| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0107/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/05 |
| Огноо | 2022-01-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/05
2022 01 05 2022/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч Д.Ган-Эрдэнэ,
Хохирогч Ч.Уртнасан /цахим/, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс /цахим/, Ш.Уранчимэг /цахим/,
Хохирогч Л.Энхжаргал /цахим/, С.Мөнх-Эрдэнэ,
Иргэний хариуцагч “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвцогт /цахим/, түүний өмгөөлөгч Б.Борхүү /цахим/,
Иргэний хариуцагч Ц.Хишигт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацралт,
Шүүгдэгч Т.Снарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Схолбогдох 2129000770116 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Т.Снь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэр, Тавантолгойн уурхайгаас Зүүнбаян чиглэлд бүтээн байгуулалт явагдаж байгаа төмөр замын далангийн 11 дэх км-ын зэрэгцээ орших сайжруулсан шороон зам дээр 2021 оны 02 дугаар сарын 25-26-д шилжих шөнийн 02 цагийн үед 36-60 УБВ улсын дугаартай Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах
зүйлийг хориглоно: а/..согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “..Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж
тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Уртнасан, С.Мөнх-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүнд, Л.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Юуны өмнө өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж хохирогч нарт хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсандаа уучлалт гуйж байна. 2021 оны 02 сарын 25-ний өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотоос 4 зорчигчтой өөрөө жолоогоо бариад 5-уулаа 18 цагийн үед гарсан. Шөнийн 02 цагийн үед төмөр замын бүтээн байгуулалтын 11 дэх километр орчимд бага зэргийн уруудаад бага зэргийн тохойрсон газарт жоохон ширүүхэн ороод хойд дугуй маань шарваад өнхөрсөн онхолдсон. Тэр дээр хохирогч нарын мэдүүлгүүд бүгд таарч байгаа. Ерөнхийдөө архи уусан нь драгер багажаар үлээлгээд гарсан. 3 хундага татсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт байгууллагын зүгээс 30 гаруй сая төгрөгийн төлбөрийг төлсөн байгаа. Миний өөрийн зүгээс 4-5 сая төгрөгийн төлбөр төлсөн байгаа. Одоогоор надаас нэхэмжилсэн нэхэмжлэл байхгүй байгаа. Цаашид хохирогч нарыг эдгэртэл харж хандаж эмчилгээний төлбөрийг өөрийн зохих журмын дагуу бололцоогоороо төлж барагдуулна гэсэн бодолтой байгаа. Санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж харамсаж байна. Өөртөө маш их дүгнэлт хийсэн. Дахин ийм асуудал гаргахгүй гэж бодож байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч Ч.Уртнасан мэдүүлэхдээ: “…2021 оны 2 сарын 24-ний өдөр С инженер над руу залгаад PCR-ийн шинжилгээгээ өгсөн үү гэж асуусан. Тэгээд би өгсөн гэж хэлэхэд 2 сарын 26-ний өдөр явна шүү гэж хэлсэн. Тэгээд 2 сарын 26-ний өдөр төв оффис дээрээ очоод явсан. Тэгээд явж байгаад осолд ороод нэг мэдсэн машин дээшээ хараад миний баруун хөл машинд дарагдсан байсан. Тэгээд би миний хөлийг гаргаад гаргаад өгөөч гээд орилсон. Тэгээд би өөрөө өндийгөөд хөлөө гаргаж авах гэсэн боловч чадахгүй байсан. Тэгээд ухаан алдсан байсан. Тэгээд анхны тусламжийг Энхжаргал эмч сайн үзүүлсэн байсан. Энхжаргал эмчдээ маш их баярлалаа. Тэгээд Цогтцэций сумын эмнэлэг дээр хэдэн цагт очсоныг нь мэдэхгүй байна. Тэгээд компани тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хот руу ирүүлсэн. Тэгээд 26-ний өдрөө багтаад бид нар гэмтлийнхээ эмнэлэгт ирээд оношилгоо шинжилгээнд орцгоосон. Тухайн үед надад тийм тийм хугаралттай чи тэгж бэртсэн, ингэж бэртсэн гэж эмч хэлээгүй. Яаралтай хагалгаанд орно гэсэн. Тэгсэн давсаг дотроо задраад давсаг нөхөн хагалгаанд орсон байсан. Тэгээд сэхээнд 2 өдөр эрчимт эмчилгээ хийлгээд тэгээд миний аарцгийн яс хугарсан байна. Тиймээс аарцгийн таталгаад орно. Чиний аарцаг 3-4 хуруу зөрүүтэй байна. Тэгэхээр таталгаа сайн хийнэ. Таталгаа сайн хийхгүй бол миний аарцгийг хадна гэж эмч хэлж байсан. Тэгээд аарцгийн хагалгаанд ороод миний аарцгийг шрүфдэж 10 хилийн туухай унжуулж анх хагалгаанд орсон. Тэгээд 15 хоног таталгаандаа орчхоод 3 сарын 15-ний өдөр аарцгийн хагалгаанд орсон. Тухайн үед миний аарцгийн хагалгааг хийхэд таталт нь маш сайн байсан болохоор аарцгийг чинь хадсан бэхэлгээнүүдийг сайн хийж өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд би дахиад хагалгаанд орохгүй гэж үзэж байсан чинь тухайн үед наркоз маань орж гараад байж байхад нэг хүн утсаар охин руу минь яриад ээж нь дахиад түнхний хагалгаанд орох юм байна гэдгийг нь чихээрээ сонссон. Би “Монголын Төмөр зам” ТӨХК-д 2020 онд энх тунх 2 хөл дээрээ явж орсон. Т.Сын машин руу ч гэсэн би 2 хөлөөрөө явж орсон. Одоо намайг ийм байдалтай болгочхоод компаниас ч гэсэн яаж байна гээд нэг удаа ч гэсэн миний биеийг асууж байгаагүй. Би өөрөө л шалтаг гаргаж компани болон Т.Стой ярьдаг.
Т.Соос 1,156,000 төгрөгийг надад төлсөн. Анхны аарцгийн хагалгаа, давсгийн хагалгааны төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас төлсөн байдаг. 12,800,000 төгрөгийн хагалгаанд орсон. Надад үнэхээр хэцүү маш их гомдолтой байна. “Монголын Төмөр зам” ТӨХК руу би 2 хөлөөрөө орсон. Буцаагаад 2 хөл дээр минь босгож өг.. Би нийт 157,018,536 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Л.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”… Гомдолтой байна. Би анх ажилд ороод ажил үүрэг гүйцэтгэх гээд хөдөө орон нутаг руу явж байгаад аваарт орсон. Миний гэмтэл бол 2 хавирга маань хугарсан. Тэгээд эдгэрэлт нь язралт авснаас болоод зүүн хөл рүүгээ мэдээгүй болж чинэж өвдөж байгаа. Үүнээс болоод мэдрэлийн эс дарагдсанаас болоод хоёр хөлгүй ч болох эрсдэлтэй гэсэн. Ерөнхийдөө мэдрэл чөлөөлөх хагалгаанд орж магадгүй гэсэн. Эрүүл мэндийн хувьд үнэхээр гомдолтой байна. Төлбөр мөнгийг компаниас цаг тухайд нь төлж байгаа нь талархууштай байна. Тушаал дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаад бусдын болон өөрийн буруугаас болоод автын осолд ороод ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж бичсэн байсан. Өөрийн буруугаас болсон гэдгийг би ойлгохгүй байна. Тухайн үед осолд орохдоо гэмтсэн хоёр хүндээ анхан шатны тусламжийг өөрийнхөө эмч хүний хувьд үзүүлсэн гэж бодож байгаа. Осол болох үед эмнэлгийн анхан шатны тусламж 30-40 минутын дараа ирсэн. Үүнийг хүлээх юм бол ослын зүйлчлэлийн хувьд хүндрэх эргээд эрдэнэт хүний амь нас эрсдэх байсан гэдгийг энэ хүмүүс ойлгох ёстой гэж бодож байна. Одоо гэрээний 7,000,000 төгрөгийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг нэг удаа олгосугай гэсэн байсан. Цаашид гарах эмчилгээний зардал мөнгийг тухай бүр нь нэхэмжилнэ” гэв.
Хохирогч С.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Би 2 сарын 26-ний өдөр толгойндоо томограф хийлгэсэн. Тэгэхэд баруун талд зулай ясны ар хэсгээс чамархайн яс, суурь ясны их бага далавч суурийн хөндий рүү үргэлжилсэн хугаралттай. Одоо 10,11 сар өнгөрчхөөд байхад миний бие махбод сайн болохгүй байна. Тамир тэнхээ бага, сэтгэн бодох чадвар бага байгаа. Сүүлд “Цу-Эрдэнэ” эмнэлэгт үзүүлээд 10 хоног эмчлүүлсэн. Түүнээс хойш миний бие гайгүй болсон. “Цу-Эрдэнэ” эмнэлэгт хэвтэхэд эмнэлгийн тооцоог өгөөгүй гээд над руу утасдаад яриад байсан. Энэ мөнгийг гаргуулмаар байна гэж компани руу нэхэмжлэхийг нь явуулсан боловч компани одоо хүртэл төлөөгүй байгаа. Хуульд зааснаар группт хэдэн хувьд орсноос хамаараад мөнгөн тэтгэмжийг компаниас өгөх ёстой гэдэг юм байна лээ. Тэгээд мөнгөн тэтгэмжийг компаниас авах гэсэн чинь хэрвээ мөнгөн тэтгэмжийг өгөх юм бол ажлын байргүй болно гэсэн. Өндөр хувьтай группт орсон хүнийг ажлын байраар хангах боломжгүй. Бараг ажлаас нь халаад явуулна гэж ярьж байсан. Тэр нь тэгэх ёстой байдаг юм болов уу ямар байдаг юм бол тэгээд таныг ухаангүй байж байхад цалинг чинь бүтэн өгсөн юм чинь манайхаас мөнгөн тэтгэмж байхгүй гэж яриад байгаа. Цалин мөнгөн тэтгэмж хоёр шал өөр баймаар юм. Цаашдаа жилдээ 1-2 удаа сувилал амралтын газарт хэвтэж болох болов уу, цаашид ажлын байраар хангаад явж чадах уу, би өмнө нь эмнэлгээр явдаггүй байсан чинь одоо ч эмнэлгээс салахаа байсан” гэв.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1911 дугаартай “Ч.Уртнасангийн биед хэвлийн битүү гэмтэл давсгийн задрал, баруун түнхний үений тогоо, умдгийн хоёр талын дээд, доод салаа, ууцны 1-р нугалам баруун сүүжний үелэм хэсэг, бүсэлхийн 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэн, зүүн дунд чөмгөний их төвгөр, баруун шилбэний тахилзуур ясны хугарал, тархины доргилт, баруун зулайд шарх, баруун мөр, бугалга, баруун цавь, өгзөг, ташаа, гуянд цус хуралт, бүсэлхийд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 болон 3.1.14, 3.6.1-д зааснаар амь насанд аюултай, ерөнхий хөдөлмөрийн их хэмжээгээр тогтонги байдлаар нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-113-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 230 дугаартай “Л.Энхжаргалын биед тархи доргилт, сээрний Th11, Th12-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, L5/S1-ийн завсрын жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-119-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1912 дугаартай “С.Мөнх-Эрдэнийн биед гавлын баруун зулай, чамархай, суурь ясны их бага далавч суурийн хөндийн хугарал, баруун зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн цусан хураа, няцрал, аалзан хальсан доторх цус харвалт, хүзүүний 7-р нугалмын арын сэртэн, сээрний 7, 9-р нугалмуудын их биеийн хугарал, дагзны хэсгийн хууханд шарх, баруун зүүн зулай дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, хоёр гарын бугуй, сарвуу, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт, хоёр талын мөр даланд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 141-143-р хуудас/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэгээ /хх-ийн 19-29-р хуудас/
-Хохирогч Ч.Уртнасангийн мэдүүлэг: “...Би 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотын төв оффис дээрээс Т.С, эмч Энхжаргал, Баттөр, Мөнх-Эрдэнэ нарын хамт Сын 3660 УБВ улсын дугаартай ланд 80 машинаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ажил руугаа явсан. Тэгээд замдаа бүх шалгалд постуудаар ороод явж байгаад хаана гэдгийн мэдэхгүй хамгийн сүүлийн пост өнгөрөөд зогсож байгаад хоол унд идээд байж байхад Баттөр 1 шил архи 0.5 литрийн Экс нэртэй архи гаргаж ирээд замын юм гээд хувааж уусан. Эхний архийг ууж байхад би нэг удаагийн аягаар 3 удаа уучхаад унтчихсан байсан. Замд дахиад нэг шил гаргаж ирээд өгөхөөр нь би уухгүй гээд уугаагүй. Чихэвч зүүгээд хөгжим сонсож байгаад унтсан байсан. Нэг мэдсэн чинь машин дээшээ харчихсан миний баруун хөлийн шагай хэсгийг дарчихсан би гадаа нь хэвтээд байж байсан. Тэгээд би хөлөө татаж авах гээд чадахгүй болохоор нь миний хөлийг гаргаад өгөөчээ гээд хашхирахад С, Баттөр нар машиныг өргөх гээд дийлэхгүй байх шиг байсан. Тэгээд би ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд сумын эмнэлэг дээр байж байсан. Тэр хооронд юу болсныг санахгүй байгаа. Эмнэлэг дээр хагалгаа хийнэ гэж байгаад больсон. Надад эмнэлэг дээр эмчилгээ хийж байгаад орой 17 цагийн үед онгоцоор Улаанбаатар хот руу авчирч гэмтлийн эмнэлэгт ирэхэд яаралтай давсагны хагалгаанд оруулж баруун хөл хугарсан байсныг гипстээд 15 хоног аарцгийн татлага хийсэн. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын 10 аарцаг бэхлэх хагалгаа хийсэн. Тэр үедээ сүүжний тогоо яс хугарч бяцарсан тул түр зуур бэхэлсэн гэж хэлсэн. 5-6 жилийн дараа сүүжинд хагалгаа хийнэ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/
- Хохирогч Л.Энхжаргалын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг: “...Ланд80 маркийн тээврийн хэрэгслийн арын суудлын голд нь сууж хөдөлсөн. Намайг уг машинд суухад 1 эрэгтэй, 3 эмэгтэй байсан. Надтай нийлээд 5-уулаа хөдөлсөн. Тэгээд явж байтал гэрэл харагдсан тэгэхээр нь тэр юу юм бэ гэхэд Цогтцэций гэсэн. Тэгээд шороон замаар нэлээн явж байтал машин чигээрээ явж байгаад гэнэт хажуу тийш дайвалзаад тэгээд хажуугаараа буцаад өнхөрсөн. Тэгээд нэг сэрсэн чинь машины арын суудал дээр ганцаараа байсан. С намайг машин дотроос татан гаргасан. Тэгээд гараад ирсэн чинь Уртаа эгч ёо ёо гээд орилж байсан. Уртаа эгчийн хөл нь машинд дарагдчихсан байсан. Мөнх-эрдэнэ машинаас нэлээн хол хэвтэж байсан... Мөнх-эрдэнийн толгойноос их цус гарч байсан. Тэгэхээр нь цус тогтоох тариа хийгээд толгойд нь боолт хийж өгсөн. Цогт-Овоогоос наашаа явж байгаад зогсоод хөдлөхөд Төрөө ах нэг шил архи гаргаж ирээд тойруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-67-р хуудас/
- Хохирогч С.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг: “...2021 оны 02 дугаар сарын 25-ны 17 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн замын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийхээр хамт ажилладаг С инженер машин жолоодож, Төрөө ах, Уртнасан эгч, өөр нэг эмч гээд эгч бид 5 Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарцгаасан...Төрөө ах нэг архи гаргаж ирээд аягалж, тойруулж, юм яриад сууж байгаад замдаа ганц нэг татаад явсан. Цогтцэций сумын хойд талаар чигээрээ 0 кемпийн наагуур явж төмөр замаар явдаг шороон зам руу ороод би унтаад явж байсан чинь машин далийгаад сонин болоод ирэхээр нь хөөе наадах чинь уналаа ш дээ гээд сэрснээ санаж байна. Тэгээд ухаан алдсанаас өөр юм санахгүй байна. Тээврийн хэрэгслийг С инженер жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/
- Гэрч Д.Төрбатын: “...би өчигдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 25-ны ...шөнийн 02 цаг өнгөрч байхад Цогтцэций сумын төвөөр дайраад зүүн тийшээ яваад төмөр замын далангийн хажуугаар явдаг шороон зам руу ороод явж байх үед би унтаж байхад нэг мэдсэн чинь машин онхолдсон. Машин дээшээ харчихсан байхад жолооч С цонхоороо гаргаад араас нь би, миний араас Мөнхцэцэг гараад түүний араас Уртаа гарах гэтэл хөл нь шагай хэсгээрээ машинд дарагдчихсан гарч болохгүй байна гэхээр нь бид 3 машиныг өргөж байгаад хөлийг нь хөндийрүүлж байгаад гаргаж авсан. Мөөгий машинаас шидэгдсэн байдалтай замын хойд талд газар хэвтэж байсан...машиныг Улаанбаатар хотоос эхлээд С жолоодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/
- Яллагдагч Т.Сын: “...би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт төмөр замын бүтээн байгуулалт хийж байгаа кемп рүү явах гэж өөрийн 36-60 УБВ улсын дугаартай Ланд круйзер маркийн машинаар компанийн ажилчид болох Мөнх-Эрдэнэ, тогооч Уртнасан, эмч Энхжаргал, жолооч Төрбат нарын хамт явсан. Замдаа түр зогсоод...Төрболд нэг шил 0,5 граммын Экс нэртэй архийг гаргаж ирээд бид нарт өгсөн. Би тэр архинаас 3 удаа татсан. Тэгээд цаашаа явж Цогтцэций сумын зүүн талаар шороон замаар явсаар байгаад төмөр замын 0 цаг дээрээс сайжруулсан шороон зам руу ороод нээх удаагүй байх хонхгордуу газар жаахан хурдтай орчхоод зам мушгирах үед машин шарваад хажуу талаараа явж байгаад машин онхолдчихсон...машин нэг бүтэн өнхрөөд буруу талаараа унасан. Би машины жолооч талын хаалганы цонхоор гарахад миний араас Төрболд гарч ирсэн. Би тэгээд машины ар луу харахад Энхжаргал машины ар суудлын гол харалдаа дөрвөн хөллөчихсөн нэлээн манарсан байдалтай байхаар нь би гараас нь татаж гаргасан. Тэгэхэд машины гадаа хөл хэсгээрээ Уртнасан дарагдсан байдалтай “ёоёо” гээд байхаар...Уртнасангийн дарагдсан хөлийг гаргаж авсан. Тэгээд машины цаад талаар ороод харахад Мөнх-Эрдэнэ машинаас нэлээн зайтай зам дээр ухаангүй байдалтай хэвтэж байхаар... үзэхэд толгойны ар дагз хэсгээрээ хагараад цус гарж байхаар нь толгойг боож цусыг тогтоох тариа хийсэн...Цагдаа нар намайг багажаар үлээлгэхэд 0,55 хувийн согтолттой байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 175-176-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Т.Снь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг дэвсгэр, Тавантолгойн уурхайгаас Зүүнбаян чиглэлд бүтээн байгуулалт явагдаж байгаа төмөр замын далангийн 11 дэх км-ын зэрэгцээ орших сайжруулсан шороон зам дээр 2021 оны 02 дугаар сарын 25-26-нд шөнийн 02 цагийн үед 36-60 УБВ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлсийг хориглоно: “а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.Уртнасан, С.Мөнх-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүнд, Л.Энхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судалсан нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Сод холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Сыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Уртнасангийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан эмчилгээний зардалд нийт 157.018.536 төгрөгийг нэхэмжилдэгч тухайн хохирлын талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Мөн Хохирогч Л.Энхжаргал, С.Мөнх-Эрдэнэ нарын зүгээс гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй ч эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иргэний хариуцагч Монголын Төмөр Зам ТӨХК-аас хохирогч нарт нийт 30680540 төгрөг, шүүгдэгч Т.Соос хохирогч нарт нийт 4,023,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хариуцагч Монголын Төмөр зам ТӨХК-аас “ Авто тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэг”-т хариуцагч Ц.Хишигтээс 43364540 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна..
Шүүгдэгч Т.Сод нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Сд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Сд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилээр хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Уртнасан, Л.Энхжаргал, С.Мөнх-Эрдэнэ нарын эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хариуцагч Монголын Төмөр Зам ТӨХК-аас хохирогч нарт хохирол төлбөрт нийт 30680540 төгрөг, шүүгдэгч Т.С оос хохирогч нарт нийт 4,023,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хариуцагч Монголын Төмөр Зам ТӨХК- нь “Автомашины үйлчилгээ үзүүлэх гэрээ"-тэй холбоотой 43364540 төгрөгийг хариуцагч Ц.Хишигтээс гаргуулахаар нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сод урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА