Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/378

 

       2022          03          25                                                2022/ШЦТ/378

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч У.Анхжаргал,

иргэдийн төлөөлөгч Т.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.02.17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1974.05.16-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ТӨХК-д зуухын цехэд үнс, нурам зөөгч ажилтай, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны Мандал-Овоо 00-00а тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Йөншөөбү овогт Д-ийн Н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022.02.15-ны өдрийн 162 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар: “Яллагдагч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Мандал-Овооны 00-00а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү болох Н.Птой “та яагаад архи уусан юм бэ, битгий архи уугаад бай” гэх шалтгааны улмаас маргалдаж, хэвлийн тус газар нь зэвсэг хэрэглэн хутгаар хутгалж улмаар биед цээж, хэвлийн хөндийд хавагдан нэвтэрч өрц, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /1000 мл/, хэвлийн гялтангийн үрэвсэл, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, зүүн 10-р хавирганы хугарал гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /х.х-153-161/

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримтууд, шүүгдэгч Д.Нын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан  шийдвэрлэлээ. 

 

1/ Холбогдсон хэрэг, гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Мандал-Овооны 00-00а тоотод байрлах гэртээ төрсөн хүү болох Н.Птой маргалдаж, хэвлийн тус газарт нь хутгалж, Н.Пр-ийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/

- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-20/

- Хохирогч Н.Пийн “2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэртээ унтаж байхад гаднаас аав ажлаа тараад ирсэн. Тэгээд орой аавыг согтуу байхаар нь “та яагаад архи уусан юм бэ, битгий архи уугаад бай” гэж маргалдсан. Тэгтэл аав намайг гэрээс хөөгөөд байсан. Би хариуд нь уурлаад аавтай маргалдсан. ...Аав гэнэт босож ирээд хоол хийх гэж байгаад хутга бариад хэвлийн тус газар хутгалсан. Тэгснээ цагдаагаа дууд гэж хэлж байсан. Би хэвлийдээ хутгалуулчхаад хажуу айл руугаа орж цагдаа дуудсан. ...Хар өнгийн иштэй, 20-30 орчим сантиметр хутгаар хэвлийд хутгалсан.” гэх мэдүүлэг  /х.х-15-19/,

- Гэрч Д.О-ны “Би 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 38 дугаар гудамжны 41 тоот өөрийн гэртээ хүүхдүүдээ хараад байж байхад 20 цаг 50 минутад гаднаас Н.П куртикээрээ гэдсээ дараад гуйваад тонгойгоод манай гэрт орж ирсэн юм. Тэгээд юу болсон талаар асуухад Н.П “аав Д.Н намайг хутгалчихлаа” гэсэн, тэгээд би шархыг нь боож өгөөд түргэн тусламж дуудсан юм. Н.П ёолоод бие нь муу гэдэснээс нь цус гараад байсан ба 3 сантиметр орчим шархтай сэмжний өөх нь гарчихсан байсан. ...Надад Н.П хэлэхдээ “аав намайг хутгалчихлаа” гэснээс өөр юм яриагүй.” гэх мэдүүлэг /х.х-11-12/,

- Насанд хүрээгүй гэрч Н.С-ийн “ах Н.П аавыг “та яагаад архи уугаад байгаа” юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би гэрээсээ гараад байшингийнхаа дэргэд сууж байгаад хэсэг хугацааны дараа буцаад ортол ах Н.П гэдсээ гараараа дараад надтай зөрөөд гэрээс гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /х.х-32-33/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаартай “Н.Пийн биед цээж, хэвлийн хөндийд хавагдан нэвтэрч өрц, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /1000 мл/,  хэвлийн гялтангийн үрэвсэл, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, зүүн 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн зүйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-43-45/

- ГССҮТөвийн 2021 оны 12288 дугаартай өвчний түүх /хх-70-79/

- Яллагдагч Д.Нын “2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө ээлжийн ажлаасаа буугаад ...гэрийн ойролцоох дэлгүүрээс 200 грамм Хараа нэртэй архи аваад тэр хавийн байшингийн буланд очоод ганцаараа уучхаад гэртээ орсон ...том хүү Н.П намайг “та яагаад архи уугаад байгаа юм бэ? архичин” минь гэхээр нь би уурлаад “чи яахлаараа аавыгаа ингэж хэлдэг юм бэ” гэж хэлэхэд намайг хүү Н.П “хуц архичин минь” гэхээр нь гэв гэнэт миний уур хүрээд баруун гартаа барьж байсан хоолны хутгыг аваад айлгая гэж бодож байгаад хэвлий хэсэгт нь хутгаа чиглүүлээд хүрэх шиг болсон. Тэр үед хүү гэдсээ дараад гэрээсээ гараад явчихсан” гэх мэдүүлэг /х.х-26-27, 145-147/,

- Хутга хураан авч үзлэг хийсэн “...хар өнгийн хувцанцар хутганы саванд 5 ширхэг хутга байсныг гаргаж ирэн ...хутга тус бүрийг үзэхэд 19 см ажлын хэсэгтэй, 11 см бариултай хутгыг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-4, 6/

- ШШҮХ-ийн биологийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 244 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн иштэй хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Биологийн ул мөр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн. Хутганаас илэрсэн цус нь АВО системээр O (I) бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хх-49-50/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.Нын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч Н.Пийн төрсөн эцэг бөгөөд түүний эхнэр С.О нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа, Д.Н нь 20 настай хүү Н.П, 11 настай охин Н.С нарыг асран халамжилж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 38-30а тоотод байрлах гэртээ хамт амьдардаг болох нь мөрдөгчийн тэмдэглэл /хх-20/, хохирогч Н.Пийн мэдүүлэг /х.х-15-19/, насанд хүрээгүй гэрч Н.С-ийн мэдүүлэг /х.х-32-33/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-97/, гэрч Д.Шархүүхэний /хадам эх/ мэдүүлэг /х.х-35/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна: ...төрүүлсэн хүүхэд” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 5.1.1 “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 38-30а тоотод төрсөн хүү болох Н.Птой “та яагаад архи уусан юм бэ, битгий архи уугаад бай” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүнийг хутгалан амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-3-9/, хохирогч Н.П /х.х-15/, гэрч Д.О-ны мэдүүлэг /х.х-11-12/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт /х.х-43-45/, мөрдөгчийн тэмдэглэл /х.х-20, 36-37/, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /х.х-129-133/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-116-119, 123-128/, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ /х.х-120-122/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Нын энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Нын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч  Н.Пийн бие махбодид “цээж, хэвлийн хөндийд хавагдан нэвтэрч өрц, ходоод гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /1000 мл/, хэвлийн гялтангийн үрэвсэл, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, зүүн 10-р хавирганы хугарал” гэмтэл учирсан, Н.П нь тухайн гэмтлийг авсны дараа ГССҮТөвд хүргэгдэж, амь насны заалтаар яаралтай журмаар мэс засал хийлгэн амь нас нь аврагдсан ба 6 хоногийн турш эмчилгээ хийлгэж байгаад 2021.12.10-ны өдөр харьяа дүүргийн гэмтлийн эмчийн хяналтад зөвлөгөө өгч эмнэлгээс гаргасан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.12.17-ны өдрийн 88 дугаартай дүгнэлт /х.х-43-45/, ГССҮТөвийн 2021 оны 12288 дугаартай өвчний түүх /х.х-70-79/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хуульд заасны дагуу хохирогч Н.П нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээд болох Д.Наас шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Д.Н нь хариуцан арилгах үүрэгтэй боловч хохирогч Н.П “Би аав Д.Наас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Би ГССҮТ-ийн хэвлийн цээж хавсарсан тасагт хагалгаанд орж хагалгааны дараа физик эмчилгээ хийлгэж, боолтоо өдөр болгон солиулсан. Төлбөрийн баримт буюу НӨАТ-ын баримтыг эмнэлгээс авсан боловч би алга болгочихсон юм. Хэрэгт хавсаргуулах эмнэлгийн байгууллагатай холбоотой болон эмийн сангаас баримт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж /х.х-19/, эмчилгээ, шинжилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан төлбөр зардлыг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Д.Наас  жич нэхэмжлэх эрхтэй байна.

 

3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, лавлагаагаар /х.х-88, 90-93/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н нь торгох ялаар шийтгүүлж ялаа эдэлж дууссанаас хойш хоёр жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн “д”-д зааснаар ял шийтгэлгүй болсон байна.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч Н.Пийн эмчлүүлсэн, эмнэлгийн үйлчилгээ авсан, шинжилгээ хийлгэсэн бүх зардлыг сайн дураараа нөхөн төлж, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал  болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон иргэдийн төлөөлөгч “гэм буруутай” гэж дүгнэлт гаргасан, шүүгдэгч Д.Н нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг удаа дараа өгсөн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж өнөөдрийн байдлаар бусдад төлбөргүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг болох 1 ширхэг хутга, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шил 1 ширхгийг тус тус устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Нт хорих ял оногдуулснаар түүний асран хамгаалалтад байсан охин Д.Сувд-Эрдэнийг өөрийн асран хамгаалалтад байлгаж чадахаа эмэг эх Д.Шархүүхэн нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хурлаар Д.Сувд-Эрдэнийг эмэг эх П.Шархүүхэний асран хамгаалалтад түр байлгаж байгаа болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчийг томилох болон бусад асуудлыг шийдвэрлэх эрх нь харьяа дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр заасан тул тухайн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Йөншөөбү овогт Д-ийн Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 4, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Д.Нт 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Н нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн бичиг баримт хураалгаж битүүмжлэгдээгүй, хохирогчид Н.П нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шил 1 ширхгийг тус тус устгасугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Нт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч Д.Нт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Мандал-Овооны 00-00а тоотод оршин суух 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин /РД:**0000000/ Нын С-ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Ад даалгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.СЭРЖМЯДАГ

 

                                           ШҮҮГЧИД                               Л.БААТАР

 

                                                                                           Б.БАТАА