Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/000

 

2022 оны 02 сарын 17 өдөр                            2022/ШЦТ/34                               Номгон

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Н.Нямдорж,

Шүүгдэгч З.Хишигбаяр, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар,  Ж.Уранчимэг,

Нарийн бичгийн дарга Г.Чингүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас З.Хишигбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 03 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн нарын хамт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ВЕ86030317 тоот регистрийн дугаартай, Бэсүүд овогт Загдын Хишигбаяр,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Хишигбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газраас иргэн Д.Содномпил, Ц.Дашлхагва нарын өмчлөлийн 2 тооны ингэн тэмээг буюу олон тооны малыг ижил сүргээс нь машин механизм ашиглаж таслан хулгайлан авч, өөрийн эзэмшлийн тэмээнүүдтэй нийлүүлэн “Аргалантын ар” гэх газар руу тууж яван иргэн Д.Содномпилд 1.800.000 төгрөгийн, Ц.Дашлхагвад 1.300.000 төгрөгийн нийт 3.100.000 төгрөгийн хохирол учруулан мал  хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Содномпилийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө манай тэмээнээс 2 тооны тэмээ тастаад хөөгөөд явчихсан байсан. Нэг тэмээ нь манай өөрийн тэмээ, нэг тэмээ нь манай эхнэрийн төрсөн дүү болох Дашлхагвын тэмээ байсан. Тэгээд Дашлхагва нь Баацагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Хар үзүүр”-ийн хоолойгоос мөрийг нь хөөгөөд явсан. Тэгээд “Гүний ам” гэх газар луу ороод мөрийг нь алдсан. Тэгээд “Аргантын ар” талд байсан тэмээн дотор алга болсон 1 тэмээ нь байсан. Тэгээд тэр тэмээг хэний тэмээ болох талаар асуухад Баянцагаан сумын иргэн Хишигбаяр гэх хүний тэмээ байсан. Дашлхагва өөрийн тэмээгээ олж авсан. Манай тэмээ алга байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Манай тэмээ зөв талын шанаа дээрээ гурвалжин тамгатай, мөн зөв талын хүйтэн хонго дээрээ гурвалжин тамгатай бор зүсмийн 5 настай бүдүүн боос ингэ байсан ...Тэмээний хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулж өгсөн. Тэмээгээ эрж хайх, явцад гаргасан зардал болох 578.000 төгрөгийг Хишигбаяраас нэхэмжилж байна. Мотоциклын мөр байсан гэсэн. Би өөрөө тэгэхэд аймагт байсан учир хэргийн газарт очиж үзээгүй... гэсэн мэдүүлэг / хх-ийн 13-14, 16/, 

Хохирогч Ц.Дашлхагвын мөрдөн байцаалтад өгсөн ...З.Хишигбаяр гэдэг хүнийг танихгүй, миний тэмээ хар зүсмийн хөгширч байгаа 6 настай гунжин ингэ байгаа юм. Тэмээгээ Баацагаан, Баянцагаан сумын зааг нутаг болох “Хар үзүүрийн хоолой₮ гэх газраас алдсан. Тухайн үед Жинст, Богд, Баацагаан, Баянцагааны нутгаар хайсан боловч олдоогүй. Тэгээд дахин хайж явж байгаад Баацагаан, Баянцагааны зааг нутаг болох “Аргалантын ар” гэх газраас З.Хишигбаяр гэдэг хүний тэмээнд байхыг нь олсон. З.Хишигбаяраас өөрийнхөө тэмээг авсан. Тэмээгээ хайсан бензин түлшний мөнгийг авсан. Нэхэмжлэх зүйлгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн ... Хишигбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө үүрээр манайд мотоциклтой ирж хоносон. Тэгээд өглөө нь босоод шууд тэмээндээ яваад өгсөн. Тэгээд өдөр буцаж ирээд манай хүүхэд рүү утсаар яриад “та нар гарах болж байна уу” гээд ярьсан. Тэгээд манай хүүхэд “гарах болоогүй байна" гээд утсаа салгасан. Тэгээд Хишигбаяр тэмээгээ хурааж ирээд Бор ингэ барьж уясан. Би тухайн үед хулгайн тэмээ гэж мэдээгүй. Хишигбаяр надад “Сүхээгийн боос ингээр сольж авч байгаа юм. Сувиа ингийг нь Сүхээгийнх гаргаж идэх юм” гэж хэлсэн. Тэр шөнөдөө манай хүүхдүүд аймгаас ирж хоноод өглөө нь тэмээгээ гаргасан. Тэгээд манай охин, хүргэн 2 аймаг руу буцсан. Харин Хишигбаяр Баянцагаан руугаа буцсан. Зөв талын шанаа гуя дээрээ гурвалжин тамгатай. Бор зүсмийн бүдүүн ингэ байсан. Манай утсаар Хишигбаяр эхнэр лүүгээ яриад гарал үүслийн гэрчилгээ хийлгэсэн. Тухайн үед 30 гаран тооны тэмээ тууж ирээд дундаас нь бор ингэ барьж авсан. Би өөрийнх нь тэмээ юм байна гэж тухайн үед ойлгосон... гэсэн мэдүүлэг / хх-ийн 25-26/,

 

Гэрч Ц.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манай төрсөн дүү Дашлхагва нь 2021 оны 11 дүгээр сарын 12-нд тэмээгээ эргүүлэхэд тэмээнүүд нь бүрэн байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө тэмээгээ үзэхэд “манай дүүгийн 1 тэмээ, манай 1 тэмээ нийт 2 тооны тэмээ нь байхгүй байна” гэж над руу хэлсэн. Тэгээд дүү тэмээгээ хайгаад Богд сум, Жинст сумын нутгаар яваад олоогүй. Тэгээд буцаад тэмээ байсан газраа ирээд “хойд зүг рүү тэмээ хөөсөн бүдэг мөр байна. Би энэ мөрийг хөөгөөд явъя” гээд мөр хөөж явж байгаад “Хишигбаяр гэх айлын тэмээн дотор нь алдсан нэг тэмээ байна” гэж хэлсэн. Тэр тэмээ нь манай дүүгийн өөрийн тэмээ нь байсан. Харин манай алдсан тэмээ байгаагүй... гэсэн мэдүүлэг / хх-ийн 29-30/,

 

 

Гэрч Ц.Дашлхагвын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-ний үед үзүүрийн Адаг хоолойгоос 5 тооны адуу аваад замаараа тэмээгээрээ ороход манай тэмээ бүрэн байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 21-ний үед хүргэн ах А.Даваацэрэнд буур өгөх гээд тэмээн дээрээ ирэхэд миний хар гунж, Содномпил ахын бор ингэ байхгүй байхаар нь Богд сум, Жинст сумын нутгаар 3 хоног хайгаад ул мөр сураг олдоогүй. Тэгээд сүлжээн дээр гарч эгч Дэлгэрцэцэг рүү яриад “танай нэг, манай нэг ингэ алга байна. Цагдаад мэдэгдээрэй. Мөн нуурын хойд тал руу таньдаг хүн байвал хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд тэмээ алга болсон газраа буцаж ирээд мөр хартал хойд зүг рүү тэмээ хөөсөн мотоциклын бүдэг мөр байхаар нь тэр мөрийг хөөгөөд явсан. Тэр мөр нь явсаар байгаад “Аргалантын ар” хүрээд алга болсон. Тэгээд “Аргалантын” ууланд байсан тэмээгээр ороод явж байтал миний алга болсон тэмээ байсан. Манай хүргэн ахын тэмээ байгаагүй. Тэгэхээр нь тэр тэмээг хэнийх болох талаар сураглахад Баянцагаан сумын иргэн Хишигбаярын тэмээ байсан. Тэгээд би өөрийнхөө тэмээг буцаагаад аваад явсан. Тэгээд би Хишигбаярыг тэмээ байсан газруудаар явсан байна уу гээд хүмүүсээс сураглахад 2021 оны 11 дүгээр сарын 17-18-ны үеэр манай тэмээ байсан газраар явж байсан гэж сонсоод Хишигбаяр луу залгаад “танай тэмээнд манай алдсан тэмээ байна” гэхэд “би авчихсан. Хоёулаа уулзъя. Баянцагаан ороод ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч рүү “Хишигбаяртай ярилаа. Авсан эзэн нь тодорхой болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Содномпил ах цагдаад өргөдөл бичиж өгсөн байсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 33-34/, 

Гэрч А.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн ... З.Хишигбаяраас тэмээ худалдаж аваагүй. Хишигбаярын тэмээн дотор миний өөрийн 2 тооны ингэ байдаг юм. Тэгээд З.Хишигбаярт 10 сард “өөрийнхөө нэг тэмээг идшиндээ авна шүү” гэж хэлж байсан юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 17, 18-ны үед Хишигбаяр луу яриад “тэмээгээ бөөгнүүлж байгаараа. Тэмээгээ идшиндээ авмаар байна” гэж утсаар ярихад “тэмээгээ бөөгнүүлж байя. Хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд 20-ны үеэр ирэхэд бор дунд зэргийн тэмээ бариад уячихсан “өөрийн чинь ингэ хээлтэй юм байна. Энүүгээр сольчихъё” гээд уячихсан байсан тэмээгээ үзүүлээд тэрийг надад гаргаж өгсөн. Манай хүүхдэд З.Хишигбаяр бэлэглэж байсан юм. З.Хишигбаяр нь Баянцагаан сум руу яриад хийлгэж өгсөн код нь 951609 гэсэн код явуулсан. Миний өөрийн тэмээтэй сольж байгаа юм гэж хэлсэн болохоор би мэдээгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Яллагдагч З.Хишигбаярын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 22-23 цагийн үед Баацагаан сумын нутаг “Хар үзүүр” гэх газарт явж байгаад 30-аад тооны тэмээтэй таараад тэр дотроос 2 тооны бүдүүн ингийг хөөгөөд явсан. Тэгээд Бөөн цагаан нуурын хажуу талд шөнийн 04 цагийн үед өөрийн тэмээтэйгээ нийлүүлчхээд Алтанхуяг гэх айлд очиж хоносон. Тэгээд өглөө нь би тэмээгээ “Хулсан ам” гэх газар руу аваачиж усалчхаад орой 18 цагийн үед  Алтанхуяг ахынд тэмээгээ хураагаад тууж ирсэн. Тэмээгээ тэнд барьж авч, уяж хонуулсан. Би Алтанхуяг ахын хүргэн Батсүхэд одоогоос 4 жилийн өмнө хүүхдэд нь 1 ботго өгч байсан юм тэр нь өсөөд 2 ингэ болсон юм. Батсүх надаас нэг ингийг нь хүнсэндээ авна гээд хэлж байсан юм. Тэгээд өөрийн тэмээнээс өгмөөргүй санагдаад хүний тэмээ тууж авч ирсэн. Тууж авч ирсэн тэмээгээ уяж хонуулаад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө аймгаас Батсүх ирэхээр нь гаргаж өгсөн ...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багын нутаг “Аргалант” гэх газарт байх манай өвөлжөөнд байгаа. Миний өөрийн эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл байгаа. Хэргийг ганцаараа үйлдсэн. Шөнө таарахаар нь туугаад явсан. Тэмээг хүнд зарж ашиг олох зорилготой байсан.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38, 99/,

Хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/,

Мал тооллогын баримт /хх-ийн 57/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 76-78/,

Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 79-80/,

Хохирогч Д.Содномпилийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 81/,

Хохирогч Д.Содномпилийн 2021 оны мал тооллогын баримт /хх-ийн  82-83/,

Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 365 тоот шинжээчийн... 5 настай боос ингэний үнэлгээ 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов... гэсэн дүгнэлт /хх-ийн 50/

Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 2022 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот шинжээчийн... 6 настай эм тэмээний үнэлгээ 1.300.000 төгрөг, Мустанг-5 маркийн хятад мотоциклын үнэлгээ 500.000 төгрөг нийт 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов... гэсэн дүгнэлт /хх-ийн 53/

Шүүгдэгч З.Хишигбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 55, 71, 58-70, 70-74/,

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч З.Хишигбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 22-23 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дэвсгэр “Хар үзүүр” гэх газраас иргэн Д.Содномпил, Ц.Дашлхагва нарын өмчлөлийн 2 тооны ингэн тэмээг буюу олон тооны малыг ижил сүргээс нь машин механизм ашиглаж таслан хулгайлан авч, өөрийн эзэмшлийн тэмээнүүдтэй нийлүүлэн “Аргалантын ар” гэх газар руу тууж яван иргэн Д.Содномпилд 1.800.000 төгрөгийн, Ц.Дашлхагвад 1.300.000 төгрөгийн нийт 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Содномпил, Ц.Дашлхагва, гэрч Б.Алтанхуяг, Ц.Дэлгэрцэцэг, А.Батсүх нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг шүүгдэгч З.Хишигбаярын мөрдөн байцаалтад хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг, Энх-Нахиа ХХК-ны эд зүйлд үнэлгээ хийсэн 365, 04 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос шүүгдэгч З.Хишигбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч З.Хишигбаярыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.Содномпилд хохиролд 3.000.000 төгрөг, Ц.Дашлхагвад 500.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэргийн 79-80 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Содномпилд хохиролд нийт 3.000.000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогч Ц.Дашлхагвад 500.000 төгрөгийг хүлээн авч хохирол барагдсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хэрэгт мэдүүлсэн байх тул шүүгдэгч З.Хишигбаярыг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Шүүгдэгч З.Хишигбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч З.Хишигбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч З.Хишигбаярын эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн байх тул уг мотоциклийг хурааж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.Хишигбаяр нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүүд овогт Загдын Хишигбаярыг олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч З.Хишигбаярыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч З.Хишигбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч З.Хишигбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 02 сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч З.Хишигбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклыг /үнэлгээ 500.000 төгрөг/ шүүгдэгч З.Хишигбаяраас гаргуулж улсын орлого болгосугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч З.Хишигбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ГЭРЭЛМАА