| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2015/02354/и |
| Дугаар | 101/ШШ2016/04497 |
| Огноо | 2016-05-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2016/04497
| 2016 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2016/04497 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........ тоот хаягт байрлах, Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... тоотод байрлах, Е ХХК-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 400,000 ам.долларын буцаан гаргуулахыг хүссэн үндсэн, Б ХХК-иас гэрээний торгууль 20,000 ам.доллар буюу 40,401,200 төгрөг гаргуулахыг хүссэн Е ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, түүний өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг, Х.Цогтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Арабын нэгдсэн Эмират улсын Б ХХК болон Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай Е ХХК-иуд нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс битум худалдан авах гэрээ байгуулахаар санал солилцож байсан.
Ийнхүү энэ үедээ нэхэмжлэгч талаас алдаатай гүйлгээ хийсний улмаас 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 400,000 ам.долларыг хариуцагчийн Худалдаа Хөгжлийн Банк дахь 409033778 тоот данс руу шилжүүлсэн.
Алдаатай гүйлгээ хийснийг мэдсэн даруйдаа 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр банкинд мэдэгдсэн боловч гүйлгээ хийгдэж, банкны мэдлээс гарсан байсан. Бид энэ хариуг авсан даруйдаа 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч Вюзанинтай цахим шуудангаар холбогдож, талуудын хооронд хэлэлцэж байсан.
Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй тул манай компани алдаатай гүйлгээний улмаас танай компанийн дансанд орсон 400,000 ам.долларыг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор шилжүүлэх тухай хүсэлтийг явуулсан.
Гэвч хариуцагч талаас буцаан шилжүүлээгүй учраас 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин мэдэгдсэн боловч буцаан шилжүүлээгүй байдаг.
Иймд бидний хариуцагчийн данс руу андуурч шилжүүлсэн 400.000 ам долларыг буцаан гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл нь бид андуурч шилжүүлсэн тул буцаан өгнө үү, үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулж өгнө үү гэсэн байсан.
Тэгэхээр андуурал явагдсан байх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал битумийг худалдан авахаар, хариуцагч тал битумийг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байсан.
Гэрээг Москва хотод Оросын холбооны улсын хөрөнгө оруулалттай, толгой компани болох “Евробитүм” ХХК-ийн захирал болон Арабын нэгдсэн Эмират улсын тухайн үеийн захирал гэж байсан компанийн тамгыг авч явж байсан Бернд Шмидт нар байгуулсан.
Хэлцлийн дагуу ямар банкинд мөнгийг шилжүүлэх тухай харилцан утсаар болон захидлаар ярилцаж байсан бөгөөд “Евробитүм” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, охин компани болох Е ХХК”-ийн данс руу шилжүүлэхээр болж, гэрээний дагуу төлбөрийг хүлээн авах дансыг өгсөн.
Хэрвээ андуурал байсан бол дансны дугаарыг мэдэх боломжгүй байсан. Мөн гэрээнд заагдсан үнийн дүнгийн хэмжээний мөнгө байдаг нь андуураагүй гэдгийн баталгаа юм. Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мөнгө шилжиж орж ирсэн өдөр нь Оросын холбооны улсын Ангарск хотоос битумийг зохих тээврийн хэрэгсэлд ачиж Монгол улс руу илгээсэн.
Тэгээд 2014 оны 9 дүгээр сарын 18,19-ний өдөр Оросын холбооны улсын гаалиар нэвтэрч, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсад ирсэн байсан. Барааг хэн буулгах, хүлээн авах, хэн худалдах авах асуудал яригдсан.
Хавтаст хэрэгт үүнийг нотлох хариуцагч талаас гаргаж өгсөн талуудын хооронд байгуулагдсан Орос, англи хэл дээрх гэрээ, Монгол хэлээр орчуулсан баримт, тээврийн дагалдах хэрэгсэл зэрэг баримтууд байгаа гэдгийг хэлмээр байна.
Гаалиар бараа нэвтрээд орж байх үед нэхэмжлэгч талаас Бернд Шмидт болон санхүүгийн ажилчид нь хариуцагч талын Москвад байрлах компани руу захидал бичсэн. Монгол улсад зам барих зорилгоор барааг худалдаж авах гэж байсан Монгол улсын компани болилоо гэж байна, тэгэхээр бид битумыг худалдан авах боломжгүй боллоо, мөнгөө буцаан шилжүүлнэ үү гэж утсаар хэлсэн.
Гэхдээ компанийн тамга тэмдэгтэй мэдэгдэл 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр анх удаа очсон. Гэхдээ эхлээд утсаар мэдэгдсэн нь ч хэтэрхий хоцорсон асуудал байсан учраас нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнээс татгалзсан учраас гэрээний дагуу 10 хувиар тооцож уг 400,000 ам.долларыг торгуулийн төлбөрт авч, мөнгийг буцааж өгөхгүй гэдгээ хариуцагч компани илэрхийлсээр ирсэн.
Гэрээний нийн үнийн дүн 4,000,000 ам.долларын бэлтгэн нийлүүлэлт хийх гэрээ байдаг. Бид шилжиж орж ирсэн үнийн дүнд тохирох барааг илгээсэн байсан боловч явуулсан барааг өөрсдөө аваагүй.
Ингээд бид барааг яаралтай худалдах шаардлагатай болж, “Тотал инж” ХХК, “Орхон Азза” ХХК нарт борлуулсан. Хамгийн гол нь ачиж ирсэн автомашин нь битумийг тодорхой темпарутарт барих зориулалт бүхий онцлогтой тээврийн хэрэгсэл байсан. Хэрвээ цаг агаар хүйтэрвэл битум царцаж, машинаас салгах боломжгүй болж автомашинаа эвдэх эрсдэлтэй байсан учраас бид битумийг хэн авъя гэсэнд нь өгч аюулаас аврагдсан.
Мөн бид 400,000 ам.доллар биш, 420,000 ам.долларын торгууль тооцох ёстой байсан гэж үзэж, зөрүү 20.000 ам.долларыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Мөн гэрээгээ баримтлавал уг маргаан нь Монгол улсын иргэний хэргийн шүүхээр бус, Москва хотын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх маргаан гэдгийг шүүх анхаарах хэрэгтэй.
Тэгээд бас нэхэмжлэлийг эрх бүхий этгээд гаргасан эсэх дээр анхаарах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүнд итгэмжлэл өгсөн хүнийг тухайн компанийг төлөөлөх эрхтэй эсэх дээр эргэлзэж байна.
Хэрэг үүсгэхээс өмнө Э.Билгүүнд олгосон итгэмжлэлээр гаргасан нэхэмжлэлийг өөр шүүгч хүлээн авахаас татгалзаж байсан. Ганцхан сарын дотор итгэмжлэл олгох эрх бүхий этгээд яагаад солигдсон нь эргэлзээтэй.
Хавтаст хэрэгт үүнтэй холбоотой шүүгчийн захирамж бий. Харин дараа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгалгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Евробитүм Монголиа” ХХК нь Б ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Бараа нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулсан.
Гэрээний “1.1. Талууд уг гэрээний хавсралтад заасан нэр төрөл, тоо хэмжээ, үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг нийлүүлтийн нөхцлийн дагуу худалдах, худалдан авар үүрэгтэй. Нийт нийлүүлэх бараа бүтээгдэхүүний тооцоолсон өртөг 20,000,000 доллар байна” гэж тохиролцсон. Гэрээний 1 тоот хавсралтаар:
1.Бараа: Автозамын зориулалттай наалдамхай битум
2. Тоо хэмжээ: 4,000 тонн
3. Нийлүүлэлт хийх хугаца: 2014 оны 09-10 сар
4. Үнэ: 4.1.1. тонн барааны үнийг Америк доллараар тогтооно. Тонн бүр нь 1,050 ам.доллар
4.2.2. Хавсралтад дурдсан барааны үнэ: 4,200,000 ам.доллар
5. Төлбөрийн нөхцөл: Худалдан авагч Хавсралтын 4.2 дугаар зүйлд заасан барааны төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлөх ёстой. Талууд хэлэлцэн тохиролцож Хавсралтад тусгасан барааны үнийг хэсэгчлэн болон бүхлээр нь төлөөгүй тохиолдолд худалдагч Хавсралтын 4.2-т заасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль авна” гэж заасан.
Түүнчлэн “Бараа нийлүүлэлтийн гэрээ”-ний 2.6-д “Зөвшилцөж, тохиролцож хавсралтад заасан хэмжээт барааны төлөвлөсөн ачилтаас худалдан авагч татгалзах үед худалдан авагч худалдагчид хавсралтад заасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө” гэх тохиролцсон.
Гэрээний нийт дүн 4,200,000 ам.доллар байсан гэж үзэж, үүний 10 хувьтай тэнцэх торгууль 420,000 ам.доллар шилжүүлэх ёстой байсан тул манай компанийн дансанд шилжүүлсэн 400,000 ам.долларыг хасаад үлдэх 20,000 ам.доллар буюу 40,401,200 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.
Б ХХК-ийн өмгөөлөгч З.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь хариуцагчийг талыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө олж авсан этгээд болон нэхэмжлэгч тал хоёрын хооронд үүрэг үүсээгүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа хэлцэл нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасан хүсэл зоригийн илэрхийлэл, 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар эрх бүхий этгээдийн хийгээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Хавтаст хэргийн 108-111 дүгээр талд Дубайн эдийн засгийн хөгжлийн хэлстийн тодорхойлолт байгаа ба нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал Санжай Жейн нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаа нь харагдаж байна.
Тэгээд ерөнхий захирал нь компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй цорын ганц этгээд байна. Монгол улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасантай энэ нь нийцэж байгаа гэдгийг хэлмээр байна. Талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан торгуулийн асуудал байхгүй юм.
Харин манай компани битүмийг авахаас татгалзсан учраас өөр компаниудад худалдсан гэж тайлбарлаж байгаа тухайд бид мөнгийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдлийг 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс өгч эхэлсэн байдаг.
Гэтэл битум 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс ачигдаж, 2014 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр хилээр гараад 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авагч нар нь хүлээгээд авчихсан байдаг. Тэгэхээр 3 өдрийн дотор худалдсан нь бодит байдал дээр тохирохгүй байна. Ер нь бол хариуцагч талын хувьд хохирсон зүйл байхгүй бөгөөд 400,000 ам.долларыг жилээр тоологдох хугацаанд ашигласан. Иймд өгсөн зүйлээ буцааж авмаар байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 400,000 ам.доллар гаргуулах,
Хариуцагч Е ХХК нь Б ХХК холбогдуулан гэрээний торгууль 20,000 ам.доллар буюу 40,401,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг нь Б ХХК-ийн өмнөөс өмгөөлөгч Э.Билгүүнд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга, тэмдэг дарсан байх” гэж хуульчилсан байдаг.
Санжай Жейн Ашок Кумар нь Б ХХК-төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрхтэй цор ганц захирал болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 147 х/
Б ХХК-ийн ерөнхий захирал Санжай Жейн Ашок Кумараас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Хязгаарлагдмал эрх олгосон итгэмжлэл”-ийг Монгол өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгчдөд олгосон байна.
Ийм учраас Монгол өмгөөлөгч хууль зүйн фирмийн өмгөөлөгч Э.Билгүүн нь Б ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хариуцагч Е ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь үндэслэлгүйгээр хөроөнгөжсөн гэх 400,000 ам.долларын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн нь Е ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр данс андууран шилжүүлсэн 400,000 ам.доллараа гаргуулж авахаар шүүхэд хандсан гэж тайлбарласан.
Б ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Е ХХК-д 400,000 ам.долларыг буцаан шилжүүлэхийг мэдэгдэж байсан байна. /хх-ийн 12 х/
Хариуцагч Е ХХК нь дээрх мөнгийг бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 10 хувийн торгуульд тооцож 400,000 ам.долларыг авсан гэж тайлбарласан.
Талууд хороондоо гэрээ байгуулахаар тохиролцож байсан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №222/155-MN дугаартай “Бараа нийлүүлэлтийн гэрээ /хх-ийн 81-88 х/, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №222/155-MN дугаартай “Нийлүүлэлтийн гэрээ /хх-ийн 123-129 х/ гэсэн 2 өөр нэр бүхий гэрээнүүдээр нотлогдож байна.
Хариуцагч нь дээрх гэрээний дагуу битум буюу авто замын наалдамхай нийлүүлэхээр Монгол улсруу ачуулсан боловч Б ХХК нь авахгүй гэсэн учраас өөр компаниудад худалдан борлуулсан гэж маргасан.
Хариуцагч Е ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ГОСТ 22245-90 ИЗМ.1 маркийн авто замын наалдамхайг Иркутскээс ачуулж, дээрх барааг 2014 оны 9 дүгээр сарын 20-ноос 2014 оны 9 дүгээр сарын 22-ны хооронд “Орхон АЗЗА” ТӨХК, “Тотал инж” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-иуд хүлээн авсан болох Олон улсын ачаа-тээврийн 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 93, 94, 95, 96, 97, 102, 103 дугаартай дагалдах бичгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 89-105 х/
Дээрх баримтуудаас дүгнэхэд хариуцагч Е ХХК нь гэрээний дагуу Б ХХК-д ГОСТ 22245-90 ИЗМ.1 маркийн авто замын наалдамхайг нийлүүлэхээр ачуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь данс андуурч шилжүүлсэн 400,000 ам.доллараа хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй” мөн хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна.
Иймд хариуцагч Е ХХК-иас 400,000 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Е ХХК нь Б ХХК-д холбогдуулан гэрээний торгууль 20,000 ам.доллар буюу 40,401,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь гэрээний торгууль 20,000 ам.доллар буюу 40,401,200 төгрөг гаргуулах тухай Е ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Е ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №222/155-MN дугаартай гэрээний дагуу гэрээний торгууль 20,000 ам.доллар буюу 40,401,200 төгрөг нэхэмжилсэн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Зохигчийн хүчин төгөлдөр гэрээ мөн, эсэх гэж маргаж байгаа 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №222/155-MN дугаартай гэрээний 7 дугаар зүйл буюу “Маргаан зохицуулах журам” гэсэн заалтын 7.1-д “энэхүү гэрээнээс урган гарах эсвэл гэрээтэй холбоотой аливаа маргаан зөрөлдөөнийг Оросын холбооны улсын хууль тогтоомжийн дагуу Москва хотын Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай.
Иймд хариуцагч Е ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №222/155-MN дугаартай гэрээний дагуу гэрээний торгууль 20,000 ам.доллар буюу 40,401,200 төгрөгийг Б ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17640 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Е ХХК-иас 400,000 ам.долларыг гаргуулж, Б ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар Б ХХК-иас гэрээний торгууль 20,000 ам.доллар буюу 40,401,200 төгрөг гаргуулах тухай Е ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,128,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е ХХК-иас 4,128,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Е ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас гаргуулж, буцаан олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 17640 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА