Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

    2022             02            24                                                       2022/ШЦТ/29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Б-д холбогдох 2229000000014 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Модерн Намодас” ХХК-ийн хашаанд байрлуулсан Э.Халиунаагийн эзэмшлийн приүс-30 маркийн 35-29 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, хаалганы шил болон гурвалжин шил зэргийг хагалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 965.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Модерн Намодас” ХХК-ийн хашаанд байрлуулсан Э.Халиунаагийн эзэмшлийн приүс-30 маркийн 35-29 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, хаалганы шил болон гурвалжин шил зэргийг хагалж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 965.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Э.Халиунаагийн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад манай нөхөр Б архи уучихсан согтуу ажил дээр хүрч ирэхээр би “яагаад архи уусан юм бэ” гэхэд “би архи уугаагүй эрүүл байна” гэж хэлээд надтай маргалдаж байгаад өрөөнөөс гараад явчихсан. ..Тэгээд удаагүй баарны зөөгч Лхагвасүрэн, буудлын ажилтан Доржханд нар “гадаа нэг хүн таны машины цонхнуудыг нь хагалчихаад саарал өнгийн Прадо маркийн машины унаад явчихлаа” гэхээр би гараад очиход машины бүх цонхнуудыг нь хагалчихсан байсан. Машины бүх цонхнуудыг чулуугаар хагалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Д.Доржхандын: “…Намайг 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг “Модерн Намодас” ХХК дээр ажилтай байж байхад ...доод групп чатаар “гадаа байгаа машиныг саарал машинтай ах цонхыг нь хагалчихаад явлаа” гэсэн чат ирсэн байхаар би гараад очиход нэг саарал өнгийн прадо маркийн машин байсан. Тухайн үед хэний машины цонхыг хагалсан талаар мэдээгүй. Дараа нь тэр машины эзэн манай ажилтан Халиунаагийн машин байсан гэдгийг мэдсэн юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч О.Лхагвасүрэнгийн: “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орой 22 цаг 30 минутын үед би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байдаг “Модерн Намодас” ХХК-ний гадаа гараад ажлын урд талд тамхи татаад байсан чинь нэг түг түг гээд нүдээд байхаар би ажлын байрны үүд рүү хартал нэг эрэгтэй хүн нэг машины цонхыг нүдээд байгаа харагдсан. Тэгтэл машины цонх шилнүүд нь хагарч байгаа шилний чимээ надад сонсогдохоор би тэр хүнийг хөөе гээд дуудсан чинь цаашаа зугтаагаад явчихаар нь би тэр машин дээр гүйгээд очсон чинь машины дөрвөн хаалганы цонх болон урд талын салхивчны шил, ард талын багажны цонхыг хагалчихсан байхаар би дотоод групп чат дээр “гадаа байгаа приүс-30 маркийн машины цонхийг хагалчихсан, саарал өнгийн машинтай ах цонхыг нь хагалчихаад явлаа, эзэн нь гарч машинаа үзээрэй” гэсэн чат бичсэн. Тэгээд орой 23 цагийн үед ажил тарах үед Халиунаа эгчтэй таарсан чинь тэр машины эзэн нь би байгаа юм. Миний машины цонхнуудыг нь чулуугаар хагалсан байсан гэж хэлсэн. Намайг очоод үзэхэд машины өмнө тал болон ар тал, мөн дөрвөн хаалганы цонхыг хагалчихсан байсан. Тэгээд тэр эрэгтэй хүн саарал өнгийн машинд суугаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаартай нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 965,000 төгрөг гэх үнэлгээ /хх-ийн 29-32-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

                1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ч.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр бусдын машины цонхыг хагалсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 965.000 төгрөгийг хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Бг “Эд хөрөнгө устгах, гэмтээх”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Халиунаа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Боохойг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

                Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ч.Бнь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

                2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

            Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Бд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

                2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээхгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТТУЛГА