Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу,

прокурор Б.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнгэлмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2134001850422 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э.М, 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймаг Заамар төрсөн, 29 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт  Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 9 дүгээр гудамж 14 тоотод оршин суух хаягтай боловч Төв аймаг Заамар сум 3 дугаар баг 10-08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэв .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 11-9 тоот хашаан дотор 58-32 УНВ улсын дугаартай Субару Фростер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ М.Цэнгэлмаагийн хүүхэд болох 1 нас 2 сартай эрэгтэй Ц.Анх-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнгэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өмнө мэдүүлэг өгсөн байгаа. Одоо би хүүхдийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-05-10 тал/, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-21 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-11 тал/, хохирогч М.Цэнгэлмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15 тал/, гэрч О.Билгүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-20 тал/, шүүгдэгч Э.Мэс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23-24 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай нэмэлт бичиг баримтаар хийсэн дүгнэлт/хх-26 тал/, яллагдагч Э.Мэс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-40 тал/, Э. урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-41 тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл/хх-42 тал/, согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-46-47 тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл/хх-48-52 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.М нь Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 11-9 тоот хашаан дотор 58-32 УНВ улсын дугаартай Субару Фростер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ М.Цэнгэлмаагийн хүүхэд болох 1 нас 2 сартай эрэгтэй Ц.Анх-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнгэлмаагийн: “... 2021 оны 07 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчим Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 11-09 тоот хашаанд байх 5 ханатай монгол гэртээ би ганцаараа хог шүүрдээд ор дэрээ засах гээд өөрийн хүү болох 1 нас 2 сартай Анх-Эрдэнийг гэрээс гарах гээд байхаар нь нөхөртөө хэлээд хүүхэд гарлаа шуу харж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед манай хашаанд манай нөхөр Билгүүн түүний найз М, Хишигбат, түүний заяа, Тамираа ах нар юм яриад сууцгааж байсан юм. Бас манай найз Тогтох манай угаалгын машинд өөрийнхөө хувцсыг угаах гээд гэрийн гадаа байж байсан юм. М өөрийнхөө машиныг манай хашаанд оруулж ирээд тавьчихсан байсан. Манай хашааны том хаалга байнга л онгорхой байж байдаг юм. Тэгсэн хашаанд юм угааж байсан Тогтох гэх найз хүүхэд дайрчихлаа гээд хашгирсан. Тэгэхээр нь би Анх-Эрдэнэ хаана байна аа гээд хашгараад гараад иртэл н машины хойд талд газар хэвтэж байхад нь манай нөхөр Билгүүн очиж аваад бид нар шууд багийн эмнэлэг дээр хүүхдээ авчирч үзүүлэхэд Гүнээ, Балжир нарт үзээд шууд Улаанбаатар хот руу явж үзүүл гээд явуулсан. Тэд нар тэндээ тайвшруулах, цус тогтоох, хиймэл амьсгал хийж өгөөд Сараа эмч Улаанбаатарт хамт ирсэн юм. Хүүхдийн зүүн талын ташаан толгой, хэвлий хэсэг шалбарсан, хоёр нүд хөхөрсөн байсан. Би гэртээ хог шүүрдээд ороо засах гээд байж байсан. Хашаанд байсан хүмүүс дэмий юм яриад хөзөр тоглож байх шиг байсан. Манай найз Тогтох гэрийн хаяанд угаалгын машинд юм угааж байсан. Архи уусан хүн нэг ч байгаагүй. Хүүхдийн биеийн байдал урд өмнөхөөсөө өөр болсон. Шөнө уйлаад, толгойгоо сэгсрээд, чихээ ухах, хоёр нүдээ нухах гэх мэт шинж тэмдэг илрээд байна. 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ГССЗҮТөвийн хүүхдийн тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Одоо бол гадуур эмчилгээ хийлгэж байна. Шүүх эмчийн гаргасан "Тархи доргилт, чамархай, зулай ясны дадп хугарал, хэвлийд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт" зэрэг гэмтэл учирсан байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд нийт 1.740.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг М өөрөө өгнө гэж байсан. Нөхөр бид хоёр бас хүүхэд харалгүй ийм зүйл болсонд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Гэрч О.Билгүүний: “...  2021 оны 07 дугаар сарын 23-ны орой манай хөрш М манай хашаанд өөрийнхөө 58-32УНВ улсын дугаартай Простер маркийн тээврийн хэрэгсэлтэй охинтойгоо орж ирэхэд нь эхнэр Цэнгэлмаа, ах Тамир, найз нар болох Баагий буюу Хишигбат, түүний эхнэр Заяа бид нар манай хашаанд юм яриад сууцгааж байсан юм. Бид нар дээр. М ирээд хамт юм ярьж сууж байгаад өөрийнхөө охиныгоо тэврээд гэр лүүгээ явсан. Удалгүй охиноо хүргэж хүргэж өгчихөөд Баагийтай уулзчихаад шууд машиндаа суугаад ухраад хөдөлсөн тэгтэл эхнэр муухай хашгараад явчихаар нь би гүйгээд хартал манай хүү 1 ой 2 сартай Анх эрдэнэ н машиных нь хойно баруун хойд талынх нь фуперт мөргүүлээд унахад нь арынх нь дугуй хүүхдийн зүүн хэвлий хавирга хэсгийг нь шүргэж өнгөрсөн байсан эхнэр бид хоёр хүүхдээ аваад шууд Хайлааст багийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд яаралтай хот руу яв гэхээр нь хүүхдээ аваад шууд Улаанбаатар хотын Гэмтэл согог сэргээн засварлах хүүхдийн тасагт ирж үзүүлээд хэвтсэн. Тэгсэн манай хүүхдийн дух, хамар хэсэг нь гэмтсэн байсан. Өөрөөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Гэмтлийн эмнэлэгт 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Ямар нэг мэс засал, хагалгаанд бол ороогүй. Одоо бол гадуур эмчилгээ хийлгэж байгаад Эх нялхаст үзүүлж байгаад цаашид ямар эмчилгээ хийхээ шийднэ. Одоогоор бол хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Бид нар эрүүл дэмий яриад л сууцгааж байсан юм. Хэрэг болсны дараагаар замын байцаагч Анхбаяр ирж бид нарыг үлээлгэж зураг авч байсан. Бид нараас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй.  Эхнэр бид хоёр 2015 онд гэр бул болж тусдаа гарсан юм. Би өөрөө Улаанбаатар хотын харьяат, эхнэр Цэнгэлмаа Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат болохоор бид хоёрт гэрлэлтээ батлуулж чадаагүй явсаар өдий хүрч байна.  Бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. Хамгийн том Нандин-Эрдэнэ, бага маань Анх-Эрдэнэ байгаа юм. Эхнэр бид 2 миний төрсөн ах Тамир манай найз Хишигбат, түүний эхнэр Заяа тэгээд М нар л байсан. Бид нарыг хашаандаа юм яриад сууж байхад эхнэр бид хоёрын хажууд л явж байх шиг харагдсан. Тэгсэн г машиндаа суугаад хөдлөх хооронд араар нь явчихсан байсан. Манай хүү 1 нас хүрээд хөлд орсон. Одоо бол чөлөөтэй явдаг юм. Хэрэг болсон цагаас хойш эмчилгээний зардлыг М өөрөө бүрэн төлж байгаа болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Эхнэр бид хоёр бас өөрсдийн хариуцлагагүй байдлаас боллоо” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай нэмэлт бичиг баримтаар хийсэн 1. Ц.Анх-Эрдэнийн биед хүнд зэргийн тархи доргилт, чамархай, зулай ясны дулд хугарал, хэвлийд зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт/хх-26-27 тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-05-10 тал/, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-21 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-11 тал/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Хүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Э.М нь Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Өгөөмөрийн 11-9 тоот хашаан дотор 58-32 УНВ улсын дугаартай Субару Фростер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ М.Цэнгэлмаагийн хүүхэд болох 1 нас 2 сартай эрэгтэй Ц.Анх-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.М нь хүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт шүүгдэгч Э.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2500000 төгрөг төлсөн байна.

          Хэргийн материал болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

          Харин хохирогчийн биед хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Э.М-г хүний биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-г хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.М-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэг эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнгэлмаагийн/хохирогч Ц.Анх-Эрдэнийн/ цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ