| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 186/2018/0519/Э |
| Дугаар | 982 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 982
№ № 546 МАЛАЛ
О.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Бадрал,
хохирогч Б.З,
иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-, түүний өмгөөлөгч Т.Б,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн өмгөөлөгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Э-д холбогдох 1811012350490 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
...... овгийн О.Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжны 142 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................../;
О.Э- нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамжны 1094 тоотоос хохирогч Б.Зын цүнхтэй “Samsung” гар утас, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.267.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар: О.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Э-ыг 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Э-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.Э-ын цагдан хоригдсон нийт 41 хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 692.990 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Г-т, 810.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Зт тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8.7 грамм 585 сорьцтой монетон ээмэг, монетон кулон, гинж 4.6 грамм /585 сорьцтой/ зэрэг эд зүйлсийг хохирогч Б.Зт олгож, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт, иргэний нэхэмжлэгч Б.Г-т 692.990 төгрөгийг шүүгдэгч О.Э-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:
1. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Т.Я гэх иргэн 1 ширхэг монетон ээмэг, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Г.Мгэх иргэн 1 ширхэг монетон гинж, кулоныг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж итгүүлэн “Сайн” ломбардтай Иргэний хуульд заасны дагуу барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан байдаг.
Тухайн барьцаат зээлийн гэрээнүүдийг тус хэрэгт холбогдолгүй этгээдүүд болох Т.Я, Г.Мнар нь байгуулж, нийт 692.990 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний дагуу үүсэх хариуцлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Энэхүү барьцаат зээлийн гэрээ байгуулах үед шүүгдэгч О.Э- нь огт байгаагүй, зээлийн харилцаанд ороогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Т.Я, Г.Мнар нь нэгэнт өөрсдийн сайн дурын үндсэн дээр эд хөрөнгө барьцаалж зээл авсан тул тэрхүү үүргээ биелүүлэх, эсхүл барьцааны эд зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хариуцах ёстой. Тэднийг шүүгдэгч О.Э- хүчээр дарамталж байгаад энэхүү үйлдлийг хийлгээгүй болох нь барьцаат зээлийн гэрээн дэх гарын үсгээр нотлогдох юм.
Мөн иргэний нэхэмжлэгч “Т” ХХК нь барьцааны эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь нотлогддог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар Т.Я, Г.Мнар нь О.Э-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдүүд учир тэднийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Мөн гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан дээрх эд зүйлсийг хулгайлах үед хамт байгаагүй хэдий ч хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж захиран зарцуулсан нь гэмт хэргийн шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, Т.Я, Г.Мнар нь огт танихгүй хүний гуйлтаар, түүний өмнөөс эрх зүйн хариуцлага хүлээх үйлдэл хийхгүй нь ойлгомжтой учир эдгээр хүмүүс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байхад мөрдөн байцаалтын шатанд үүнтэй холбоотой ажиллагаа хийгээгүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолд заасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэлгүй, орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр манай байгууллагыг тогтоож мэдүүлэг авсан боловч прокурорт хэрэг шилжсэн болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдээгүй. Энэ эрхийг хангаагүйн улмаас хүсэлтээ гаргаж чадаагүй. Шүүх хуралдаан 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр болсон байдаг. Гэтэл шүүх хуралдааны тов зарласан мэдэгдэх хуудас шуудангаар 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Иймд хэргийн дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд энэ хэргийн улмаас цаг хугацаа их алдсан. Хохирлоо хурдан барагдуулмаар байна. ...” гэв.
Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нэг мэдсэн бүх зүйл болоод өнгөрсөн гэж хэлж байна. Бүх ажиллагаа хуулийн хугацаатай учраас нэг хүнийг хүлээж ажил явуулна гэсэн зүйл байхгүй. Урьдчилсан хэлэлцүүлэг болоогүй, шууд гэм буруугийн хурал зарлагдаж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргана гэж заасан байгаа. Г.М, Т.Я нарт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй гэж байгаа нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал биш. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, прокурорын шатанд ирж уулзаагүй. Тийм учраас Т.Я, Г.Мнарыг шалгаагүй бөгөөд шалгах үндэслэл байхгүй. Ямар нэгэн баримтгүйгээр, таамгаар хүний эрхийг зөрчиж болохгүй. Хохирогчид хэлэхэд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа учраас хохирол төлөгдөхгүй байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
О.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, О.Э- нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамжны 1094 тоотод оршин суух П.Ганпүрэвийн гэрт хоноод өглөө явахдаа хамт хоносон, хохирогч Б.Зын цүнхтэй “Samsung” загварын гар утас, монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.267.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Зын “... 2018 оны 4 дүгээр сарын 18-ний өглөө 11 цагийн үед босоход миний цүнх байхгүй байсан. ... Би тэд нараас миний цүнхийг харсан уу гэж асуухад гэрийн эзний эхнэр “бор дөрвөлжин цүнх мөн үү”, 07 цагийн үед О.Э орон дээр байхад нь үүрээд гараад явсан” гэж надад хэлсэн. ...” /хх-14/ гэх, гэрч М.Равжаагийн “... Тухайн өдөр 11 цагийн үед босоод Золбаяр намайг цүнх аваад өгөөч, юм авах гэсэн юм гэхээр нь би цүнхийг нь авах гэтэл байхгүй байсан. Гэтэл манай найз Ганпүрэвийн эхнэр Зулаа “чиний цүнх байсан юм уу, та нартай хамт ирсэн нөгөө О.Э гэдэг эмэгтэй чинь өглөө 07 цагийн үед аваад явсан гэж хэлсэн. ... ” /хх-21/ гэх мэдүүлгүүд, түүнчлэн гэрч Г.М /хх-24-25/, Т.Я нарын /хх-26-27/ мэдүүлгүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, барьцаат зээлийн гэрээ /хх-16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-18/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-58, 61/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.
Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн өмгөөлөгч Т.Б нь “...Т.Я, Г.Мнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх, мөн О.Э-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдүүд учир тэднийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Т.Я, Г.Мнар нь шүүгдэгч О.Э-ын гуйлтаар дээрх эд зүйлийг ломбарданд тавьсан болох нь хангалттай тогтоогдсон байх ба тухайн эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон, хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэднийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй байна.
Харин гэрч Т.Я, Г.Мнар нь дээрхи хулгайн эд зүйлсийг өөрсдийн нэрээр, өөрсдийн бичиг баримтаар ломбарданд тавьж, барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар тэднийг иргэний хариуцагчаар татаж болох боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, нөгөөтэйгүүр шүүх уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын асуудлыг О.Э-аас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Тухайн хэргийн хувьд Т.Я, Г.Мнарыг иргэний хариуцагчаар татаагүй нь хэргийг буцаах үндэслэлд хамаарахгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ иргэний журмаар шийдвэрлүүлэхэд эрх ашиг нь зөрчигдөхөөргүй байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас О.Э-аас 692.990 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Г-т олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч “Т” ХХК нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Т.Я, Г.Мнараас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн өмгөөлөгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан асуудал нэг бүрээр хууль зүйн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт тусгаж байхыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 692.990 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Г-т, 810.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Зт тус тус олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 810.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Зт олгосугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ийн өмгөөлөгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Д.ОЮУНЧУЛУУН