| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2016/00541/и |
| Дугаар | 101/ШШ2016/01939 |
| Огноо | 2016-03-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2016/01939
| 2016 оны 3 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2016/01939 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....тоотод оршин суух, Ч.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоотод оршин суух, Х.А-д холбогдох,
6,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би Х.А-тай харилцан тохиролцож ажил бүтээлгэхээр ярилцаж, хэрэв бүтвэл тодорхой хувиар намайг шагнаарай гэснийг зөвшөөрсөн. Ингээд эхний ээлжинд 13,000,000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын 21-нд бэлнээр надаас авсан. Гэтэл ажил маань бүтээгүй учраас Х.А-иас мөнгөө буцааж нэхтэл 6,000,000 төгрөгийг миний ХААН банкны 0000000000 тоот дансанд шилжүүлж, бэлнээр 500,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 6,500,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Х.А-иас 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.М нь хариуцагч Х.А-тай 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр харилцан тохиролцоод Хятад ажилчдад виз гаргуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр 13.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Үүнээсээ тодорхой хувийг нь шагнал болгож Х.А-т өгөхөөр тохирч 13.000.000 төгрөгийг бэлнээр Ч.Мд хүлээлгэн өгсөн гарын үсэг, огноо бүхий бичгийн хүчин төгөлдөр нотлох баримт байдаг. Уг мөнгийг хүлээж авсан эсэх дээр талуудын хооронд маргаан байдаггүй. Хэргийн материалтаас харахад хариуцагч энэ талаар няцаасан тайлбар болон нотлох баримт өгөөгүй байдаг. Х.А-ийн хувьд асуудлыг 10 хоногт шийдвэрлэж өгөхөөр болсон боловч ажил нь бүтэхгүй байсан учраас Ч.М мөнгөө буцааж авах гэхэд өгөхгүй байсаар бүтэн 1 сарын дараа буюу 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг, 2 хоногийн дараа буюу 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. Х.А- нь Ч.Мгаас хүлээж авсан 13.000.000 төгрөгөөс 6.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 6.500.000 төгрөгийг өгөөгүй. Тэгээд үлдэгдэл мөнгөө шаардах гэхээр Х.А-ийн утас нь холбогдохгүй, өөрөө олдохгүй байсан учраас шүүхээр эрэн сурвалжлуулснаар хаягийг тогтоож, 2015 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Х.А- нь амласан үүргээ гүйцэтгэлгүйгээр, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Х.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Мтай ажил бүтээхээр харилцан тохиролцсон хэдий ч надад хүлээлгэн өгсөн мөнгө нь түүний хувийн мөнгө биш. Иймд нэхэмжилж буй 6,500,000 төгрөгийг Ч.М нэхэмжлэх эрхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Х.А-д холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа Х.А- нь хятад ажилчдын виз гаргуулахаар 13,000,000 төгрөгийг өгсөн. Виз гараагүй учраас Х.А- нь нэхэмжлэгчид 2013 оны 5 дугаар сарын 20-нд 6,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 22-нд 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Ч.М нь 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Х.А-д урьдчилгаа 13,000,000 төгрөг хүлээлгэн өгч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 27 х/
Хариуцагч Х.А- нь 6,500,000 төгрөг бол нэхэмжлэгч Ч.Мгийн өөрийнх нь мөнгө биш гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч нотлох баримт гаргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгнө” гэж заасан.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ч.М нь 13,000,000 төгрөгийг хариуцагч Х.А-д өгсөн ба хариуцагч нь 2013 оны 5 дугаар сарын 20-нд 6,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 22-нд 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Х.А-иас үлдэгдэл 6,500,000 төгрөгөө шаардсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” мөн хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэжээ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мөнгө хүлээлгэж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдааны товыг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1500 цагт мэдэж, шүүх хуралдааны мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт, нотлогоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Х.А-иас 6,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Мд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-иас 118,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА