Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2020/00088

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/0261 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 647 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.А-

          Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, нарийн бичгийн даргад Ц.Энхтүвшин нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Нийслэлийн Засаг Дарга /НЗД/-н 2017-06-28-ны өдрийн Б/123 тоот захирамжаар Багануур дүүргийн 125-р сургуулийн захирлын ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор 2018-08-22-ны өдөр НЗД-н захирамжаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Гэтэл НЗД 2018-09-20-ны өдрийн Б/159 тоот захирамж гаргаж, ажлаас чөлөөлсөн. Багануур дүүрэгт ашиглалтад орох сургуулийг тус 125-р сургуультай нэгтгэн “Оюуны эрин цогцолбор” сургууль байгуулсан ба үүнтэй холбогдуулан намайг сургуулийн захирлаас чөлөөлсөн. Захирамж Боловсролын тухай хуулийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2, 40.1.1, 42.1-т заасныг тус тус үндэслэснийг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2-т ажилтан нас барсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохоор зохицуулжээ. Гэтэл миний бие өнөөдөр амьд сэрүүн байгаа тул энэ заалт надад хамаарахгүй. Боловсролын тухай хуулийн 30.1.15-д НЗД аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ. Хэдийгээр уг заалт тухайн албан тушаалтанд буюу НЗД эрх олгосон зохицуулалт боловч хуулийн гол үзэл санаа бол уг ажлын байранд сонгон шалгаруулалт явагдах, улмаар түүний үр дүнг үндэслэн тухайн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрх олгосон заалт юм. Миний бие тус албан тушаалд 2014 онд зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон бөгөөд надтай байгуулсан үр дүнгийн гэрээг холбогдох байгууллага, албан тушаалтнаас дүгнэсэн зүйл байхгүй. Иймд уг заалтыг чөлөөлөх үндэслэл болгосон нь тухайн хуулийн заалтад нийцэхгүй байна. Нөгөө талаар хоёр сургуулийг нэгтгэснээр уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж, түүний үр дүн гарсан тохиолдолд хэрэгжих боломжтой заалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Миний бие дээрх үндэслэлүүдийн алинд нь хамаарч ажлаас чөлөөлөгдсөн нь тодорхойгүй байна. Хуулийн дээрх заалтыг тайлбарласан УДШ-н 2006-07-03-ны өдрийн 33-р тогтоолын 15.1.1-д Орон тоог цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно, 15.1.2-т Орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэжээ. Мөн надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал огт мэдэгдээгүй. Гэнэт ирээд л ажил хүлээлцэх болсон байгаа. Ер нь 2 сургууль нэгтгэсэн юм байхгүй. Өөрөөр хэлбэл 320 хүүхдийн шинэ хичээлийн байр ашиглалтанд оруулж, 125-р сургуулийн байр болгон 125-р сургуулийн нэрийг Оюуны эрин цогцолбор сургууль болгон үйл ажиллагаа явуулж байгаа. 125-р сургууль татан буугдаагүй, захирлын орон тоо хасагдаагүй, ажилтны тоо цөөрөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх тухай захирамжид ийнхүү дээрх агуулга тус бүрийн алийг нь үндэслэл болгосныг огт дурдаагүй. ... Иймд НЗДаргын 2018-09-20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Учир нь миний бие Багануур дүүргийн 125-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан боловч одоо 125-р сургууль гэж байхгүй болж оронд нь Оюуны эрин цогцолбор нэртэй болсон байгаа. Мөн миний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулж өгнө үү. Ингэхдээ Засгийн газрын 2019 оны 24-р тогтоолын 5-р хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 2019-01-01-с хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ сүлжээгээр захирлын ажил нь ТҮБД-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлал болох 868,980 төгрөгийн цалин болж нэмэгдсэн. Тиймээс ажлаас халагдсан 2018-09-20-ны өдрөөс 2019-01-01-ний өдрийг хүртэл 2018-08-22-ны өдрийн намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авсан тушаалд заасан 713,968 төгрөгөөр, харин 2019-01-01-с шүүхийн шийдвэр гарах хүртэл 868,980 төгрөгөөр нэмэгдүүлж тооцох боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн 125-р сургуультай нэгтгэн Оюуны эрин цогцолбор сургуулийг НЗД 2018-08-02-ны өдрийн Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай А/703 дугаар захирамжаар байгуулсан. Оюуны эрин цогцолбор сургуулийг байгуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар тус хуулийн 40.1.1-д заасныг үндэслэн 125-р сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.А-г 2018-09-20-ны өдрийн Б/159 тоот захирамжаар чөлөөлсөн. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.2-т заасан барьсан нь техникийн алдаа, өөрөөр хэлбэл 38.1.2-т заасныг баримтлах байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 24-р тогтоолын 5-р хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 2019-01-01-с эхлэн хэрэгжүүлж эхлээгүй байгаа гэдгийг хэлмээр байна гэжээ.

      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 182/ШШ2019/0261 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.А-г Багануур дүүргийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 3,320,784 төгрөгийг гаргуулж Б.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.А-гийн дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 68,083 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 647 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 3,320,784 гэснийг 1,179,784 гэж, 4 дэх заалтын 68,083 гэснийг 32,864.82 гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсан байна.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Багануур дүүргийн 320 хүүхдийн суудалтай хичээлийн байрыг 125-р сургуультай нэгтгэж “Оюуны эрин” цогцолбор сургууль болгон өөрчилсөн нь Иргэний хуулийн 32.1.4-т зааснаар НЗДаргын 2018-08-02-ны өдрийн “Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай” А/703 дугаар захирамж гарсан. Мөн Төсвийн тухай хуулийн 16.5.9,-т заасан эрхийнхээ бүтэц орон тоог шинэчлэн НЗДаргын 2018-09-20-ны өдрийн Б/159 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Б.А-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Б.А- 2018-10-15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2018-09-20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан байна.

         Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...125 дугаар сургуулийг өөр сургуультай нэгтгэсэн тул ажлаас нь чөлөөлсөн...” гэж маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа “...125 дугаар сургууль нь хичээлийн шинэ байртай болж нэр нь Оюуны эрин цогцолбор сургууль гэж өөрчлөгдсөн нь тогтоогдсон... хуулийн этгээд татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажил олгогч иргэн, ажилтан нас барсан гэх үйл баримт тогтоогдоогүй... халах тухай 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул ажилд нь эгүүлэн тогтооно...хариуцагчаас 2018-09-20-ны өдрөөс 2019-02-12-ны өдрийг хүртэл  /713,968 төгрөг/ нийт 3,320,784 төгрөг олговорт гаргуулна...” гэжээ.  

         Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, олговорын хэмжээг багасгаж бусад заалтуудыг хэвээр үлдээхдээ “...ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй..харин олговороос нэхэмжлэгчийн авсан 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг тооцоогүй нь буруу тул нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан хэмжээгээр буюу 2,141,000 төгрөгийг хасаж үлдэх 1,179,784 төгрөгийг гаргуулна... ” гэсэн байна.   

         Хариуцагч хяналтын гомдолдоо “...320 хүүхдийн хичээлийн байрыг 125-р сургуультай нэгтгэж цогцолбор сургууль байгуулсан тул 125-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэжээ.

         Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Хариуцагч нь Б.А-г Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажлаас бус, харин 125-р захирлын ажлаас халсан тул Нийслэлийн Засаг Даргын 2018-09-20-ны өдрийн Б/159 дугаар захирамжийг хүчингүй болгох нь Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нийцэхгүй байна. 

       Иймд шүүх Б.А-гийн нэхэмжлэлээс нэг шаардлагыг шийдвэрлээгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2 дахь хэсгийг зөрчжээ.

        2. Багануур дүүргийн Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд Ж.Бат-Эрдэнийг сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б\160 дугаартай захирамжийг Нийслэлийн засаг дарга гаргажээ.

       Шүүх орлон гүйцэтгэгчийг томилох албан тушаалтны бүрэн эрхийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт нийцээгүй байна.

       Дээр дурдсанаас үзвэл шүүх гуравдагч этгээдээр Ж.Бат-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан нь үндэслэл муутай болжээ.

       3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2018-08-02-ны өдрийн А/703 тоот захирамжаар Багануур дүүрэгт шинээр ашиглалтанд орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг мөн дүүргийн Ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн “Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль” байгуулж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн нь тогтоогджээ.

      Дурдсан захирамжтай холбоотой шаардлагыг нэхэмжлэгч аль нэг шүүхэд гаргасан тухай баримт хэрэгт байхгүй, захирамжийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байхад шүүх сургуулийг нэгтгээгүй, харин хуулийн этгээдийн нэрийг өөрчилсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. 

    Өөрөөр хэлвэл, шүүх Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “...Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн..” гэж, 12.2-т “...Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно...” гэж тус тус заасныг шүүх анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.   

    4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

      Б.А-гийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлэхдээ маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэртэй холбоотой маргаан байгаа эсэхийг тогтоосны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/0261 дүгээр шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 647 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

    2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ