Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1005

 

 

 

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

хохирогч У.О,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 688 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч У.Оийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ад холбогдох 1805034370707 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

......овгийн Г.А, 1989 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../;

Г.А нь 2018 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Оийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн гадна хэсэг, зүүн шууны ар доод хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тавхайн гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн Прокурорын газар: Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Аг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Агийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Агаас нийт 1.458.000 төгрөг гаргуулж, хохирогч У.От олгох, хохирогч У.О нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хохирогч У.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 688 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Мөрдөн байцаагч нь “та мөнгө олж хагалгаа, эмчилгээ хийлгээд дараа нь гарсан баримтаараа хохирлоо нэхэмжлэх боломжтой гэж хэлсэн. Нөгөөтэйгүүр, Г.А нь анхнаасаа шүүхээрээ яв гээд надтай огт холбогдоогүй.

Миний эрүүл мэндэд хохирол учирсан, нүүр тэгширсэн, цус их хэмжээгээр алдсан, хамрын яс цөмөрч хамар битүүрээд агаар хааж, амьсгалах боломжгүй байдалд орсон. Эмч яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсний дагуу арга ядаад өөрийнхөө эрүүл мэндийг бодож хүнээс 2.000.000 төгрөг, 10 хувийн хүүтэй зээлж, хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн.

Хэрэв Г.А нь надад гэмтэл учруулаагүй байсан бол би хүнээс хүүтэй мөнгө зээлэх шаардлага байхгүй, эрүүл мэндээрээ давхар хохирохгүй байсан. Иймд хагалгаанд орохын тулд хүнээс авсан мөнгөний хүү болох 800.000 төгрөгийг Г.Агаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийтгэх тогтоолоор хамрын хагалгаа 1.250.000 төгрөг, дүрс оношлогооны төлбөр 120.000 төгрөг, ор хоног 80.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, нийт 1.458.000 төгрөгийг гаргасан боловч бусад гарсан зардлыг хохиролд тооцоогүйд гомдолтой байна. Үүнд: эмчийн үзлэг төлбөр 25.000 төгрөг, зүрхний цахилгаан бичлэг 10.000 төгрөг, лабораторын шинжилгээний төлбөр 21.000 төгрөг, цээж гэрэлд харсан рентгений төлбөр 25.000 төгрөг, нийт 81.000 төгрөгийг НӨАТ-ын баримттайгаар гаргаж өгсөн байтал шаардлага хангахгүй гэж үзэн, үнэлээгүйд гомдолтой байна. Хагалгаанд орж байгаа өвчтөн ямар ч тохиолдолд зайлшгүй шинжилгээ хийлгэж байж хагалгаанд ордог тул зардал гардаг.

Мөн хагалгаанд орсны дараа нүүр хавдар ихтэй байсан тул 1 сар эмчилгээ хийлгээд 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажилдаа орсон ба 49 хоног ажилгүй байсан. Өдрийн 20.000 төгрөгөөр тооцож, нийт 980.000 төгрөгөөр хохирсон.

Би хамартаа хиймэл эмплант тавиулсан, өвөл даарч, зун халууцаж болохгүй, насан туршийн хиймэл эрхтэнтэй болсон тул сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг 5.000.000 төгрөгөөр тооцож байна.

Иймд шүүхээс тогтоогоогүй, гомдолд дурдагдсан 6.861.000 төгрөг дээр шүүхээс тогтоосон хохирол 1.458.000 төгрөгийг нэмж, нийт 8.319.000 төгрөгийг Г.Агаас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь шүүх хохирогчид учирсан хохирол болох хамрын хагалгааны төлбөр, дүрс оношлогооны төлбөр, ор хоногийн төлбөр, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр зэрэг нийт 1.458.000 төгрөг гарсныг шүүгдэгч Г.Агаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн Г.Ад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тохирсон гэж үзсэн. Иймд хохирогч У.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Лхагвын гэрт У.Отэй “мөнгө авсан” гэх асуудлаас болж маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна. Энэ нь:

хохирогч У.Оийн “... 2018 оны 6 дугаар сарын 12-ны шөнө Г.А “дэлгүүрээс юм авахад би 40.000 төгрөг гаргаж өгсөн” гээд надаас мөнгөө нэхээд байхаар нь “чи надад 20.000 төгрөг л өгсөн” гээд бид хоёр бага зэрэг маргалдаж байтал Г.А гэнэт миний үснээс зулгааж, том өрөө рүү чирч оруулаад нүүр ам, хөл рүү өшиглөөд байсан. ...” /хх-14-15/,

гэрч Б.О-ийн “... шөнө чанга чанга дуугараад байхаар нь сэрээд хартал Г.А, У.О эгч 2 тагтан дээр маргалдаж байсан. Би Г.Аг 00-ийн өрөө рүү чирч оруултал У.О араас орж ирээд Г.Агийн үснээс зулгаагаад дээрээс нь дартал Г.А буцааж У.О эгчийн үснээс зулгаагаад хоорондоо үсдэлцсэн. ...” /хх-17-18/,

Г.Агийн сэжигтнээр өгсөн “... 2018 оны 6 дугаар сарын 12-ны шөнө У.О эгч бид хоёр маргалдаад ...У.О эгч араас орж ирээд миний үснээс зулгаагаад доошоо дарахаар нь зөрүүлж үснээс нь зулгаагаад, хоорондоо зодолдож байтал Одонцэцэг бид хоёрыг салгасан. Тэгэхэд У.О эгчийн хамраас цус гарчихсан байсан. У.О эгч Лхагвааг сэрээх гээд байхаар нь маргалдаж дахин үсдэлцээд, зодолдсон. ...” /хх-25-26/,

яллагдагчаар өгсөн “... Би У.О эгчийн биед дээрх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хоёр биенийхээ үснээс зулгаагаад ноцолдож, зодолдсон. Хамрыг нь хөлөөрөө өшиглөсөн үү, гараараа цохисон уу гэдгээ мэдэхгүй байна, дээгүүр, доогуураа харилцан цохилцож, зодолдсон. ...” /хх-39/ гэх мэдүүлгүүд,

 шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7518 дугаартай “... У.Оийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойн гадна хэсэг, зүүн шууны ар доод хэсэг баруун шууны гадна дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, баруун тавхайн гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /хх-20/, толгойн компьютер томографийн шинжилгээ /хх-21/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогджээ.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ад 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч У.О нь “... шүүхээс тогтоосон хохирлоос гадна эмчилгээний зардлын зөрүү, ажилгүй байсан хугацааны цалин, хагалгаанд орохын тулд бусдаас зээлсэн зээлийн хүү, сэтгэл санааны хохирол зэрэг 6.861.000 төгрөгийг нэмж, нийт 8.319.000 төгрөг Г.Агаас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад гэм хорын хохиролд Г.Агаас 1.458.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох, хохирогч У.О нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.  

Харин хохирогч У.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн нотлох баримтуудын зарим нь тайлж унших боломжгүй гэж хохирлын тооцооноос хасагдсан байсныг давж заалдах шатны шүүх хуралдаанд дахин тодруулж ирүүлснээс эмчийн үзлэгийн төлбөр 25.000 төгрөг, лабораторын шинжилгээний төлбөр 21.000 төгрөг, зүрхний цахилгаан бичлэгийн төлбөр 10.000 төгрөг, нийт 56.000 төгрөгийн баримтыг хүлээн авч, шүүгдэгч Г.Агаас нэмж гаргуулах, мөн анхан шатны шүүх гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа Иргэний хуулийн холбогдох зүйлийг баримтлаагүй нь буруу байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

 Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 688 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогч У.Оийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, ...тусгана” гэж заасныг зөрчиж, прокурор яллах дүгнэлтийг ойлгомж муутай бичсэн, гэмт хэрэг үйлдсэн газар тодорхой биш, тухайн хоёр хүн ямар шалтгааны улмаас хоорондоо маргалдсан талаар тодорхой тусгаагүй орхигдуулсан байгааг цаашид анхаарвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 688 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “шүүгдэгч Г.Агаас нийт 1.458.000 төгрөг гаргуулж, хохирогч У.От олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агаас нийт 1.514.000 төгрөг гаргуулж, хохирогч У.От олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч У.Оийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН