Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

 

      2022          03          16                                   2022/ШЦТ/338

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Б.Бямбаабаатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            нарийн бичгийн дарга О.Жавхлан, М.Солонго,

            улсын яллагч Д.Ганчимэг, 

            иргэдийн төлөөлөгч Д.Г,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г, Д.Ал,

            шүүгдэгч Г.З нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Зтод холбогдох эрүүгийн 2008020810000 дугаартай хэргийг 2022.01.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985.01.16-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуурын 8 дугаар гудамжны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000 Боржигон овогт Гийн З нь 36 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч их хэмжээний хохирол учруулсан бөгөөд энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 728А дугаартай яллах дүгнэлтэд дурьдсанаар:

            Шүүгдэгч Г.З нь 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад нийт 62776496 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан бөгөөд энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            1/ Гэм буруугийн талаар:

 

            1. Шүүгдэгч Г.З  нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 27 дугаар гудамжны 56 тоотод оршин суух иргэн З.Агийн монгол гэрт 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хууль бусаар нэвтэрч, зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч, Самсунг эс-7 маркийн гар утас, 2 ширхэг Нокиа маркийн гар утас, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1030000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл өгсөн баримт /1-р х.х-9/

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р х.х-11-15/,

            - Хохирогч З.Агийн: “Манай гэрээс Асер маркийн хар өнгийн зөөврийн компьютер ба өөрийнх нь цүнх, цэнэглэгч мөн компьютерын цүнхэнд байсан хар өнгийн Самсунг эс-7 маркийн гар утас, 2 ширхэг хар өнгийн товчлууртай хуучны Нокиа маркийн гар утас, хоолны шүүгээнд бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шүүгээн дээр байсан мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргүүд алга болсон байсан. Намайг гэрээ түгжээд хашаагаар гарахад нэг танихгүй хар хувцастай 30-35 орчим насны 160 см орчим өндөртэй залуу хажуугаар өнгөрөөд явсан бөгөөд би зөрөхөд нь ямар эвгүй царайтай хүн бэ гэж бодоод өнгөрсөн” гэх мэдүүлэг /1-р х.х-22-26/,

            - Гэрч О.Эын “2020.05.27-ны өдөр гэртээ 10 цаг өнгөрч байхад манай хүү Б.У /8 настай, эрэгтэй/ хүүхэд маань “манай хажуу айлд танихгүй хүн ороод эмээгийн нотебүүк шиг зүйл үүрээд гарч байна, цоожийг нь эвдсэн байна” гэхээр нь би хажуу айлын хүн рүү залгаж хэлсэн. Манай хүүхэд өндөр нуруутай, залуухан дэлдэн чихтэй, сартгар хамартай ах намайг хашаанд нь ортол гараад явсан гэсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-29/

            - Цагдаагийн ажилтны “тус тоотын баруун талд иргэн О.Этай уулзахад “Манай хүү Б.У нь 10 цаг 30 минутын үед манай хажуу айлд хулгай орсон байна. Хашаанаас нь өндөр нуруутай хөх куртиктай цагаан пүүзтэй ах энэ айлын цоож хөшсөн байна гэж намайг загнаад хар цүнхтэй нотебүүк аваад явсан гэв” гэх илтгэх хуудас /1-р х.х-17/

            - Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1326 дугаартай: “Нийт үнэлгээний дүн 1030000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-51-53/,

            - Хохирогч З.Агиийн 2021.12.06-ны өдөр өгсөн “Би яг гарах гээд хашааны хаалгаа гаднаас нь түгжээд зогсож байхад гудамжны зүүн талаас хар өнгийн саравчтай малгай , хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн, нэг талын гараа цэнхэр өнгийн хувцсаар ороочихсон, ямар нэгэн сахал, нүүрэндээ элдэв зүйлгүй, цэвэрхэн царайтай /би өөрөө 172 см өндөртэй/ надаас нэлээн намхан 155-160 см орчим өндөртэй нэг залуу өөдөөс яг зөрөөд явсан. Тэгэхэд нь би царай руу нь харахад нэг хүйтэн царайтай санагдсан. Тэгээд гудамжны үзүүр дээрээс хүйтэн царайтай харагдсан болохоор эргэж харсан чинь миний эсрэг талын гудамж руу явсан. Тэгээд удалгүй хороололд явж байхад манай ард талын айлын хүн над руу хулгай орчихсон байна гэж залгасан. Гэртээ ирээд хаалганы цүүг юмаар тасдаад орчихсон байсан болохоор би тэр залууг гараа хувцсаар ороосон юмандаа цүүг тасалсан багажаа хийгээд явж байсан гэж үзэж байгаа юм. Тэгэхэд маскгүй явж байсан болохоор царайны төрхөөр нь таньж чадна. Мөн биеийн хэмжээ галбираар нь таньж чадна” гэх мэдүүлэг /12-р х.х-84/

            - Хохирогчоор мэдүүлэгтээ заасан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /12-р х.х-86-89/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

            2. Шүүгдэгч Г.З нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал Овоогийн 26 дугаар гудамжны 27 тоотод оршин суух иргэн Д.Ан монгол гэрт 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч,  түүний өмчлөлийн бэлнээр 80000 төгрөг, мөн иргэн Д.Бийн өмчлөлийн 50 инчийн НРР маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 830000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна.

- Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл,

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-192-195/,

            - Хохирогч  Д.Бийн: “Хөдөө рашаанд гэр бүлийн хамт байхад 2020.08.10-ны өдөр дүү маань утсаар залгаад зурагтыг чинь хулгайд алдчихлаа гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 204-209/,

            - Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 411 дугаартай: “Үнэлгээний дүн 750000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-5-8/,

            - Хохирогчид 50 инчийн НРР маркийн зурагтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р х.х-210/,

            - Хохирогч Б.Ан “Алдагдсан гэх 50 инчийн НРР маркийн зурагтны үнэлгээ болон бусад зүйлсийн талаар манай эгч өөрт чинь хэлэх байх. Миний эд зүйлс бол биш. Харин шүүгээний дээр дэвтэр дунд байсан бэлэн 80000 төгрөг алдагдсаныг би цагдаа нар явсны дараа мэдсэн” гэх мэдүүлэг /3-р х.х-214/,

            - Гэрч Г.Тын “Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах манай салбар барьцаалан зээлдүүлэх газар болох “Тулга” гэж асуухад би авна гээд өөрийн ажиллуулдаг 2 дахь салбар руугаа явуулсан. Энэ үед би өөрийн эзэмшлийн 2 дахь салбар болох “Зоос” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт явж очиж тухайн эрэгтэй хүнээс 50 инчийн НРР маркийн зурагтыг 350000 төгрөгөөр барьцаанд авч 243 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. 20-25 насны 2 эрэгтэй хүн орж ирээд нэг нь өөрийнхөө иргэний үнэмлэх болох Мөнхзулын С гэж бичүүлээд М.С нь өөрөө гэрээний журамтай танилцаж зөвшөөрөөд өөрөө гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /3-р хх-250, 4-р хх-1/

            - 50 инчийн НРР маркийн зурагт барьцаалан 350000 төгрөг зээлдүүлсэн барьцаат зээлийн гэрээ /4-р х.х-11, 12/,

            -  Иргэний нэхэмжлэгч Г.Тын: “350000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /3-р хх-250, 4-р хх-4/,

 

            3. Шүүгдэгч Г.З нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 47 дугаар гудамжны амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцанд 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр вакум цонхыг нь түлхэн хууль бусаар нэвтэрч түүний өмчлөлийн Делл маркийн зөөврийн компьютер, хурган дотортой эмэгтэй шуба, 17 кг хонины мах зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1736000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /7-р хх- 23-28/,

            - Хохирогч Д.Бгийн: “Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг болж байхад гэрээсээ эмнэлэгт үзүүлэх гээд ээжтэйгээ хамт гарсан. Эмнэлэг орж оочир аваад 2 цагийн үед үзүүлсэн. Ингээд шинжилгээ өгөөд орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд гэрийн цонх онгорхой, гэрээс улаан өнгийн нотебүүк, хурган дээл, шуба, хөлдөөгчид байсан мах алдагдсан байсан” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 54-58/,

            - Гэрч Д.Баасанжаргалын мэдүүлэг /7-р х.х-57/,

            - Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1010 дугаартай “нийт 1736000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /7-р хх-75-76/,

            - Иргэний нэхэмжлэгч Х.Оийн: “2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ сууж байхад гаднаас нэг залуу эхнэр хүүхэдтэйгээ орж ирээд улаан өнгийн Дэлл брендийн нотебүүк тавья гэсэн. Г.З гэсэн өөрийнхөө нэр дээр тавьсан. Надад 100000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /7-р х.х-ийн 52-53/,

            - Делл маркийн нотебүүкийг барьцаалан 100000 төгрөг зээлдэн авсан барьцаат зээлийн гэрээ /7-р х.х-42-43/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч Г.З нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг амьдралын хэвшил, зуршил болгосон байдалтайгаар байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, дээр дурьдсан баримтууд болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р х.х- 44-47/, Г.Зийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь 5 удаа ял шийтгэсэн таслан шийдвэрлэх, шийтгэх тогтоолын хуулбар хувь /1-р х.х-70-186/ баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Г.Зийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

            Харин шүүгдэгч Г.Зт холбогдох 13 хавтас хэргийг шинжлэн судалж үзэхэд хохирогч З.А, Б.А, Д.Б нараас бусад хохирогч болох иргэн Б.Бурмаагийн гэрээс 2020.06.04-ний өдөр 450000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Р.Сүхбатын гэрээс 2020.06.27-ны өдөр 2610000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Э.А-ын гэрээс 2020 оны 5 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 580000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Б.Бын гэрээс 2020 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 5-ныг хүртэл хугацаанд 555000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Г.Ггийн гэрээс 2020.06.03-ны өдөр 345000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Б.Бгийн гэрээс 2020.06.04-ний өдөр 660000 төгрөгийн эд зүйлийг, иргэн А.Хын гэрээс 2020.04.28-ны өдөр 610000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Д.Оын гэрээс 2020 оны 8 дугаар сарын 1-нээс 3-ныг хүртэлх хугацаанд 525000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Б.Сгийн гэрээс 2020 оны 6 дугаар сарын 22-ноос 26-ныг хүртэл хугацаанд 2160000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Ш.Эгийн гэрээс 2020.07.01-ний өдөр 1645000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Г.Сгийн гэрээс 2020.07.27-нд 306000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн П.Агийн гэрээс 2020 оны 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө 1656000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Ч.Сгийн гэрээс 2020.06.09-ний өдөр 1311000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Н.Аийн гэрээс 2020.05.21-нд 1085000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Б.Хлын гэрээс 2019.02.03-ны өдөр 900996 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Г.Дны гэрээс 2020.02.05-ны өдөр 755000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Т.Агийн гэрээс 2020.03.29-нд 800000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн П.Ггийн гэрээс  2019.03.15-ны өдөр 3105000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Э.Өын гэрээс 2020.02.02-нд 1825000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Ж.Цчийн гэрээс 2019.12.01-ний өдөр 870000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Л.Гийн гэрээс 2019.09.17-нд 865600 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн М.Цын гэрээс 2020.05.28-нд 290000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн  Д.Гын гэрээс 2020.06.08-ны өдөр 650000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн М.Огийн гэрээс 2020.06.26-ны өдөр 1400000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Б.Бгийн гэрээс 2020.07.18-ны өдөр 290000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Ө.Тын гэрээс 2020.07.10-ны өдөр 1728000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Б.Пийн гэрээс 2020.07.08-нд 580000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Э.Огийн гэрээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нийг хүртэл хугацаанд 10700000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн О.Свын гэрээс 2020.07.05-нд 17152900 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Х.Бны гэрээс 2020.07.30-нд 1450000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Н.Оын гэрээс 2019.09.30-ны өдөр 570000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Д.Бгийн гэрээс 2019.09.30-ны өдөр 400000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан, иргэн Т.Бын гэрээс 2020.01.10-нд 350000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан болох нь гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Гэвч тухайн хэргийг шүүгдэгч Г.З нь үйлдсэн гэдэг нь баримтаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна. Учир нь: Шүүгдэгч Г.Зоос гэрчийн мэдүүлэг авч, уг мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж гүйцэтгэн, уг ажиллагааны тэмдэглэлүүд болон гэрэл зургийн хуулбар хувиуд хэрэгт хавсаргагдаж иржээ. Үүнд:  2020.04.24-ний өдрийн тэмдэглэл /6-р х.х-228-229; 10-р х.х-127-136/; 2020.06.17-ны өдрийн тэмдэглэл /7-р х.х-62-63/; 2020.06.19-ний өдрийн тэмдэглэл /6-р х.х-158-161; 7-р.хх-60-61/; 2020.06.20-ны өдрийн тэмдэглэл /6-р х.х-31-35, 45-47, 86-90, 99-102, 142-146,162-163, 236-238; 7-р х.х-34-38, 64-66, 116-120, 131-133; 10-р х.х.-185-189, 201-203, 242-246; 11-р х.х-4-6/; 2020.08.12-ны өдрийн тэмдэглэл /8-р х.х-24-31, 42-45, 94-101, 156-168; 9-р х.х-10-17, 24-27, 67-74, 86-89, 125-132, 146-149, 198-201, 236-243; 10-р х.х-10-13, 65-68/;  2020.08.14-ний өдрийн тэмдэглэл /1-р х.х-30-35, 242-247; 2-р х.х-49-54, 113-118, 184-189;  3-р х.х-2-6, 145-150, 215-220; 4-р х.х-52-57, 114-119, 176-181, 236-241; 5-р х.х-156-161 /;  2020.08.17-ны өдрийн тэмдэглэл /1-р х.х-36-41, 248-250; 2-р х.х-1-3, 55-60, 119-124, 190-195; 3-р х.х-8-13, 151-156, 221-235; 4-р х.х-58-63,120-125, 182-187, 242-247; 5-р х.х-162-167/ тэдгээрт хавсаргасан гэрэл зургууд хамаарч байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан.

            Монгол хэлний их тайлбар толь /цахим/-д гэрч гэдгийг “Хэрэг явдлыг тодорхойлон батлахад холбогдох ямар нэгэн баримт гаргах этгээдгэрчийн мэдүүлэг гэдгийг хэрэг явдлыг нүдээрээ харсан хүний өчиг, гэрчийн хүн гэдгийг “хэргийг үзсэн харсан хүн” гэж тус тус тодорхойлсон байна.

            Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэрч” гэдэг нь “ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа эсхүл хэрэг явдлыг нүдээрээ харсан хүн”, тухайн хэрэг явдалд хувийн сонирхолгүй хүнийг ойлгохоос бус гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэрч гэж ойлгохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн ойлголтод нэгэнт тогтсон жишиг юм. 

            Тиймээс шүүгдэгч Г.Зийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй...” байх үндсэн эрхийг зөрчихөд хүргэж байх бөгөөд иргэдийн төлөөлөгч “хоёр удаагийн хэргээ хүлээж байна. Хоёр удаагийн үйлдлээ хийсэн гэм буруутай” гэх дүгнэлт гаргасан зэргийг харгалзан Г.Зт холбогдох дээрх 33 хэргийг “шүүгдэгч тухайн хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаахаар тогтов.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн талаар:

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул хохирогч нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Г.Зоос шаардах эрхтэй, шүүгдэгч Г.З нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан эд хөрөнгийн хохирлыг дээрх хуульд заасан журмаар нөхөн төлж арилгах үүрэгтэй байна.

            Шүүгдэгч Г.З нь хохирогч Д.Бт 50 инчийн НРР маркийн зурагтыг эгүүлэн өгсөн, Д.Бд Делл маркийн нотебүүкийг эгүүлэн өгсөн ба одоо хохирогч З.Ад 1030000 төгрөг, хохирогч Д.Ад 80000 төгрөг, хохирогч Д.Бд 836000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Тад 350000 төгрөг, “Х” ХХК-ийн “З” барьцаалан зээлдүүлэх газрын захирал, иргэний нэхэмжлэгч Х.От 100000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгтэй танилцаад гаргасан хүсэлт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

            Шүүхээс Г.Зийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, төлөх төлбөрийн хэмжээг танилцуулсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэхэд хохирогч Б.Ад 80000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч З.Агийн “2022.03.09-ний өдөр З.А “миний хохирлыг барагдуулсан болно” гэх хүсэлт, хохирогч Д.Бгийн “миний хохирол болох 836000 төгрөгийг бүрэн дүүрэн барагдуулсан тул надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх хүсэлт зэргийг гарган өгсөн тул шүүгдэгч Г.З нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч З.А, Д.Б, Б.А нарт төлөх төлбөргүй болсон байна.

            Харин шүүгдэгч Г.Зийн хулгайлсан эд зүйлийг барьцаалан мөнгө зээлдүүлсэн Г.Т, Х.О нараас барьцааны эд зүйлийг хураан авснаар эдгээр иргэдэд мөнгөн хохирол учирсан байх тул Г.Зоос 450000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Тад 350000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.От 100000 төгрөг тус тус олгож шийдвэрлэв.

 

  3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Г.З нь урьд 5 удаа шүүхээр шийтгэгдэж байсан болох нь:

            1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож 2005 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            2. Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан, биечлэн 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Г.Зт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар хорих ялаар тогтоож, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид элүүлэхээр тогтоож, 2009 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөж биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, 2018 оны 12 дугаар сарын 17-ны ялын хугацаа дуусаж суллагдсан,

            5. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р х.х-44-47/, шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р х.х-70-204/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.З нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Улсын яллагчаас шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар “Г.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 15 хоногийг нэмж нэгтгэн нийт 10 жил 15 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад биечлэн эдлүүлэх” саналыг гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялтай байгаа. Гэтэл хамгийн доод ял болох 5 жилийн ялаар авахад өмнөх шийтгэл тогтоолоор нэг хэрэгт 3 жилийн хорих ял авсан байдаг. Энэ хүн үйлдсэн 4 хэрэгтээ хамгийн доод санкцаар ял авахад 8 жилийн хорих ял авахаар байгаа. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Г.Зтой хамт шийтгүүлсэн хүний нэг нь 45 үйлдлээр шийтгүүлсэн, нөгөө нь 51 үйлдэлдээ шийтгүүлж 9 жилийн хорих ял авсан байдаг. Гэтэл Г.З 4 үйлдэлтэй байхад дээрх олон үйлдэлтэй хүнээс хамаагүй дээгүүр ял оногдуулж байна. Улсын яллагчийг харахад хүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна гэдэг зарчмыг зөрчсөн гэж харагдаж байна. Тэгэхээр 4 хэрэгт хамгийн доод ялаар хорих ял оногдуулахад 8 жил болж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Шүүгдэгчийн хувьд өмнөх нэг хэргийнхээ хохирлыг төлсөн байгаа. Энэ хэрэгт 1946000 төгрөгийг төлсөн байгаа. Иймд Г.Зийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хамгийн бага хэмжээгээр нь ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд зааснаар шүүх зүйл хэсэг тус бүрээр нь өршөөлд хамруулсны дараагаар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэнэ гэсэн заалт байдаг. Өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 15  хоногийн хорих ял нь өршөөл хамрагдсан, үүнд нь хорих ял оногдуулахгүйгээр эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн биеэр эдэлсэн 1 жилийн хорих ялыг ял эдэлсэнд тооцож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

            Мөн шүүгдэгч Г.З нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, үлдэх ялыг биечлэн эдлүүлж өршөөлд хамрагдаж байсан нь Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан өршөөлд хамруулахгүй нөхцөл байдалд хамаарахгүй байх ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Г.Зийн өмнө нь шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, одоо шийтгүүлж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус өршөөлд хамаарахгүй байна.

            Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Г.Зийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа өөрчлөх зорчих явах үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар солих өршөөл үзүүлж,

            Шүүгдэгч Г.Зт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоож,  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, энэхүү шийтгэх тогтоолоор Г.Зт оногдуулсан хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Гийн Зийг 36 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Б.Б, Р.С, Э.А, Б.Б, Г.Г, А.Х, Д.О, Б.С, Ш.Э, Г.С, П.А, Ч.С, Н.А, Б.Х, Г.Дн, Т.А, П.Г, Э.Ө, Ж.Ц, Л.Г, М.Ц, Д.Г, М.О, Б.Б, Ө.Т, Б.П, Э.О, О.С, Х.Б, Н.О, Д.Бг, Т.Б нарын эд зүйлсийг хулгайлсан үйлдлүүдийг “Г.З үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр цагаатгаж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 728А дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт заасан хохирогч Б.Б, Р.С, Э.А, Б.Б, Г.Г, А.Х, Д.О, Б.С, Ш.Э, Г.С, П.А, Ч.С, Н.А, Б.Х, Г.Д, Т.А, П.Г, Э.Ө, Ж.Ц, Л.Г, М.Ц, Д.Г, М.О, Б.Б, Ө.Т, Б.Пүрэвдорж, Э.О, О.С, Х.Б, Н.О, Д.Б, Т.Б нарын эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдлүүдийг хүчингүй болгож, холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

            2. Шүүгдэгч Боржигон овогт Гийн Зийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа өөрчлөх зорчих явах үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өршөөл үзүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Боржигон овогт Гийн Зт 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Зт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Зт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор Г.Зт оногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Зийн 2020 оны 6 дугаар сарын 15-наас хойш цагдан хоригдсон хугацааг хорих эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            9. Шүүгдэгч Г.Зийн хувийн эд зүйл хурааж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба Г.З нь хохирогч З.А, Д.Б, Б.А нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлтийн 510.1-д зааснаар Г.Зоос 450000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Тад 350000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.От 100000 төгрөгийг тус тус олгосугай.

            11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            12. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            13. Энэхүү хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг дискийг Г.Зт холбогдох эрүүгийн 20080208100000 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ

 

                                    ШҮҮГЧИД                                 Г.МӨНХЗУЛ

                                                      

                                                                                      Ц.УРАНГУА