| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0035/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/000 |
| Огноо | 2022-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/000
2022 оны 02 сарын 25 өдөр 2022/ШЦТ/39 Номгон
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Н.Нямдорж,
Шүүгдэгч Б.Бямбажав,
Нарийн бичгийн дарга Г.Чингүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Бямбажавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214000050030 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 10 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ВБ95102819 тоот регистрийн дугаартай, Даваа овогт Батсайханы Бямбажав,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Бямбажав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-10-208 тоот хашааны гадна талд иргэн Э.Пүрэвбатын нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нурууны зулгаралт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Бямбажав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-10-208 тоот хашааны гадна талд иргэн Э.Пүрэвбатын нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нурууны зулгаралт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь ...
Хохирогч Э.Пүрэвбатын ... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой би гэртээ байж байсан чинь манай хамт ажилладаг Дүүрэнжаргал, Мөнхзул гэх хүн дуудсан. Тэгээд би Мөнхзул гэх айлд 0.5 литртэй “Соёрхол” нэртэй архи авч очсон. Тэгээд тэр архийг уугаад с.у- байсан чинь Мөнхзулынд гаднаас Амартүвшин гэх залуу нэг хүнтэй хамт орж ирсэн Мөнхзул орон дээрээ согтсон унтаж байсан юм. Тэгсэн чинь Амартүвшин гэх залуу Мөнхзулыг очоод хувцаснаас нь татсан чинь Дүүрэнжаргал уурлаж босож ирээд Амартүвшинг “чи хэн юм” гээд тэр хоёр гэрээс хоорондоо барьцалдаад гарсан. Тэгээд би араас нь гараад гадаа байж байсан чинь Бямбажав гэх хүн намайг шууд ирээд нүүрэн хэсэгт цохисон. Тэгээд намайг Бямбажав цохисон чинь Дүүрэнжаргал нь Бямбажавыг аваад яваад өгсөн. Тэгээд би цагдаа дээр ирсэн Бямбажав гэх хүн нь миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Бямбажав гэх залуу намайг ганцаараа зодсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-12 /,
Гэрч Н.Дүүрэнжаргалын ... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 3-10-208 тоотод байрлах Мөнхзул гэх найзындаа Бямбажав, Мөнхзул, Пүрэвбат бид дөрөв хамт архи ууж байгаад Бямбажав Пүрэвбатыг нэг удаа цохисон. Хашааны гадаа байх үед Пүрэвбатыг Бямбажав нэг удаа цохисон. Пүрэвбат нүүрээ дараад суусан байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/,
Шүүгдэгч Б.Бямбажавын ... 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой Мөнхзул гэх хүний гэрт Дүүрэнжаргал, Пүрэвбат, Мөнхзул ах бид дөрөв архи ууж байсан юм аа. Тэгээд архи ууж байгаад би гэр лүүгээ явах гэж байсан чинь намайг явуулахгүй байсан. Тэгээд миний араас татаад намайг явуулахгүй байхаар нь би Пүрэвбат гэх хүнийг нэг удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгээд Дүүрэнжаргал ах намайг салгаж аваад бид хоёр явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 529 дугаартай шинжээчийн ...Э.Пүрэвбатын биед хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цох, хамрын нурууны зулгаралт гэмтэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрх гэмтэл 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 34-35/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Бямбажав нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Б.Бямбажавт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Б.Бямбажавт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Бямбажав, хохирогч Э.Пүрэвбат нар нь харилцан тохиролцон хохирол барагдуулсан талаарх хүсэлтээ хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгч Б.Бямбажавыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Бямбажавын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Даваа овогт Батсайханы Бямбажавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бямбажавт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бямбажавын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бямбажавт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Бямбажав нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бямбажавт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА