| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2016/01414/и |
| Дугаар | 101/ШШ2016/03103 |
| Огноо | 2016-04-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2016/03103
| 2016 оны 4 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2016/03103 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........ байранд байрлах, Х хязгаарт компани,
Нэхэмжлэгч: .......... байрлах, В компаниудын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоотод байрлах, С ХХК,
Хариуцагч: .............. тоотод оршин суух, М.О нарт холбогдох,
-Норд бенз маркийн 6,900,000 юань буюу 1,326,525,000 төгрөгийн үнэтэй ..... улсын дугаартай 15 чиргүүл, Мазда просийд маркийн .... улсын дугаартай 58,000 юань буюу 12,572,080 төгрөгийн үнэтэй автомашинуудын өмчлөгч нь Х хязгаарт компани болохыг тогтоолгож, С ХХК-ийн эзэмшлээс гаргуулж, Х хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах,
-Дэү вистром маркийн .... улсын дугаартай 130,000 юань буюу 28,178,800 төгрөгийн үнэтэй автомашины өмчлөгч нь Х хязгаарт компани болохыг тогтоолгож, хамтран хариуцагч М.О-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Х хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах,
-Норд бенз маркийн 5,980,000 юань буюу 1,243,062,600 төгрөгийн үнэтэй ............ улсын дугаартай 13 чирэгч автомашины, ............... улсын дугаартай 13 чиргүүлийн өмчлөгч нь Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компани мөн болохыг тогтоолгож, С ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж бүртгэл хийлгэхийг даалгах,
-С ХХК-иас түлшний барьцаа төлбөр болох 500,000 юань буюу 110,620,000 төгрөгийг гаргуулж, Х хязгаарт компанид олгуулах,
-Хариуцагч С ХХК-иас хамтран тээвэр эрхлэх гэрээний дагуу хамтран ажилласны ашиг 91,559,550 төгрөгийг гаргуулж, Х хязгаарт компанид олгуулах,
-С ХХК-иас автомашин, чиргүүл, Мазда просийд машиныг сэргээн засварлуулах зардалд 128,927,200 төгрөг, М.О-өөс Дэү висторм машиныг сэргээн засварлуулах зардалд 370,000 төгрөгийг тус тус гаргуулж Х хязгаарт компанид олгуулах,
-Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн 9 чирэгч машин, 9 ширхэг чиргүүлийг сэргээн засварлуулах зардалд 35,536,700 төгрөгийг С ХХК-иас гаргуулах,
Хариуцагч М.О-ийн Х хязгаарт 5,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х хязгаарт компани, Тэн Лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг, өмгөөлөгч Д.Нарангоо, Э.Энх-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа, нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүгд найрамдах Хятад ард улсын Бугат хотын "Хун шэн да" ложистик компани болон Өвөр монголын “Вэй Лун” группийн тусгай зориулалтын автомашины “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компаниудиас хамтран хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг "Сэврэй айрбэг" ХХК болон М.О- нарт холбогдуулан гаргасан.
Анх 2011 оны 4 дүгээр сард ““Х хязгаарт” компанийн захирал Мао Зы Вэйтэй "Сэврэй айрбэг" ХХК-ийн захирал М.Өлзийсайханы дүү болох тус компанийн ажилтан М.О- нь Бугат хотод очиж уулзсанаар танилцсан.
Тэгэхдээ автомашин оруулж, Монгол улсад “Таван толгой”-н нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэх ашигтай бизнес байна, 1 ширхэг автомашин 100 орчим тонн нүүрс тээвэрлэдэг, үүнээс тонн тутамд 120 юань олох боломжтой гэсэн санал тавьж харилцан тохиролцсон.
Ингээд “Х хязгаарт” компани нь “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компаниас 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр төлбөрийг хувааж хийх нөхцөлтэйгөөр 30 орчим ширхэг автомашиныг тус бүр чиргүүлийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулан авахаар болсон.
Нэг Норд бенз маркийн автомашиныг чиргүүлийн хамт 460.000 юань, хүүгийн хамт нийт 15,870,190.2 юаниар худалдаж авахаар урьдчилгаанд 5,100,000 юанийг төлөөд үлдэгдэл төлбөрийг хүүний төлбөрийн хамт 18 сарын хугацаанд хувааж төлөх болсон.
Ингээд эхний 15 ширхэг автомашиныг 2011 оны 8 дугаар сарын 8-ны өдөр, дараагийн 15 ширхэг автомашиныг 2011 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн. Ингэж оруулж ирэхдээ эхний 15 ширхэг автомашины гаалийн татварыг “Х хязгаарт” компани төлөөд Монгол улсын “Дархан шид” ХХК-ийн нэр дээр эзэмшлийн бүртгэлийг хийлгэсэн байдаг.
Учир нь “Х хязгаарт” компани нь уг автомашинуудыг худалдаж авахдаа Өвөр монголын Дайшу компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулсны дагуу Монгол улс дах “Дархан шид” ХХК-ийн нэр дээр эзэмшлийн бүртгэл хийлгэсэн. Харин дараагийн 15 ширхэг автомашины хувьд "Сэврэй айрбэг" ХХК-ийн нэр дээр эзэмшлийн бүртгэлийг хийлгэсэн.
Тэгээд 2011 оны 9 дүгээр сараас эхлээд тээвэрлэлтийн ажил хийгдэж эхэлсэн. "Сэврэй айрбэг" ХХК нь 30 ширхэг автомашинаар “Таван толгой”-н нүүрсний уурхайгаас Цагаан хадны боомт хооронд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийх болсон.
Өөрөөр хэлбэл “Х хязгаарт” компани болон “Сэврэй айрбэг” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Бусдын нэр дээр түшиц зөөвөрлөх гэрээ”, бусад тушаал, шийдвэрүүдийг үндэслэн тээвэрлэлтийг “Сэврэй айрбэг” ХХК хийж байгаад эцэслэн нэг гэрээ байгуулахаар болж 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Бугат хотын “Х хязгаарт” компани болон Монгол улсын "Сэврэй айрбэг" ХХК нар “Тээврийн хамтран ажиллах гэрээ”-г бичгээр хийсэн.
Уг гэрээнд “Х хязгаарт” компанийг төлөөлж Лю Зы Вэй, “Сэврэй айрбэг" ХХК-ийг төлөөлж албан ёсны гүйцэтгэх захирал М.Өлзийтөгс гарын үсэг зурсан.
Гэрээний 1.5, 2.1, 2.6 дах заалтад ашиг хуваах талаар нарийвчлан зохицуулсан. Уг тохиролцоонд "Сэврэй айрбэг" ХХК нь тээвэрлэсэн нүүрсний тонн тутмаас 2 юань авна, бусад ашгийг “Х хязгаарт” компани авах боловч гаалийн татвар болоод бусад зардлыг “Х хязгаарт” компаниас хариуцахаар заасан.
Гэхдээ дараагийн автомашинуудыг оруулахад гаалийн татвар төлөх боломжгүй байвал тээврийн зардлаас авч, нөхөж хийхээр тусгасан. Тэгээд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулаад гарсан ажилтны зардал, түлш шатахуун гээд бүхий л зардлаа хасч, ашиг алдагдлаа ярилцаад явж байтал 2012 оны 01, 02 дугаар сард "Сэврэй айрбэг" ХХК-иас ашгаа өгөхгүй байснаас асуудал үүсч, “Х хязгаарт” компани нь автомашинаа авах уу, яах уу гэдэг байдалд хүрсэн. Ингээд 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр оруулж ирсэн 15 ширхэг автомашинууд “Дархан шид” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй учраас асуудал яригдахгүй.
Харин 2011 оны 9 дүгээр сард оруулж ирсэн "Сэврэй айрбэг" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 15 ширхэг автомашин, мөн 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлэлцээрээр оруулж ирсэн 50,000 юаны үнэтэй Мазда просийд маркийн ................. улсын дугаартай автомашинуудыг “Сэврэй айрбэг” компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн 1 дэх шаардлага гаргасан. Гэхдээ уг шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн тайлбар өгдөг.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд Бугат хотын “Хун шэн да” ложистик компанийн .............. улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай бөгөөд хариуцагч М.О-тэй хамааралтай юм.
Уг автомашиныг 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М.О-өөр дамжуулан 130,000 юаниар худалдан авсан байдаг. Тухайн үедээ М.О-ийн нэр дээр эзэмшлийн бүртгэл хийлгэсэн учраас түүнийг хариуцагчаар татсан.
Уг шаардлагын тухайд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг учраас бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн.
Харин нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд 13 ширхэг Норд бенз маркийн чирэгч автомашин, тус бүр чиргүүлийн хамт “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компанийн өмч болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай юм.
Учир нь “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компани нь 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Х хязгаарт” компаниас Монгол улсад оруулж ирсэн эхний 30 ширхэг автомашиныг лизингээр худалдсан бөгөөд Норд бенз маркийн автомашиныг худалдаалах албан ёсны эрхтэй дистрибьютер нь “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компани бөгөөд чиргүүлийг өөрсдөө үйлдвэрлэдэг юм.
2011 оны 10 дугаар сард М.О-, М.Өлзийтөгс нар нь “Х хязгаарт” компанийн захирал Ма Зы Вэйтэй өөр 50 ширхэг автомашин оруулаад ирвэл нүүрсний бизнес бүр ашигтай талаар ярилцсан байдаг. “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компанийг тухайн үед удирдаж байсан Лю Рун Чуан болон Лю Цань Зинь нар Монгол улсад ирээд “Сэврэй айрбэг” ХХК-ийн М.О-, М.Өлзийтөгс нартай уулзаад 50 ширхэг автомашиныг оруулъя, 2 талт гэрээ байгуулъя, эхний А тал нь “Х хязгаарт” компани болон “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компани, харин Б тал нь Монгол улсын "Сэврэй айрбэг" ХХК байхаар 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бугат хотод гэрээг байгуулаад Монгол улсад ирээд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байдаг.
Үүнээс эхний 37 дугаараар эхэлсэн 13 ширхэг автомашин, 01 дугаараар эхэлсэн 13 ширхэг чиргүүлийн хамт 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн бөгөөд эдгээр нь “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компанийн өмч юм.
Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын тухайд түлшний барьцаа төлбөрт өгсөн 500,000 юанийг хариуцагч “Сэврэй айрбэг” ХХК-иас гаргуулах тухай юм. Нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байх үед М.О- нь өөрсдөө түлш хадгалах сав байршуулаад, шахах гаргах бүхий л хэрэгслийг нь худалдаж аваад түлшээ бөөнөөр нь нөөцлөөд явах нь ашгийг илүү нэмэх боломжтой байна гээд шатахуун түгээх газруудтай гэрээ байгуулахад 500,000 юанийн барьцаа төлбөрийг шаардаж байна гэсний үндсэн дээр “Х хязгаарт” компанийн захирал Ма Зы Вэй нь “Сэврэй айрбэг” ХХК-ийн захирал М.Өлзийтөгсийн данс руу уг 500,000 юанийг шилжүүлсэн байдаг.
Гэхдээ тухайн түлшнүүд хэмжээнээсээ бага ирэх зэргээр харин ч алдагдалтай байдал бий болгосон тул болихоор болсон байдаг. Уг төлбөрийн тухайд тооцоо нийлсэн баримтын хүрээнд буцааж өгөхийг зөвшөөрдөг.
Энэ нь тухайн үеийн ханшаар 100,000,000 төгрөг байсан бөгөөд 2012 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 110,920,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн 5 дахь шаардлагын тухайд тээвэрлэлтийн ашиг 91,559,550 төгрөг гаргуулах бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу явагдсан үйл ажиллагааны хүрээнд ашиг, алдагдлыг хуваарилахтай холбоотойгоор 2012 оны 3 дугаар сард тооцоо нийлсэн байдаг.
Харин 2012 оны 01, 02 дугаар сард тооцоо нийлж байгаагүй бөгөөд тухайн үед тээвэрлэлт бага хийгдэж байсан, кэмп дээр Хятад талын ажилчид болон төлөөлөгчид "Сэврэй айрбэг" ХХК-ийн ажилчидтай хамт байсан учраас хичнээн тонн нүүрс тээвэрлэсэн, зардал хэд болсон гэх мэт тухай бүрт нь баримт үйлдэж байсныг үндэслэн дээрх дүнг гаргасан.
Нэхэмжлэлийн 6 дахь шаардлагын тухайд хохирол 128,927,200 төгрөг гаргуулах бөгөөд “Х хязгаарт” компаниас эхний буюу 2011 оны 9 дүгээр сард оруулж ирсэн 15 ширхэг автомашиныг “Сэврэй айрбэг” ХХК-иас буцааж өгнө гэсэн боловч автомашинууд маш их эвдэрч, тоногдсон байдаг.
Хамтын үйл ажиллагаа зогссон 2012 оны 3 дугаар сараас эхлэн “Сэврэй айрбэг” ХХК-ийн мэдэлд байсан. Бид нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас хойш 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарах хүртэл хугацааны 15 ширхэг автомашины эвдрэл, эдгээрийг засаж сэлбэхэд шаардлагатай өртөг, зардлыг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар газар дээр нь очиж дүгнэлт гаргуулсны дагуу уг дүнгээр нэхэмжлэл гаргаж байна.
Харин 7 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий 13 ширхэг автомашин нь анх Монгол улсад 0 км-тай, цоо шинэ байсан учраас үүний хохирол 35,536,700 төгрөгийг “Сэврэй айрбэг” ХХК-иас нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргах үед хийлгэсэн үнэлгээний дагуу дүнг тооцсон. Ингээд 7 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийт 2,976,981,930 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сэврэй айрбэг” ХХК нь нийт 28 ширхэг автомашиныг бүртгэж авсан байдаг. Үүнээс 15 ширхэг автомашин нь “Х хязгаарт” компанийн автомашин учраас өөрсдийн үндсэн хөрөнгийн бүртгэлд оруулаагүй. Харин 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орж ирсэн 13 ширхэг автомашиныг манай компани худалдан авахаар аман хэлцэл хийж оруулж ирсэн бөгөөд үнийг бүрэн төлсөн учраас манай компанийн өмчлөлд байдаг.
Тэгэхээр “Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт” компаниас өөрсдийн өмч гэж маргах үндэслэлгүй. “Сэврэй айрбэг” ХХК-иас тухайн үед тээвэрлэлтийн хөлс төлж байсан нь 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн талуудын хийсэн тооцоон дээр тодорхой тусгагдсан.
Үүний үндэслэл нь “Х хязгаарт” компанитай байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тээврийн хамтран ажиллах гэрээний дагуу явагдаж байсан. "Сэврэй айрбэг" ХХК болон “Х хязгаарт” компани нарын хооронд 1 гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 тонн нүүрснээс 2 юанийн ашгийг “Сэврэй айрбэг” ХХК, үлдсэн ашгийг “Х хязгаарт” компани авахаар тохирсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Гэрээний 2.4-д зааснаар “Х хязгаарт” компани тонн тутамд 18 ам.доллар авна гэдэг. 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хувьд "Сэврэй айрбэг" ХХК-тай байгуулаагүй, гэрээнд “Баян овоо айрбэг” ХХК-ийн тамга дарж, “Баян овоо айрбэг” ХХК -ийн захирал М.О- гарын үсэг зурсан байдаг.
Гэрээнд "Сэврэй айрбэг" ХХК-ийн нэрийг тавьсанаар манай компани үүрэг хариуцлага хүлээх боломжгүй. Харин 13 ширхэг автомашины үнийг шилжүүлгээр, бэлнээр болон нүүрсээр хийсэн байдаг.
“Сэврэй айрбэг” ХХК-иас “Х хязгаарт” компанид төлж байсан төлбөр зориулалтаараа 2 хуваагдаж байсан бөгөөд нэг нь тээврийн хөлс буюу ашиг, нөгөө нь "Сэврэй айрбэг" ХХК-ийн худалдаж авсан 13 ширхэг Норд бенз маркийн ачааны автомашин, 13 ширхэг чиргүүлийн үнэ байсан. 1 ширхэг автомашиныг 48,000,000 төгрөг, чиргүүлийг 24,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.
Үүнээс 2,687,320 төгрөгийг буюу 5751 тонн нүүрсийг 2011 оны 11 дүгээр сард өгсөн байдаг бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 147,000,000 төгрөг, 470,000 юанийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлж, нийт 246,000,000 төгрөгийг өгсөн байдаг.
13 ширхэг автомашины үнэ нийт 936,000,000 төгрөг бөгөөд үүнээс 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 200,000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 242,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 100,000 юань төлсөн.
Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт байгаа бөгөөд нийт 692,374,386 төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл 243,625 төгрөгийг 2500 тонн нүүрсээр буюу 2012 оны 01 дүгээр сард гаалийн хяналтын талбайд буулгасан. Үүнийг гэрчийн мэдүүлгээр нотолсон.
“Х хязгаарт” компанийн зүгээс 2,687,320 төгрөгийг буюу 5751 тонн нүүрсийг аваагүй гэдэг боловч 5 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд гэрчийн мэдүүлэг бий. Энэ мэтээр “Сэврэй айрбэг” ХХК-иас тээвэрлэлтийн хөлс болон автомашины үнэд их хэмжээний төлбөр төлсөн. 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тохиролцоогоор энэ нь тодорхой байдаг.
Нэгэнт "Сэврэй айрбэг" ХХК нь худалдаж авсан автомашинуудын үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн учраас 15 ширхэг автомашинаа 4 дүгээр улирлын тайландаа суулгаж өгсөн байдаг. Үнэхээр уг автомашинуудыг “Сэврэй айрбэг” ХХК-иас өөрийн болгоод авчихъя гэсэн бол өмнө нь орж ирсэн 15 ширхэг автомашин, сүүлд орж ирсэн “Дархан шид” ХХК-ийн захирал н.Наранмандаагийн 15 ширхэг автомашиныг бүхэлд нь үндсэн хөрөнгөндөө суулгах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
“Х хязгаарт” компанийг 15 ширхэг автомашинаа 2012 оноос эхлэн ав гэж байгаа боловч авахгүй байгаа бөгөөд Монгол улсад бүртгэлтэй компани байхгүй учраас шилжүүлж авах боломжгүй байсан. Захирал Ма Зы Вэй нь н.Наранмандааг залилсан хэргээр байцаагдаж байсан.
Бүгд найрамдах Хятад ард улсад асуудал хүндрэлтэй байсан талаар “Сэврэй айрбэг” ХХК-ийн захирал М.Өлзийтөгс ярьдаг. "Сэврэй айрбэг" ХХК нь 13 ширхэг автомашиныг залилж авсан зүйл байхгүй бөгөөд төлбөрийг хангалттай хийсэн.
Харин “Х хязгаарт” компани бол 15 ширхэг автомашинаа авч болно. Харин гуравдагч этгээдийн хадгалалт, хамгаалалтад байх хугацааны хохирлыг зөвшөөрөхгүй.
Үүнтэй холбоотой бид сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хүлээн аваагүй учраас уг хэрэг шийдвэрлэгдсэний дараа жич нэхэмжлэл гаргах болно.
Харин Мазда просийд маркын автомашиныг буцаан өгөх боломжтой. Хариуцагч М.О-ийн хувьд түүнээс Дэү вистром маркийн автомашиныг нэхдэг бөгөөд үүнийг буцааж өгөх боломжтой. Харин нэхэмжлэлийн 6 дахь шаардлагад дурдсан хохирлыг М.О- хүлээн зөвшөөрөхгүй гэдэг” гэв.
М.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Хун шэн да ХХК-ийн захирал Ма Зы Вэй нь миний нэр дээр машин худалдан авч Монголд байхдаа унаж байсан бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр надаас 4,000,000 төгрөг, түүний хамтрагч Лю Зи нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр боомт орох зардалгүй гээд надаас 340,000 төгрөг зээлж авсан. Ма Зы Вэй нь унаж байсан машиныхаа кропыг эвдээд түүнийг засуулахад гарсан 700,000 төгрөг бас надаас гарсан.
...Ийм учраас Хун шэн да ХХК-иас 5,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5.040.000 төгрөгөө өгөөд автомашинаа авч болно, анх гэрээ байгуулсан “Х хязгаарт” компани байна уу, өөр байна уу, хэн авах нь хамаагүй, авах ёстой хүмүүс нь авч болно” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэглэгдсэн төлөөлөгч Ж.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч М.О-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 5,040,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
-Норд бенз маркийн 6,900,000 юань буюу 1,326,525,000 төгрөгийн үнэтэй ......................... улсын дугаартай 15 чиргүүл, Мазда просийд маркийн ................. улсын дугаартай 58,000 юань буюу 12,572,080 төгрөгийн үнэтэй автомашинуудын өмчлөгч нь Х хязгаарт компани болохыг тогтоолгож, С ХХК-ийн эзэмшлээс гаргуулж, Х хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах,
-Дэү вистром /Daewoo winstrom/ маркийн .............. улсын дугаартай 130,000 юань буюу 28,178,800 төгрөгийн үнэтэй автомашины өмчлөгч нь Х хязгаарт компани болохыг тогтоолгож, хамтран хариуцагч М.О-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Х хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах,
-Норд бенз маркийн 5,980,000 юань буюу 1,243,062,600 төгрөгийн үнэтэй ............ улсын дугаартай 13 чирэгч автомашины, ............... улсын дугаартай 13 чиргүүлийн өмчлөгч нь Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компани мөн болохыг тогтоолгож, С ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж бүртгэл хийлгэхийг даалгах,
-С ХХК-иас түлшний барьцаа төлбөр болох 500,000 юань буюу 110,620,000 төгрөгийг гаргуулж, Х хязгаарт компанид олгуулах,
-Хариуцагч С ХХК-иас хамтран тээвэр эрхлэх гэрээний дагуу хамтран ажилласны ашиг 91,559,550 төгрөгийг гаргуулж, Х хязгаарт компанид олгуулах,
-С ХХК-иас автомашин, чиргүүл, Мазда просийд машиныг сэргээн засварлуулах зардалд 128,927,200 төгрөг, М.О-өөс Дэү висторм машиныг сэргээн засварлуулах зардалд 370,000 төгрөгийг тус тус гаргуулж Х хязгаарт компанид олгуулах,
-Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн 9 чирэгч машин, 9 ширхэг чиргүүлийг сэргээн засварлуулах зардалд 35,536,700 төгрөгийг С ХХК-иас гаргуулах,
Хариуцагч М.О- нь Х хязгаарт компаниас зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 5,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэг. Норд бенз маркийн 6,900,000 юань буюу 1,326,525,000 төгрөгийн үнэтэй ......................... улсын дугаартай 15 чиргүүл, Мазда просийд маркийн ................. улсын дугаартай 58,000 юань буюу 12,572,080 төгрөгийн үнэтэй автомашинуудын өмчлөгч нь Х хязгаарт компани болохыг тогтоолгож, С ХХК-ийн эзэмшлээс гаргуулж, Х хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Хун шэн да эд барааны гүйлгээний компани /цаашид Х хязгаарт компани/ нь хариуцагч С ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Бусдын нэр дээр түшиж, зөөвөрлөх гэрээ /1 хавтас 28-30 х/-г байгуулж, А тал буюу Х хязгаарт компани нь 15 ширхэг Норд бенз маркийн ачааны автомашиныг Б тал буюу С ХХК-ийн нэр дээр Монгол улсад оруулж ирж, нүүрс тээвэрлэх ажилд хэрэглэх, С ХХК нь гаалийн татварыг төлөх, автомашины тээврийн зардлаас уг мөнгийг суутган авах, сар болгон 10 удаа нүүрс зөөвөрлөхийг батлахаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, гэрээ, С ХХК-ийн захирал М.Өлзийтөгсийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 хавтас 92 х/, Гаалийн ерөнхий газрын 2013.03.26-ны өдрийн 03-9/1020 дугаартай албан тоот, хавсралт /2 хавтас 96-162 х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн дээрх шаардлагыг буюу ......................... улсын дугаартай 15 чиргүүл, Мазда просийд маркийн ................. улсын дугаартай автомашинуудыг нэхэмжлэгч Х компанийн өмч болохыг хүлээн зөвшөөрч эзэмшилд шилжүүлж, хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэж хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийн батлах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Дэү вистром /Daewoo winstrom/ маркийн .............. улсын дугаартай 130,000 юань буюу 28,178,800 төгрөгийн үнэтэй автомашины өмчлөгч нь Х хязгаарт компани болохыг тогтоолгож, хамтран хариуцагч М.О-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Х хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах шаардлагын тухайд,
2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монгол талаас Отгонтөгс, Хятад талаас Х хязгаарт компанийн захирал Ма Зэ Вэй нар Дэү вистром /Daewoo winstrom/ маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 49-43 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Отгонтөгсийн компанид түр бүртгүүлэхээр харилцан тохиролцож хэлэлцээр хийжээ. /1 хавтас 88 х/
Хариуцагч нь дээрх шаардлагыг хувьд маргаагүй бөгөөд Дэү вистром /Daewoo winstrom/ маркийн .............. улсын дугаартай 130,000 юань буюу 28,178,800 төгрөгийн үнэтэй автомашины өмчлөгч нь Х хязгаарт компани болохыг хүлээн зөвшөөрч, нэр дээр нь шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэлтэй байна.
Гурав: Норд бенз маркийн 5,980,000 юань буюу 1,243,062,600 төгрөгийн үнэтэй ............ улсын дугаартай 13 чирэгч автомашины, ............... улсын дугаартай 13 чиргүүлийн өмчлөгч нь Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компани мөн болохыг тогтоолгож, С ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах шаардлагын тухайд,
С ХХК нь Норд бенз маркийн 13 ширхэг автомашиныг чиргүүлийн хамт зээлээр худалдан авч үнэд нь 2011 оны 10 дугаар сарын 05-нд 200,000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 15-нд 1,000,000 юань, 2011 оны 12 дугаар сарын 12-нд 242,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 04-нд 100,000 юанийг төлсөн. С ХХК зээлээр худалдан авч үнийг нь төлсөн учраас тус компанийн өмч гэж маргасан. /1 хавтас 98 х/
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.
БНХАУ-ын Өвөр Монголын В компани нь 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Х компанитай Төлбөрийг хувааж хийх нөхцөлтэй автомашин худалдан авах гэрээг байгуулжээ. /1 хавтас 50-52 х/
Гэрээний дагуу Норд бенз маркийн 30 ширхэг автомашиныг чиргүүлийн хамт 460,000 юаниар худалдан авах, урьдчилгаа төлбөрт 5,100,000 юанийг төлж, үлдэх төлбөрийг 18 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцжээ. /1 хавтас 51 х/
Харин талууд 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А талыг төлөөлж нэхэмжлэгч Хун шэн да барааний гүйлгээний компани /цаашид Х хязгаарт компани гэх/, Тэн Лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компаниуд, Б талыг төлөөлж хариуцагч С ХХК-иудийн хооронд Хамтран тээвэр эрхлэх гэрээг байгуулжээ. /1 хавтас 65-73 х/
Хамтран тээвэр эрхлэх гэрээний 11-д А тал “бодит байдлаа үндэслэн машинаа зарах буюу хувиргах эрхтэй, Б тал оролцох эрхгүй” гэж заасан байна. /1 хавтас 68 х/
Мөн С ХХК-ийн захирал М.Өлзийтөгс нь Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Ма Зы Вэй нь 28 ширхэг Норд бенз маркийн машиныг манай компанитай хамтарч оруулж ирсэн. Дээрх 28 автомашин манай компанийн нэр дээр явдаг...”, Хун шэн да буюу Норд бенз маркийн машины үйлдвэртэй гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллаж байна” гэжээ. /2 хавтас 94 х/
Тэн Лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компани болон С ХХК-иудийн хооронд Иргэний хуульд зааснаар 13 ширхэг автомашиныг чиргүүлийн хамт зээлээр худалдан авах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй байх тул С ХХК нь 13 ширхэг автомашиныг чиргүүлийн хамт худалдан авсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Тэн Лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компани нь С ХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмч болох ............ улсын дугаартай 13 чирэгч автомашины, ............... улсын дугаартай 13 чиргүүлийн өмчлөгч учраас шаардах эрхтэй байна.
Дөрөв: С ХХК-иас түлшний барьцаа төлбөр болох 500,000 юань буюу 110,620,000 төгрөгийг гаргуулж, Х хязгаарт компанид олгуулах шаардлагын тухайд,
Хамтран ажиллахаар түлш худалдан авах барьцаанд өгөх мөнгө болох 500,000 юанийг С ХХК-ийн захирал М.Өлзийтөгс нь 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс хүлээн авсан ба 500,000 юань буюу 110,620,000 төгрөгийг буцааж өгөөгүй болох нь талуудын хооронд тооцоо нийлсэн акт /2 хавтас 236, 237 х/-аар тогтоогдож байна.
Иймд С ХХК-иас түлшний барьцаа төлбөр болох 500,000 юань буюу 110,620,000 төгрөгийг гаргуулж, Х хязгаарт компанид олгох нь үндэслэлтэй байна.
Тав: Хариуцагч С ХХК-иас Хамтран тээвэр эрхлэх гэрээний дагуу хамтран ажилласны ашиг 91,559,550 төгрөгийг гаргуулж, Х хязгаарт компанид олгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Х хязгаарт компани нь 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны хамтран ажилласны ашиг 91,559,550 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 476.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заажээ.
Талуудын хооронд хуульд заасны дагуу 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А талаас Х компани, Б талаас С ХХК-иудын хооронд Тээврийн хамтран ажиллах гэрээ /1 хавтас 102 х/ байгуулагдсан байна.
Тээврийн хамтран ажиллах гэрээний дагуу А тал нь тээвэрлэлт хийх 30 ширхэг Норд бенз маркийн ачааны машиныг Б талын нэр дээр оруулж, Б талын компанийн нэрээр тээвэрлэлт хийсний төлбөрт 1 тонн тутамд 2 юань төлөх, Б тал нь Монголын хил гаалийн төлөрийг хариуцаж, тээвэрлэлт эхэлсний дараа тээврийн төлбөрөөс уг мөнгийг суутган авах, тонн тутамд 18 ам.доллараар 7 хоног тутамд нүүрсний жингийн баримтад үндэслэн А талд тээврийн төлбөрийг төлөх, Б тал тээврийг 3 хоног тасалдуулсан тохиолдолд А тал нь тээврийн автомашиныг өөр компанид шилжүүлэхээр тохиролцсон байна.
Мөн 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтран тээвэр эрхлэх гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний А талыг Х компани, Тэн Лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компани, Б талыг С ХХК гэж тодорхойлж, Б талыг төлөөлж М.О- гарын үсэг зурж Сэрвэй мандал ХХК-ийн тамга дарсан байх боловч А тал нь 50 ширхэг норд бенз маркийн автомашиныг чиргүүлийн хамт Монгол улсад оруулж, Б тал буюу С ХХК-тай хамтран ажиллах, Б тал нь тээврийн асуудал дээр 1 автомашин сар бүр 10 рейс хийхийг баталж, сар бүрийн тооцоог дууссаны дараа тонн бүрээс 3 юань буюу 645 төгрөг авах, тээврийн хөлсийг тонн тутамд 26,000 төгрөгөөр бодож тооцоо хийн А талын дансанд шилжүүлэх, бүх автомашин 3 хоног зогссон тохиолдолд А тал автомашинаа бусад компанид шилжүүлэн тээвэрлэх, Б тал үндэслэлгүйгээр 1 сарын тээврийг хийгээгүй тохиолдолд А тал гэрээг хүчингүй болгохоор тохиролцжээ.
Дээрх гэрээнүүдийн Б тал нь С ХХК биш учраас гэрээний үр дагаварыг хариуцахгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргасан.
Маргаж байгаа чирэгч автомашинууд болон чиргүүлийн хамт С ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн бүртгэлтэй, талууд гэрээний дагуу 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний хооронд хамтран ажилласан талаар тооцоо нийлсэн баримт үйлдэж М.О-, М.Өлзийтөгс нар нь гарын үсэг зурж хүлээн зөвшөөрч байсан байна. /2 хавтас 236, 237 х/
Тээврийн хамтран ажиллах гэрээний дагуу маргаж байгаа тээврийн хэрэгслүүдээр нүүрс тээвэрлэж байсан болох нь С ХХК-ийн санхүүгийн тамга бүхий баримтууд болон тус компанийн ХААН банкны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны дансны хуулга зэрэг баримтуудаар нүүрсний үнийг шилжүүлж авч байсан зэргээр тогтоогдож байна. /7 хавтас 1-50, 51-61 х/
2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Хамтран тээвэр эрхлэх гэрээ”, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан учраас хариуцагч С ХХК-ийг гэрээний нэг тал гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд нэхэмжлэгч нар нь 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу “Хамтран ажиллах гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч С ХХК-д өгч байсан байна. / 2 хавтас 230-231 х/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашигийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Иймд хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчаас 43 автамашины зам ашигласан болон агаарын бохирдлын төлбөрт 2012 оны 02 дугаар сарын 13-нд 2,000,000, 2012 оны 02 дугаар сарын 17-нд 1,000,000, 2012 оны 02 дугаар сарын 02-нд 3,000,000, 2012 оны 02 дугаар сарыг 07-нд 2,000,000, 2012 оны 01 дүгээр сарын 21-нд 10,000,000, 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 24,434,750 төгрөг, нийт 42,434,750 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас /91,559,550-42,434,750=49,124,800/ 42,434,750 төгрөгийг хасч 49,124,800 төгрөгийг С ХХК-иас гаргуулж, Х компанид олгох нь үндэслэлтэй байна.
Зургаа болон долоо: С ХХК-иас автомашин, чиргүүл, Мазда просийд машиныг сэргээн засварлуулах зардалд 128,927,200 М.О-өөс Дэү висторм /Daewoo winstrom/ машиныг сэргээн засварлуулах зардалд 370,000 төгрөгийг тус тус гаргуулж Х хязгаарт компанид олгуулах,
Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн 9 чирэгч машин, 9 ширхэг чиргүүлийг сэргээн засварлуулах зардалд 35,536,700 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагын тухайд,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 57 тоот үнэлгээгээр Норд бенз маркийн чирэгч автомашинууд болон чиргүүлүүд, Дэү висторм машины эвдрэл нь 164,463,900 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. /4 хавтас 44-83 х/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид орох байсан орлогыг хохиролд төлнө” гэж заасан байна.
Иймд С ХХК-иас 35,536,700 төгрөг гаргуулж Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанид, мөн М.О-өөс 370,000 төгрөг, С ХХК-иас 128,557,200 төгрөгийг тус тус гаргуулж Х компанид олгож нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэл: Х хязгаарт компаниас 5,040,000 төгрөг гаргуулах тухай М.О-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
Х хязгаарт компанийн захирал Ма Зэ Вэй нь 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр М.О-өөс 4,000,000 төгрөгийг, Лю Зи нь 2012 он 6 дугаар сарын 07-ны өдөр 340,000 төгрөгийг тус тус зээлж авсан ба 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр автомашины кроп засварын хөлс 700,000 төгрөг нийт 5,040,000 төгрөгийг М.О-өөс авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. / 4 хавтас 28 х, 40 х, 42 х/
М.О-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5,040,000 төгрөгийг хариуцагч Х хязгаарт компани нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийн батлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд хариуцагч С ХХК-иас Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанид чирэгч машинууд болон чиргүүлүүдийг сэргээн засварлуулах зардалд 35,536,700 төгрөгийг гаргуулах,
мөн С ХХК-иас түлшний барьцаа 500,000 юань буюу 110,920,000 төгрөг, гэрээний ашиг 49,121,800 төгрөг, автомашин, чиргүүлүүдийг сэргээн засварлуулах зардалд 128,927,200 төгрөг, нийт 288,969,000 төгрөг гаргуулж, Х хязгаарт компанид олгож, Х хязгаарт компанийн нэхэмжлэлийн шаардлагаас 42,437,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Хун шин да материал хангамжийн ХХК, Хун да эд барааны гүйлгээний ХХК, Хун Шэн Да эд барааны гүйлгээний ХХК, Хун шэн да зөөврийн компани, Хун сэн да ХХК гэсэн нэршилүүд нь Х хязгаарт компани болох нь шинжээчийн дүгнэлт / 8хавтас 149 х/, аж ахуйн нэгжийн 150222000004519 бүртгэлийн дугаартай гэрчилгээ /8 хавтас 209 х/, нотариатын бичиг, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /8 хавтас 78-82, 83, 85 х/, компанийн тамга нь дээрх бүртгэлийн 150222000004519 гэсэн дугаар нь нэг байгаагаар тус тус тогтоогдож байна.
Х хязгаарт компанийн захирал Ма Зы Вэйгээс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, Тэн Лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн захирлаас тус тус хуульд заасны дагуу өмгөөлөгч Ж.Болорцэцэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг олгосон байна. /8 хавтас 91-92 х, 211 х/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нэт капитал ББСБ нь 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр С ХХК-тай 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байна. С ХХК нь зээлийн төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулсан учраас тус байгууллагаас шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /8 хавтас...х/
Юанийн ханшийг Монгол банкны
2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 192.25 төгрөг
2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 197.52 төгрөг
2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 202.93 төгрөг
2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 210.67 төгрөг
2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 207.87 төгрөг
2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 210.01 төгрөг
2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 210.36 төгрөг
2011 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 216.76 төгрөг
2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 219.52 төгрөг гэсэн албан ханшаар тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8148 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.3, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Норд бенз маркийн ............ улсын дугаартай 13 чирэгч автомашины, ............... улсын дугаартай 13 чиргүүлийн өмчлөгч нь Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компани мөн болохыг тогтоож, эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг С ХХК-д даалгаж, С ХХК-иас Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн чирэгч машинууд болон чиргүүлүүдийг сэргээн засварлуулах зардалд 35,536,700 төгрөгийг гаргуулж, Тэн лун тусгай зориулалтын автомашины хязгаарт компанид олгож,
мөн С ХХК-иас түлшний барьцаа 500,000 юань буюу 110,920,000 төгрөг, гэрээний ашиг 49,121,800 төгрөг, автомашин, чиргүүлүүдийг сэргээн засварлуулах зардалд 128,557,200 төгрөг, нийт 288,599,000 төгрөгийг, хариуцагч М.О-өөс Дэү висторм /Daewoo winstrom/ машиныг сэргээн засварлуулах зардалд 370,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х хязгаарт компанид олгож, Х хязгаарт компанийн нэхэмжлэлийн шаардлагаас 42,437,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х хязгаарт компанийн норд бенз маркийн ......................... улсын дугаартай 15 чиргүүлүүдийн, Мазда просийд маркийн ................. улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, эзэмшилдээ шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцагч С ХХК нь зөвшөөрснийг,
хариуцагч М.О- нь Дэү вистром /Daewoo winstrom/ маркийн .............. улсын дугаартай автомашины эзэмшигч нь Х хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах шаардлагыг зөвшөөрснийг,
мөн хариуцагч М.О-ийн Х хязгаарт компаниас 5,040,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн Х хязгаарт компанийн зөвшөөрлийг тус тус баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,676,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,365,959 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч С ХХК-иас 14,830,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, М.О-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 96,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Х хязгаарт компаниас 96,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч М.О-т тус тус олгосугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 8148 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА