| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00341/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 330
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.Сандагийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багт оршин суух Хар нурмынхан овогт Цогтбаатарын Сандаг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1958 онд төрсөн. Би 1974 оноос Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал бригадад мал маллаж байгаад 1976 оноос 1979 онуудад цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1979 оноос 1991 он хүртэл Дөрвөлжин сумын 2 дугаар 5-н жил нэгдлийн Буурал бригадад тасралтгүй мал маллаж байсан юм.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр тамгагүй, зарим онуудын бичилт дутуу учир ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм.
Иймд намайг 1974 оноос 1989 он хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар таван жил нэгдлийн Буурал бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Сандаг нь улсад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ц.Сандаг 1974 оны 06-р сарын 03-наас 1976 оны 05-р сарын 20-н хүртэл, 1979 оны 08-р сарын 20-ноос 1989 оны 12-р сарын 30-н хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар таван жил нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2017 оны 06-р сарын 12-ны өдрийн А/800 тоот лавлагаа, он, сар, өдөр, дугааргүй 1975 он гэсэн том улаан хөдөлмөрийн дэвтэрm 1980 оны 1-12 сар дуустал бичигдсэн, 1981 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичиг баримтуудаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч О.Лхагваа, С.Төмөрбаасан, Б.Мягмар нарын мэдүүлгүүдээр Ц.Сандагийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хар нурмынхан овогт Цогтбаатарын Сандагийг 1974 оны 06 дугаар сарын 03-наас 1976 оны 05- дугаар сарын 20-н хүртэл, 1979 оны 08 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2 дугаар таван жил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Сандагийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ