Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 3041

 

 

 

 

 

 

 

 

   2016 оны 4 сарын 07 өдөр

      Дугаар 101/ШШ2016/03041

                 Улаанбаатар хот

 

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Ус сувгийн 30 дугаар байрны 15 тоотод байрлах, “Ус суваг 30 айл” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Ус сувгийн 30 дугаар байрны 09 тоотод үйл ажиллагаагаа явуулах, “Баянбүрэн” ЗГБХН-д холбогдох

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардал 900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч “Баянбүрэн” ЗГБХН-ийн захирал Л.Лусмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ус суваг 30 айл” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус “Ус суваг 30 айл” СӨХ нь 2011 онд бүх гишүүдийн хурлаар байгуулагдаж, оршин суугчдад хууль буюу гэрээнд заасан үйлчилгээг үзүүлж байна.

Тус СӨХ-ны гишүүн “Баянбүрэн” эмийн сангийн захирал Л.Лусмаа нь 2014 оны 6 дугаар сараас хойшх хугацааны төлбөрийг төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Манай байр өөрөө олон өндөр байран дундах 1950-иад оны үеийн ганц хуучин байр бөгөөд ихэвчлэн өндөр настай болон түрээсийн хүмүүс оршин суудаг, цөөхөн аж, ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Бараг дундуураа хуваагдахдаа тулсан байдалтай байгаа. Өөр СӨХ-оос хүч түрэн манай СӨХ-ны хүүхдийн тоглоомын талбайг булааж, бойлуур тавина гэж худал хэлэн зочид буудал барих гэх мэт үйл явдал болдог байсан.

Тэгээд бид “Жада” гэдэг өмнөх СӨХ-оос байраа салгаж, Цэцгээ, Лусмаа, Даржаа, би гээд хэсэг хүмүүс нийлж тус СӨХ-г байгуулсан. Тухайн үед Л.Лусмаа гуай СӨХ-г удирдахаас татгалзаж байсан.

Анх бид оршин суугч нараас 5,180 төгрөг хураадаг байсан. Учир нь ихэвчлэн өндөр настай хүмүүс байсан учраас боломжийг нь бодолцдог байсан. Оршин суугч нар маань эхлээд төлбөрөө идэвхтэй өгч байсан.

Өнгөрсөн жил болсон СӨХ-ны хуралд Л.Лусмаа гуай өөрөө оролцсон бөгөөд тус хурлаар СӨХ-ны дарга Оюунцэцэгийн хэлсэн СӨХ байгуулагдсанаас хойш нэг ч төгрөгийн цалин аваагүй, гэхдээ орцоо хүнээр цэвэрлүүлж, гэрэл гэгээтэй байлгадаг гэсэн үгнээс оршин суугч нар маань их ичиж санаа зовсон учраас төлбөрөө сайн төлөх болсон.

Байрны бохирын шугам бөглөрдөг нь үнэн боловч үүнд оршин суугч нар бас буруутай. Манай байранд хоол хийж зардаг 8 байгууллага байдаг нь хоолой бөглөрөхөд нөлөөлдөг. Үүнийг СӨХ-оос чадлынхаа хэмжээнд шийдвэрлээд явдаг.

Харин Л.Лусмаа гуайн хувьд төлбөрөө төлөхгүй байгаа нь өөрийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.2, 149.2, 232 дугаар зүйлийн 232.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.2.3, 13.2.4-т заасныг үндэслэн 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэлх 20 сарын хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашигалалт, завсар үйлчилгээний зардлыг нэг сарын 30,000 төгрөгөөр тооцож 600,000 төгрөг, алданги 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөг нэхэмжилж байна.

Манай байр төв зам дагуу боловч хүн үйлчлүүлэхэд хэцүү учраас бид Л.Лусмаа гуайн орлого муу байгаа зэрэг байдлыг харгалзаж 2014 оны 5 дугаар сараас хэсэг хугацаанд сарын 20,000 төгрөгийн төлбөр авч байсан. Гэвч өөрөө гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байсан учраас шүүхэд хандсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Баянбүрэн” ЗГБХН-ийн захирал Л.Лусмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би СӨХ гэдэг зүйлийг ойлгохгүй байна.

СӨХ-д хичнээн айл байх ёстой талаар стандарт гэж байдаг эсэхийг мэдэхгүй юм. Манай байр 30 айлын орон сууц бөгөөд доод давхарт 10 айл үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнд өөрийн өмчлөлийн байр нэг ч байхгүй, бүгд түрээсэлдэг.

Тухайлбал “Венди” ХХК-ийг ажиллуулж байсан эхнэр, нөхөр хоёрын эхнэр нь нас бараад нөхөр нь нялх хүүхэдтэйгээ үлдэхэд байр нь өвлийн турш халахгүй, халуун ус байхгүй байдаг байсан. Тэгээд байрнаасаа гарсан.

Нэг өдөр өөр хүн түрээслэх гэж байгаа гээд 8 литрийн хувинтай шавар манай эмийн санд оруулж ирсэн. Би учрыг нь асуутал СӨХ-ны даргад 1,000,000 төгрөг өгөөд засварлуулж байна гэж байсан. Яагаад 1,000,000 төгрөг өгөхөөр завсар үйлчилгээ үзүүлээд байдаг юм.

Манай эмийн сан орлого багатай, ажилтныхаа цалинг 3 хуваагаад төлж чадахгүй байна. Дээрээс ус алдахаас болоод хөгшин настай хүмүүст хэрэгт эмийн уусмалуудаа найруулж чадахгүй болсон.

Үүнээс болж би үйлчилгээ үзүүлж чадахгүй, орлого олж чадахгүй байна. Одоо ч ус гоожсон хэвээр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бас өөрөө мэдэж байгаа байх гэж бодож байна.

Тэр хавьд байгаа хамгийн хүнд байр юм. Би насаараа төрийн захиргааны байгууллагад ажилласан. Хэрвээ би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр би СӨХ-ны дарга болсон бол СӨХ-г ингэж ажиллуулахгүй байсан.

Шүүхэд өгсөн баримтуудыг харвал зарим нь гарын үсэггүй байгаа, 2009 онд төлбөр төлсөн ганцхан баримт өгсөн, 2013 онд миний гарын үсэгтэй 3 ширхэг баримт байгаа бөгөөд намайг байхгүйг эзгүйчлээд ажилладаг хүүхдүүдээс маань төлбөр авчихдаг байсан.

Би 2011 онд СӨХ-ны дарга Оюунцэцэгт 165,300 төгрөгийг бэлнээр тоолж өгснийг тооцоогүй байсан. Өчигдөр манай өмгөөлөгч утсаар асуухад би тийм мөнгө аваагүй, өөрөө дараа нь буцаагаад авчихсан гэж худал хэлсэн.

СӨХ-ны төлбөр авчихаад 2012 онд бас 1 ширхэг баримт, 2013 онд 12 ширхэг баримт өгсөн байдаг. Өөрсдөө дутуу баримт өгчихөөд сүүлд нь ингээд нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.

Энэ нь хэнд ашигтай байдаг юм бэ, худал хэлж хүний мөнгийг сорж болохгүй. Би бол их шударга хүн учраас хаана ч хэлнэ. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаас 2014 онд 10 сарын төлбөрийг төлөөд 2 сарыг төлөөгүй, 2015 онд бүтэн 12 сарын төлбөр төлөөгүй, 2016 оны 1,2 дугаар сарын төлбөрийг төлөөгүй. Ер нь бол манай байранд СӨХ байх хэрэггүй, татан буулгах хэрэгтэй. Бусад СӨХ-той харьцуулахад их хангалтгүй ажилладаг” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ус суваг 30 айл” сууц өмчлөгчдийн холбоо / цаашид СӨХ гэх/ нь хариуцагч “Баянбүрэн” ЗГБХН-ийн захирал Л.Лусмаагаас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэжээ.

 

“Ус суваг 30 айл” СӨХ нь 2011 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар тус СӨХ-г байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрчилгээгээ шинэчилж, 08 дугаартай гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлсэн ба А.Оюунчимэг гүйцэтгэх захирлаар бүртгүүлжээ.

 

“Ус суваг 30 айл” СӨХ-ны гүйцэтгэх захирал А.Оюунчимэгээс 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 026 албан бичгээр С.Нагашыбайд бүрэн эрхтэй итгэмжлэл олгосон байна.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар С.Нагашыбай нь СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь ...хэсгийн халаат, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан ... зэрэг ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан.

 

СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийг аж ахуйн нэгжээс 1 м.кв-аас 600 төгрөгөөр авахаар тогтсон нь бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Ус сувгийн 30 дугаар байрны 09 тоотод үйл ажиллагаагаа явуулах, “Баянбүрэн” ЗГБХН нь 50 м.кв талбайтай болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 600 төгрөгөөр тооцож /50 м.кв х 600 төгрөг =30,000/ байхаар гэрээгээр тохиролцжээ.

 

Ийм учраас “Ус суваг 30 айл” СӨХ нь хариуцагч “Баянбүрэн” ЗГБХН-ийн захирал Л.Лусмаагаас дундын өмчлөлийн зүйлийн завсар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хариуцагч “Баянбүрэн” ЗГБХН-ийн захирал Л.Лусмаа нь дундын өмчлөлийн зүйлийн завсар, үйлчилгээтэй холбогдсон зардал 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг хүртэлх 20 сарын төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжлэгч нь тайлбарласан. Хариуцагч нь төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч төлөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 20 сарын үндсэн төлбөр /20 сарыг х 30,000 төгрөг/ 600,000 төгрөг, алданги 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөг болсон гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан тул хариуцагч “Баянбүрэн” ЗГБХН-ийн захирал Л.Лусмаа нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь өөрийн хөрөнгөөр 416,660 төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн гэж тайлбарлаж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн ба эдгээр байримтууд нь 2012 оны 9 дүгээр сарын баримтууд байна.

 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4-т “дундын өмчлөлийн зүйлд учирч болох гэм хорыг арилгах шаардлагатай арга хэмжээг бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр авах, гарсан зайлшгүй зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн зардлаар засвар, үйлчилгээ хийсэн зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй боловч гаргаж өгсөн баримтууд нь 2014 оноос өмнөх зардалд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд төлбөрийг 30,000 төгрөг байхаар заасан ч хариуцагч нь 20,000 төгрөг байсныг 30,000 төгрөг болгож зассан гэж маргасан.

 

Талууд СӨХ-ны төлбөрийг бэлнээр авч, төлж байсан болох нь хариуцагчаас гаргаж өгсөн “Орлогын ордер тасалбар” гэсэн баримт болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

“Ус суваг 30 айл” СӨХ нь харицагчаас СӨХ-ны төлбөрийг 30,000 төгрөг, 20,000 төгрөгөөр тооцож зөрүүтэйгээр авч байсан болох хэрэгт авагдсан “Орлогын ордер тасалбар” гэсэн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг хүртэлх 20 сарын төлбөрийг огт төлөөгүй учраас бидэнд баримт байхгүй гэж тайлбарласан ба хариуцагч нь энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үед амаар тохиролцож төлбөрийг 20,000 төгрөг болгосон гэсэн тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд 2014 оны 01 дүгээр сараас хойш хариуцагч нь СӨХ-ны төлбөрт 20,000 төгрөгийг төлж байсан байна.

 

Хариуцагч нь 2014 оны 6, 7, 8 сарын СӨХ-ны төлбөр 60,000 төгрөгийг төлсөн болох нь зарлагын баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь алдангийг хүлээн зөвшөөрөхгүй хуульд зааснаар алдангийг гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд хуулийн шаардлагыг хангаагүй учраас нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж хуульчилсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 009 тоот гэрээний 1.6-д “Засвар үйлчилгээний хуримтлалын мөнгийг хугацаа хожимсон тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг үндэслэж хоног тутам 0.5 хувиар тооцож алданги төлнө” гэж тохиролцсон байна.

 

Алданги нь /17 сар буюу дундажаар тооцоход 517 хоног болж байна. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 340,000 төгрөгийн 0.5 хувиар тооцоход нэг өдрийн 1,700 төгрөг /515 хоног х 1,700=875,000/ болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг үндэслэн 170,00 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

 

Иймд нийт 17 сарын төлбөрийг талуудын тохиролцсон тухайн үеийн төлбөр болох 20,000 төгрөгөөр тооцож /17 х 20,000 төгрөг/, 340,000 төгрөг, хуульд заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 170,000 төгрөг, нийт 510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 390,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Баянбүрэн” ЗГБХН-ийн захирал Л.Лусмаагаас 510,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ус суваг 30 айл” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 390,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,950 төгрөгийг гаргуулж, Ус суваг 30 айл” СӨХ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Х.ДАШДЭЧМАА