Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/360

 

2022          03          22                                   2022/ШЦТ/360

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Ж.Мт холбогдох эрүүгийн 2108027750000 тоот хэргийг 2022.03.16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан хотод 1964 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “М” ХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Махны 0-0 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Монгол овогт Ж-ын М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” дэлгүүрийн орчимд иргэн М.Мтай “чи ажил хайлгаж байгаад олсны дараа алга болчихлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр рүү нь хуруугаараа хатгаж, төмсөг орчимд нь хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас түүний бие махбодид  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч М.М-ын “Мэндээ ах ирээд чи хаашаа алга болчихвоо, хүн ажил олчихоод байхад гэж хэлэхээр нь би өөр ажил олсон гэж хэлсэн. Мэндээ ах уурлаад хүн ажил олж өгч байхад гэж хэлээд миний зуун нуд рүү хуруугаараа хатгаад нэг удаа төмсөг рүү өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-19/,

- Гэрч Ц.Бын “2021 оны 11 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Дархан хаан дэлгүүрийн баруун талд Ж.М ах ирээд М.Мад хандаж чи хүнээр ажил хайлгаж байгаад олсны дараа өөрөө алга болчихлоо гээд уурлаад нүдний дээд талд нь нэг удаа хуруугаараа хатгаад, баруун хөлөөрөө зуун шилбэ рүү нь нэг удаа өшиглөөд Ж.М ах явсан.” гэх мэдүүлэг /х.х-21/,

- Гэрч Н.Бы “Ж.М ах хүрч ирээд М.М-ын ...духны орчим хуруугаараа хатгаад, шилбэ рүү нь өшиглөсөн. Тэгээд бид нар бүгдээрээ тараад явсан.” гэх мэдүүлэг /х.х-23/,

- Яллагдагч Ж.Мын “М.Мыг ажилд ор гэж хэлсэн чинь би өөр ажилд орохоор болсон гэж хэлэхээр нь би уурлаад чи хүнээр ажил хайлгаж олуулчхаад өөдгүй амьтан бэ гэж хэлээд баруун нүдний дээд талд нь хуруугаараа хатгаж, баруун шилбэнд нь нэг удаа өшиглөөд ажил руугаа явсан.” гэх мэдүүлэг /х.х-38/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10915 дугаартай “М.М-ын биед баруун нүдний алимын салстын улайлт, төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-27-28/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Ж.Мын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.М нь иргэн М.Мтай “чи ажил хайлгаж байгаад олсны дараа алга болчихлоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр рүү нь хуруугаараа хатгаж, төмсөг орчимд нь хөлөөрөө өшиглөсний улмаас биед “баруун нүдний алимын салстын улайлт, төмсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан хохирогч М.М-ын мэдүүлэг /х.х-19/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10915 дугаартай дүгнэлт /х.х-27-28/, гэрч Ц.Бын мэдүүлэг /х.х-21/, гэрч Н.Бы мэдүүлэг /х.х-23/, Ж.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.М нь хохирогч М.М-ын нүүр рүү нь хуруугаараа хатгаж, төмсөг орчимд нь хөлөөрөө өшиглөсний улмаас түүний бие махбодид “баруун нүдний алимын салстын улайлт, төмсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь тухайн цаг үед хохирогчийн буруутай үйлдлээс шалтгаалж үүссэн, шууд санаатай үйлдэл байх тул Ж.Мыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч М.М нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Ж.Маас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Ж.М нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч нь “эмчилгээний зардал болох 100000 төгрөгийг бэлнээр авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” /х.х-50, 68, 71/  гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.М нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь:

1.  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэж байсан болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-60/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-63-67/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.М нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2-д зааснаар ялгүй болсон байх тул урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч Ж.Мын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Ж.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч М.М нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Ж-ын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Ж-ын Мт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.М нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч М.Мад 100000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Ж.Мт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ