Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 127

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Б.Чинбилиг,

шүүгдэгч Н.Ууганбаяр, шүүгдэгч Б.Уранзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011307 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын харьяат, 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 31-551б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Намсрайн Ууганбаяр /РД: ЙЗ91062435/,

Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 14-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Нусгайнхан овогт Баадайн Уранзориг /РД:ПК88081011/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 20 дугаар гудамжинд иргэн Д.Далайжаргалын хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр булааж, хаан банкны виза картнаас 1.600.000 төгрөг авч бусдад нийт 1.637.500 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  судлав. Үүнд:

 

1. Хохирогч Д.Далайжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ууганаа /шүүгдэгч Б.Ууганбаяр/ машинаас буухдаа миний гартаа барьсан байсан цэнхэр өнгийн Prada гэсэн түрийвчийг шүүрч аваад буусан. Тэгэхээр нь би хаалгаа нээгээд Ууганааг бариад автал Уранзориг руу дамжуулаад шидсэн. Тэгээд 2-3 удаа хоорондоо дамжуулж байснаа 2-уулаа гудамж руу ороод гүйгээд яваад өгсөн. Тэгээд би хойноос нь гүйгээд гүйцээгүй цагдаа дуудсан. Миний цүнхнээс манай ээж нэг бөөрөө авхуулсан, түүний эмчилгээнд зориулж хэрэглэх гэж байсан бэлэн 1.250.000 төгрөг, түрийвчинд байсан Хаан банкны виза картнаас 1.600.000 төгрөгийг авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 х/

“...Би тэр өдөр пиво уугаад халсан байсан. Тэгээд түрийвчээ булаалгасныхаа дараа цагдаа дээр ирээд тайлбар өгөхдөө сандраад мөнгөө бэлэн мөнгөний машинаас авсан шиг санагдаад дээр бас сандраад тэгж хэлсэн байсан. Харин миний түрийвчээс виза картнаас 1.600.000 төгрөг авсан гүйлгээний утга байгаа. Түрийвч, карт зэргийг нэхэмжлэхгүй, 1.600.000 төгрөгөө авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 х/

 

2. Гэрч З.Алтанбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шөнө 4 цаг болж байхад би халтуур хийх гээд Саппоро дээр зогсож байтал нэг хүүхэн ирээд суусан. Тэгтэл араас нь 2 залуу ирээд машинд суух гэтэл нөгөө хүүхэн суулгахгүй гээд 10-аад минут маргалдсан. Тэгээд нөгөө 2 залуу суугаад Хархорин дээр бууна гэж байгаад 21 дээр буухаар болсон. Тэгээд дүүргийн ард буухаар болсон. Дүүргийн ард иртэл тэд нар бууна, буухгүй гээд 30 орчим минут болсон. Тэгж байснаа тэр хүүхний найз залуу гээд байсан залуу жижигхэн түрийвчийг нь аваад зугтсан. Гэтэл нөгөө залуу би мөнгө аваагүй, таны таксины мөнгийг өгсөн биз дээ гээд түрийвчээ харуулаад зогсож байснаа гэнэт зугтаагаад явчихсан. Тэгээд би тэр хүүхнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр хүргэж өгсөн ийм л юм болсон. Би зүс царайг нь сайн хараагүй, биеийн ерөнхий төрх байдал нь 165 см орчим өндөртэй туранхай залуучууд байсан. Тэдгээр залуус тэр хүүхнийг цохиж зодоогүй, түрийвчийг нь авах гээд л бага зэрэг ноцолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 х/

 

3. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61 х/

4. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 74 х/

5. Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49, 51 х/

6. Хохирол төлбөр барагдуулсан баримт /хх-ийн 60 х/ зэрэг болно.

7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-48 х/

 

8. Шүүгдэгч Б.Уранзоригийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Тэгээд явж байгаад Төгөлдөр гэдэг нэртэй дэлгүүрийн үүдэнд зогсоогоод би жолоочоос нэг ширхэг тамхи аваад татаад зогсож байхад Ууганаа нөгөө хүүхэнтэйгээ машины арын суудал дээр маргалдаад байсан. Тэгээд муудалцаж байснаа тэр 2 машинаас буугаад ирсэн. Тэгээд зогсож байснаа Ууганаа гэнэт нөгөө хүүхний гартаа барьж байсан түрийвчийг шүүрч аваад надад май гээд өгсөн. Тэгсэн нөгөө хүүхэн надаас түрийвчээ авах гэхээр нь би Ууганаад эргүүлээд өгсөн. Тэгсэн чинь Ууганаа шууд аваад гудамж руу ороод зугтаасан. Тэгээд дагаж гүйж байгаад бүдрээд унасан. Тэгээд босоод гүйтэл мухар гудамжинд ороод ирсэн. Тэгээд буцаад өөр нэг гудамж руу ортол тээр хол гүйж байсан. Тэгээд би дагаж гүйгээд зам дээр гараад иртэл Ууганаа зам дээр такси зогсоочихсон хүлээж байсан. Тэгээд бид 2 таксинд суугаад Баянхошууны хуучин эцэс дээр ирээд АТМ ортол ажиллахгүй байна гэсэн. Хөтөлөөр даваад дахиад нэг АТМ ортол бас ажиллахгүй байсан. Тэгээд түүнээс доош уруудаад хорооллын ахуй үйлчилгээ ороод Экспресс банк орсон. Тэнд 10 гаран минут болоод машинд орж ирээд суухаар нь би эргээд хартал Ууганаа бөөн мөнгө тоолоод сууж байсан. Тэгж байснаа надад май гээд мөнгө өгөөд “одоо хоёулаа тооцоогүй боллоо шүү” гэсэн. Би өгсөн мөнгийг нь тоолоогүй аваад халаасандаа хийсэн. Тэгээд би дагаад гүйж байхдаа асуухад энэ дансанд 1.600.000 төгрөг байгаа гэж байсан. Тэгээд би “чи яаж мэдэж байгаа юм бэ” гэхэд би сая дагаад АТМ орохдоо харсан, бас пин кодыг нь харчихсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 х/

Шүүгдэгч Б.Уранзоригийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Хохирогчид 400.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 х/

 

9. Шүүгдэгч Н.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Картанд нь 1.600.000 төгрөг байгаа гэдгийг мэдээд авч зугтаагаад мөнгийг нь авчихсан. Бүх мөнгөөрөө шоудаад, идэж, уугаад дуусгасан. Булаагаад зугтаах санааг би гаргасан. Уранзоригт 400.000 төгрөг өгөөд явуулсан. Хэрэг болдгийн өмнөх өдөр надаар Хаан банкны экспресс банкаар картандаа мөнгө хийлгэсэн. Түүнээс хойш пин кодыг нь мэддэг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 х/

 

10. Шүүгдэгч Н.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

11. Шүүгдэгч Б.Уранзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ууганбаяр, Далайжаргалын хамт явж байсан. Ууганбаяр Далайжаргалын хэтэвчийг нь аваад бид хоёр зугтаагаад явсан. Тэгээд экспресс банк ороод мөнгөө аваад Ууганбаяр надад мөнгө өгсөн, би мөнгийг нь тоолоогүй. Гэртээ очоод үзэхэд 400.000 төгрөг байсан. Би 1 дэх өдөр тухайн 400.000 төгрөгийг Цагдаагийн хэлтэст аваачиж өгсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нарыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.600.000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Далайжаргал хохиролд 1.600.000 төгрөг авсан, түрийвч, карт зэргийг нэхэмжлэхгүй /хх-ийн 76 х/ гэснийг дурдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн /хх-ийн 47-48 х/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Намсрайн Ууганбаяр, Нусгайнхан овогт Баадайн Уранзориг нарыг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нарыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нарын эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.  

 

4. Шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ууганбаяр, Б.Уранзориг нарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ууганбаяр, Б.Уранзориг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ