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн.

Ингээд 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Аварга-геопроект” ХХК-тай “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх” Гео-27/11 дугаартай гэрээ байгуулж Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт барих “Билэг” ХХК-ийн усан бассейны барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлтийг хийлгэж, 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 006/2011 тоот гэрээг “Ньюкон” ХХК-тай байгуулан барилгын зураг төсөл, төсвийг иж бүрэн хийлгэж, экспертизийн дүгнэлт гаргуулж батлуулсан.

2011-2012 онд “Билэг” ХХК нь хуучин каркасыг Дорнод аймгийн Спорт хороонд шилжүүлж, гадна бохир ус, бассейны онгоцыг цутгасан.

2012 оны 9 дүгээр сард “Лэндс” ХХК-иар “Билэг” ХХК-ийн 800 автомашины засвар үйлчилгээний барилгын усан бассейны зориулалтаар өөрчлөгдөж байгаа дутуу барилгыг 245,091,565.8 төгрөгөөр үнэлсэн тайлан гаргасан.

2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны харъяа Барилгын хөгжлийн төвөөр “Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийг хийлгэсэн ба усан бассейны барилга угсралтын ажлын төсөвт 2,040,335,201 төгрөгөөр тооцсон байдаг.

2013 оны улсын төсөвт бассейны барилгын төсөв нэмэгдэж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Барилгын ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болж тооцоо нийлсэн акт үйлдэн нийт 384,373,773 төгрөг авсан ба үлдэгдэл 142,500,000 төгрөгийг улсын төсөвт усан бассейны хөрөнгө царцаагдсан учраас санхүүжилт зогссон.

...Бид хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах хүсэлтээ Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Сангийн яаманд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/130, 1/131, 1/132 тоотуудаар тус тус хандсан.

Сангийн яамны 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9/5552 тоот албан бичигт “гүйцэтгэлээ батлан ирүүлбэл санхүүжүүлнэ”, Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/4354 тоотод “Билэг ХХК-ийн санхүүжилтийг олгуулах талаар ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад хандсан байдаг.

ЭМС-ын сайдаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4-1/3991 тоотоор “Билэг” ХХК-д 142,500,000 төгрөгийн санхүүжилтийг олгох албан бичгийг Сангийн яамны хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн байдаг.

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын төсвийн тодотголоор энэ хөрөнгө танагдсан учраас Сангийн яамнаас барилга угсралтын ажлын үлдэгдэл төлбөр болох 142,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Билэгсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүл мэнд, спортын яамны сайдын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 262 дугаар тогтоолоор эрхээ Дорнод аймаг руу шилжүүлсэн байдаг.

Бид үүний дагуу хуучин ажлуудаа дүгнээд, гэрээгээ 2 жилийн хугацаагаар үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд Улсын их хурлаас Дорнод аймагт хуваарилсан төсөвт таналт хийснээр бид хөрөнгийн эх үүсвэргүй болсон.

Бид өнгөрсөн онд хийгдсэн гүйцэтгэлтэй холбоотой төлбөр нэхэмжлээгүй бөгөөд зөвхөн 2011 онд хийгдсэн хөрсний шинжилгээний мөнгө 15,000,000 төгрөг, зураг төсвийн үлдэгдэл мөнгө 9,000,000 төгрөг, бассейны каркасын үлдэгдэл мөнгө 111,000,000 төгрөг нийт 142,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Хамгийн гол нь бид 650,000,000 төгрөгөөс 384,000,000 төгрөгийг авсан боловч үлдэгдлийг авч чадаагүй юм. Өнгөрсөн жил цэвэр усыг ажлыг хийсэн, дулааны ажлын материалаа авчихаад үргэлжлүүлж чадахгүй байна.

Бид газар болон барилгын каркасыг орон нутгийн өмчид хүлээлгэж өгсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа тухайд аудитын дүгнэлтээр төсвийг танасан гэсэн бөгөөд барилга барихад техникийн ноцтой зөрчил байна гэдэг.

Гэхдээ энэ талаар гүйцэтгэгч байгууллагад мэдэгдээгүй нь их сонирхолтой санагдсан. Бид төсөв танагдсаны дараа шинжилгээг хийсэн холбогдох инженерүүдтэй нь уулзаж ярилцсан бөгөөд 0.2-0.4 мм ан цав үүссэн талаар дурдсанаас биш барилга нурах гэж байна гэж дүгнээгүй гэж хэлсэн.

Тэгэхээр үзгээр цэг тавихад л 0.2 мм цэг үүсэх бөгөөд үүнээс болж барилга нурах асуудал огт байхгүй юм.  Бид хөдөө орон нутагт тийм өндөр маркийн бетон гаргаж чадахгүй гэж үзээд болзошгүй эрсдэлээс сэргийлэн 20 см урттай сетны алгасалтыг 15 см болгосон.

Бид энэ талаар захиалагч нарт асуудал тавьсан бөгөөд гол нь гүйцэтгэгч байгууллагад мэдэгдээгүй тухайд веб сайт дээр тавьсан гэж хариулсан. Бид барилга нурахгүй талаар 2 зөвлөх инженерээр акт үйлдүүлсэн бөгөөд шинжилгээний байгууллагаас албан бичиг ирсэн. Ер нь бол бид улсаас хийсэн ажлын төлбөрөө авах гэж байгаа бөгөөд Сангийн сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баярцогт нартай уулзсан боловч төлбөрийг шууд олгох боломжгүй, шүүхийн шийдвэр гарвал олгох боломжтой гэсэн хариу өгсөн.

Эвлэрэх талаар санал тавьсан боловч өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байна. Сангийн яам болон Эрүүл мэнд, спортын яамнаас мөнгөө ав гээд хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлсэн бөгөөд тухайлбал 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сангийн яам болон Эрүүл мэнд спортын яамны санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Баярсайханы албан бичиг бий.

Өнөөдрийн байдлаар гэрээнүүдийн хугацаа бол дуусаагүй, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дуусна. Энэ талаар Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр Эрүүл мэнд, спортын яаманд хандсан байдаг. Мөн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн албан бичгээр тус тус хүсэлт тавьсан байдаг” гэв.

 

Хариуцагч “Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.... Сангийн яамны зүгээс тус санхүүжилтийг олгох талаар байр сууриа илэрхийлж байсан. Өнөөдрийн маргааны хувьд гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой төлбөр шаардаж байгаа бөгөөд гол нь Сангийн яам гэрээний нэг тал биш гэдгийг хэлмээр байна.

Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиараа захиалагч нь доод шатны албан тушаалтандаа захиалагчийн эрх, үүргээ шилжүүлэх зохицуулалт байдаг.

Уг заалтын дагуу Эрүүл мэнд, спортын яамны сайдын тушаалаар Дорнод аймгийн Засаг даргад усан бассейны барилгын ажлыг гүйцэтгэх захиалагчийн эрх, үүргийг төсвийн онд шилжүүлсэн. 

Дорнод аймгийн Засаг даргаас үүний дагуу тендерийн ажлыг зохион байгуулж, тендер шалгаруулалтыг зарлах ёстой байсан. Ингээд Дорнод аймгийн Засаг даргын зарласан тендерээс эхлээд уг ажил будилж эхэлсэн бөгөөд Барилгын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиараа техникийн тодорхойлолтыг эхлээд гаргаад, аймгийн ерөнхий архитектороор тухайн барилга барих газрын зураг төсөл дээрх архитекторын тамга тэмдэг, магадлал хийгдсэн байх ёстой.

Нөгөө талаас тухайн барилга барих объект шийдэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл Барилгын талбай, түүн дээрх зураг төсөл зэрэг нь хүний нүдэнд харагдахаар шийдэгдсэн байх ёстой байтал Дорнод аймгийн Засаг дарга дур мэдэж тендер зарлаж, “Билэг” ХХК-тай 650,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулинд үндэслэлгүйгээр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр заасан бөгөөд маргааны зүйл болсон гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй юм.

Тэгэхээр энэ тохиолдолд гэрээ байгуулагдсаны дараа талууд ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд захиалагч ажлаа хийгээгүйгээс “Билэг” ХХК-иас өөрсдийн эзэмшлийн 800 ширхэг автомашины гарашийн зориулалтыг өөрчлөөд усан бассейн болгох хүсэлт гаргасан.

Уг нь төрийн байгууллагын хувьд ийм эрх зүйн зохицуулалт огт байхгүй юм. Хувийн өмчийг ашиглах гэж байгаа тохиолдолд Төрийн өмчийн хорооны тогтоол, Засгийн газрын тогтоол, Сангийн яамны зөвшөөрөл зэрэг маш олон бичиг баримтууд шаардлагатай байдаг.

Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга гэрээг нэмэгдүүлээд, 1,170,000,000 төгрөг болгочихсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйл дээр гэрээний үнийн дүнг нэмэгдүүлэх, ямар тохиолдолд хориглодог талаар зохицуулсан бөгөөд нийт гүйцэтгэх ажлын 15 хувьтай дүйцэх хэмжээгээр нэмэгдэж байгаа бол гэрээг өмнөх гүйцэтгэгчтэй байгуулж болох ганцхан тохиолдол байдаг.

Гэтэл 650,000,000 төгрөгийн гэрээ 1 тэрбум гаруй болтол 100 хувь нэмэгдэж байхад ямар тендергүйгээр гэрээ байгуулсан. Энэ нь өөрөө маш ноцтой асуудал юм.

Ингээд Үндэсний аудитын газраас Монгол улс даяар төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгуудад шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар “Билэг” ХХК-ийн барьж байгаа барилга чанарын шаардлага хангахгүй буюу тендер шалгаруулалт анхнаасаа буруу зохион байгуулагдсан, барилга өөрөө хэдэн хувийн гүйцэтгэлтэй нь тодорхойгүй байгаа учраас санхүүжилт гаргахыг хориглосон зөвлөмжийг Улсын их хуралд хүргүүлсэн.

Үүний дагуу 2014 онд Улсын их хурлаас 30 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 13 дахь хэсэгт Усан бассейн спорт цогцолборыг өргөтгөл буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 650,000,000 төгрөгийн санхжүүлэлтийг гаргахыг хориглосон. Тэгэхээр хэргийн хариуцагч нь Улсын их хурал юм уу, Сангийн яам уу гэдэг нь тодорхойгүй.

Дээрх тогтоолоор Улсын их хурлаас Засгийн газарт үүрэг өгсөн бөгөөд 2014 оны төсвийн тухай хуулиар 0 дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас цаашид зориулалтын дагуу үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газар судалж, шийдвэрлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 13-т “Билэг” ХХК-ийн барьж байгаа барилга багтсан байгаа юм.

Үүнийг судлах үүрэг нь захиалга өгсөн Эрүүл мэндийн яаманд хамаарах бөгөөд өөрсдөө судлаад 800 автомашины засвар үйлчилгээний барилгын усан бассейны барилгаар өөрчлөгдөж буй дутуу барилгын үнэлгээний үлдэгдэл, геологи, судалгаа, зураг төсвийн үлдэгдэл санхүүжилт нь хэт удаашрилттай явагдаж байгаа тул тус санхүүжилтийг хасуулах саналтай байна гээд манай яаманд санал ирүүлсэн байдаг.

Тэгэхээр захиалагч нь хасуулах саналтай байхад бид үгүй гэхгүй бөгөөд уг хэрэгт Эрүүл мэндийн яамыг хариуцагчаар татах ёстой байсан. Тус яамнаас санхүүжилтыг нэмэх санал ирүүлсэн бол бид нэмж өгөх боломжтой. Бид танай компанийн төлбөрийг төлье гэхээр Эрүүл мэндийн яамнаас бидэнд холбогдох баримтуудыг ирүүлээгүй.

Иймд санхүүжилтыг олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Билэг” ХХК нь хариуцагч Сангийн яаманд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 142,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч Сангийн яам нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Билэг” ХХК болон Дорнод аймгийн Засаг дарга нарын хоороонд Дорнод аймаг. Хэрлэн сум. Усан бассайны барилга угсралтын ажлын УТ-2011/39 дугаартай гэрээг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, мөн 2015 оны 8 дугаар сарын 10-ний өдөр 2011/39-А дугаартай Дорнод аймгийн Хэрлэн сумын спорт цогцолборын өргөтгөл, усан бассейны барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь Дорнод аймаг. Хэрлэн сум. Усан бассайны барилга угсралтын ажлын УТ-2011/39 дугаартай гэрээг 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд орсон 2011 онд хийгдсэн хөрсний шинжилгээний 15,000,000 төгрөг, барилгын зургийн 9,000,000 төгрөг, карказны үнэ 111,000,000 төгрөг гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын задаргааг тайлбарласан.

 

“Билэг” ХХК нь “Аварга Геопроект” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Гео-27/11 тоот 15,000,000 төгрөгийн үнэ бүхий “Инженер, геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээг дүгнэсэн акт үйлджээ. /хх-ийн 15 х/

 

 “Билэг” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт барих Усан бассейны барилгын талбайн инженер, геологийн судалгааны ажлын дүгнэлтийг хүлээн авч 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Гео-27/11 тоот гэрээний дагуу нь “Аварга Геопроект” ХХК-д 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. /хх-ийн 16, 17-24 х/

 

“Билэг” ХХК-ийн 800 автомашины засвар үйлчилгээний барилгын Усан бассейны зориулалтаар өөрчлөгдөж буй дутуу барилгыг үнэлсэн тухай Хөрөнгө үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн дүгнэлтээр хийж гүйцэтгэсэн ажил нь 245,091,565 төгрөг болсон байна. /хх-ийн 26-33 х/

 

Гэрээний дагуу захиалагчаас гүйцэтгэгчид нийт 384,373,773 төгрөгийг шилжүүлсэн нь 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Усан бассейны барилга угсралтын ажлын тооцоог нийлж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна /хх-ийн 46 х/

 

Нэхэмжлэгч “Билэг” ХХК нь гэрээний нэг тал болох Дорнод аймгийн Засаг даргатай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №02 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй усан бассейны барилгын ажлын гэрээ”-г тус тус дүгнэсэн байна. /хх-ийн 47-48 х/

 

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Хишигтогтохоос Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлтбаатарт 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/1628 тоотоор “Төсвийн тодотголд санал хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлж байсан байна. /хх-ийн 25 х/

 

Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 262 дугаартай “Эрх шилжүүлэн ажил гүйцэтгүүлэх тухай” албан бичигт “...Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XYI.2.1.15-д “Спорт цогцолбор өргөтгөл, усан бассейн /Дорнод, хэрлэн сум/-ын 560,100,000 төгрөгийн эрхийг Дорнод аймгийн Засаг дарга /М.Бадамсүрэн/-д шилжүүлсүгэй” гэжээ.

 

            Монгол улсын Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1В/28836 тоот “Билэг” ХХК-д хүргүүлсэн албан бичигт “Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт баригдах усан бассейны барилгын 560,100,000 төгрөгийн эрхийг Дорнод аймгийн засаг даргын тамгын газарт 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн УТ-2001/39 тоот гэрээг сунгах нөхцөлтэйгөөр Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 262 дугаар тушаалаар шилжүүлсэн болно. Иймд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээгээ сунган төсвийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй” гэсэн албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

 

Хэрэгт авагдсан баритуудаас дүгнэхэд 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Дорнод аймаг. Хэрлэн сум. Усан бассайны барилга угсралтын ажлын УТ-2011/39 дугаартай гэрээний захиалагч тал нь Сангийн яам биш болох нь тогдоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас сонгох эрхтэй боловч хариуцагчаар Сангийн яамыг татсан нь үндэслэлгүй байх тул “Билэг” ХХК-ийн 142,500,000 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Сангийн яамнаас 142,500,000 төгрөг гаргуулах тухай “Билэг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Билэг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 870,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА