Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/384

 

2022         03           28                                  2022/ШЦТ/384

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гид холбогдох эрүүгийн 2208000000000 дугаартай хэргийг 2022.03.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1993 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, 0-р сургуульд мужаан, барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Сэлбийн 00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Т-ын Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 16-05 тоот нийтийн байранд иргэн Б.Дын зүүн хөлийг хутгалж, түүний бие махбодид хүндэвтэр зэргийн ар зүсэж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шилбэний булчин, шаантын хойд артери, венийн судас, шаантын мэдрэл бүрэн тасалсан шилбэний гадна ар хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, судас, мэдрэл нөхөх мэс заслын дараах байдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /х-х-4-8/,

- Хохирогч Б.Дын “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед нутгийн дүү болох Т.Г нь манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 16-05 тоотод байрлах нийтийн байрны 310 тоотод ирсэн. Тухайн үед манай гэрт А.Ц ах надтай хамт байсан бөгөөд Т.Г нь гаднаас “Хар чингис” гэсэн архи барьчихсан тэр архинаасаа уучихсан байдалтай орж ирсэн бөгөөд тус архийг нь бид 3 хувааж уугаад дараа нь манай гэрт байсан 0.75 литрийн Хараа нэртэй архийг мөн хувааж уугаад дуусаж байтал Т.Г нь шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ харина гээд байхаар нь “согтуу харанхуйд хариад яахав ээ хоноод яв хот сайн мэдэхгүй байж” гээд хэлтэл Т.Г “намайг доромжиллоо” гээд өөдөөс өндийгөөд ирэхээр нь мөр рүү нь өшиглөөд хэвтүүлсэн ба ор руу явж байх хооронд миний зүүн хөлийн шилбэ хэсгээр эвгүй болчихоор нь зүүн хөлөө хартал миний зүүн хөлийн шилбэ хэсгээс цус гарч байсан ба Т.Г нь миний ар талд хэвтчихсэн байж байсан бөгөөд урд нь хутга байсан” гэх мэдүүлэг/х.х-15-16/,

- Гэрч А.Цын “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гаднаас Т.Г нь “Хар чингис” гэсэн архи аваад ороод ирсэн. Тэгээд бид гурав хамт архи ууж суугаад орой 23 цагийн үед Т.Г нь явахаар болоод харина гээд байсан бөгөөд Б.Д нь Т.Гийг “хот мэдэхгүй байж бас харанхуй шөнө согтуу явуулахгүй” гээд байсан ба Т.Г нь явна гээд босоод иртэл Б.Д нь баруун мөр рүү нь хөлөөрөө түлхээд унагаад эргэж хараад явж байтал Т.Г нь цаад талдаа байсан гал тогооны хэсгээс хутга аваад маш хурдан хөлийг нь зүссэн” гэх мэдүүлэг /х.х-23-24/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 229 дугаартай “Б.Дын биед зүүн хөлийн шилбэний булчин, шаантын хойд артери, венийн судас, шаантын мэдрэл бүрэн тасалсан шилбэний гадна ар хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт, судас, мэдрэл нөхөх мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хөлийн шаантын хойд артери, вен, мэдрэл тасарсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл уналтаас үүсэхгүй. Учирсан гэмтэл нь 2022.02.05-наас 06-нд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /х.х-26-27/,

- Яллагдагч Т.Гийн “уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /х.х-50-51/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-52/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Т.Гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 2 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 00-00 тоотод амьдран суух иргэн Б.Дын гэрт архи барьж очин Б.Д, А.Ц нартай хамт архидан согтуурч, хохирогч Б.Д нь Т.Гийг “хот мэдэхгүй байж харанхуй шөнө согтуу явуулахгүй” гэж баруун мөр лүү нь хөлөөрөө түлхэн хэвтүүлсэнд уурлаж дургүйцэн Б.Дын зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгалсны улмаас Б.Дын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /х.х-15-16/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2022.03.03-ны өдрийн 229 дугаартай дүгнэлт /х.х-26-27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /х.х-4-8/, гэрч А.Цын мэдүүлэг /х.х-23-24/, эрүүл мэндийн бүртгэлийн маягт /х.х-31-37/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогпдож байна.

Шүүгдэгч Т.Гийн энэхүү үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатайгаар хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүйтэн зэвсэг хэрэглэн халдсан үйлдэл байх тул Т.Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Дын бие махбодид “зүүн хөлийн шилбэний булчин, шаантын хойд артери, венийн судас, шаантын мэдрэл бүрэн тасалсан шилбэний гадна ар хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цочмог цус алдалт” бүхий гэмтэл учирсан нь хүндэвтэр гэмтлийн зэрэгт хамаарч байгаа ба уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл болох нь шинжээчийн 2022.03.03-ны өдрийн 229 дугаартай дүгнэлтээр /х.х-26-27/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Т.Г нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Д нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Т.Гоос шаардах эрхтэй байна.

Хохирогч Б.Д нь 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр судсанд оёдол тавих мэс заслын хагалгаанд орж, эмчилгээ, шинжилгээтэй холбоотой гарсан төлбөр зардлын 410670 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн байна /х.х-67/.

Иймд шүүгдэгч И.Гоос 410670 төгрөг гаргуулж хохирогч Б.Дт олгож, хүний эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлж арилгуулах үндэслэлтэй байна.

Мөн шүүх-эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Б.Дын биед учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" гэх тул хохирогч Б.Д нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Т.Гоос нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Г нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-52/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн үйлдэл нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Улсын яллагчаас Т.Гид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгч Т.Г нь “бага насны хүүхдүүдтэй тул надаас өөр ажил хийгээд орлого олох хүн байхгүй. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би сая ажилд орсон ажлаа хийгээд цалингаа аваад торгууль төлөх боломжтой” гэх тайлбарыг  тус тус гаргалаа.

Дээрх нөхцөл байдал болон Т.Гийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ял сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Т-ын Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Т-лын Гид 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Г нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Боржигон овогт Т-ын Гоос 410670 /дөрвөн зуун арван мянга зургаан зуун далан/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дт олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Д нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Т.Гоос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Гид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Т.Гид мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ