Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0547

 

   М.Т*******ий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч М.Т*******, хариуцагч болон гуравдагч этгээд Х.К******* өмгөөлөгч Я.С******* нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Т*******ий нэхэмжлэлтэй, Б*******д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0015 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 19 дүгээр зүйлийн 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг тус тус баримтлан Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай “Засаг даргын Тамгын газрын даргыг чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, М.Т*******ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Т*******ий ажилгүй байсан хугацааны олговорт 5683174 /таван сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч М.Т*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б******* А.М******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэг талын эрх ашгийг баримталсан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан.

Би сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Т*******ийг үр дүнгийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч надтай хамтран ажиллахаас татгалзан 2014, 2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулаагүй.

2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон төрийн албан хаагчдын 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, 2016 оны гэрээ байгуулах асуудлыг хэлэлцсэн. Уг хуралдааны төгсгөлд М.Т*******ий 2014, 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй асуудал яригдаж, 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулахыг шаардсан. Энэ үед М.Т******* нь “Би сумын Засаг дарга А.М******* таньтай цаашид хамтран ажиллахгүй, 2016 оны үйл ажиллагааны гэрээг ч байгуулахгүй, өөрийн хүсэлтээр ажлаас гаръя” гэж хэлээд хурлыг орхин гарсан.

Би М.Т*******ий сумын Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг үндэслэн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. М.Т******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Т*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Т*******ийг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар “Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзаж, өөрөө төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр тус сумын Засаг дарга Тамгын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг албан тушаалд Х.Кеншибайг түр томилсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр заажээ.

Гэтэл хариуцагчийн дээрх шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасантай нийцээгүй, хууль бус шийдвэр болсон байна.

Хариуцагчаас “М.Т*******ийг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн, энэ нь Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно” гэж тайлбарлан маргаж, гомдол гаргах боловч нэхэмжлэгч ийнхүү ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын үеэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Т*******, сумын Засаг дарга А.Мейремхан нарын хооронд үүссэн маргааны улмаас М.Т******* нь “...ажлаас гаръя...” гэж хэлснийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан өөрийн санаачилгаар гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж үзэхгүй.

Учир нь уг заалтын “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэдгийг төрийн жинхэнэ албанаас бүрмөсөн чөлөөлөгдөх тухай төрийн жинхэнэ албан хаагчаас хөндлөнгийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүйгээр, өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт гэж ойлгоно.

Ийнхүү хариуцагч Ногооннуур сумын Засаг дарга нь төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн байх тул түүний “шүүх нэг талын эрх ашгийг баримталсан хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчаас “М.Т*******ийг 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан” гэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл биш байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт эдгээр хуулийн заалтуудыг хассан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0015 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “19 дүгээр зүйлийн 19.3, 35 дугаар зүйлийн 35.1.5” гэснийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН