Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/361

 

        2022          03           22                                    2022/ШЦТ/361

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн 2108026450000 тоот хэргийг 2022.03.04-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “Х” ХХК-д хүнд машин механизмын операторчин ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Мандал-Овоо 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Монлаагийн 0-00 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**000000/ Олхонууд овогт С-гийн Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Н нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 9-31 өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Мг үсдэх, чирэх, хөл рүү нь гутлаар цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Х.М: “С.Н бид хоёр хамтран амьдраад 4 жил болж байна. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй одоо 7 сартай юм ...10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 3 хоног гэртээ ганцаараа архи уусан юм ...би хуримд очоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнийн 23-24 цагийн хооронд гэртээ иртэл нөхөр С.Нгийн уусан архи нь гарчихсан байсан. Тэгсэн С.Н надаас архи нэхээд “архи авчирсангүй” гэж уурлаад миний урд суугаад “чамд яаж өвддөгийг үзүүлье” гэж хэлээд миний зүүн гарын долоовор хурууны хумсыг гараараа хуулсан. Тэр үед миний хумснаас цус гараад байхаар нь гараараа дараад уйлтал С.Н уурлаад байхаар нь би айгаад гэрээс гараад зугтаах гэтэл гал тогооны өрөөнөөс С.Н гарч ирээд намайг үстээд унтлагын өрөө рүү чирээд туфлиэр /дөрвөлжин өсгийтэй гутлаар/ баруун шилбэ, зүүн бугалга, хоёр гуя зүүн тавхай руу хэд хэдэн удаа цохисон юм. Тэгэхээр нь би ханиа болиоч ээ гэж хэлтэл өмсөж байсан гутлаараа зүүн талын хөл хэсэг рүү дэвсээд нурууны гол хэсэг рүү хөлөөрөө дэвссэн юм ...Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байгаагүй болохоос биш ер нь танилцаж эхлээд нэг гэртээ орсноос хойш байнгын хэрүүл маргаантай байсан. С.Н байнгын согтуу байх дуртай хүмүүстэй уудаггүй. Гэртээ ганцаараа уудаг юм” гэх мэдүүлэг /хх-28-29/,

- Насанд хүрээгүй гэрч Д.Эын: “Тайвнаа ах ээжийг үстээд гал тогооны өрөөнөөс унтлагын өрөө хүртэл ээжийг ор руу түлхээд араас нь хөлөөс нь татаж унагаагаад ээжийн хөл, гэдэс, нуруу руу нь том гутлаараа дэвсээд С.Н ах ээжид “би чиний нүүр рүү чинь цохихгүй нүүр рүү чинь цохих юм бол би хэрэгтэн болно” гэж хэлээд миний туфлийн өсгийгөөр ээжийн хөл рүү цохисон. Тэгээд ээж “болиоч ээ” гэж 2-3 удаа хэлээд гэрээс гарч зугтаасан” гэх мэдүүлэг /хх- 14-15/,

- Аюулын зэргийн үнэлгээ /хх-16/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10484 дугаартай “Х.Мгийн биед зүүн долоовор хурууны хумс хууларсан шарх, хоёр гуя, зүүн тавхай, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 4-6 хоногийн өмнө, нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх- 36-37/,

- Яллагдагч С.Нгийн: “архи ууж ирчхээд хэл ам хийгээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд ор руу түлхэж, унагаагаад шалан дээр чирсэн юм. Намайг түлхэж унагааж чирэх үед тухайн гэмтэл үүссэн гэж бодож байнга. Би хохирогч Х.Мгийн биед учирсан хөнгөн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-70-71/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч С.Нгийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Н нь хамтран амьдрагч Х.Мг “архи авчирсангүй” гэх шалтгаанаар уурлаж үсдэж чирэх болон гараараа цохиж, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож бие махбодид нь зүүн долоовор хурууны хумс хууларсан шарх, хоёр гуя, зүүн тавхай, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч Х.Мгийн мэдүүлэг /хх-28-29/, насанд хүрээгүй гэрч Д.Эын мэдүүлэг /хх-14-15/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10484 дугаартай дүгнэлт /хх-36-37/, яллагдагч С.Нгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Н, хохирогч С.М нар нь 4 жил хамтран амьдарсан, дундаасаа 11 сартай нэг хүүтэй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-16/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг заасан “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус зааснаар  шүүгдэгч С.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.Мг “архи авчирсангүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, Х.Мгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, хөл рүү нь гутлаар цохих, дэвсэх зэргээр цохиж зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шууд санаатай үйлдэл байна.

Дээрх нотлох баримтууд болон нөхцөл байдлыг судалж үзээд С.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Х.М нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдол саналгүй...” гэж мэдүүлж /хх-79/ иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч Х.М нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг С.Наас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч С.Н нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж С.Наас жич нэхэмжлэх эрхтэй байна.

Шүүгдэгч С.Нгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хохирогчийн бие махбодид нь шаналал зовуурь үүсгэж буюу өсгийтэй гутлын өсгийгөөр цохих, зүүн гарын долоовор хурууны хумсыг хуулах зэргээр зодож, гэмтэл учруулсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч С.Нгийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Олхонууд овогт С-гийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Олхонууд овогт С-гийн Нд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Олхонууд овогт С-гийн Нд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял дээр нэмж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хохирогч Х.Мгийн гэрт очих аливаа хэлбэрээр харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч С.Н нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Х.М нь “гомдол саналгүй” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг С.Нд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ