Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00017

 

“...финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03759 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 525 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “...финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “... цэнгүүн” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 168,546,666 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг                         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпилийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, өмгөөлөгч Б.Ганболд, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017-11-12-ний өдөр “... цэнгүүн" ХХК мах дайвар бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг, үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөнд зориулж 6 сарын хугацаатай 120 сая төгрөг зээлдүүлэхийг хүссэн.Үүний дагуу  судалж үзээд “... цэнгүүн” ХХК-д 110 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.0 хувийн хүүтэй зээлүүлэхээр болсон. Үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ..-р хороо .....3 тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 90 к.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 1600 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших газрыг барьцаалсан. 2017-11-13-ний өдөр №052/17 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан зээл олгож, хуульд заасны дагуу зохих газарт бүртгүүлсэн. Зээл олгосноос хойш зээлдэгч нь 110 сая  төгрөгөөс зээлийн хүүнд 1сая төгрөг төлж, үндсэн зээлээс огт төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2018-05-14-ний өдөр дууссан. Иймд “... цэнгүүн” ХХК-с үндсэн зээл 110 сая төгрөг, үндсэн хүү 41,973,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,725,333 төгрөг нийт 155,698,666 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 73 хоног өнгөрсөн тул энэ хугацааны үндсэн хүү 10,706,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,141,333 төгрөг нийт 12,848,000 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна гэжээ.  

Хариуцагч хариу тайлбартаа: Банкны зээлээр их хэмжээний түүхий эд татан авсан боловч борлуулах зах зээл хумигдаж, түүхий эдийн агуулахад удаан хадгалагдан чанар байдлаа алдаж, борлуулагдахгүй болсон. Манай компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч компани алдагдалд орж зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Бид үндсэн зээл 110 сая төгрөг, зээлийн хүүнд 24,346,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,725,333 төгрөг, нийт 138,072,003 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 1,000,000 төгрөг төлсөн, одоо 137,072,003 төгрөгийн зээлийг барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулан барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй байна. Үйл ажиллагаа одоо зогсонги байдалтай байгаа, их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх чадваргүй байна. Зээлийн үндсэн төлбөр, гэрээний хугацааны хүүг л төлөх боломжтой гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 101/ШШ2018/03759 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан “... цэнгүүн” ХХК-иас 168,546,666 төгрөг гаргуулж “...финанс ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч төлбөрийг төлөөгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн .. 3 тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  79 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 90 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 1600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,227,161.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “... цэнгүүн” ХХК-иас 1,227,161.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 525 дугаартай магадлал гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03759 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан “... цэнгүүн” ХХК-иас 155,698,666 төгрөг гаргуулж, “...финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,848,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтын “1,227,161.33” гэснийг “936,443.33” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,518 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.1 дэх хэсэгт банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно гэж тус тус заасан байх боловч нэхэмжлэгч “...финанс ББСБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх баримт байхгүй, дээрх чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй гэж үзэж Иргэний хуулийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний заалтыг давж заалдах шатны шүүх баримталсан боловч хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй мөрдөж үндсэн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 110 сая төгрөг, 6 сарын хүү 24,346,670 төгрөг, нийт 134,346,670 төгрөгөөр бодож шийдвэрлээгүй нь хэрэглэж буй хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч талын зүгээс 2017-11-13-ны өдрийн №052/17 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу төлөх гэрээний үндсэн үнэ болох 110 сая төгрөг, 6 сарын хүү 24,346,670 төгрөг, нийт 134,346,670 төгрөгийг төлөх боломжтой. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн баримт иргэний хавтаст хэрэгт байхгүй, нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй эсэх нь тодорхой бус байхад нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,351,996 төгрөг төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн зээлд 110 сая төгрөг, 6 сарын хүү 24,346,670 төгрөг, нийт 134,346,670 төгрөгөөр бодож, үлдэгдэл 21,351,996 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      “...финанс ББСБ” ХХК нь 2018-09-03-ны өдөр шүүхэд хандан “... цэнгүүн” ХХК-иас нийт 168,546,666 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...2017-11-12-ний өдөр “... цэнгүүн” ХХК-д 110 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.0 хувийн хүүтэй зээлүүлсэн ...иймд үндсэн зээл 110 сая төгрөг, хүү 41,973,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,725,333 төгрөг нийт 155,698,666 төгрөг шаардсан... шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 73 хоног өнгөрсөн тул энэ хугацааны үндсэн хүү 10,706,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,141,333 төгрөг нэмж нийт 168,546,666 төгрөг нэхэмжилж байна...үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангаж өгнө үү...” гэжээ. /хх1,41,46-47,57/

     Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээл авсан нь үнэн... үндсэн зээл 110,000,000 төгрөг, зээлийн хүү 24,346,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,725,333 төгрөг нийт 138,072,003 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 1,000,000 төгрөг төлсөн... нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан /хх40,55/ байна.

      Анхан шатны шүүх “...зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна... зээлдэгч авсан мөнгөө буцааж төлөөгүй нь тогтоогдсон...” гэж дүгнээд нэхэмжлэлийг   хангаж хариуцагчаас 168,546,666 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

      Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “....нэхэмжлэгч байгууллагыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна...улсын бүртгэлийн гэрчилгээнд байгууллагын зөвхөн нэрийг бичжээ... хариуцагч үндсэн зээлд 110 сая төгрөг, 6 сарын хүү 24,346,670 төгрөг нийт 134,346,670 төгрөг төлөх үүрэгтэй боловч хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангана...” гээд нэхэмжлэлээс 155,698,666 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 12,848,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

      Хариуцагч хяналтын гомдолдоо “...шүүх үндсэн зээл 110 сая төгрөг, 6 сарын хүү 24,346,670 төгрөг, нийт 134,346,670 төгрөгөөр тооцож шийдвэр гаргаагүй нь буруу... нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй эсэх нь тодорхой бус байна...” гэжээ.

    Түүнчлэн, хариуцагч хяналтын шатны шүүхэд 2019-06-24-ний өдөр хандаж “...анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 168,546,666 төгрөгийг “...финанс ББСБ” ХХК-д  2019-08-20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан байна.

      Мөн тус шүүхэд 2019-09-25-ны өдөр хандан “...эвлэрлийн гэрээ байгуулсан тул хяналтын гомдлоосоо татгалзаж байна...” гэжээ.   

      1. 2019-06-20-ны өдрийн эвлэрлийн гэрээний талаар

      Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш зохигч нар 2019-06-20-ны өдөр  эвлэрч, энэ тухай гэрээг хяналтын шатны шүүхэд ирүүлжээ.      

      2019-06-20-ны өдрийн эвлэрлийн гэрээнд “...Нэхэмжлэгч: “...финанс ББСБ” ХХК... хариуцагч “... цэнгүүн” ХХК ....Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-12-11-ний өдрийн 101/ШШ2018/03759 тоот шүүхийн шийдвэр, 2019-03-22-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 525 тоот магадлалыг тус тус үндэслэн Зээлийн гэрээний үүрэгт 168,546,666 төгрөг гаргуулах тухай Иргэний маргааны талаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцов. Үүнд: “... цэнгүүн” ХХК нь 2018-12-11-ны өдрийн 101/ШШ2018/03759 тоот шүүхийн шийдвэрээр 168,546,666 төгрөгийг “...финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэр гаргасныг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаас 12,848,000 төгрөг хасуулахаар гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-03-22-ны өдрийн хурлаар нэхэмжлэлийн шаардлагаас 12,848,000 төгрөг хэрэгсэхгүй болгосон ч “... цэнгүүн” ХХК нь 2018-12-11-ны өдрийн 101/ШШ2018/03759 тоот шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний төлбөр болох 168,546,666 төгрөгийг “...финанс ББСБ” ХХК-д төлөхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. “... цэнгүүн” ХХК нь 168,546,666 төгрөгийг 2019-08-20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Харилцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд 2018-12-11-ний өдрийн 101/ШШ2018/03759 тоот шийдвэрт заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно. Дээрх эвлэрлийг талууд ямар нэгэн хөндлөнгийн дарамт шахалтад оролгүйгээр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээг талууд Монгол Улсын Иргэний хэргийн Хяналтын шатны шүүхээр эвлэрлийг баталгаажуулахаар харилцан тохиролцов...” гэсэн байна. 

       Хариуцагчаас 2019-06-24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн 2019-06-20-ны өдрийн албан бичигт “...талууд 2019-06-20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж...анхан шатны шүүхийн 2018-12-11-ний өдрийн 101/ШШ2018/03759 тоот шийдвэрт заасан нөхцөлөөр эвлэрсэн тул эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

      “... цэнгүүн” ХХК нь эвлэрлийн гэрээний дагуу төлбөрийг төлж дуусгаагүй, эвлэрлийн гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдлыг дүгнэн үзвэл тус шүүхээс зохигчдын эвлэрлийг батлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 172 дугаар зүйлийн 172.4-т нийцэхгүй байна.    

       Иймд 2019-06-20-ны өдрийн “эвлэрлийн гэрээ”-г батлаж, “...финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “... цэнгүүн” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  хариуцагчийн хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

       2. Хяналтын гомдлоос татгалзах тухай хариуцагчийн хүсэлтийн талаар

      Хариуцагч тус шүүхэд 2019-09-25-ны өдөр хандахдаа “... “... цэнгүүн” ХХК нь “...финанс ББСБ” ХХК-тай эвлэрэх санал тавьж 2019-06-20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул... Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзаж байна...” гэжээ.

      Хариуцагч нь эвлэрлийн гэрээтэй холбоотой хяналтын гомдлоосоо татгалзсан ч шүүх гэрээг батлаагүйгээс гадна 2020-01-23-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн албан бичигт хариуцагч хяналтын гомдлоосоо татгалзсан эсэх талаар тодорхой дурдаагүй байна.

       “... цэнгүүн” ХХК-ийг гомдол гаргаагүйд тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй байх тул энэ тухай “... цэнгүүн” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.   

       3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар 

     Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх баримт хэрэгт байхгүй...улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгч байгууллагын зөвхөн нэрийг бичсэн байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ.

      а/. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 5, 11 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулах бөгөөд Банк бус санхүүгийн байгууллагын нэр нь түүний оноосон нэр болон “Банк бус санхүүгийн байгууллага” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл “ББСБ” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.

      Түүнчлэн, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 6 дугаар зүйлд зааснаар “банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа уг  хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг хэлдэг байна.

     Нэхэмжлэгч нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагаанаас 7.1.1-т заасан “зээлийн үйл ажиллагаа” эрхэлдэг болох нь хэргийн 5 дугаар талд буй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2014-04-14-ний өдрийн гэрчилгээний хуулбараар тогтоогджээ. Тодруулбал, “...финанс ББСБ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2014-04-14-ний өдрийн гэрчилгээнээс үзвэл, нэхэмжлэгчийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг “...зээлийн үйл ажиллагаа...” гэж тэмдэглэсэн байна.

      Иймээс “...нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх баримт хэрэгт байхгүй...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг баримтад үндэслэгдээгүй гэж үзлээ. 

      б/. Хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлтэй холбогдуулан 2 удаа тайлбар гаргаж мэтгэлцэхдээ зээлдүүлэгч зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд мөн эсэх талаар маргаагүй байна. Иймд “...финанс ББСБ” ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчихгүй юм.

     “...финанс ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд эсэх талаар зохигч маргаагүй, анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн буюу давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасныг анхаараагүй байна.   

     в/. Шүүх “...финанс ББСБ” ХХК-ийг “...зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх баримт хэрэгт байхгүй...” гэж дүгнэсэн атлаа зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. 

     Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

     4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

    Зохигч нар 2017-11-13-ны өдөр 052/17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “...финанс ББСБ” ХХК нь зээлдэгч “... цэнгүүн” ХХК-д 110,000,000      төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирч, үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ... 3 тоотын 166 м.кв талбайтай агуулах, 200 м.кв, 79 м.кв, 90 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 1600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалжээ.

     Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээдэг. 

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнүүд хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн аль нь үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг шаардах эрхтэй юм.  

       “...финанс ББСБ” ХХК нь 110,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн дансанд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдож байна.

       Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх хариуцагчаас  нийт 168,546,666 төгрөгийг гаргуулж “...финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451, 452, 453, 175 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ. 

      Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

      Хяналтын шатны шүүх зохигчийн эвлэрлийг батлаагүй нь 168,546,666 төгрөг төлөх тухай хариуцагчийн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, магадлалыг хүчингүй болгохдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг зөрчихгүй гэж дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 525 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 264,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ