Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох 2034005560417 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Э.Б, Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Ромео Жульта хотхоны 46Б байрны 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлинй 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жил хойшлуулж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Э.Б нь Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын адаг” гэх газар 2020 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль орчинд 5027011 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.      

 

Шүүгдэгч Э.Б нь Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Баянголын адаг” гэх газар 2020 оны 07 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль орчинд 5027111 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:   

Хохирогч Г.Ган-Очирын: "2020 оны 07 дугаар сарын байдлаар бичил уурхайгаар ашигт малтмал байгуулах гэрээ байгуулсан 23 нөхөрлөл байгаа. ... "Есен өрлөг" гэх нөхөрлөл нь 2020 онд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулаагүй. Энэ нөхөрлөл нь өмнөх өмнөх онуудад ч гэрээ огт байгуулж байгаагүй. Хууль бусаар олборлолт хийж удаа дараа шаардлага тавьж, үйл ажиллагааг нь зогсоож байсан ч ул биелүүлж ажилласан. "Есөн өрлөг" нөхөрлөл "Бат Алт Төв" нэртэй аж ахуйн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авч байгаа гэх бөгөөд тухайн аж ахуй нэгжтэй маргаантай асуудлаас шүүхэд хандсан гэж газар чөлөөлж өгөхгүй "Баян гол" гэх газар кемпээ байрлуулан шөнө оройн цагаар хууль бусаар үйл ажиллагаа явуулаад байгаа. Есөн өрлөг нөхөрлөлд ашигт малтмал олборлох зөвшөөрөл огт байхгүй” гэх мэдүүлэг/хх-24-25 тал/ ,

Гэрч Б.Дорждамбын: “ ... Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт "Есөн өрлөг" нэртэй уурхай ажиллуулж байна. Есөн өрлөг уурхай 2020 оны 04 дүгээр сарын 27-ноос засвар үйлчилгээ хийж байгаад 2020 оны 07 дугаар сарын 09-нөөс үйл ажиллагаа явуулж байна. "Есен өрлөг" уурхай хариуцсан даргын үүрэг гүйцэтгэдэг. Есөн өрлөг уурхайн зөвшөөрөлтэй бичиг баримт нь нөхөрлөлийн ахлах Цогтгэрэл гэж хүнд байгаа зөвшөөрлийг хаанаас авсныг мэдэхгүй. Сансар гэж хүний газар тэр хүний бичиг баримтан дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Уурхайн захирал Э.Б гэж хүн байгаа" гэх мэдүүлэг/хх-26-27 тал/,

Гэрч Р.Батхуягийн: “ ... Би 2020 оны 07 сарын 03-ны өдөр Төв аймаг Заамар суманд уйл ажиллагаа явуулж байгаа "Есөн өрлөг" нөхөрлөлд Ховоны жолооч хийж байгаа. Уурхайн захирал Бааска гэдэг хүн байдаг гэсэн. Уурхай дээр бол Дамба гэдэг хүн байгаа. Миний хувьд уурхайн баруун талаас зөөж байсан машин эвдрээд 7 хонож байна. Миний хувьд 10-аад хоног зөөсөн. Өдөрт 20-30 удаа л зөөж угаадаг юмаа" гэх мэдүүлэг/хх-29 тал/,

Гэрч З.Цэцэгсүрэнгийн: “ ... Би 2020 оны 06 сарын 26-ны өдрөөс Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа "Есен өрлөг" нөхөрлөлийн уурхайд тогоочоор ирэн ажиллаж байна. Намайг ирснээс хойш дунд нь нэг удаа 8 хоногоор зогссон. Тэрнээс биш байнга үйл ажиллагаа явуулж байгаа" гэх мэдүүлэг/хх-31 тал/,

Гэрч О.Тэмуужингийн: "... Би уурхайд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс ажиллаж байна. Ойролцоогоор 10-20 машин шороо угаадаг байх." гэх мэдүүлэг/хх-33 тал/,

Гэрч Г.Батсуурийн: "... Би 2020 оны 07 сарын 09-ний өдөр ажилд орсон. Усан бууч хийж байна. Би 2020 оны 07 сарын 09-нөөс хойш ажиллаж байна” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

Гэрч У.Цолмонбаатарын: "... Би уурхайд ирээд хоёр хонож байна. Тоолж үзээгүй ойролцоогоор хориод байх." гэх мэдүүлэг/хх-40 тал/,

Ѓэрч Д.Төмөрбаатарын: "... Би уурхайд 2020 оны 07 сарын 09-ний өдрөөс хойш ажиллаж байна. Би уурхайд жолооч хийж байна. Би өдөрт 20-22 машин шороо зөөдөг. Ертөнцийн зугээр урд талд болон 500-800 метрээс мөн ертөнцийн зүгээр баруун хойноос зөөдөг" гэх мэдүүлэг/хх-41 тал/,

Гэрч М.Гүндсамбуугийн: " ... Миний хувьд 2020 оны 07 сарын 17-ны өдөр зарын дагуу Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багт байрлах "Есөн өрлөг" нөхөрлөлд буучнаар ажиллаж байна. Миний хувьд ирснээсээ хойш 20 орчим Хово шороо буудсан" гэх мэдүүлэг/хх-43 тал/,

Гэрч П.Отгончулууны: “ ... Миний хувьд 2020 оны 07 сарын 16-ны шөнө Улаанбаатар хотоос зарын дагуу Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Есен өрлөг" нөхөрлөлд ковшны оператор хийж байна. овоолчихсон шороо л буудсан." гэх мэдүүлэг       /хх-45 тал/,

 

2020 оны 09 сарын 03-ны өдрийн 19-04-015-/01 дугаартай шинжээчийн "Зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөндсөн 522 мк хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээ 5.027.111 /таван сая хорин долоон мянга нэг зуун арван нэгэн төгрөг/ болж байна. Үүнээс: Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ 37.1 /гучин долоон төгрөг/, Газрын хэвлийд учруулсан хохирлын Үнэлгээ 4.971.237 /дөрвөн сая есен зуун далан нэгэн мянга хоёр зуун гучин долоон төгрөг/, Хөрсний экологийн үнэлгээ 55.836 төгрөг Тавин таван мянга найман зуун гучин долоон төгрөг." гэх дүгнэлт/хх-48 тал/,

 

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 13/3589 дугаар албан бичиг/хх-55 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-17 тал/,  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-18 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 сарын 08-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ/хх-210 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 11 сарын 10-ны өдөр 89 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-213 тал/ 2021 оны 11 сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Э.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.       

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 5027111 төгрөг гарсан байх бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.

 

2020 оны 09 сарын 03-ны өдрийн 19-04-015-/01 дугаартай шинжээчийн  дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49 дүгээр зүйлийн 49.5.2 дах хэсэгт “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж зааж дүгнэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Э.Б-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцсон тул экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ 37,1 төгрөгийг, хөрсний экологийн хохирлын үнэлгээ 55836,9 төгрөгийг тус тус 3 дахин, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ 4971237,2 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцоход нийт 10110093 төгрөг болж байх бөгөөд үүнээс шүүгдэгч Э.Б-ын төлсөн 5027111 төгрөгийг хасч үлдэгдэл 5082982 төгрөгийг шүүгдэгч Э.Баас гаргуулж Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт олгох зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ХСМG маркийн ковш, экскрубер маркийн тээврийн хэрэгслийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.4 граммын шар өнгийн метал зэргийг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт Э.Б-ыг хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Э.Б-ыг 5500 /таван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5500000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Э.Б-д оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28.4 граммын шар өнгийн металлыг улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ХСМG маркийн ковш, экскрубер маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-с экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирлын үнэлгээг 2 болон 3 дахин нэмэгдүүлэн тооцсоноос төлөгдөөгүй үлдсэн 5082982 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ