| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2016/01241/и |
| Дугаар | 101/ШШ2016/02746 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2016/02746
| 2016 оны 3 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2016/02746 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, С-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...тоотод оршин суух, Б.Э-д холбогдох
Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардал 189,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С-ны гүйцэтгэх захирал О.П, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С-ны гүйцэтгэх захирал О.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С-ны хариуцдаг дундын өмчлөлийн үйлчилгээний хөлсөө 2009 оны 4 сараас 2011 оны 6 сар хүртэл төлөөгүйд алданги тооцох буюу Иргэний хуулийн 246, 248 дугаар зүйлийн заалтууд зөрчигдөж байгаа тул 189,500 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн 6,335 төгрөгийн хамт хариуцагч Б.Э-эс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С-ны гүйцэтгэх захирал О.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Э нь 2009 оны 4 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацааны төлбөр 54,500 төгрөг, 2010 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацааны төлбөр 78,960 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын төлбөр 6,580 төгрөг, 2014 оны 10, 12 сарын төлбөр 20,160 төгрөг, нийт 160,200 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
С-ны төлбөрөөс цэвэрлэгчийн цалин, засвар үйлчилгээ, жижүүрийн хөлс зэргийг төлдөг. Шүүхэд анх 189,500 төгрөг гаргуулахаар нэхэмжил гаргасан боловч, хэрэгт өгсөн баримтынхаа хүрээнд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардалд 160,200 төгрөгийг Б.Э-эс гаргуулахаар нэхэмжилж байна.
2013 оноос хойшхи төлбөр дээр маргаан байхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар худалдан авагч нь сууцтай үүсэх үүргийг өөрөө хариуцна гэж заасан байдаг учраас энэ хүн өөрөө өртэй байр худалдаж авсан хариуцлагаа хүлээх ёстой” гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх энэ байрыг 2013 оны 10 дугаар сарын эхээр иргэн Б.О-аас худалдаж авсан бөгөөд түүний хамт Төрийн банкны Тээврийн товчооны салбар дээр очиж 2006 оноос хойш төлөгдөөгүй хуримтлагдсан байсан С-ны бүх төлбөрийн дутуу буюу 221,800 төгрөгийг банкнаас гаргаж өгсөн баримтын дагуу бүгдийг нь төлсөн.
Би энэ байрыг худалдаж авсан цагаасаа хойш С болон байрны мөнгийг бүгдийг нь сар, сард нь бүрэн төлөөд явж байгаа. Надаас энэ байрыг эзэмшээгүй байх хугацааны төлбөр буюу хүний өрийг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С нь хариуцагч Б.Э-эс дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 189,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 160,200 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа багасгасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэжээ.
С- нь 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 35 дугаартай гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлсэн ба О.Пг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 03 тоот тушаалаар томилсон байх тул шүүхэд тус С-г төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь ...хэсгийн халаат, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан ... зэрэг ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан.
С- нь хариуцагч Б.Э-эс дундын өмчлөлийн зүйлийн завсар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч Б.Э-ийг дундын өмчлөлийн зүйлийн завсар, үйлчилгээтэй холбогдсон зардал 2009 оны 4 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацааны төлбөр 54,500 төгрөг, 2010 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацааны төлбөр 78,960 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын төлбөр 6,580 төгрөг, нийт 160,200 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэгч нь тайлбарласан. Хариуцагч нь байрыг худалдаж авахаас өмнөх өр учраас төлөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 160,200 төгрөг гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2009 оны 4 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацааны төлбөр 54,500 төгрөг, 2010 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуустал хугацааны төлбөр 78,960 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын төлбөр 6,580 төгрөг, нийт 140,040 төгрөг болж /160,200-140,040=20,160 төгрөг/ байх тул уг шаардлагыг 140,040 төгрөг гэж зөвтгөх нь зүйтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “сууж худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаварыг бүрэн хариуцна”,
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж тус тус заасан учраас хариуцагч Б.Э нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан бөгөөд 2009 оны 4 дүгээр сараас 12 сарыг дуустал, 2010 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуустал, 2011 оны 11 дүгээр сарын С-ны дундын өмчлөлийн зүйлийн завсар, үйлчилгээтэй холбоотой харилцаанд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч Б.Э нь Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу дээрх хугацааны төлбөр 140,040 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн 2009 оны 4 дүгээр сараас 12 сарыг дуустал, 2010 оны 01 дүгээр сараас 12 сарыг дуустал, 2011 оны 11 дүгээр сарын С-ны дундын өмчлөлийн зүйлийн завсар, үйлчилгээтэй холбоотой зардалд 140,040 төгрөг гаргуулахыг хүссэн С--ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тус тус зааснаар Б.Э-эс 140,040 төгрөг гаргуулах тухай С-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА