Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/315

 

      2022          03          14                                   2022/ШЦТ/315

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Т.Р нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Рд холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.02.16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Их-Уул суманд 1997 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “O” ХХК-д хөрөө арам дээр туслах ажилтан ажилтай, ам бүл-1, Завхан аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг Баян-Ухаа 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Шандын 0-000-00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Адуучин овогт Тын Р нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 22-23 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 11-09 тоотод амьдрах иргэн М.Хын гэрт хамт ажилладаг Д.Мтай маргалдаж түүний нүүр рүү гараараа цохиж унаган толгой дээрээс нь дэвсэх зэргээр цохиж зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн байгууллагад иргэн Д.Мгаас гаргасан: “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зодуулсан” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-1/,

- Хохирогч Д.Мгийн: “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай ажил шинэ жилээ тэмдэглэсэн юм. Ингээд хамт ажилладаг Э /Хыг Э гэж дууддаг/ намайг манайд хоночих гэж хэлэхээр нь би Эгийн гэрт очсон. Эгийн гэрт сууж байхад 23 цагийн үед Т.Р орж ирсэн. Т.Ртэй ажлын талаар ярьж байхад намайг “чи муу энэ байгууллагын бас нэг дарга нь уу” гэж хэлээд миний нүүр рүү гараараа цохиж унагаагаад толгой дээрээс дэвсэж байхад Э болиулсан. Маргааш нь надаас Т.Р “намайг уучлаарай, согтуудаа зодсон байна. Эмнэлгийн байгууллагаар явж явна гэж хэлсэн. Намайг яагаад зодсоныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /х.х-6/,

- Гэрч М.Хын: “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн үед Д.Мг гэрт нь хүргэж өгөх гэтэл эхнэр уурлаад хөөхөөр нь би гэртээ хонуулах гээд авч явсан. Өдөр нь Т.Р “ах би танай гэрт очиж хононо шүү гэж хэлсэн” байсан. Тэгээд 22 цагийн үед Т.Р ирсэн. Т.Р, Д.М нар гал тогооны өрөөнд суугаад шинэ жилийн талаар юм яриад байж байсан. Би том өрөөнд тэр хоёрт ор засаж өгөх гээд байж байхад тэр хоёрын дуу гараад байхаар нь гал тогооны өрөөнд ороод харахад Т.Р Д.Мг дэвсээд зогсож байхаар нь “хөгшин хүнийг зодож болохгүй” гээд болиулаад Д.Мг харахад хамраас нь цус гараад нүүр нь шалбарчихсан байхаар нь гэрт нь хүргэж өгсөн “ гэх мэдүүлэг /х.х-14/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1217 өдрийн “Д.Мгийн биед “баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хоёр талын хацрын дээд хэсэгт нь цус хуралт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дух баруун хөмсөг, хамарт зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хоёр талын хацрын дээд хэсэгт, цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /х.х-16-17/,

Яллагдагч Т.Р-ийн: “Би буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /х.х-49/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, Т.Р-ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Д.Мг үл ялиг зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж унаган толгой дээрээс нь дэвсэх зэргээр цохиж зодон түүний бие махбодидь “баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух, баруун хөмсөг, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хоёр талын хацрын дээд хэсэгт нь цус хуралт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дух баруун хөмсөг, хамарт зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь хохирогч Д.М, гэрч М.Х нарын мэдүүлэг /хх-6, 14/, шинжээчийн 2022.01.02-ны өдрийн 1217 дугаартай дүгнэлт /хх-16-17/, Т.Р-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Р нь танхайн сэдэлттэй, шууд санаатайгаар хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зодсоны улмаас Д.Мгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтаар нотлогдож байх тул Т.Р-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Р-ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Мгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр, хохирогч Д.М нь тархины зураг авахуулсан 130000 төгрөгийг Т.Рэс нэхэмжилсэн, өөр эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримтгүй болох нь хохирогчийн мэдүүлгээр /х.х-6/ тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдааны товыг хохирогч Д.Мд мэдэгдэхэд хохирол төлбөрт 130000 төгрөг дансаар авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдэгдсэн нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Д.Мгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байгаа боловч түүний биед учирсан “баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал” бүхий гэмтэл нь цаашид эмчилгээ шаардлагатай байж болзошгүй гэмтэл байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч Т.Р нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-20/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Р нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо баримтаар нотлогдсон хэмжээнд нь сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Т.Р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, бусдад төлбөргүй болсон, түүний хувийн байдал, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Адуучин овогт Тын Р-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Адуучин овогт Тын Рд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Рд оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Т.Р нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Д.М нь шүүхэд 130000 төгрөг хүлээн авснаа мэдэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба Т.Р нь бусдад төлөх төлбөргүй болсон болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.М нь цаашид эмчилгээ хийлгэсэнтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон Т.Р-ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Т.Рд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ