Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2016/00455

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 23 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00455

                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух, Ц.Ш-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоотод оршин суух, Г.Ө-д холбогдох

30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, З.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие иргэн Г.Ө-т 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн хүүнд түүний эзэмшлийн байранд түр хугацаагаар амьдрахаар “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ”-г байгуулан, зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээнүүдийг нотариатаар батлуулж, улмаар зээлийн мөнгийг 2014 оны 7 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 16-нд 10,000,000 төгрөгийг тус тус Г.Ө-ийн Голомт банкны 000000000000 тоот дансанд шилжүүлж өгсөн.

Зээлийн гэрээний 6-д заасны дагуу зээлдэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор талууд гэрээгээр тохиролцсон болно.

Гэтэл Г.Ө-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 сарын 16-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө эргэн төлөхгүй намайг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талууд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийг зээлж, хүү алдангид байрыг хөлслөхөөр зээлийн гэрээний хамт үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ дагалдуулан байгуулсан байдаг.

Ингээд нэхэмжлэгчээс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийн хариуцагчийн Голомт банкны 000000000000 тоот дансанд шилжүүлж зээлийн мөнгийг олгосон.

Зээлийн мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно. Ингээд хуулийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр хоногийн 0.5 хувийн алданги тооцож, 9 сарын хугацаагаар өдрийн 100,000 төгрөгөөр үржүүлж 26,000,000 төгрөг болсон учраас 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 16,000,000 төгрөгийг хасаад 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа юм.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон учраас бид алдангиа нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг зөрчсөн асуудал байхгүй бөгөөд хариуцагчийг 20,000,000 төгрөгөө төлчихөөд байхад байрыг суллаж өгөхгүй байсан юм уу, байрыг гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэсэн гэх мэт асуудал байхгүй юм.

Иймд хариуцагч талаас 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ш шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “хариуцагч Г.Ө- нь нэхэмжлэгч Ц.Шүгээс 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг зээлж, ...... өрөө байрандаа суулгасан.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч талууд хоорондоо ярилцаад мөнгө төлж дуусах хүртэл хугацаагаар байрыг хөлсөлж суусан.

Мөнгө төлж дууссан тохиолдолд байрыг суллаж өгөхөөр амаар тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний хугацааг дуусгавар болгох байсан бол гэрээ дуусгавар болсон актаа үйлдээд мөнгөө нэхэмжлэх ёстой бөгөөд энэ тохиолдолд бид алдангийг хүлээн зөвшөөрөх боломжтой байсан.

Тэгээд ч зээлийн гэрээ дуусгавар болсон гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаад байгаа боловч нөгөө нэг гэрээ буюу үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоогүй.

Зээлийн гэрээг амаар тохиролцож сунгасан талаар хариуцагч өөрийн гараар бичсэн тайлбартаа дурдсан байдаг. Иймд бид үндсэн зээлийг зөвшөөрч байна. Алдангийг зөвшөөрөхгүй...” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч Г.Ө-т холбогдуулан зээлийн үүрэгт 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болох 20,000,000 төгрөгийг төлнө. Харин алданги 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Ш нь Г.Ө-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1427 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох, хүүнд нь ..... өрөө орон сууцыг хөлслөн суухаар зээлийн болон үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг тус тус байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “... зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусдад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Ц.Ш нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 20,000,000 төгрөгийг хариуцагчийн Голомт банкны 000000000000 дугаартай дансанд 2016 оны 7 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 16-нд 10,000,000 төгрөгөөр тус тус шилжүүлж, хүлээлгэн өгсөн ба зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Г.Ө- нь нэхэмжлэгч Ц.Ш нь гэрээгээр хүлээсэн зээлийн гэрээний хугацаа дуусахад байрыг чөлөөлж өгөх үүргээ биелүүлээгүй учраас алдангийг төлөхгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл ..... өрөө орон сууцанд амьдарч байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа учраас зээлийн гэрээний хугацаа сунгагдаж, үргэлж байгаа гэж үзэж, алданги 10,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ..... өрөө орон сууцыг хөлслүүлэхээр зар өгч байсан болох нь Шуурхай зар сонины зар болон зарын тодорхойлолтоор тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч нь өөр байр хөлслөхөөр зар өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлосон баримт байхгүй учраас зээлийн гэрээний хугацааг үргэлжилж байна гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Г.Ө-аас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан “Хүсэлт шийдвэрлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн .......... дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.Ө-аас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Г.Ө-аас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Шд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан “Хүсэлт шийдвэрлэх тухай” тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн .......... дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Х.ДАШДЭЧМАА