Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт Д.Д-д холбогдох эрүүгийн 2134002500444 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг Төмөрбулаг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр хүүхдийн хамт Төв аймаг Борнуур  сумын Мандал 2 дугаар багийн “Тээг” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай, О овогт Д.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байрлах “Сэлба хүнс” ХХК-ийн хашаанд ногоочин Б.Сувдцэцэгтэй “их зэрлэг талбай хувиарлан өгсөн” гэх шалтгаанаар муудалцан зодолдож улмаар Б.Сувданцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт байрлах “Сэлба хүнс” ХХК-ийн хашаанд ногоочин Б.Сувдцэцэгтэй “их зэрлэг талбай хувиарлан өгсөн” гэх шалтгаанаар муудалцан зодолдож улмаар Б.Сувданцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134002500444 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Б.Сувданцэцэгийн өгсөн: “Би 2018 онд Борнуур суманд гэр бүлийн хамт “Сэлфа хүнс” ХХК-д ажиллахаар ирсэн бөгөөд одоогоор тус компанид нөхрийн хамт ногоочин хийж ажиллаж амьдарч байна. 2021 оны 08 сарын 19-ний өдөр 14 цагийн орчим ажлаа хийж төмсний зэрлэг зулгааж байтал манай компанид цуг ажилладаг Д гэх эмэгтэй над дээр ирээд та надад их зэрлэгтэй илүү мөр өгсөн байна гээд та дандаа ингэж сорчилж хийдэг гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? адилхан хувааж авчихаад зэрлэгний өтгөн шингэн нь адилхан ш дээ гэж хэлсэн, тэгээд хэрэлдэж байгаад үгээр идээд байхаар нь би нэг удаа баруун гараараа Дгийн зүүн хацар луу алгадсан юм. Тэгсэн чинь чи намайг зодлоо гээд уурлаж байсан. Тэгэхээр нь би  гэрлүүгээ яваад гэртээ очоод байж байтал Д миний араас ирээд манай байшингийн цонхон дээр ирээд хэрүүл хийсэн. Тэгээд хэрэлдэж байтал Д гартаа барьж явсан гар утсаараа миний толгой руу 1-2 удаа цохисон юм. Тэгэхээр нь миний уур хүрээд араас нь гараад хэрүүлээ хийж байтал Д миний үснээс зулгааж байгаад миний зүүн шанааг хумсаараа маажсан юм. Тэгэхээр нь би гэр лүүгээ орсон. ... Тухайн үед миний хацар, шанааг маажсан, баруун гуян дээр хөхрөлт үүссэн байсан. Одоо гуя зүгээр болсон, зүүн хацар дээр хоёр газар маажсан ул мөр нь арилаагүй үлдсэн. Би одоог хүртэл сорвины тос түрхэж байгаа” гэх мэдүүлэг/хх-09-10 тал/,

           

            Гэрч Г.Батчимэгийн өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төмсний зэрлэг түүх ажил хийхээр Сувданцэцэг, Д нарын хамт түүх талбайгаа хувааж аваад ажиллаж эхэлсэн. Тэгтэл Д, Сувданцэцэг эгч надад илүү мөр өгсөн байна гээд уурлаад Сувданцэцэгт хэлтэл цаадах нь бас уурлаад адилхан хувиарлаж байхад юу гээд байгаан гээд гэнэт Дг алгадаад авсан юм. Тэгээд тэр хоёр барилцалдаад авсан бие биенээ ганц нэг цохисон байхаа би хэн нь хэнийгээ хэдэн удаа цохисоныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би тэр хоёрыг салгаад явцгаа битгий муудалцаад байцгаа гээд гэр гэр лүү нь явуулсан. Тэгээд тэр хоёрыг явуулчихаад би гэртээ орчихоод гараад иртэл нөгөө 2 маань барилцаад авчихсан, үс үснээсээ зулгаацалдаад байж байсан, тэгсэн чинь Дгийн нөхөр Ганбат гэрээсээ гарч ирсэнээ наад хоёроо орхио өөрсдөө учраа олог ээ гэчихээд ажил руугаа яваад өгсөн юм. Тэгэхээр нь би гэртээ буцаж ороод нээх их удалгүй гараад иртэл Д, Сувданцэцэг 2 салаад гэр гэртээ орчихсон байсан. Өөр юм болоогүй. Тухайн үед би цуг байсан. Тэр хоёр зэрлэг зулгаах газраасаа болж муудалцсан юм. Намайг ажилд орсноос хойш лав ингэж муудаж байгаагүй” гэх мэдүүлэг/хх-18-19 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 759 дугаартай “1.2. Б.Сувданцэцэгийн биед дух, зүүн хацар, шанаанд зулгаралт, зүүн гуянд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 5.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 345 тоот дүгнэлт үндэслэлгүй байна”гэх дүгнэлт/хх-23 тал/,

            Б.Сувданцэцэгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-01 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-24 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч Д.Д гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сувданцэцэгийг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Д.Д нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Төв аймаг Борнуур суманд ам бүл 6 нөхөр хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 35 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Б.Сувданцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-09 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2134002500444 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О овогт Д. Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ