Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт, Б. Нт холбогдох эрүүгийн 2134000000390 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1979 оны 08 дүгээр сарын 31-ны өдөр Төв аймаг Баян суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, уурхайд усан буучин ажилтай, ам бүл 1, Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар баг Бугантын 1-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2:1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар  3 жил 1 сарын хорих ял оногдуулж 1 жил тэнссэн, Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай, Б овогт Б .Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын нутаг “Батын булаг”  гэх газарт хохирогч Ч.Самдансүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт нь хутгаар 2 удаа хатгагдсан гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймаг Заамар сумын нутаг “Батын булаг”  гэх газарт хохирогч Ч.Самдансүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт нь хутгаар 2 удаа хатгагдсан гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134000000390 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Ч.Самдансүрэнгийн гэрчээр өгсөн: “Миний бие Төв аймгийн Заамар суманд алт олборлох, нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа Мөнхсансар гэх хүний уурхайд Ховоны жолооч ажилтай. Өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Аагий ирэхдээ 1 шил Чингис нэртэй 0,75 литрийн архитай ирсэн. Тухайн архийг Аагий би хамт ажилладаг Н, Алтанхундага бид 4 хувааж уусан. Дээрхи архиа хувааж ууж дуусчихаад Н бид 2 ажлаас болж маргалдаад тэгээд тэрнээсээ болоод Н намайг гал тогооны хоол хийдэг хутгаар миний зүүн талын хавирга болон бөөр хэсэг рүү 2 удаа хутгалсан. Тухайн үед цусыг нь тогтоож боочихоод тэндээ хоносон өглөө нь дахиад гоожоод цус нь тогтохгүй болохоор сая Төв аймаг Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн эмнэлэгт ирж үзүүлсэн. Бид нар архи ууж байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Би Ныг болиулах гээд хоолойг нь нэг удаа боосон. Өөрөөр бол цохиж зодоогүй болно” гэх мэдүүлэг/хх-18 тал/,

           

            Гэрч Х.Зулбаярын өгсөн: “ 2021 оны 09 дүгээр сарын 18-ны орой уурхай дээр шинэ хүн ажилд орсон гээд 23 цагийн орчим Н, Дамба, Алтанхундага шинээр ирсэн Аагий манай нөхөр нар амралтын өрөөнд архи ууцгаасан. Намайг гал зууханд байхад надад нэг нь ирж Н танай нөхөртэй маргалдаад байна гэж хэлэхээр нь би гал зуухны өрөөнөөс тэд нарын архи уугаад сууж байсан өрөө рүү ортол Н манай нөхөр хоёр зууралдчихсан зогсож байсан. Аагий гэх шинээр ирсэн жолооч залуу голоор нь орж салгах гээд зогсож байсан. Намайг ортол надад Н танай нөхөр чинь хүн болгон руу үсчээд намайг хөөж унагаахаар нь би 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Тэгээд намайг орж ирэнгүүд бүгдээрээ тараад амрахаар явцгаасан. Манай нөхөр надад баруун сугаар нойтон оргиод байна гэхээр нь цамцыг нь дээш нь сөхөөд үзтэл суга, зүүн талын бөөр орчим нь хутгаар хатгагдсан шархтай шархнаас цус гараад урсаж байхаар нь би цэвэр даавуугаар боолт хийгээд эмнэлэг рүү явъя гэтэл манай нөхөр хэрэггүй шөнө харж хоноё гээд өглөөний 5 цаг хүртэл харж хоносон” гэх мэдүүлэг/хх-15-16 тал/,

 

            Гэрч З.Алтанхундагын өгсөн: “ ... 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай уурхайн ковшийн жолооч Самдансүрэнгийн найз гэх Алтангэрэл гэдэг залуу шинээр ажилд орохоор ирэхдээ 1 шил 0,75 литрийн хар Чингис нэртэй архи гаргасан. Тухайн архийг Самдансүрэн, Н, Алтангэрэл бид дөрөв хувааж уусан. Архиа ууж дуусчихаад би амрах өрөөндөө ороод унтчихсан. Гэтэл өнөөдөр өглөө босоод ирэхэд намайг унтсаны дараа Н, Самдансүрэн нарын хооронд маргаан үүсээд улмаар Н нь Самдансүрэнг хутгалсан юм байналээ. Архи ууж байх хооронд бол Н, Самдансүрэн нар хоорондоо хэрэлдээд байсан. Тоглоод байгаа ч юм шиг 2 биендээ үг хаяад байсан юм” гэх мэдүүлэг/хх-20-21 тал/,

            Гэрч О.Алтангэрэлийн өгсөн: “Би өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр уурхайн кемп дээр 19-20 цагийн орчимд ирсэн. Ирээд хоол цай идэж уучихаад замдаа авсан 1 шил 0,75 литрийн Хар Чингис нэртэй архиа найз Самдансүрэн, уурхайн ажилтан Н, Алтанхундага нартай хувааж уусан. Улмаар архиа хувааж уусаны дараа найз Самдансүрэн, Н нар хоорондоо тоглоом хийгээд байгаа юм шиг хэрэлдэж, маргалдаж байснаа ширээн дээр байсан хутга аваад Н нь найз Самдансүрэнг 2 удаа хутгалсан. Эхлээд цээжнийхэн зүүн хэсэг рүү дараа нь зүүн хойд талын бөөр хэсэг рүү хутгалсан. Хутгалсаны дараа цус гарахад бид нар марло болон даавуу зэргээр ороогоод хоносон. Тэгтэл өглөө нөгөө шарх нь өвдөөд цус гоожиж байна гээд эмнэлэг явсан. ... Самдансүрэн нь эхлээд Ныг өдсөн тэгээд түрүүлж барьж аваад хоолойг нь боосон юм. Тэгээд Н нь яах ийхийн зуургүй ширээн дээр байсан халбага сэрээний дундаас хутга аваад хутгалсан” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

             

            Гэрч Ж.Гүнцэцэгийн өгсөн: “ 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Мөнхсансар гэх хүний бичил уурхай дээр бусдад хутгалуулсан гэх хүн ирлээ гэсний дагуу үзлэг хийсэн. Тухайн хүн нь Өвөрхангай аймгийн харъяат хүн байсан бөгөөд Чимэддамбын Самдансүрэн гэх залуу байсан. Үзлэг хийхэд өвчтөний биеийн байдал дунд зэрэг , асуусан асуултад хариулна, бусад эрхтэний талаас өөрчлөлт байхгүй, хэсэг газрын үзлэгээр зүүн талын цээжний 6 дахь хавирганы орим зүсэгдсэн сорвитой, эмзэглэлтэй, шархнаас гарсан шүүс үгүй, шарх анисан, зүүн бөөрний дээд хэсэгт 0,5 см орчим урт шархтай шархнаас гарсан шүүс, цус үгүй байсан. Өөрийнх нь ярьж байгаагаар урд орой нь уурхай дээр хамт ажилладаг хүндээ хутгалуулсан гэж хэлсэн. Миний зүгээс шарханд нь цэвэр боолт хийгээд цагдаад мэдэгдээд дараагийн шатлалын эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөсөн” гэх мэдүүлэг/хх-26 тал/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 403 дугаартай “1.Ч.Самдансүрэнгийн биед нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-29 тал/,

            Гэмт хэргийн талаархи, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-01 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-07 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Н гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Самдансүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Н нь аж ахуй нэгжид ажиллаж, Төв аймаг Заамар суманд ам бүл 1 оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар  3 жил 1 сарын хорих ял оногдуулж 1 жил тэнссэн, Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн талаар хэрэгт авагдсан ял шийтгэгсэн хуудас, шийтгэх тогтоолын хуулбар авагдсан, одоо 42 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н нь Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар баг Бугантын 1-4 тоотод оршин нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг Заамар сумыннутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Ч.Самдансүрэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-43 тал/, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2134000000390 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Н нь  3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б. Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ын цагдан хоригдсон 3 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 3 хоногоор тооцон сольж, түүний эдлэх ялыг 2 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

  4.Шүүгдэгч Б.Н-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг Заамар сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.  

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

7.Эрүүгийн 2134000000390 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

           

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ