Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0189

 

Иргэн Д.Э, Л.Н, Ж.Г,

Я.Г, Т.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч, О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Д.Э, Ж.Г, Т.Б, нэхэмжлэгч Ж.Гын өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Онон, М.Нэргүй, гуравдагч этгээд Засгийн газрын авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Э, Л.Н, Ж.Г, Я.Г, Т.Б нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э, Л.Н, Ж.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б, Я.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжийн 1 дэх заалтын 21 гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа61 дүгээр байрны ард талын 21 авто гарааш нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/151 дүгээр захирамжийн дагуу албадан буулгасан. 62 дугаар байрны ард талын 21 авто гараашид Засаг даргын А/151 дүгээр захирамж ямар ч хамааралгүй, дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгавар гарсан, үүнийг хэрэгжүүлэхийг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгасан. 2013 оны А/151 дүгээр захирамж нь 61 дүгээр байрны ард талын Засгийн газрын авто баазын орц, гарцыг хааж, тагласан гараашуудад зориулан гаргасан. Буулгаагүй байгаа 62 дугаар байрны гараашийн хувьд дүүргийн Онцгой комиссын даргын албан даалгавар гарсан байгаа. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон Иргэний хуульд Сууц өмчлөгчдийн холбоонд газрыг зөвхөн ашиглуулна гэж заасан байгаа. Ямар байдлаар ашиглах вэ гэвэл ногоон зүлэг, мод, бут, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол зэргийг зориулалтын дагуу ашиглана гэдгийг хуульчилж өгсөн байгаа. Мөн Нийслэлийн Газрын албанаас Сууц өмчлөгчдийн холбоотой хийсэн гэрээнд газрыг зөвхөн ашиглана гэж зааж өгсөн байгаа. Авто машины гарааш гэж уг гэрээнд байхгүй, Шилтгээн-61 Сууц өмчлөгчдийн холбоонд тухайн газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжид ч тухайн газрыг ашиглуулахаар тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр авто машины гараашийн зориулалтаар ашиглана гэж газрын албатай тохироогүй байна. Эдгээр авто машины гараашууд зөвшөөрөлгүй байсан. Дүүргийн Онцгой комиссын галын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 2013 оноос хойш удаа дараа гарсан байгаа. Энэ албан шаардлага зайлшгүй биелүүлэх шаардлагатай гэдгийг тайлбартаа дурдаж өгсөн байгаа. Энэ албан шаардлагыг биелүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн газрын алба, Чингэлтэй дүүргийн газрын алба, Нийслэлийн мониторингийн хэлтэс гэх мэт байгууллагууд хамтарч тухайн буулгах асуудлыг хэрэгжүүлсэн.

Мөн Засгийн газрын авто баазын зүгээс удаа дараа дүүргийн Газрын албанд хүсэлтүүдээ ирүүлдэг байсан. Хүсэлтэд манай орц гарцыг дээрх гараашууд хааж, тагласан байна, буулгах асуудлыг яаралтай хэрэгжүүлж өгнө үү гэсэн хүсэлтүүд ирсэн. Иргэдэд огт мэдэгдэлгүйгээр нураасан асуудал байхгүй, шаардах, мэдэгдэх хуудсыг байнга өгч, түүнийгээ баримтжуулж авсан хувийн хэрэг байгаа. Иргэдэд мэдэгдээд, хуулийн хугацаанд иргэд чөлөөлөөгүй учраас албадан чөлөөлөх ажиллагаа явагдсан.

Эдгээр гараашууд зөвшөөрөлгүй байсан, тоосгон гараашуудыг нийслэлд 1992 оноос 2003 оныг хүртэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар биш Нийслэлийн ерөнхий менежерийн тушаалаар 2 жилийн хугацаатай түр ашиглуулахаар гараашийн зөвшөөрөл олгож байсан. Эдгээр гараашууд нь албан ёсны зөвшөөрөлгүй гараашууд байсан. Гараашуудыг буулгасан шалтгаан нь Засгийн газрын авто баазын өргөтгөлийн ажил, 400 машины шинэ гарааш барихтай холбогдуулан гараашийн барилга ерөнхий төлөвлөгөөнд орсон, барилгын ажил хийгдэж эхэлж байсан. Энэ үед дээрх 21 гараашийн зарим хэсэг нурах аюултай байдал үүссэн байсан. Манайхаас шаардах хуудсыг удаа дараа өгч, дээрх гараашуудыг буулгасан.

"Б к" ХХК нь хууль зөрчиж, зөвшөөрөлгүй эдгээр гараашуудыг барьсан байсныг иргэд худалдаж авч, зөвшөөрөлгүй ашиглаж байсан Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ... "Б к" ХХК зөвшөөрөлгүй барьсан гараашуудаа Д.Э, Л.Н, Ж.Г нарын гурван иргэн ба бусад иргэдэд худалдсан байна. Дээрх гурван иргэн захиргааны хэргийн шүүхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргатай холбогдуулан гомдол гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугар зүйлийн 65.1.7-д ...зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байх ба мөн хуулийн 117 зүйлийн 117.1-д ...65.1.7-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн Засгийн газрын авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй "Б к" ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд, аль буруутай этгээдийг тогтоож, улсын төсвийн хөрөнгөд учраад байгаа бодит хохирол болох 45.000.000 төгрөгийг нөхөн төлүүлэх болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1, 441.5, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э, Л.Н, Ж.Г нарын гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэлийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Албадан буулгаж газар чөлөөлөх тухай А/151 дүгээр захирамжийн Төр захиргааны үйлчилгээний автобаазын 400 автомашины гараашийн барилгын аюулгүйн орц, гарцан дээр зөвшөөрөлгүй баригдсан 21 автомашины гараашийг ... албадан нүүлгэж газрыг чөлөөлсүгэй гэсэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Я.Г, Т.Б нарын гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжийн 1 дэх заалтын 21 авто гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Л.Н, Ж.Г нарт төлүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслээгүй. Үүнд:

1. ... хуульд заасны дагуу ашиглах эрх олгогдсон газар дээрээ гараашуудыг бариулж тухайн 61, 62 дугаар байрны оршин суугчдад ашиглуулан, ... газраа ашиглах эрхээ ... гэрээг байгуулан сунгалтыг хийсэн, газрын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжид хамаараагүй, Засгийн газрын автобаазын эзэмшил бүхий газартай давхцаагүй, тухайн байгууллагын орц, гарцыг хаагаагүй гэж дүгнэсэн.

-Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуульд тус тус заасны дагуу Сууц өмчлөгчдийн холбоонд газрыг зөвхөн ашиглуулна. Ногоон зүлэг, мод, бут, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоолын зориулалтаар зөвхөн ашиглуулна гэж заасан байдаг.

Гэтэл уг газрыг зориулалтын дагуу ашиглаж байна гэж шүүх буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

-... газрын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжид хамаараагүй ... гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй.

-... тухайн байгууллагын орц, гарцыг хаагаагүй... гэж дүгнэсэн нь Засгийн газрын авто баазын орц, гарцыг хаасан талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2010, 2011, 2012 онуудын Заавал биелүүлэх албан шаардлага-аар тогтоогдсоор байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээгүй гарсан дүгнэлт юм.

2. ... Сууц өмчлөгчдийн холбоо болон гарааш эзэмшигчдийн саналыг авалгүй шууд гараашийг буулган газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу Засаг дарга гарааш эзэмшигчдэд хугацаатай мэдэгдэл өгч, хугацаандаа газрыг чөлөөлөөгүй тул 57 дугаар зүйлийн 57.4-д заасны дагуу албадан буулгах арга хэмжээ авсан. Хугацаатай мэдэгдэл өгснийг нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтыг үнэлсэнгүй, буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

3. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудалд хөндлөнгөөс оролцож, үндэслэлгүй захиргааны акт гарган шийдвэрлэсэн

Төр засгийн үйлчилгээний авто бааз нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн газартаа шинээр 400 автомашины гарааш барих хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасны дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн байршилд шинэчилсэн төлөвлөгөө баталж, Нийслэлийн Засаг дарга уг байршилд 2011 оны 760 дугаар захирамжаар барилга барих зөвшөөрөл олгосон байна.

Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засгийн газрын тогтоол шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах буюу нутаг дэвсгэртээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх бүхий субъект юм.

Мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4-д заасны дагуу дүүргийн Засаг дарга газар ашиглалтад хяналт тавих эрхтэй.

Дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 760 дугаар захирамж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны А/151 дүгээр захирамжийг гаргаж, газрыг чөлөөлөх арга хэмжээ авсан нь хуулийн дагуу болсон.

Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэр нь нотлох баримтад үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4 дэх заалтуудыг үндэслэн Төр захиргааны үйлчилгээний авто баазын 400 автомашины гаражийн барилгын аюулгүйн орц, гарцан дээр зөвшөөрөлгүй баригдсан 21 автомашины гаражийг албадан нүүлгэж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэжээ

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Газар ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 561, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай А/1140 дүгээр захирамжуудаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутагт орших нэхэмжлэгч нарын оршин суудаг орон сууцыг харьяалдаг Шилтгээн, Шилтгээн-61 Сууц өмчлөгчдийн холбоонд 5295, 5950 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, гэрээ байгуулснаар тухайн Сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглах эрх баталгаажжээ.

Тухайн Сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах газар, Төр засгийн үйлчилгээний авто бааз /Засгийн газрын авто бааз Улсын төсөвт үйлдвэрийн газар/-ын эзэмшил газрууд давхцалгүй нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2013 оны сансрын давхцуулсан зураг, анхан шатны шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогджээ.

Нийслэл хотод барилга, байгууламж барих ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Засгийн газрын авто баазын 400 автомашины гараашийг шинээр барих болсноор техникийн аюулгүй ажиллагаатай холбогдуулж уг барилгын аюулгүйн орц гарцтай давхцах зөвшөөрөлгүй баригдсан нэр бүхий иргэдийн 21 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөх шийдвэрийг хариуцагчаас гаргаж, шийдвэрийг хэрэгжүүлсэнд нэхэмжлэгч Д.Э, Л.Н, Ж.Г нарын эзэмшлийн гараашууд хамрагджээ.

Дүүргийн Засаг дарга дүүргийнхээ нутаг дэвсгэрт газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар эзэмшсэн этгээдийн эзэмшлээс газрыг чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/, 20.2.2 /газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах/, 57 дугаар зүйлийн 57.1 /Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ... дүүргийн ... Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина/, 57.3 /Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө/, 57.4. /Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна/-д тодорхой заажээ.

Энэ талаар анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын эрхлэх буюу эрх хэмжээний харилцаанд хамаарч байгаа, дүүргийн Засаг даргад эдгээр эрх хэмжээ хуулиар олгогдоогүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч, гэрээ байгуулснаар Шилтгээн-61 Сууц өмчлөгчдийн холбоонд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.5. /Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна/-д заасны дагуу орчны газрыг ашиглах эрх үүссэн бөгөөд энэ тохиолдолд уг Сууц өмчлөгчдийн холбоо орчны газраа гэрээнд заасны дагуу болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасанд нийцүүлж дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор ашиглах үүрэгтэй.

Тиймээс Шилтгээн-61 Сууц өмчлөгчдийн холбооны гишүүд буюу орон сууц өмчлөгч нийт иргэд нь хамаарах газрыг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. /орчны газар гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг/-д заасны дагуу бүгд тэгш ашиглах эрхтэй.

Харин орон сууц өмчлөгч нийт иргэдийн хуулийн дээрх заалтын дагуу хамтран ашиглах зориулалтын талбайд цөөн иргэдээс автомашины гарааш барих замаар газрын тодорхой хэсэгт эзэмшлээ тогтоосныг хууль ёсны буюу Сууц өмчлөгчдийн холбооны газрыг автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа гэж үзэхгүй.

Иймд хэдийгээр Шилтгээн-61 Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн ч гэсэн иргэн Д.Э Л.Н, Ж.Г нарын гарааш барих замаар газар эзэмшиж байгааг хууль ёсны гэх боломжгүй. Тиймээс тэдгээрийн гараашуудыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн бөгөөд дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгч Д.Э Л.Н, Ж.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгч нарын холбогдох шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Т.Б, Я.Г нарын тухайд тэдгээр нь Чингэлтэй дүүргийн 6 хороо, 62 дугаар байрны ард талд байрлах 3, 21 тоот гараашийг эзэмшиж байх бөгөөд хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамж тэдгээрт чиглэн гарааш барьж эзэмшиж байгаа газрыг нь чөлөөлөхөөр гаргаагүй нь тогтоогджээ.

Үүнээс үзвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын маргаан бүхий акттай тэдгээр иргэд маргах эрхгүй бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/-д зааснаар хүлээн авахаас татгалзахаар байна.

Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Зүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг 1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э, Л.Н, Ж.Г нарын Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Албадан буулгаж газар чөлөөлөх тухай А/151 дүгээр захирамжийн Төр захиргааны үйлчилгээний автобаазын 400 автомашины гараашийн барилгын аюулгүйн орц, гарцан дээр зөвшөөрөлгүй баригдсан 21 автомашины гараашийг ... албадан нүүлгэж газрыг чөлөөлсүгэй гэсэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Я.Г, Т.Б нарын нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/151 дүгээр захирамжийн 1 дэх заалтын 21 авто гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э, Л.Н, Ж.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Т.Б, Я.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан тэдгээрт буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР