Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2016/03646

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 25 өдөр

      Дугаар 101/ШШ2016/03646

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... хаягт байрлах, Ш-нд холбогдох

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.М миний бие нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ... тоот шийдвэрээр 57,402,750 төгрөгийг Ю ББСБ-д төлөхөөр шийдвэрлэгдсэн юм.

Дээрхи шүүхийн шийдвэрийн дагуу миний өмчлөлийн ... м.кв орон сууцаа бид 180,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад Ш нь бидний үнэлсэн үнэлгээний 50 хувь буюу 90,000,000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдэгдлийг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авлаа.

Би дээрхи үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манай үл хөдлөх хөрөнгө болох орон сууц нь хотын төвд, төв зам дагуу Энхтайваны өргөн чөлөөнд “А” зэрэглэлийн бүсэд оршдог тул үнэлгээ харьцангуй өндөр байдаг болно.

Манай дээрхи үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад маш их гомдолтой байна.

Иймд Ш-наас дээрхи үл хөдлөх хөрөнгө буюу ... м.кв орон сууцыг 9,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж хөндлөнгийн шинжээч томилуулж үнэлүүлж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... тоот шийдвэрээр Б.М-аас 57,402,750 төгрөгийг гаргуулан Ю ББСБ-д олгохоор болсон.

Шүүхийн шийдвэрийн дагуу Ш нь М-ын эзэмшлийн ... м.кв талбайтай орон сууцыг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан.

Гэтэл Ш нь өөрсдийнх нь үнэлсэн үнэлгээг 50 хувиар бууруулж 90,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч Б.М-т 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардуулан өгсөн байдаг.

Б.М нь энэ үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг байр бол Улаанбаатар хотын төвд байдаг А зэрэглэлийн бүсэд оршдог үнэлгээ харьцангуй өндөр байдаг учраас үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байгаа.

Ийм учраас Ш-ны байрыг 90,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ш-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... тоот шийдвэрээр Б.М-аас 57,402,750 төгрөгийг гаргуулан Ю ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байх тул ... м.кв орон сууцыг битүүмжлэн төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авахад өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг 180,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.

Уг үнэлгээг төлбөр авагч тал зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрвээ тогтоогоогүй бол зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтооно гэснийг дагуу талуудын төлбөр төлөгч, төлбөр авагч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 180,000,000 төгрөгийн 70 хувь буюу 126,000,000 төгрөгөөр 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч үнийн санал ирээгүй.

Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д “2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон эсвэл үнэлгээчиний тогтоосон зах зээлийн үнийг 50 хувиар тооцож тогтооно” гэж заасны дагуу өмчлөгч, төлөгч, төлбөр авагч нарын харилцан тохиролцсон 180,000,000 төгрөгийн 50 хувь болох 90,000,000 төгрөгөөр 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн.

Гэвч өмчлөгч Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээтэй холбоотой гомдол гаргаснаар уг хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн .... тоот тогтоолуудаар  тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал үүнийг дахин нотлохгүй.

Зохигч ба хэргийн оролцогч тэдгээрийн эрх залгамжлах шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн учраас шийдвэрлэгдсэн маргааны тухай шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан байдагыг үндэслэн тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д заасны дагуу нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт зохигчдын гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон арбитрын шүүх эсвэл нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, захирамж байгаа бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэсэн хүсэлттэй байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ш-нд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ... дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн ... дугаар магадлалаар зээлийн төлбөрт 57,402,750 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 442,750 төгрөг нийт 57,402,750 төгрөгийг иргэн Б.М-аас гаргуулж, Ю ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс .... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

            Ш нь 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164/01 тоот тогтоолоор барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 164/02 тоот тогтоолоор Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай ..... м.кв талбайтай орон сууцыг тэмдэглэл үйлдэж хураан авсан байна. /хх-ийн 27, 28, 29, 30 х/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцно...” гэж заажээ.

 

Шнд төлбөр авагч Ю ХХК болон төлбөр төлөгч Б.М түүний хамтран өмчлөгч О.Б нар нь 2015 оны 3 дугаар сарын 01, 2015 оны 3 дугаар сарын 31, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрүүдэд үнийн саналаа ирүүлжээ. /хх-ийн 33, 58, 59 х/

 

Талууд: Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай ..... м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн 180,000,000 төгрөгийн 70 хувь болох 126,000,000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа харилцан тохиролцсон ба төлбөр авагч Ю ХХК нь үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ш нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4/61  тоот тогтоолоор 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт  анхны дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, 2015 оны 4 дүгээр сарын 13-нд төлбөр төлөгч Б.М-т мэдэгдэх хуудсыг гардуулж, тэмдэглэл үйлдэжээ. /хх-ийн 37, 38 х/

 

Ш нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр  Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, .... м.кв талбайтай орон сууцыг анхны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй байна. /хх-ийн 39-40 х/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна...” гэж зааснаар 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5/63 тоот тогтоолоор 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, хоёр дахь албадан дуудлага худалдааны 3/16489 дугаартай мэдэгдлийг 2015 оны 5 дугаар сарын 08-нд төлбөр төлөгчид гардуулж, тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 43 х/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, ...үнийн 50 хувиар тооцон тогтооно”  гэж заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5/63 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудаар төлбөр төлөгч Б.М-ын  Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, .... м.кв талбайтай орон сууцыг 180,000.000 төгрөгийн 50 хувь буюу 90,000,000 төгрөгөөр үнэлж, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл төлбөр төлөгч Б.М-ын байрны хамтран өмчлөгч болох Т.Б нь Ш-нд холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд эд хөрөнгийн үнэлгээ болон байрны албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж тус шүүх ..... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 45-46 х/

 

Нэхэмжлэгч Т.Б нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн .... дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 47-49 х/

 

Мөн Т.Б нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ...... дугаартай магадлалд хяналтын гомдол гаргаж, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны ..... дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн ..... дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 50-51 х/

 

Ш нь Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны ..... дугаар тогтоол гарсны дараа буюу дахин 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/6 тоот Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор төлбөр төлөгч Б.М-ын Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, ..... м.кв талбайтай орон сууцыг 180,000.000 төгрөгийн 50 хувь буюу 90,000,000 төгрөгөөр үнэлж, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар хоёр дахь албадан дуудлага худалдааны 3/1097 дугаартай мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 13-нд төлбөр төлөгчид гардуулж, тэмдэглэл үйлджээ. /хх-ийн 52, 53, 54 х/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Б.М-ын Ш-нд холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг  гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож үнэлгээг тогтоосон байх тул 00000000000 дугаартай ..... м.кв талбайтай орон сууцны үнэлгээг шүүхээс шинжээч томилж тогтоох боломжгүй юм.

 

Тус шүүхийн шүүгчийн ..... дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                               

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар Ш-нд холбогдох Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Тус шүүхийн шүүгчийн .... дугаартай шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                          Х.ДАШДЭЧМАА