Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 18 өдөр                       Дугаар                              Улаанбаатар хот

                                                                128/ШШ2020/0333        

                                                              

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гэрч О.Г, Г.Г, Л.Э нарыг оролцуулан Н.Д-ийн нэхэмжлэлтэй, ХУД ЗД-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Н.Д /РД:ХО690604../,

Хариуцагч: ХУД ЗД,

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н-ийн Д /РД:Х0690604../ миний газар эзэмших эрхийг зөрчсөн ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Н.Д миний бие ХУД ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн Төв аймаг явах зам дагуу байршилтай, гэр, орон сууцны хашааны зориулалтаар 11-15 жилийн хугацаатай, газар эзэмших эрхийн гэрчилгээний 0000153.., 0000153.., 0000153.. дугаартай газруудыг Г.Г, Б.О, Л.Э нарын эзэмшлээс тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-тэй гэрээ байгуулан шилжүүлэн авсан.

Гэтэл ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжаар ХУД ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож миний эзэмшлийн дээрх газруудыг “ ... Газрын алба эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн байх тул анхны зөвшөөрөгдсөн нэгж талбартай байршилд иргэн Н.Д-ид эрх шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тус газрыг худалдан авахаасаа өмнө газрын кадастрын мэргэжлийн байгууллага болон дүүргийн газрын албаны 8 дугаар хороо хариуцсан мэргэжилтнээр шалгуулахад кадастрын зураг нь байршилтайгаа таарч байсан.   Иймд холбогдох баримтуудаа бүрдүүлж, газрын төлбөрөө төлж газрын албанд хүсэлтээ өгсний дагуу 6 сарын хугацаанд газрын алба өөрсдөө шалгаж эзэмших эрхийг шилжүүлсэн. Гэсэн атлаа газрын алба эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн гэдэг нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна

Миний бие Монгол Улсын иргэний хувьд ямар нэгэн хуулийн зөрчилгүйгээр газар эзэмших эрхээ олж авсан ба захиргааны байгууллага өөрөө шалгаж, ямар нэгэн зөрчилгүй гэж үзээд олгочхоод дараа нь захирамжаа үндэслэлгүйгээр өөрчилж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмаа зөрчсөн үйлдэл юм. Мөн газар эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр газрын байршлыг нь хэн ч өөрчлөх эрхгүй. Захиргааны өрөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа ч хийгээгүй бөгөөд зам дагуу байршилтай газар тул миний эзэмшлийн газар дээр хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр санаархсан үйлдэл гэж хардаж байна.

Миний бие дээрх газруудыг 2019 оны 01 дүгээр сард үнэгүй.мн зарын сайтаас харж, зам дагуу байршилтай байсан тул өөрийн дүү Ц.Д-гийн орон сууцыг ББСБ-ын барьцаанд тавин зээл авч, автомашинаа зарж мөнгөө нийлүүлэн 200 сая төгрөгөөр худалдан авсан.

Гэтэл одоо зам дагуу биш байршилд шилжүүлж газар эзэмшигчийн эрх зүйн байдлыг ноцтойгоор дордуулж эд хөрөнгийн хохирол учруулсан нөхцөл байдлыг үүсгээд байна.

Иймд ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тус дүүргийн Засаг даргын 2012 оны А/235 дугаар захирамжаар иргэн Г.Г-д 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг чиглэлийн авто замын урд, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/437 дугаар захирамжаар 8 дугаар хороо Тайнь задгайд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Л.Э, Б.О нарт тус бүр 700 м.кв газрыг эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгч нь эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 200 сая төгрөгөөр худалдан авсан гэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасныг зөрчсөн үйлдэл юм.

Иргэн Н.Д болон дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтнууд иргэн Г.Г, Л.Э, Б.О нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар шилжүүлэхдээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчлөн Н.Дид газар эзэмших эрхийг шилжүүлсэн байсан.

Иргэн Г.Г, Л.Э, Б.О нарын анхны зөвшөөрөгдсөн нэгж талбартай байршилд иргэн Н.Д д дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/296 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн шийдвэрлэсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д-оос “ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгчээс “...Н.Д-ийг газар авах үед Архивын ерөнхий газрын замын эсрэг талд буюу Төв аймаг явах зам дагуу ашигтай байршил байсан тул худалдаж авсан. Тус газрыг худалдаж авахаас өмнө газрын албаны 8 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн, кадастрын хэмжилт хийдэг байгууллага зэргээр нэгж  талбаруудыг нь тодорхойлуулаад байршлуудыг шалгуулаад авахад тус газар дээрээ байршилтай байна гэсэн. Н.Д-ийн хувьд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэлгүйгээр газрыг шилжүүлээд авсан байхад 3 сарын дараа байршил нь буруу байна гээд хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын үүднээс нэхэмжлэгч нь тухайн байршилдаа газраа эзэмшиж ашиглах ёстой.” гэж, хариуцагчаас “... 2012 оны дүүргийн Засаг даргын 235 дугаар захирамжаар иргэн Гаваа 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймгийн чиглэлийн авто замын урд талд, 2015 оны 437 дугаар захирамжаар иргэн Э, О нарт тус бүр 700 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн. Эдгээр газрыг иргэн Н.Д-ид шилжүүлэхдээ газрын албаны эрх бүхий этгээдүүд нь холбогдох эрх бүхий этгээдийн буюу дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүй шилжүүлсэн. 2019 оны 296 дугаар захирамжаар Н.Д-ид холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө нь эзэмшиж байсан нэгж талбарын байршилд буцаасан.” гэж тус тус маргадаг.

ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийн 1 дэх заалтаар тус дүүргийн Засаг даргын 2012 оны А/235 дугаар захирамжаар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг чиглэлийн авто замын урд иргэн Г.Г-д 700 м.кв, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/437 дугаар захирамжаар 8 дугаар хороо, Тайнь задгайд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Л.Э, Б.О нарт тус бүр 700 м.кв газрыг эзэмших эрх олгосныг дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар иргэн Н.Д-ид шилжүүлэхдээ Газрын алба эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн гэх үндэслэлээр анхны зөвшөөрөгдсөн нэгж талбартай байршилд иргэн Н.Д-ид эрх шилжүүлж, 2 дахь заалтаар захирамжийн дагуу газрын мэдээллийн санд анхны зөвшөөрөгдсөн 18632299356495, 18632300616207, 18632300645220 дугаарууд бүхий нэгж талбаруудыг сэргээн байршуулж иргэн Н.Д-ийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнд өөрчлөлт оруулж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгож, 3 дахь заалтаар уг захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.

Маргааны үйл баримтаас үзэхэд Б.О, Л.Э нарт ХУД ЗД-ын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/437 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнь задгайд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Харин Г.Г-д ХУД ЗД-ын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/235 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Иргэн Л.Э-т 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгосон газар эзэмших гэрчилгээнээс үзэхэд анх Л.Э нь 18632300616207 нэгж талбар бүхий газрыг эзэмшиж байсан, Б.От 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгосон газар эзэмших гэрчилгээнээс үзэхэд анх Б.О нь 18632300645220 нэгж талбар бүхий газрыг эзэмшиж байжээ.

Иргэн Г.Г-д 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгосон газар эзэмших гэрчилгээнээс үзэхэд анх Г.Г нь 8025/5153 нэгж талбар бүхий газрыг эзэмшиж байсан бөгөөд шүүхээс уг нэгж талбарын дугаараар хайлт хийлгэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар руу албан бичиг хүргүүлэхэд “... уг дугаараар Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээллээс хайлт хийх боломжгүй байдаг тул солбицлын утга болон нэгж талбарын /10 болон 14 цифрээс бүрдэх/ дугаарыг ирүүлсэн тохиолдолд нотлох баримт гаргаж өгөх боломжтой” гэх хариуг ирүүлсний дараагаар шүүхээс боломжит 1781110186 нэгж талбарын дугаараар дахин тодруулахад “... 2020 оны 05 дугаар сарын зурган мэдээллээс Г.Г-гийн гэх нэгж талбарын 1781110186  дугаараар хайлт хийж үзэхэд эрх зүйн харилцаа үүссэн газар бүртгэлгүй байна.” гэх хариуг ирүүлсэн.

Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2/1452 тоот албан бичгээр “... 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн архивын зурган мэдээлэлд 18632300616207, 18632300645220 нэгж талбарууд нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бөгөөд дүүргийн Засаг даргын 2015 оны А/437 тоот захирамж болон регистрийн ХЙ580915.., ХЙ530328.. дугаартай иргэдийн бүртгэлд байна.

2020 оны 05 дугаар сарын Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээллээс үзэхэд дүүргийн Засаг даргын 2019 оны А/152  тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг үндэслэн тухайн нэгж талбаруудын байршлыг өөрчилсөн бөгөөд иргэн Н.Д-ийн нэрээр бүртгэсэн байна.

Дээрх нэгж талбаруудыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагч О.Г засварыг хийсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн газар зохион байгуулагч Т.Э баталгаажуулсан байна.” гэх хариуг ирүүлсэн.

Шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагч О.Г-Э ийг гэрчээр асууж дээрх асуудлуудыг тодруулахад “...Н.Д гэх хүнийг танихгүй, 12 дугаар сард тухайн үед ажиллаж байсан Д.Г дарга шалгуулаад ямар нэгэн давхцал байгаагүй болохоор зураг дээр өөрчлөлт оруул гэсэн үүрэг өгсний дагуу би шилжүүлсэн. Ямар нэгэн хүсэлт ирсэн байсныг хараагүй, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан, Н.Д-ид газар эзэмших эрх шилжих үед ажлаа хийгээгүй байсан, Н.Д-ид газар шилжихээс өмнө газрын байршил өөрчлөгдсөн байсан” гэх тайлбарыг хийсэн.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ХУД ЗД-ын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Г.Г, Б.О, Л.Э нарын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг Н.Д-ид шилжүүлсэн байна.

Хэдийгээр талуудаас дээрх А/152 дугаар захирамжтай холбогдуулж маргаагүй боловч гэрч Л.Э-ийн “...манай эхнэр Б.О Америкийн Нэгдсэн Улсад байгаа, бид 2 газраа зэрэгцүүлээд авсан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа газрын гэрээ гэрчилгээгээ олохгүй байгаа, алга болгосон гэж өргөдөл өгөөгүй, газраа хэн нэгэнд зараагүй, зар өгч байгаагүй, бусдад шилжүүлээгүй, газрынхаа байршлыг өөрчлөх хүсэлт гаргаж байгаагүй, Н.Д, Б.М гэх хүнийг танихгүй, бидний эзэмшилд байсан газар хэвээрээ байгаа гэж ойлгож байгаа, анх газар авахдаа өөрөө өргөдлөө гараараа бичиж өгч байсан, миний бичсэн өргөдөл биш байна” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болгосноор маргааны гол үндэслэл болж буй эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр газрын байршлуудыг шилжүүлэн Архивын ерөнхий газрын замын эсрэг талд байршуулж, эрх шилжүүлсэн байгаа нь холбогдох хууль дүрмийг зөрчсөн гэх асуудал зөвтгөгдөхгүй юм.

Харин ХУД ЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/1681 тоот “... дүүргийн Засаг даргын 2015 оны А/437 дугаар захирамжаар иргэн Б.О, Л.Э нарт 8 дугаар хороо Нисэхийн шалган бүртгэх товчооны авто замын урд талд, 2012 оны А/235 дугаар захирамжаар иргэн Г.Г-д Цөмийн энергийн газрын баруун талд тус бүрт 700 м.кв талбай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх иргэдийн эзэмшил газар нь иргэн Н.Д-ид эрх шилжүүлэх шийдвэр гарахаас өмнө байршил өөрчлөн Архивын ерөнхий газрын замын эсрэг талд байршуулсан байна” гэх албан бичиг, гэрч О.Г-ийн “12 дугаар сард тухайн үед ажиллаж байсан Д.Г дарга шалгуулаад зураг дээр өөрчлөлт оруул гэсэн үүрэг өгсний дагуу би шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Ггийн “... миний эзэмшлийн газар нисэхийн товчооноос баруун урагшаа уулын ард, төв замаасаа нэлээн зайтай байдаг, Н.Д, Б.М нарыг танихгүй, газрын албанд газрын байршлаа өөрчлөх хүсэлт гаргаж байгаагүй, тухайн үед өмчлөлийн мэргэжилтнээр ажиллаж байсан н.Б-т гэрчилгээ, кадастрын зургаа өгөөд 7 сая төгрөгөөр зарсан, тэр байршилдаа газраа зарж байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Газрын алба эрх бүхий этгээдийн буюу Засаг даргын зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн, бид Н.Д-ийг буруутгаагүй, Д.Г дарга энэ асуудлаас болж ажлаасаа халагдсан” гэх тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд хариуцагчийн өөрт хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, газар олгох, шилжүүлэхтэй холбоотой асуудлыг тухай бүр нь нягтлан шалгаж, хууль журмын дагуу шийдвэрлээгүй буруутай үйл ажиллагаа тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...анх Н.Д-ид эрх олгохдоо энэ нөхцөл байдлаа шалгахгүй яасан юм бэ. Шалгахгүйгээр олгосон асуудалд иргэний буруутай үйл ажиллагаа байхгүй юм. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааг өөрсдөө хариуцах ёстой” гэх тайлбар үндэслэлтэй.

Тодруулбал, тухайн шатны Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар талуудын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авч, 38.3-т зааснаар шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэрэг бусад шаардлагатай асуудлуудыг тодруулсны үндсэн дээр 38.4-т зааснаар ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болохоор хуулийн зохицуулалттай байна.

Гэтэл бодит байдалд дээрх хуулийн заалт хэрэгжээгүй буруутай үйл ажиллагааг хариуцагч маргаан бүхий А/296 дугаар захирамжаараа зөвтгөхөөр шийдвэрлэсэн боловч захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлээгүй нь маргааныг үүсгэх гол шалтгаан болсон байна.

Түүнчлэн маргаан бүхий А/296 дугаар захирамжийг “...А/152 дугаар захирамжаар иргэн Н.Д-ид шилжүүлэхдээ Газрын алба эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн” гэх үндэслэлээр гаргасан боловч энэ нь ХУД ЗД-ын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16/1681 тоот албан бичгийн агуулгын хувьд зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй, Дээрх нэгж талбаруудыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч О.Г 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчилсний дараагаар буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Н.Д-ид маргаан бүхий газруудыг шилжүүлсэн байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.

Иймд хэргийн оролцогчдын тайлбар, дээр дурдсан үндэслэл болон бодит нөхцөл байдлыг үндэслэн ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаанд түдгэлзүүлж, уг асуудлыг нягтлан иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөгдөхөөргүй байдлаар холбогдох хууль, журамд нийцүүлэн дахин шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д тус тус заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийн биелэлтийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол ХУД ЗД-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй.

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН