Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
Хэргийн индекс | 162/2022/0009/Э |
Дугаар | 2022/ШЦТ/017 |
Огноо | 2022-01-27 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Б.Бат-Оргил,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Нарийн бичгийн дарга Г.Чингүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумын 3 дугаар баг тоотод оршин суух тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарын цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч, амбаар дотор байсан 3 шуудай цементийг учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн машин механизм болох БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн 45.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн өдөртөө үргэлжилсэн үйлдлээр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч, гэр дотор нь байсан 42 инчийн РАVV маркийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би эхнэр хүүхэдтэйгээ хамт Улаанбаатар хотод байсан чинь манай хажуу талын айлын хүүхэн манай эхнэр лүү яриад “танай гэрт хулгай ороод зурагтыг чинь авсан байна” гэж ярьсан. Тэгээд дүү рүү яриад гэртээ очуулаад Цагдаагийн байгууллагад хандуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр ганцаараа Улаанбаатар хотоос ******* аймагт ирээд 3- тоотод байх гэрээ засаж гялгар цаас нэмж барихдаа өөрийн охин нөхөртэй нь хамт дуудаж гэрээ барилцсан. Тэгээд би Улаанбаатар хот руу явсан..., ...Зурагтаас өөр манай амбаарт байсан 3 уут цемент алга болсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 107-108/,
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед манай эгч утсаар яриад “******* сумын 3-30-7 тоотод байх манай гэрийн хаалганы цоожийг цохиод гэрт хулгайч орсон байна очоод үзээдэхээ” гэж хэлсэн. Тэгээд би очтол цоожийг цохиж хаалгыг онгойлгосон бололтой хажуу талын айл нь доод цүүнд нь монгол цоожоор түгжсэн байсан. Тэгээд гэрт нь ороход гэрийн хойд тавилга дээр байсан 55 инчийн зурагт байхгүй байсан. Манай эгч Улаанбаатар хотод байгаа сүүлийн 25 хоногийн хугацаанд эзэнгүй байсан юм. Манай эгч рүү өглөө хажуу талынх нь айлын хүүхэн утсаар залгаад “танай гэрт хулгайч орсон бололтой байна цоожийг чинь цохисон байна” гэж ярьсны дараа над руу ярьсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед манай хажуу талын айлын хүүхэн утсаар яриад “танай гэрийн цоожийг чинь цохисон байна” гэсэн. Манай гэр 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эзэнгүй байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 10-ны дотор манай нөхөр Улаанбаатар хотоос ирээд 3-4 хоноод буцаад Улаанбаатар хот руу явсан. Манай алдсан зурагт 55 инчийн PAVV гэсэн бичигтэй хар өнгийн зурагт байгаа. Манай нөхөр 2021 оны 09 дүгээр сард гэрээ засаж барихдаа өргүүлсэн охиноо нөхөртэй нь хамт засаж барьсан. Тэгсэн хэд хоногийн дараа тэр нөхөр нь ирээд явсан талаар хажуу айлын хүүхэн ярьсан..., ...Манай амбаараас 3 уут цемент л алга болсон байна лээ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 128/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 09 дүгээр сард үл таних залуугаас РА\Л/ гэсэн бичигтэй хар өнгөтэй 42 инчийн зурагтыг “авчих” гээд гуйгаад байхаар нь 35.000 билүү 45.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Арвижих дэлгүүрийн АТМ-ээс бэлэн мөнгө авч өгсөн. Тухайн залууг би танихгүй. Царайг нь харвал танина. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай ажил дээр ирсэн залуу байсан. Нэрийг нь ******* гэсэн. Тухайн зурагтыг авч янзлаад үл таних эмэгтэй хүнд зарсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...Манайх 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хашаанд байх грашиндаа барилгын ажил хийж байхдаа “хажуу айлын цоожийг эвдэрсэн байх шиг байна” гэхээр нь би гэх хүн рүү утсаар залгаад “танай гэрийн цоож эвдэрсэн юм шиг байна” гэхэд намайг “ороод үзчих” гэсэн. Тэгээд гэр лүү нь ороход цоож нь зүүлттэй онгорхой байсан. Гэрт нь ороход гэрийн хойд тавилга дээр байсан зурагт нь байхгүй байсныг утсаар хэлсэн. Хажуу айлын гэдэг хүн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос ирээд гэрээ хүүхдүүдтэйгээ засаж барьсан. Тэрнээс хойш 1-2 хоногийн дараа мотоцикл уусан нэг хүүхэдтэй залуу ирээд хашаан дотор нь яваад гэр, амбаар луу нь орж гараад явахдаа мотоциклдоо юм баглаад байсан. Тэрнээс өөр ямар нэгэн хүн ирэхийг нь мэдээгүй. Манай хажуу айлын хүмүүс ******* аймагт ирэхээр нь “танайхаар мотоциклтой хүүхэд дагуулсан залуу ирээд явсан” гэхэд “манай хүргэн байна” гэх зүйл ярьсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2021 оны 09 дүгээр сард хашаандаа граш барьж байхад манай ах над руу залгаад “нэг хүн цемент хямдхан зарах гэж байна. 1 шуудайг нь 10.000 төгрөгөөр” гэхээр нь би тэр хүнтэй нь утсаар ярихад “5 шуудай байгаа гэхдээ 3 шуудайг нь зарна” гэхээр нь “авъя” гээд дансыг нь асуутал “данс байхгүй” гээд үзүүрийн Гурван мандал дэлгүүрийн дансыг өгөөд 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд манай ахын хашаанд цемент байж байгаад би дараа нь очиж авсан. Тухайн хүн ярихдаа “мотоциклтой явж байна буулгачихъя” гэхээр нь “тэг” гээд ахын хашаанд буулгасан. Би өөрийн данснаас 30.000 төгрөг шилжүүлсэн. Тухайлбал 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэсэн данс руу бат гэсэн утгатай 30.000 төгрөг шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...2021 оны 08 дугаар сарын сүүлээр байхаа аав *******ын хамт мотоциклтой нэг айлын хашаанд орж амбаарын хаалганы цоожийг төмөр ашиглаж эвдээд амбаар дотроос 3 шуудай цементийг ачаад айлын үүдэнд очоод нэг айлын хүн гарч ирээд уг 3 шуудай цементийг зарж өгсөн. Би хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг мэдээгүй. Тэгээд цементээ зараад аав намайг гэрт буулгаад мотоциклоо үлдээгээд ганцаараа яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...2021 оны 09 дүгээр сарын эхэн үеэр шиг санаж байна одоо өдрийг нь санахгүй байна. Намайг гэрийнхээ гудамжинд явж байсан чинь тэр ******* мотоциклтой явж байгаад надтай тааралдаад “хөдөө явах гэсэн ахаа бензиний мөнгө хэрэг байна та 3 уут цемент 30.000 төгрөгөөр аваадхаач” гэхээр нь би “тэгье тэгье авъя” гэж хэлсэн. Тэгээд нэлээд байж байгаад ******* манай гэрт мотоцикл дээрээ хүүхдээ суулгачихсан 3 уут цемент аччихсан хүрээд ирсэн. Тэгээд 3 уут цементээ манай гэрт буулгачхаад мөнгийг нь өгөх гэсэн чинь надад мөнгө байгаагүй. Тэгээд би хамаатны дүү рүү залгаад мобайл банкаар нь мөнгө шилжүүлэх гэсэн чинь *******д данс байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр хамт яваад Гурван мандал нэртэй дэлгүүр дээр очоод миний таньдаг гэдэг худалдагчтай би уулзаад тэр хүний дансны дугаарыг нь аваад дүүдээ өгөөд тэр данс руу нь 30.000 төгрөг шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 119-120/,
Гэрч П.гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* манай дэлгүүрт орж ирсэн. Тэгээд ******* гэдэг залуу “эгч ээ данс руу чинь мөнгө шилжүүлээд танай дэлгүүрээс юм худалдаж авъя” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн юм. Тэгээд данс руу 30.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд тэр залуу 7.000 төгрөгөөр Нутаг нэртэй 0,75 граммын хэмжээтэй нэг шил архи аваад үлдэгдэл 23.000 төгрөгийг нь бэлэн мөнгөөр нь хариулж аваад гараад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 124/,
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би гэрээсээ гарч яваад манай эхнэрийн аав ын амбаараас нь 3 уут цемент авсан. Тэгээд тэрийгээ хүнд зарсан. Тэгээд дараа нь гэрт нь орж зурагтыг нь аваад зурагт засварын газарт 35.000 төгрөгөөр зарсан. 2021 оны 09 дүгээр сарын эхээр л байсан. Би яг өдрийг нь санахгүй байна. Би зурагтыг нь авахдаа ганцаараа явсан. Цементийг нь авахдаа өөрийн 4 дүгээр ангийн хүүхэдтэйгээ хамт явсан. Би тэр үед өөрийнхөө эзэмшлийн шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор явж байсан. Би тэр үед хашаанд байсан нэг төмрөөр хаалгыг нь хөшиж онгойлгоод орсон. Би 3 уут цемент, зурагт зэргийг зарсан мөнгийг үрээд дуусгасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/,
Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 319 дугаартай “...42 инчийн РАVV маркийн LCD зурагт 1 ширхэг эд зүйлийн нийт үнэ цэнэ 500.000 /таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 134-р тал/,
Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 329 дугаартай “...Цемент 5 ширхэг эд зүйлийн нийт үнэ цэнэ 75.000 /далан таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 143/,
Нарын мэргэжлийн эмч нарын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар ... яллагдагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан өвчний түүх байхгүй байна. ******* нь урьд сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан түүх байхгүй. Яллагдагч ******* нь сэтгэцийн эмчид 2021 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр үзүүлж гэмтлийн гаралтай тархины эмгэгшил байж магадгүй гэсэн онош тавигдсан боловч түүнийг бүрэн оношлох техникийн болон бусад шинжилгээ хийж онош баталгаажаагүй байна. 2021 оны 12 дугаар сарын 08-нд тархины цахилгаан бичлэгт эмгэг өөрчлөлт илрээгүй байна. Яллагдагч ******* нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай. Яллагдагч ******* нь сэтгэл мэдрэлийн өвчний улмаас хэрэг хариуцах чадвартай тул түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно...гэсэн дүгнэлт /хх-ийн 157/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-93/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 99-100/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 101-103/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 78-84/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумын 3 дугаар баг тоотод оршин суух тусгайлан хамгаалсан байр, агуулах болох амбаарын цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч, амбаар дотор байсан 3 шуудай цементийг учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн машин механизм болох БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн 45.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөртөө үргэлжилсэн үйлдлээр ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмрөөр хөшиж онгойлгон нэвтэрч, гэр дотор нь байсан 42 инчийн РАVV маркийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б., гэрч , Н., , , Г., , П., насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******д мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Энх-Нахиа ХХК-ний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 319 дугаар эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, ******* аймгийн прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч Б. нь шүүгдэгч *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хавтаст хэргийн 108 дугаар талд авагдсан мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Мустанг маркийн мотоциклын үнэ 70.000 төгрөгийг шүүгдэгч *******аас хураан авч улсын орлого болгож, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шар өнгийн модон ор нэг ширхгийг шүүгдэгч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 39 см урт, 1 см өргөнтэй төмрийг устгаж шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлэн тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 39 см урт, 1 см өргөнтэй төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Мустанг маркийн мотоциклын үнэлгээ 70.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шар өнгийн модон ор нэг ширхгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА