| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2016/01564/и |
| Дугаар | 101/ШШ2016/04558 |
| Огноо | 2016-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2016/04558
| 2016 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2016/04558 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... тоотод оршин суух, Г.Ч-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ............ тоотод оршин суух, О.М-д холбогдох
3,264,963 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, хариуцагч О.М, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, иргэдийн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Бест пийш” банк бус санхүүгийн байгууллагад автомашинаа барьцаалж, 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 4,500,000 төгрөгийг зээлж аваад энэ өдрөө О.Мын ХААН банкны 5024501276 тоот дансанд нь шилжүүлж өгсөн.
О.М нь 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр үндсэн төлбөрт 768,750 төгрөг, зээлийн хүүнд 206,250 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 768,750 төгрөг, зээлийн хүүнд 168,750 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын дундуур 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн.
Ингээд 3 удаа төлөлт хийснээс хойш огт төлбөр төлөөгүй. Би зээлийг өөрийнхөө нэр дээр авсан байсан учраас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлэн хүү, торгуулийн хамт нийт 2,852,500 төгрөгийг “Бест пийш” банк бус санхүүгийн байгууллагад төлж барагдуулсан.
Энэ асуудлыг эрүүгийн хэрэг шийдвэрлэж байхад хамт шийдвэрлүүлэх гэсэн боловч иргэний журмаар нэхэмжлэлээ гарга гэсэн. Нийт 3,025,000 төгрөгийг О.М төлсөн. Мөн миний бие О.Мын үйлдлийн улмаас зүүн нүд гэмтсэн, шүүхийн шийтгэх тогтоол 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарах үед эмчилгээ, эм тарианы зардлыг тухайн үед баримтаа бүрдүүлж чадаагүйгээс зарим хохирлоо гаргуулан авч чадаагүй.
Иймд эмчилгээний зардал 411,500 төгрөгийг О.Маас гаргуулахаар шүүхэд хандсан. Зээлийн үлдэгдэл 2,741,463 төгрөгөөс 112,000 төгрөгийг хасаад нийт 3,152,963 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарыг сонслоо. Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа нотлох баримт бүрдүүлсэн гэж, мөн зээлийг бүрэн төлсөн тайлбарлаж байгаа боловч яг хэдэн төгрөг төлснөө баримтаар өгөөгүй. Би 3,025,000 төлснөө үнэн зөв мэдүүлж байгаа. Мөн эмчийн бичиж өгсөн жор зааврын дагуу эм тариа авсныг шийтгэх тогтоол гарах үед гаргаж өгч чадаагүй.
Харин шийтгэх тогтоол гарснаас хойш нүдээ эмчлүүлэхэд тодорхой хэмжээний зардал гарсныг би нэхээгүй. Эмчилгээний зардал 411,500 төгрөг бодитой гарсан байгаа тул нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.
Хариуцагч О.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Г.Чгээс 4,500,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Энэ зээлийг би бүрэн төлж дуусгасан. 2014 оны 12 дугаар сарын 03-нд эхний төлөлт үндсэн зээл 768,750 төгрөг, хүү 206,250 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 20-нд 937,500 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-нд 930,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 13-нд 1,000,000 төгрөгийг өгсөн. Эхний 2 төлбөрийг 14 хоногийн дотор төлсөн. Би зээлийн төлбөрт нийт 5,272,500 төгрөгийг төлж барагдуулсан.
Анх зээл авч өгсөн өдрөө Чойжилсүрэн надаас 500,000 төгрөгөө буцааж авсан. Тухайн үед Чойжилсүрэнгийн ааваас нь өвлөгдөж ирсэн гэх цул мөнгөн аягыг ломбарданд барьцаанд байсныг чөлөөлж, би өөрийнхөө 3,5 граммтай ээмэг, 3,5 граммтай бөгжөө Начин заан ломбарданд тавьж 500,000 төгрөгийг нэмж өгсөн. Тухайн үед бид хоёр хувийн харилцаатай байсан.
Эмчилгээний төлбөр 411,500 төгрөгийг төлөхгүй. Би энэ хүнд учруулсан гэм буруутай үйлдэлдээ 3 жил 1 сарын хорих ял авч жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ялаа эдэлж байгаа.
Энэ хүн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэргийг шийдвэрлэж байхад энэ баримтуудаа шүүхэд өгөөгүй учраас хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байна.
Би энэ хүний эмчилгээний зардалд 473,200 төгрөгийг өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Зохигчийн тайлбар болон хэрэгт байгаа бичгийг баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч О.Мд холбогдуулан зээлийн төлбөр 3,152,963 төгрөг, эмчилгээний зардал 411,500 төгрөг нийт 3,152,963 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч О.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 505 дугаар зүйлийн 505.1-д нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэг: Зээлийн үлдэгдэл 2,741,463 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч Г.Ч нь “Бест пийш” банк бус санхүүгийн байгууллагаас 4,500,000 төгрөгийн зээлийг “Toyota harrier” маркийн 12-21 УБВ улсын дугаартай автомашинаа барьцаалж авсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 4-5, 6 х/
Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны 5024501276 дугаартай дансанд шилжүүлсэн бөгөөд талууд дээрх мөнгийг зээлж авсан, өгсөн талаар маргаагүй болно. /хх-ийн 43 х/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “... зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусдад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Г.Ч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 4,500,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны 5024501276 дугаартай дансанд шилжүүлж, хүлээлгэн өгсөн ба зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч О.М нь нэхэмжлэгч Г.Чгээс зээлж авсан төлбөрөө бүрэн төлсөн гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан учраас хариуцагчийг зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг нотлох баримтгүй байна.
Хариуцагч нь зээлийн төлбөрт 3,025,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг /4,500,000-3,025,000=1,475,000/ 1,475,000 төгрөгөөр хангаж, /2,741,463-1,475,000=1,266,463/ нэхэмжлэлийн шаардлагаас 1,266,463 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хоёр: Эмчилгээний төлбөр 411,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч О.М нь нэхэмжлэгч Г.Чгийн зүүн нүдрүү архитай хундага шидэж биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1419 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 49 дүгээр магадлал зэргээр тогтоогдлоо.
Хариуцагч нь эмчилгээний төлбөрт 473,200 төгрөгийг төлсөн. Энэ баримтуудаа тухайн үед эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд гаргаж өгөөгүй, шийтгэх тогтоол гаргахаас өмнөх зардал учраас төлөхгүй гэж маргасан. Харин шийтгэх тогтоол гарснаас хойшхи зардлыг төлнө гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчид учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх, эм тариа авах шаардлагатай байсан болох нь “амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, эмчилгээний зардалд 411,500 төгрөг зарцуулсан болох нь “Золо фарм” ХХК-ийн зарлагын баримт, “Батануган” ХХК-ийн Тамшука эмнэлгийн Кассын орлогын ордер гэсэн баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 18-23, 24-27 х/
Дээрх баримтууд нь цаг хугацааны хувьд шийтгэх тогтоол гаргахаас өмнөх эмчилгээний зардлын баримтууд боловч нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлтэй учраас эмчилгээний зардал болох 411,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Иймд хариуцагч О.Маас зээлийн төлбөрт 1,475,000 төгрөг, эмчилгээний зардалд 411,500 төгрөг, нийт 1,886,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,266,463 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч О.Маас 1,886,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,266,463 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч О.Маас 45,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Чд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА
ШҮҮГЧИД Д.СОЛОНГО
И.АМАРТӨГС