Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2016/03526

 

 

 

 

2016 оны 4 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2016/03526

Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Ч.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ....хаягт байрлах Ш-нд холбогдох,

2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1440 дугаартай “.... тоот орон сууцыг чөлөөлүүлэх” тухай мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие иргэн Б.Б-гаас өөрийн эзэмшлийн ..... өрөө байрыг 21,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 43,246,312 төгрөгийг төлөх шийдвэр гарч Ш-нд шилжсэн.

Уг байрыг анхны албалан дуудлага худалдаанд оруулах болж би байраа 200,000,000 төгрөгөөр үнэлж саналаа өгсөн боловч худалдан авагч байгаагүй гээд 2 дахь дуудлага худалдааг анхны үнийн 50 хувиар бууруулж, 100,000,000 төгрөгөөр худалдах шийдвэр гарсан. Мөн л худалдан авагч байгаагүй.

Энэ хугацаанд би Баясгаланд 500,000 төгрөг, Ш-н дансанд 500,000 төгрөг, 946,312 төгрөгийг тус тус төлсөн.

Ш-наас байрыг суллах мэдэгдэл ирсэн. Би өөрөө тэтгэвэрт байдаг бөгөөд нөхөр маань группид байдаг. Надад бусдаас авах авлага байгаа учраас төлбөрөө төлнө. Ийм учраас байр суллуулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1440 тоот мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү ” гэв.

 

Хариуцагч Ш-ны дарга Т.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 2014 он 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0000 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Д-гээс 43,246,312 төгрөг гаргуулж Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Д-гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .... тоот 00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 138/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 138/02 дугаартай тогтоолоор хураан авсан байна.

Талуудаас Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.1-д заасны дагуу орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон өмчлөгч нар нь харилцан тохиролцож 200,000,000 төгрөгөөр үнийн санал гаргажээ.

Төлбөр төлөгч Ч.Д-д 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/28164 дугаартай үнэлгээний мэдэгдэлийг хүргүүлж, талуудын харилцан тохиролцсон үнэ болох 200,000,000 төгрөгөөр .... тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу харилцан тохиролцож тогтоосон, үнийн 50 хувь буюу 100,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно.

Тус албаны албадан дуудлага худалдааны комиссын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар үүргйн гүйцэтгэлд барьцаалсан дээрх  үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Б.Б-д шилжүүлэхээр шийдвэрлэж, 14 хоногийн хугацаанд төлбөр төлөх боломжийг олгон 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаа өнгөрсөн байна.

Төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны 30 тоот 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг султган чөлөөлөх тухай мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/42738, 2016 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 3/1440 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан байх тул Ч.Дгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Ш-д холбогдуулан .... тоот орон сууцыг чөлөөлүүлэх 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1440 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 0000 дугаартай шийдвэрийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 10668 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 853 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Ш- нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 332 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2014 оны 8 дугаар сарын 20ны өдрийн 13б/01 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор барьцааны хөрөнгө .... тоот орон сууцыг битүүмжилж, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 138/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг хурааж, төлбөр төлөгчид мэдэгджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол ... эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг түүнийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэнэ” гэж заасан байна.

Ш-наас төлбөр төлөгчид 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3/28164 тоотоор, 2014 оны 12 дугаар сарын 09-нд 3/29950 тоотоор тус тус төлбөрөө төлж барагдуулаагүй нөхцөлд хуульд заасны дагуу хураан авсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг өгч байсан байна.

Төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааны комисст төлбөр 43,246,312 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 120,000 төгрөг, бусад зардал 15,000 төгрөг болон нийт 43,381,312 төгрөгөөр тооцож санал оруулсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн ...тооцон тогтооно” гэж заасан байна.

 Иргэний хуулийн дээрх заалтын дагуу төлбөр төлөгч Ц.Даваацэрэн, төлбөр авагч Б.Б- нар нь .... тоот орон сууцны үнэлгээг харилцан тохиролцож, 200,000,000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа өгсөн байна.

Ш- нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/258  тоот тогтоолоор 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1000 цагт анхны дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 09-нд төлбөр төлөгчид мэдэгдэх хуудсыг гардуулж, анхны дуудлага худалдаанд оруулахаар зарыг Өнөөдөр сонинд нийтэлж нийтэд мэдэгджээ.

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1000 цагт анхны дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй болох нь хурлын протоколоор тогтоогдож байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна...” гэж зааснаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/32002 тоот мэдэгдлээр 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1000 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгчид мэдэгдэж, тэмдэглэл үйлдэж, албадан дуудлага худалдааны зарыг сонинд нийтэлсэн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, ...үнийн 50 хувиар тооцон тогтооно”  гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгчийн .... тоот орон сууцны нийт үнэ болох 200,000,000 төгрөгийн 50 хувь болох 100,000,000 төгрөгөөр үнэлж, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Ц.Даваацэрэн нь 2 дахь дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 4048 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орсон өөрчлөлт нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болжээ” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш Ш- нь 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан ба үнийн санал ирээгүй бөгөөд .... тоот орон сууц худалдан борлогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно...” гэж заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгч Ц.Даваацэрэнд 3/1440 тоот мэдэгдлийг өгсөн байна. 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1440 дугаартай “.... тоот орон сууцыг чөлөөлүүлэх мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                              

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар .... тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1440 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Даваацэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Даваацэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                          Х.ДАШДЭЧМАА