Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2045

 

Ш.Огийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.О,

Хариуцагч П.Г, Х.Б, А ХХК-д холбогдох,

 

Гэрээний үнэ болон торгуульд 113 275 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

П.Г, Х.Б нарын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус тус байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг,

Хариуцагч П.Г, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ц.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 68 дугаар байрны 21 тоотод буюу тус байрны 1 дүгээр давхарын баруун тийш харсан 2 цонхтой 2 өрөө орон сууцанд амьдардаг бөгөөд А ХХК амьдарч буй сууцны нь нарны тусгалыг бүрэн хааж байшин барьснаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж улмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын хууль тогтоомж БНБД-ийн заалт, шаардлагыг зөрчин А ХХК-ийн барилгын эскиз зураг, архитектор төлөвлөлтийн даалгаврыг батлан, зөвшөөроп олгосноос амьдарч буй сууцанд нь тусах нарны тусгал бүрэн хаагдаж, миний болоод гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Нийслэлийн Барилга, xoт байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр БГД-67-17/08 тоот даалгавраар А ХХК-ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд барих 10 давхар барилгын эскиз зургийг баталсан үйлдэл, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 687 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар А ХХК-ийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд барих 16 давхар барилгын эскиз зургийг баталсан үйлдэл, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас А ХХК-д олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Тус нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус ажиллагаанд гуравдагч этгээд А ХХК-ийг төлөөлөн оролцсон Х.Б, П.Г нар А ХХК-д олгосон барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 68 дугаар байрны баруун талд 16 давхар орон сууц барьж байгаа юм, танай гэр бүлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буйгаа хүлээн зөвшөөрч байна, зөрчигдсөн эрхийг сэргээж өгье гэж эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан.

Миний бие тэдний дээрх саналыг хүлээн авч тэдэнтэй 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ, тус гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, тэдгээр гэрээгээр хариуцагч нар өөрсдийн барьж буй барилга нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 21 тоот хаягт байрлах миний өмчлөлийн орон сууцны нарны тусгалыг бүрэн хаасан болохыг зөвшөөрч, тус орон сууцыг 98 500 000 төгрөгт тооцон авч, тус 98 500000 төгрөгөөс аливаа зөрүү тооцохгүйгээр өөрсдийн барьж буй Өргөө Тауэр орон сууцны 1 дүгээр орцны 13 давхарын 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Дээрх гэрээнүүдийг байгуулснаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, тус шүүхийн шүүгч 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4271 дүгээр захирамж гарган миний нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү П.Г, Х.Б нар дээрх байдлаар миний болон гэр бүлийн зөрчигдсөн эрхийг сэргээхээ хүлээн зөвшөөрч, миний нөхөр болон надтай 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ, тус гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан боловч өнөөдрийг хүртэл бүтэн 4 сарын хугацаанд тэд нар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй зугтаж байна.

Иймд П.Г, Х.Б нараас Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны баруун талд баригдсан Өргөө Тауэр орон сууцны 1 дүгээр орцны 13 давхарын 149 тоот хаягт байрлах 2 өрөө, 56.01 м.кв талбай бүхий орон сууцыг гаргуулан надад олгон шийдвэрлэж өгнө үү. Орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг болох БГД, 19 хороо, Өргөө тауэр хотхоны 1 дүгээр орцны 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбайтай орон сууц нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Ш.Шинэбаярын өмчлөлд шилжсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн болно. Ийнхүү БГД, 19 дүгээр хороо, Өргөө тауэр хотхоны 1 дүгээр орцны 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбайтай орон сууц нь нэгэнт өөр хүний өмчлөлд шилжиж гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд миний бие хариуцагчаас БГД, 19 хороо, Өргөө тауэр хотхоны 1 дүгээр орцны 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56 01 м.кв талбайтай орон сууцыг гаргуулахаар шаардсан шаардлагаа өөрчилж, хариуцагч нараас гэрээний үнэ 98 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Ш.О миний бие П.Г, Х.Б, А ХХК-д холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, тус гэрээг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, хариуцагч нараас БГД, 19 дүгээр хороо, Өргөө тауэр хотхоны 1 дүгээр орцны 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбайтай орон сууцыг гаргуулахаар шаардсан шаардлагаа өөрчилж, хариуцагч нараас гэрээний үнэ 98 500 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хариуцагч талаас шалтгаалан удааширч шүүх хуралдаан удаа дараа хойшилж буйн зэрэгцээ хариуцагч нарын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул эвлэрлийн гэрээний 2.6 дахь хэсгийн дагуу “талуудын хэн аль нь энэхүү гэрээгээр хүлээсэн аливаа үүргээ зөрчвөл гэрээний 2.3 дахь хэсэгт заасан үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг буруугүй талдаа төлнө” гэх заалтын дагуу хариуцагч нараас 98 500 000 төгрөгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний торгууль буюу 14 775 000 төгрөгийг гаргуулахаар нэмж нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас нийт 113 275 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Г, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч П.Г, Х.Б нар нь тухайн үед уг барилгын гүйцэтгэлийн ажилд оролцож байсан. Иймд барилгын ажлаа саадгүй явуулахын тулд нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Одоо эвлэрлийн гэрээнд заасан гэх байрыг тэд солих эсэхийг ч хариуцагч нар мэдэхгүй. Нэхэмжлэлд хавсаргасан тухайн үеийн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ш.О нэхэмжлэлээ татан авсныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнээс үзвэл П.Г, Х.Б нарт нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүсээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн харуицагч нараас 98 500 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Ш.О нь нэхэмжлэлд заасан орон сууц буюу түүний үнийг өгөх эрх мэдэлгүй хүмүүстэй эвлэрлийн гэрээ, орон сууц захиалан бариулах гэх гэрээнүүд байгуулжээ. Гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсанд маргахгүй. Гэхдээ энэ бол зөвхөн барилгын ажлыг саадгүй явуулахын тулд тухаин үедээ л хийж байсан зүйл болохоос хариуцагч нар нь энэ үүргийг хүлээх хүмүүс биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Уг хүсэлтэд дурдсан асуудал ч бидэнд ойлгомжгүй байна. Тус компани эзэмшиж байсан хуучин барилгаа шинээр барих барилгын зураг төслийн хамт н.Найдантүвшин нарт худалдсан нь үнэн юм. Иймд уг хуучин барилгын суурь дээрх шинэ барилгыг н.Найдантүвшин нар барьсан байх ёстой. Ш.Отэй харилцаж байсан П.Г, Б.Батбаяр нар манай компанид ямар ч хамааралгүй хүмүүс юм. Иймд тус компанийг хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгоно уу. Ш.Отэй харилцаж байсан П.Г, Б.Батбаяр нар А ХХК-д ямар ч хамааралгүй хүмүүс юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Г, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.О нь П.Г, Х.Б нартай 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг өөрийн нэхэмжлэл гаргах үндэслэл болгосон. Гэвч Ш.О нь П.Г, X Батбаяр нарын талаар төөрөлдөж тэд нарыг захиргааны хэргийн оролцогч бөгөөд одоогийн нэхэмжлэлийн зүйл нь болж буй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Өргөө тауэр хотхоны 1 дүгээр орцны 149 тоот хаягт байрлах 2 өрөө 56.01 м.кв талбайтай орон сууцыг түүнд өгөх эрх мэдэл бүхий хүн мэтээр үзэж эдгээр гэрээг байгуулжээ.

Түүний нэхэмжлэлдээ заасан захиргааны хэрэг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамжаас харахад П.Г, X Батбаяр нарыг тийм эрх мэдэл бүхий хүмүүс биш, захиргааны хэргийн оролцогч бус этгээдүүд болохыг Ш.О нь тийнхүү төөрөгдөхгүйгээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэгт зааснаар мэдэх ёстой, мэдэх боломжтой байжээ. Түүний нэхэмжилж буй орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээгээр Б.Шинэбаяр хэдийн захиалсан байхад Ш.О нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан нь ойлгомжгүй байна. Ш.Огийн П.Г, Х.Б нартай байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 1-д зааснаар “хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн” бөгөөд П.Г, Х.Б нарыг захиргааны хэргийн оролцогч биш, орон сууцыг захиран зарцуулах эрхгүй этгээд байхад нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан тул ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ц.Одончимэг шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: П.Г, Х.Б нар нь захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүссэний дараа надтай өөрсдөө холбогдож эвлэрэх санал тавьсан. Үүний дагуу бид ийнхүү хүссэн хүсэл зоригийг нь тусгасан эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар тус гэрээндээ үндэслэн Баянгол дүүргийн 19 хороо, Өргөө тауэр хотхонд очиж, байраа сонгон тэр даруйдаа тухайн орон сууцны барилгыг барьж буй гэх П.Г, Х.Б нартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан юм.

Гэтэл П.Г, Х.Б нар нь орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээгээр Б.Шинэбаяр хэдийн захиалсныг мэдсээр атлаа надтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулчихаад Ш.О өмнө нь захиалагдсаныг мэдэх боломжтой байсан гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Миний бие П.Г, Х.Б нарын хэлснээр тэдэнтэй гэрээ байгуулсан бөгөөд харин тэд намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэл шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаагүй хүмүүстэй байгуулсан, мөн уг орон сууцны барилгыг манай компани худалдсан байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Х.Б, П.Г нараас 20 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 93 025 000 төгрөгийг, хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д зааснаар хариуцагч Х.Б, П.Г нарын нэхэмжлэгч Ш.Од холбогдуулан гаргасан 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882 275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б, П.Г нараас 259 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 072 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төвсийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан, тус гэрээ нь талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл, нэхэмжлэгч нь эвлэрлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар гүйцэтгэх үүрэгтэй хэмээн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа эвлэрлийн гэрээний 2.4.2-д заасан тохиролцоо биелэгдэх боломжгүй гэх үндэслэлээр гэрээний үнэ болох 98 500 000 төгрөгөөр 85 000 000 төгрөгийг хасч тооцон 13 500 000 төгрөгийг гаргуулахаар щийдвэрлэсэн нь туйлын ойлгомжгүй, шндэслэлгүй болсон.

Нэхэмжлэгч гэрээний тус биелэгдэх боломжгүй болсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 98 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хариуагч нар гэрээний үүргээ гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч өөрийн орон сууцаа тэдэнд хүлээлгэн өгөх тохиролцоо хийгээгүй, хариуцагч нар нэхэмжлэгчийн орон сууцыг гаргуулах шаардлага гаргаагүй үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, үнэлэлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Дээр дурдсанчлан шүүх гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн дүнг үндэслэлгүйгээр, ойлгомжгүйгээр хасч тооцон, улмаар гэрээний дагуу шаардсан торгуулийн хэмжээг 6 750 000 төгрөгөөр тооцон шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй болсон. Ийнхүү шүүх Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зохигчдын хооронд байгуулсан гэрээний заалтыг буюу мөн гэрээний 2.4.2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Г, Х.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс гадна хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх эвлэрлийн гэрээг захиргааны хэргийн шүүхийн нотлох баримт мэтээр дүгнэж, нэхэмжлэлийг хангах гол үндэслэл болгосон нь буруу. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамжид уг эвлэрлийн гэрээ болон хариуцагч Х.Б, П.Г нарын талаар заагаагүй.

Нэхэмжлэгч нь хэн эрхийг нь зөрчсөнийг болон ямар бодитой хохирол өөрт нь учирсныг зөв тогтоож, нэхэмжлэлээ гаргаагүй. Бодитой хохирол учраагүй байхад шүүх дүгнэлт хийлгүй, хийсвэрээр нэхэмжлэлийн шаадлагын зарим хэсгийг хангасан. Мөн нэхэмжлэгчийн үнийг нь нэхэмжилж буй орон сууцыг Б.Шинэбаяр худалдан авахаар 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан байхад нэхэмжлэгч нь хариуцагч Х.Б, П.Г нартай 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан нь ойлгомжгүй байгаад дүгнэлт хийх ёстой.

Энэхүү 1 350 000 төгрөгтэй холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн. Мөн шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 313 дугаар магадлалын заалтуудыг бүрэн хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч П.Г, Х.Б, “А” ХХК-д холбогдуулан гэрээний үнэ 98 500 000 төгрөг, торгууль 14 775 000 төгрөг, нийт 113 275 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ” мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй гэсэн бол хариуцагч П.Г, Х.Б нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ уг барилгын ажилд гүйцэтгэгчээр оролцож байсан, захиран зарцуулах эрхгүй гэж тайлбарлан, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ” мөн оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Ш.Од холбогдуулан гаргасан байна.

Хариуцагч “А” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дахь хуучин барилгын суурин дээр шинээр барилга барихаар барилгын зураг төсөв хийснээ бусдад худалдсан, барилгын захиалагч биш, нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлд дурдсан төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэжээ.

            Нэхэмжлэгч Ш.О, хариуцагч П.Г, Х.Б нарын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсаны агуулгаас үзвэл нэхэмжлэгч Ш.Огийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байрны 21 тоот, нэг давхарт байрлах, баруун тийш харсан хоёр цонхтой, 2 өрөө байрны нарны тусгалыг шинээр барьж буй барилга бүрэн хаасны улмаас түүний болон гэр бүлийнхний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа болохыг П.Г, Х.Б нар бүрэн хүлээн зөвшөөрч, уг шинээр барьж буй орон сууцны барилгаас 98 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч өөрийн 85 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариу төлбөрт нь шилжүүлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож, захиргааны хэргийн шүүхэд эвлэрснээ баталсан байх бөгөөд орон сууц захиалгаар бариулах гэрээг тусад нь байгуулах талаар уг гэрээндээ заажээ. 

            Ш.О нь эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан тухайгаа тайлбарласан ба “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсантай холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4271 дүгээр захирамж гарч, маргааныг дуусгавар болгосон баримт тогтоогджээ.

            Мөн эвлэрлийн гэрээний нөхцөлийг илүү тодорхой болгож, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг Ш.О, П.Г, Х.Б нар харилцан тохиролцож байгуулан, гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Ш.Огийн захиалсан 2 өрөө орон сууцны давхрын байрлал, хаяг, үнэ, орон сууцыг шилжүүлэх хугацаа, өмчлөгчийн эрх үүсэх гол нөхцөлүүдийг болон талуудын эрх үүргийг тодорхойлжээ. Уг гэрээ нь орон сууц захиалан бариулах нэртэй боловч нэхэмжлэгч нь өөрийн орон сууцаар хариуцагч П.Г, Х.Б нараас гэрээнд заасан нөхцөлөөр 2 өрөө орон сууцыг сольж авах агуулга бүхий байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч П.Г, Х.Б нарт шинээр барьсан орон сууцны 13 дугаар давхрын 149 тоот 2 өрөө, 56,01 м.кв орон сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон орон сууц захиалан бариулах гэрээний 3.2.8-д зааснаар шилжүүлэн өгөх үүрэг үүссэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ худалдагч тал биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна.

  Гэвч худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардаж буй 16 давхар барилгын 13 дугаар давхрын 149 тоот 2 өрөө, 56,01 м.кв сууцыг өмчлөх эрх өөр этгээдэд үүссэн, орон сууцыг бодитоор гаргуулах боломжгүй болсонтой холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн орон сууцны үнэ 98 500 000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж шаардсан боловч Ш.О нь 85 000 000 төгрөгөөр үнэлсэн өөрийн орон сууцны өмчлөгч хэвээр байгаа бөгөөд одоог хүртэл оршин сууж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь шинээр баригдсан байрыг гэрээний дагуу бодитоор шилжүүлэн авах боломжгүй болсонтой холбоотойгоор шүүх 98 500 000 төгрөгөөс өөрийнх нь байрны үнийг хассан зөрүү буюу 13 500 000 /98 500 000-85 000 000/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, шинээр ашиглалтад орсон 2 өрөө байрыг гэрээний дагуу шилжүүлэн авч чадаагүйгээс орон сууцны үнийн зөрүү 13 500 000 төгрөгийн  хохирол нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, Ш.О нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, хэргийг хэрэгсэхгүй болгосноор эвлэрлийн үр дагавар дууссан, улмаар эвлэрлийн гэрээний нөхцөлийг орон сууц захиалан бариулах гэрээгээр тодорхой болгож, талуудад худалдах, худалдан авах гэрээний үүрэг шинээр үүссэн, худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгчид хохирол үүссэн гэж үзнэ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид дээрх байдлаар 13 500 000 төгрөгийн хохирол учирсан гэж зөв дүгнэсэн боловч уг дүнгийн 50 хувиар тооцож, 6 750 000 төгрөгийн алдангийг нэмж 20 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд эвлэрлийн гэрээний 2.6 дахь заалтыг үндэслэн торгууль шаардаж байгааг хангах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан торгууль гэж 14 775 000 төгрөг нэхэмжилснийг  хангах үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “20 500 000 төгрөг” гэснийг “13 500 000 төгрөг” гэж өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99 775 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч “А” ХХК-иас эзэмшлийн газар, уг газарт барилга барих зураг төслөө иргэн Б.Найдантүвшинд худалдсан талаарх баримтыг шүүхэд гаргаж, хариу тайлбар татгалзлаа баримтаар нотолсон, мөн нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх тус компанид холбогдуулсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Түүнчлэн хариуцагч П.Г, Х.Б нарын нэхэмжлэгч Ш.Отэй  2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн, мөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг талууд чөлөөтэйгөөр, агуулгыг нь өөрсдөө тодорхойлж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулсан гэж үзэх бөгөөд шүүх хүчин төгөлдөр буст тооцох үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт нийцсэн, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, орон сууц захиалан бариулах гэрээний гол нөхцөл, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, түүнтэй холбоотойгоор үүссэн маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийг баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна. 

 Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийг хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасанаар хариуцагч Х.Б, П.Г нараас 20 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 93 025 000 төгрөгийг” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Б, П.Г нараас 13 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 99 775 000 төгрөгийг” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “259 200 төгрөгийг” гэснийг 225 450 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 402 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

А.ОТГОНЦЭЦЭГ