Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/305

 

       2022          03          11                                   2022/ШЦТ/305

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э,

шүүгдэгч: У.А, У.Э нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос У.А, У.Э нарыг бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн У.А, У.Э нарт холбогдох эрүүгийн 2108026990000 тоот хэргийг 2022.02.25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “У” ХХК-д ажилтан, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 0-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Боржигон овогт Уын Э,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Х” ХХК-д оператор ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Бээсүүд овогт Уын А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” цайны газрын үүдэнд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд шүүгдэгч У.Э нь иргэн Г.Гтой тодорхой шалтгаангүйгээр маргалдан, хэрүүл зодоон үүсгэсэн, шүүгдэгч У.А нь дүү У.Эыг өмөөрөн Г.Гыг зодсоны улмаас Г.Гын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь  дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 48 минутад дээгүүрээ хар өнгийн хүрэм өмссөн, хар саравчтай малгайтай, цэнхэр жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүз өмссөн 30-35 орчим насны 165-170 орчим өндөртэй эрэгтэй хүн хохирогч Г.Гыг баруун гараараа толгой тус газарт 1 удаа цохиод хойшоо болж байв. 17 цаг 49 минутад замын хажууд явж байсан 30- 35 орчим насны дээгүүрээ хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай махлагдуу биетэй эмэгтэй, 30-35 орчим насны дээгүүрээ улбар шар эрээн куртиктэй, цагаан саравчтай малгайтай, саарал өнгийн өмдтэй, хар алаг пүүзтэй эрэгтэй хүмүүс нийлж хохирогчийг цохиж байх ба 17 цаг 49 минут 41 секундэд хохирогчийг газар унагааж өшиглөж байх ба цагаан алаг бэлтгэлийн хувцастай эрэгтэй хохирогчийн нүүр рүү өшиглөж байх ба хохирогч Г.Гыг цагаан хар саравчтай малгайтай, цагаан хар цамцтай, саарал бэлтгэлийн өмдтэй саарал өнгийн пүүзтэй эрэгтэй хүн олон удаа цохиж байгаа бичлэг байна. Хохирогч босоод ертөнцийн зүгээр зүүн тийш гүйгээд явж байх ба сэжигтэй 2 этгээд араас нь гүйгээд явж байгаа бичлэг байна.” гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-13/,

- Хохирогч Г.Гын “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед “А” цайны газрын үүдэнд зогсож байх үед нэг согтуу залуу ирээд надаас юм асуугаад байсан. Тухайн үед би бага зэрэг архи уусан байсан ба юу асуусан талаар сайн санахгүй байна. Юм асуухаар нь “мэдэхгүй,  яв цаашаа” гэсэн чинь хар цамцтай 30-35 орчим насны залуу шууд намайг цохисон ба би өөрийгөө хамгаалах гээд зөрүүлээд цохисон. Гэтэл цаанаас нь дахиад 1 эрэгтэй, 1 эмэгтэй ирээд нийлээд намайг зодсон. Тэд нартай зодолдож байх үед миний өөрийн Самсунг А-8 маркийн гар утас алга болсон. Би ганцаараа дийлэхгүй болоод цаашаа зугтаад явсан ба тэр хоёр залуу миний араас хөөж ирээд дахиад намайг зодсон. Тэр хоёр залууг Баянхошууны эцэс дээр гэр нь байдаг Анхууш, Энхүүш гэх нэртэй ах дүү хоёр гэж сонссон. Нөгөө 2 залуугийн аав гэх 50-60 орчим насны ах ирээд бэлнээр 280000 төгрөг, Самсунг А-6 маркийн гар утас өгөөд явсан. Тухайн үед миний зүүн нүд хавдсан байсан ба баруун нүдний хэсэгт мөн бага зэрэг хавдсан байсан. Зүүн талын хавирга гэмтсэн байсан ба гүнзгий амьсгал авч чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх 17-18/,

- Гэрч Д.Тийн “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянхошууны эцэс дээр буугаад “А” нэртэй цайны газрын үүдэнд зогсож байсан цагаан куртик өмссөн хүнээс юм асууна гээд У.Э түрүүлээд явсан. Би нөхрийн хамт араас нь явж байсан ба У.Э түрүүлж очоод бараан хувцастай хүнийг цохиод байсан. Нөгөө хүн нь эсэргүүцээд тэр 2 хоорондоо зодолдоод эхэлсэн. Манай нөхөр мөн зодолдох гээд байхаар нь би нөхрөө хориод дийлээгүй ба зодооныг салгах гээд уг хүнийг цохисон. Манай нөхөр дүүгээ өмөөрөөд уг хүнийг цохисон. Ямар шалтгаанаар зодоон болсныг мэдэхгүй байна. Тэр танихгүй эрэгтэй хүн согтуу байсан ба манай нөхөр У.А, дүү У.Э 2 нэлээд согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9965 дугаартай “Г.Гын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт, баруун шанаа, хамар, зүүн хацар, хуруунд зулгаралт, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 39-41/,

- Яллагдагч У.Эын “2021 оны 10 дугаар сарын 14-ний ...орой У.А, Т нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Баянхошууны хуучин эцэс дээр автобуснаас буугаад байж байсан чинь Г.Г гэх зүс таних ахтай таарсан. Тухайн үед Г.Г бид хоёр хоёулаа архи уучихсан согтуу байсан юунаас болж хоорондоо маргалдсаныг мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр зодолдоод унасан,  тэгсэн хажуугаас манай ах У.А орж ирээд бас цохиж авсан, би хаашаа нь яаж цохисныг мэдэхгүй байна, бид нар нэлээн согтуу байсан юм. Тэгээд бид нар яваад өгсөн юм. Би Г.Гын шанаа хэсэг рүү гараараа цохиж авсан яг аль хэсэг рүү нь хэдэн удаа яаж цохисныг мэдэхгүй байна. Манай ах У.А намайг өмөөрөөд Г.Гыг өшиглөж цохиж зодоод байсан” гэх мэдүүлэг /хх 120-121/,

- Яллагдагч У.Аын “...зүс таних Г.Г гэх залуу манай дүү У.Этай муудалцаад цохиод байхаар нь би дүүгээ өмөөрөөд Г.Гыг цохиж авсан юм. Тэрнээс цаашаа би сайн хэлж мэдэхгүй байна. Манай дүү У.Э Г.Гыг цохиж зодсон гэхдээ хаана нь юугаар цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан юм. Би цохихын хувьд бол цохисон. Гэхдээ яг хаашаа нь яаж цохисноо бол санахгүй байна,  нүүрэн тус газар нь цохиж байсан” гэх мэдүүлэг /хх 110-111/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч У.Э, У.А нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Э нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороооны нутаг дэвсгэрт байрлах “А” цайны газрын гадаа 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 49 минутын орчимд зүс таних Г.Гыг түрүүлж цохиж, харилцан зодолдсон, шүүгдэгч У.А нь дүү У.Эыг өмөөрч Г.Гыг мөн зодож цохисон болох нь дээр дурьдсан хохирогч Г.Гын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, гэрч Д.Тийн мэдүүлэг, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9965 дугаартай дүгнэлт болон яллагдагч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Э, хохирогч Г.Г нарын хэн аль нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсны улмаас маргаан, зодоон үүссэн шалтгаанаа хэлж мэдэхгүй байгаа талаараа мэдүүлсэн болно.

Шүүгдэгч У.Э, У.А нар нь гудамж талбайд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан үл ялиг зүйлээр шалтаглан танхайрч, зүс таних хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж зодож цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн зарим шинжийг агуулж байна. Гэвч гэрч Д.Т, яллагдагч У.Э нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг баримтаар шүүгдэгч У.А нь дүү У.Э, хохирогч Г.Г нар харилцан зодолдсоны дараа зодоонд оролцож, мөн хохирогчийг цохиж зодсон нь тогтоогдож байх ба тухайн үед шүүгдэгч У.Э, хохирогч Г.Г нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан хохирогчийн бие махбодид хүч хэрэглэн халдсан үйлдэл гаргасныг “бүлэглэн танхайрсан”-д тооцох үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У.Э, У.А нар нь хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зодож, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул У.Э, У.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Э, У.А нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Гын бие махбодид “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамарт цус хуралт, баруун шанаа, хамар, зүүн хацар, хуруунд зулгаралт, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Г.Г толгой болон цээжний зураг авхуулахад 270000 төгрөг болсон, мөн зодооны явцад түүний Самсунг-Эс8 маркийн гар утас алга болсны төлбөрийг У.Э, У.А нараас нэхэмжилсэн байна. /хх-17-18/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У.Э, У.А нар нь хохирогчид 280000 төгрөг бэлнээр, Самсунг А-60 маркийн гар утас хохирогчид хүлээлгэж өгсөн ба хохирогч Г.Г нь цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй /хх-21-22/ гэсэн тул шүүгдэгч У.Э, У.А нар нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч У.А нь урьд 4 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгэж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 167 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосон,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 871 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-67-69, 92-103/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч У.Э нь урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2 дугаар хэсгийн 126.2.5 дахь заалтад зааснаар 5 жил 10 хорих ялаар шийтгэж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн.

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар У.Эыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих хөнгөн ялыг, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих хүнд ялд нь багтааж, нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар тогтоож, 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, У.Э нь хорих ялыг биечлэн эдэлж байгаад 2014.01.24-нд хугацааны өмнө тэнсэн суллагдсан, тэнсэн сулласан хугацаа 2015.04.03-ны өдөр дууссан болох нь шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-70-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч У.А, У.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн шатнаас өмнө хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчаас “шүүгдэгч У.А, У.Э нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж тус тус оролцсон болно.

Дээрх нөхцөл байдал болон У.А, У.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  У.А, У.Э нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бээсүүд овогт Уын А, Боржигон овогт Уын Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бээсүүд овогт Уын А, Боржигон овогт Уын Э нарт тус бүр 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.Э, У.А нарт оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч У.Э, У.А нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 280000 төгрөг хүлээлгэн өгсөн ба  хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.Э, У.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Камерын бичлэг бүхий дискийг У.А, У.Э нарт холбогдох эрүүгийн 2108026990000 тоот хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг У.А, У.Э нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ