Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/400

 

 

     2022          03          31                                    2022/ШЦТ/400

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч П.Д нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Дд холбогдох эрүүгийн 22030000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа Хархорин худалдааны төвд лангуу түрээсэлж байгаа, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Зүүн баян цагааны 0-00-б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Цагаан гэрүүд овогтын Д нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Д нь 2022 оны 2 дугаар сарын 08-ны 12 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тойргийн баруун талд байрлах “Prius” авто засварын гадна “Тоуоtа Рrius маркийн 00-00 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулан, шалгуулахдаа тээврийн хэрэгслийнхээ хурдны хайрцгийг парклаагүй буюу арааг нь салгаагүй байх үедээ хаазан дээрээ гишгэж, урагш огцом хөдөлсний улмаас засварын ажилтан А.Ш, Г.С нарыг засварын газрын хаалгатай хавсарч мөргөн, А.Шгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, Г.Сын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч А.Шгийн “машиндаа орж суугаад хаазалсан, тэгсэн чинь машин нь урагш хөдлөхдөө Г.С бид 2-ыг мөргөөд улмаар засварын газрын байрыг мөргөөд зогссон. Тэр үед С бид 2 машин, засварын газрын хооронд хавчуулагдсан” гэх мэдүүлэг /х.х-18-20/,

- Иргэний нэхэмжлэгч Г.Сын “жолооч машиндаа суугаад хаалгаа хаагаад бензин мотор ажиллах үедээ урагшаа машин хөдлөөд Ш бид 2-ыг мөргөөд, засварын газрын хаалга, ханатай хавчуулсан.” гэх мэдүүлэг /х.х-24-26/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2774 дугаартай “А.Шгийн биед баруун тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /х.х-72-73/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2775 дугаартай “Г.Сын биед ...зөөлөн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-65-67 зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч П.Дын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Хохирогч А.Ш, иргэний нэхэмжлэгч Г.С нар нь Prius” авто засварын ажилчид бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн орчимд машинаа үзүүлэх зорилгоор ирсэн П.Дын автомашинд үзлэг хийж, моторыг нь ажиллуулж үзэхээр “мотороо ажиллуулаад хаазаа гишгэ” гэх зааварчилгаа өгч автомашины урд нь зогсож байхад П.Д нь тухайн үед араагаа салгаагүйн улмаас хааз гишгэх үед автомашин хөдөлж А.Ш, Г.С нарыг хамт мөргөн засварын газрын байрыг мөргөөд зогссон болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-3-15/,

- Хохирогч А.Шгийн “нэг хүн машин үзүүлье” гэж хэлсэн, тэгэхээр нь “за” гэж хэлээд хамт гарахад тухайн хүн “машин доголдоод байна” гэж хэлэхээр нь “копудаа онгойлго” гэж хэлээд онгойлгуулсан.  Тухайн машин нь Тоёота Приус-20 маркийн машин байсан болохоор бензин мотор нь амарчихсан байсан, тэгэхээр нь “бензин мотороо ажиллуулаад хааз гишгэ” гэж би хэлсэн. Тэр үед надтай хамт ажилладаг Г.С ирчихсэн мөн машины урд талд хамт зогсож байсан. Тэгээд жолооч машиндаа орж суугаад хаазалсан тэгсэн чинь машин нь урагш хөдлөхдөө Г.С бид 2-ыг мөргөөд улмаар засварын газрын байрыг мөргөөд зогссон тэр үед Г.С бид 2 машин засварын газрын хооронд хавчуулагдсан” гэх мэдүүлэг /х.х-18/,

- Иргэний нэхэмжлэгч Г.Сын: “тэр машины жолооч нь “машин салгалаад доголдоод болохгүй байна” гэж хэлсэн болохоор нь копудыг нь онгойлгуулж машины урд талд А.Ш бид хоёр очоод машины дууг сонсох гэсэн боловч бензин мотор нь амарчихсан байхаар нь жолоочийг нь “бензин мотороо ажилуулаад хаазаа гишгэ” гэж хэлсэн. Жолооч машиндаа суугаад хаалгаа хаагаад бензин мотор ажиллах үедээ урагшаа машин хөдлөөд А.Ш бид хоёрыг мөргөөд засварын газрын хаалга, ханатай хавчуулсан” гэх мэдүүлэг /х.х-24/,

- Гэрч Б.Сын “жолооч машиндаа суугаад хаазаа гишгэхэд машин нь огцом хүчтэй урагшлаад А.Ш, Г.С 2-ыг мөргөөд зогссон.” гэх мэдүүлэг /х.х-55/ зэрэг баримтуудаар;

 Тухайн үед П.Дын тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, тоормосны ажиллагаа стандартын шаардлагыг бүрэн хангасан байсан болох нь техникийн шинжээчийн 2022.02.10-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтээр /х.х-81-85/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Дын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй ” заалт, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-ийн “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-ын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино” заалт, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 –ийн “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” заалтыг тус тус зөрчсөн болох нь мөрдөгчийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаартай магадлагаа /х.х-89-90/, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-3-15/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгч П.Дыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Дын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас А.Шгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 2774, 2775 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

            Шүүгдэгч П.Даас эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөрт хохирогч А.Шд 1800000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Сод 1200000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн талаар  хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мэдүүлэгтээ дурьдсан байх бөгөөд хэн аль нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд шүүгдэгч П.Дыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж арилгасанд тооцох үндэслэлтэй ба П.Д нь бусдад төлөх төлбөргүй болсон байна.

            Шүүгдэгч П.Д нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон П.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч А.Ш, иргэний нэхэмжлэгч Г.С нар нь хавтаст хэргийн материалтай танилцаад “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт П-ын Дыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаан гэрүүд овогт П-ын Дд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч А.Шд 1800000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Сод 1200000 төгрөг хүлээлгэн өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч А.Шгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар П.Даас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Дд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг П.Дд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ