Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 126/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0233 |
Огноо | 2014-06-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2014/0233
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 06 сарын 17 өдөр Дугаар 233 Улаанбаатар хот
Д.Э-н нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Татварын улсын байцаагч Ч.Ж,
Я.Н нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу, Д.Э-н нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж, татварын улсын байцаагч Я.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 170975 тоот актаар надад нөхөн татвар, торгууль, алданги, хүү нийлээд 61.536.600 төгрөгийн төлбөр ногдуулсан. Дээрх дүнгээс цалин хөлс суутгахтай холбоотой 1.055.000 төгрөг, ХХОАТ-ын 2.007.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварын 5.985.0 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн. Харин 2011 оны НӨАТ-ын 42.871.900 төгрөгийн нөхөн татвар, 4.287.200 төгрөгийн торгууль, 128.600 төгрөгийн хүү тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй.... Иймд Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж, Я.Н нарын гаргасан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 170975 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Ж, Я.Н нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...И.Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-д заасныг үндэслэн актыг гардуулсан тухай тэмдэглэлийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хөтөлснөөр уг акт хүчин төгөлдөр болсон. Уг акт 3 хувь үйлдэгддэг бөгөөд Татварын албанд үлдсэн 2 хувь актанд тус албаны хяналт шалгалт хариуцсан тасгийн дарга гарын үсэг зурж хянан баталгаажуулсан. 1.2... Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасныг үндэслэн акт үйлдэж, албан ёсоор танилцуулсан. Д.Э-н тайлбарыг бичгээр гаргуулж авсан. 1.3... Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д заасныг үндэслэн, Д.Э-ыг дуудан ирүүлж, татварын хэлтсийн даргын өрөөнд тайлбар гаргах хугацаа дуусч байгааг сануулж, тайлбар өгсөн. 2.1... Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хурааж барагдуулах нь Татварын албаны бүрэн эрхийн асуудал. 4.1... Д.Э нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй... 5.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7-д заасныг үндэслэж, чулуун хавтан, шил гэх мэт барилгын материалыг гаалиар оруулж ирэхэд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар хасагдахгүй. 6.1... Д.Э нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, ҮТЕГ-ын даргын 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 161 дүгээр тушаалын 1-р хавсралтын 3-т ...заасныг тус тус зөрчиж, 2012 оны 01 дүгээр сарын 02-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, Татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээ авсан тул бүртгүүлснээс өмнөх худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай гэж уг татвараас хасч тооцох үндэслэлгүй... гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Ж, улсын байцаагч Я.Н нарын гаргасан “Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн улсын байцаагчийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 170975 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Ж, Я.Н нар давж заалдах гомдолдоо:...1. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга татварын улсын ахлах байцаагч Б.Мөнхтуяагийн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажсан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 170975 тоот актыг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Н, Я.Н нар албаны 9 тоот өрөөнд “Тэнхлэг” худалдааны төвийн эзэн Д.Эт танилцуулж акг гардуулсан тухай тэмдэглэлд тухайн актыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар бичүүлж авсан бөгөөд тухайн үед Д.Эт Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасны дагуу хяналт шалгалт хийсэн, татварын албанд ажлын 10 өдөрт багтаан тайлбараа бичгээр гаргаж өгөх талаар албан ёсоор амаар, бичгээр дурдсан. Гэтэл Д.Э нь хуулийн хугацаанд буюу 2013 оны 11 дүгээр сарын 22-ны дотор бичгээр тайлбараа гаргаж өгөөгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасны дагуу гомдлоо 30 хоногийн дотор буюу 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор багтаан захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхээ эдлээгүй байхад 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу хуулийн хугацаа өнгөрсөн байхад Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх Д.Э-н нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчсөн шийдвэр гаргасан. Мөн Татварын хяналт шалгалтын акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэлийг үнэлээгүй бөгөөд нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.
Шүүхийн шийдвэрт Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Я.Нийн албан тушаалыг Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн байцаагч гэж дурдсан нь тухайн албан тушаалтныг илт хүндэтгэн үзэхгүй бичсэнд гомдолтой байна. Татварын улсын байцаагчийн албан тушаалыг 22 дугаар зүйлд заасны дагуу Татварын ерөнхий газрын дарга өөрчлөх тушаал гаргадаг болохыг дурдая. 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Татварын хяналт шалгалтын акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэлд Д.Э нь “акт дүгнэлтийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч байна” гэж бичсэн, мөн тус актанд тусгагдсан нөхөн төлбөрөөс 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хувь хүний орлогын албан татвар 2.007.000 төгрөг, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 5.985.0 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр цалин хөдөлмөрийн хөлснөөс суутгаагүй зөрчлийн 1.055.000 төгрөгийг тус тус улсын төсөвт төлөн актын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хавтаст хэрэгт байгаа материалыг үнэлээгүй, агуулгаар бус, хэлбэрээр нь хүчингүй болгосонд гомдолтой байна. Энэ шийдвэр нь улсын төсөвт орох орлогыг тодорхой хугацаагаар саатуулж, улсад хохирол учруулсан.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд:
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны шинэ акт гаргахыг хариуцагч байгууллагад даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс “...Татварын улсын байцаагч нар 61.536.800 төгрөгийг татварт нөхөн төлүүлэхээр тогтоосон 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 170975 дугаар актын төсөл, ноорогтой танилцуулж байна гэж бодсон. Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын гарын үсгээр баталгаажаагүй акт өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед надад албан ёсоор гардуулаагүй..., Татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь заалт ойлгомжгүй, хүнд заалтыг хэрэглэсэн..., н.Гомбосүрэн нь манайд 2010-2011 онд ажиллаагүй, 2012 оноос эхлэн ажилласан. Тэрээр ажиллаж байгаагүй оны гаалийн мэдүүлэгт ялгалт хийж, гарын үсэг зурсан нь намайг төлөөлөх боломжгүй..., 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “ТХ” ХХК-ийг байгуулсан нь 2012 онд “Тэнхлэг” худалдаа үйлчилгээний төвийн барилга дууссаныг нотолж байна гэж дурдсан нь үндэслэлгүй, ...Эрчим хүчинд төлсөн 9.428.598 төгрөг, ус суваг нийтийн аж ахуйд төлсөн 8.427.772 төгрөг, шатахуунд төлсөн 25.900.000 төгрөг, томилолтонд төлсөн 2.355.168.000 төгрөг, халаалтанд төлсөн 835.847 төгрөг, цахилгаан холбоонд төлсөн 21.597.000 төгрөг, түлшинд зарцуулсан 7.770.000 төгрөг, мобикомд төлсөн 284.019 төгрөгийг буцаалт хийж хасагдахгүй гэдэг боловч эдгээр үйлчилгээг авахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1 дэх заалтыг үндэслэж НӨАТ-ыг төлж байсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул хасалт хийлгэнэ” гэсэн үндэслэлүүдээр тайлбар гарган маргаж байна.
Шүүх дээрх үндэслэлүүдийг бүрэн гүйцэт шалган тогтоолгүй, зөвхөн нэхэмжлэгчийн “...Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын гарын үсгээр баталгаажаагүй актыг өгсөн... албан ёсоор надад гардуулаагүй” гэсэн тайлбар, түүнийг нотлох баримт болох татварын улсын байцаагчийн актад хэлбэрийн талаас нь дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байна.
Зүй нь нэхэмжлэлийн шаардлагын бүх үндэслэл, хариуцагчийн татгалзал, тэдгээрийн нотлох баримтанд бүрэн гүйцэт дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа бол түүний үндэслэлийг тодорхойлохын хамт хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж байгаа нотлох баримт, үндэслэлээ мөн шийдвэрт тусгах ёстой.
Татвар төлөгч Д.Э нь нэхэмжлэлдээ дээрх үндэслэлээс гадна өөр бусад нөхцөл байдлыг дурдсан байгааг анхаарч, тодруулах шаардлагатай байна. Тухайлбал, иргэн н.Гомбосүрэн нь татварын хяналт шалгалтанд хамрагдсан онуудад татвар төлөгчтэй хөдөлмөрийн болон бусад гэрээгээр ажиллаж байсан эсэх, дээрх онуудын баримт, орлого зарлагын талаар мэдэх эсэх нь тодорхойгүй байна.
Мөн “Тэнхлэг” худалдаа үйлчилгээний төвд зарцуулсан гэх барилгын материалыг худалдан борлуулсан, барилгад зарцуулсан талаар үндэслэл бүхий нөхцөл байдал бий эсэхийг татварын улсын байцаагч нар шалган тогтоогоогүй, түүнчлэн тодорхой зарим үнийн дүн бүхий /цахилгаан, ус, дулаан гэх мэт/ төлбөрийг төлсөн эсэх талаар ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, тодруулаагүй, хасч тооцоолох эсэх талаар үнэлэлт өгөөгүй, “зөвхөн төлөх ёстой” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Татварын ерөнхий хуулийн “Татварын хяналт шалгалт” гэсэн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3-т зааснаар татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт, шалгалтыг хийх эрхтэй боловч уг шалгалт нь “татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод” нийцсэн байх ёстойг дурдах нь зүйтэй.
Нөгөө талаар татварын улсын байцаагчийн акт нь хэлбэрийн талаасаа алдаатай гарсан нь “татвар төлөх үүрэг”-ээс татвар төлөгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дахин акт гаргах боломж байдаг талаар тайлбарлаж байх тул давж заалдах гомдол болон магадлалд тусгагдсан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул татварын улсын байцаагчийн маргаан бүхий актыг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
цаашид тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.