Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 979

 

А.У-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Цогтгэрэл,

хохирогч Ц.Б-, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Э.Хашчулуун,

шүүгдэгч А.У- өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У- өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор А.У-холбогдох 201625021333 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У овгийн А У, 19... оны ... дугаар сарын ..-ний өдөр ................ хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Мэргэн Девелопмент” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

 

А.У- нь үргэлжилсэн үйлдлээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбассадор” нэртэй барилгын 5 дугаар давхарт хохирогч Ц.Б-аас “Нарантуул захын баруун талд баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд уг барилгаас хямд үнээр талбай авах боломжтой, одоо манай барилгаас “АПУ” ХХК, “Номин Констракшн” ХХК зэрэг компаниуд талбай худалдан авахаар санал ирүүлсэн байгаа” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 02 дугаартай “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” нэртэй гэрээ байгуулан 2,197,993,521 төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг орон сууц, 3 ширхэг автомашин, бэлэн 330,000,000 төгрөг зэргийг залилан авч, нийт 2,527,993,521 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Мөн БНХАУ-аас 5,000 тонн арматур төмөр оруулж ирэх тухай хуурамч гэрээ үзүүлэн хуурч, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АВ center” барилгын 801 тоотод “2,673,500 тонн арматур төмрийг 1 тонныг 800,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг “Проконсалтинг” ХХК-ийн захирал Б.Б-байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогч Б.Б-ы өмчлөлийн 244,076,664 төгрөгийн үнэлгээ бүхий 5 нэр төрлийн хөрөнгийг, хохирогч Б.Э-өмчлөлийн 693,291,990 төгрөгийн үнэлгээ бүхий 6 нэр төрлийн хөрөнгийг өөрийн компанийн ажилтан Д.Д-нэр дээр өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад нийт 937,368,654 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, бусдад нийтдээ 3,465,362,175 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч А.У- үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Утайжав овгийн Алтансүхийн Уянгыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.У-2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-ас нийт 1,816,117,213 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Б-д 244,076,000 төгрөг, хохирогч Ч.Э-446,680,000 төгрөг, хохирогч Б.Б-1,425,361,213 төгрөгийг тус тус олгож, хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” худалдааны төвийн баруун талд “Мэргэн девелопмент” ХХК-ийн захиалан бариулж буй 10 давхар барилга, А.У- өмчлөлийн Ү-2206018332 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын ам /17050/, 1 тоот амрагчдын орон сууц, Ү-2204010049 дугаар бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн хотхон гудамжны 35а тоот хувийн сууц зэргийг хохирол төлбөр тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 2013 онд үйлдвэрлэгдсэн JNJHY7AX6D4087253 арлын дугаартай “Лексус-570” маркийн автомашиныг битүүмжилсэн болохыг дурдаж, шүүгдэгч А.У- бага насны хүүхэд У. овгийн У-ын Г, У овгийн У-ын Э нарын асран хамгаалагчийг тогтоох асуудлыг харьяалах дүүргийн Засаг дарга шийдвэрлэх хүртэл тэднийг асран хамгаалалтдаа байлгахыг Х овгийн Ж-ийн А /А.У- эх/ хариуцуулж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.У-урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У-авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.У- өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр нээлттэй орхисон.

Гэтэл шүүхээс хангасан хэсэг болох :

- Шүүх хуралдаанд гэрч А.Да  оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй. Шүүх хуралдаанд А.Д оролцуулаагүй. Би өөрийн мэдэх зүйлийг ярьсан, өөр хэлэх зүйл байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байдаг. Энэ үндэслэлээр А.Д  дахиж шүүхэд дуудаагүй.

- “Үүр тээл” ХХК-иас 2016 оны 1 болон 2 дугаар саруудад БНХАУ-ын “Зен жен рун хуй” болон өөр бусад компанитай байгуулсан арматур худалдах, худалдан авах гэрээг гаргуулан хэрэгт хавсаргаж өгөхөөр хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй. Үнэхээр тухайн үед арматур орж ирсэн эсэх, А.У- хохирогч нарт өгөх ёстой байсан, амлаж байсан цаг хугацаанд арматур орж ирсэн эсэх талаар тогтооход ач холбогдолтой байсан. Гэтэл уг асуудлыг хангасан, эс хангасан биш огт шийдвэрлээгүй.

- энэ хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтад буцаахдаа А.У- үйлдэл тухайн үед ямар байсан, “Номин Констракшн” ХХК-иас шалтгаалсан эрсдэл бий болсон эсэхийг, гэрээний үүрэг биелээгүй болох шалтгаануудыг тодруулах ажиллагаа хийлгэхээр буцаасан.   “Номин Констракшн” ХХК-иас үүдэлтэй эрсдэл байсан эсэхийг тодруулахад “Номин Констракшн” ХХК-иас “Мэргэн девелопмент” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөнүүд хэзээ А.У-шилжиж очсон, улсын комисс хэзээ хүлээж авсан, үнэхээр “Номин Констракшн” ХХК-иас үүдэлтэй хугацаа хожимдуулсан зүйл байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй. Хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан. 

2. Прокурор яллах дүгнэлтийн хавсралтдаа хохирогч Б.Б-д 244,076,664 төгрөгийг, Б.Э-д 294,041,212 төгрөгийг, хохирогч Ц.Б-т 1,496,096,021 төгрөгийг тус тус төлөх төлбөртэй гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байтал шүүхээс хохирогч Ц.Б-т 1,425,361,213 төгрөг болгон багасгасан. Энэ багасгасан үндэслэл нь тодорхойгүй. Хохирогч Б.Э-д 446,680,000 төгрөг болгон ихэсгэж шийдвэрлэсэн байх бөгөөд ямар үндэслэлээр дээрх хохирлыг тооцсон нь тодорхойгүй, мөн тогтоолын ТОГТООХ хэсгийн 5 дахь заалтад А.У-ас нийт 1,816,117,213 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч нарын хохирлыг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа хохирогч нарт төлүүлэхээр шийдвэрлэсэн хохирлын нийт хэмжээ 2,116,117,213 төгрөг тогтоогдож байгаа нь шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэг нь хуульд заасан шаардлага хангаагүй байна. Хохирол илт зөрүүтэй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боллоо гэхэд биелүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болно.

3. Хохирогч Б.Б-, Б.Э- нарын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэлд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Шүүхийн тогтоолоор хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн боловч тогтоолын биелэлт огт хангагдаагүй. А.У- нь хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх боловч ямар аргаар залилан мэхэлж авсныг тогтоогоогүй. Мөн А.У- уг үйл ажиллагаа ямар байсан, арматур төмөр оруулж ирэх нь бодитой байсан эсэх, эс биелсэн шалтгааныг шалгах, Б.Б-тохирсон тохироогоо гүйцэлдүүлэхээр хүчин чармайлт гаргасан эсэх, “Номин Констракшн” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэл гаргасан эсэхийг нарийн тогтоох шаардлагатай байна. Энэ тохиолдолд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн. “Мэргэн Девелопмент” ХХК болон “Үүр тал” ХХК арматур оруулж ирсэн талаар лавлагаа авсан байдаг.  “Үүр тээл” ХХК-ийг бус “Үүр тал” ХХК буюу энэ хэрэгт огт хамааралгүй компаниар лавлагаа гаргуулсан байдаг. Энэ нь нотлох баримтыг үнэн зөв үнэлэх, хэрэгт ач холбогдолтой талаас нь шийдвэрлэх асуудлыг ноцтой зөрчсөн. Энэ талаар прокурор тогтоогоогүйгээс гадна шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. 

4. А.У- мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Ирээдүйд эд хөрөнгө арилжих гэрээний дагуу Ц.Б-аас шилжүүлэн авсан эд хөрөнгөнүүдийн хариу төлбөрт 3 ширхэг таун хаусыг шилжүүлэн өгсөн талаараа удаа дараа мэдүүлсэн, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болох “Мэргэн Девелопмент” ХХК-ийн “Номин Констракшн” ХХК-д хандаж Ц.Б-ын нэр дээр 3 ширхэг таун хаусын гэрчилгээг гаргуулахыг хүссэн албан тоот, дээрх үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдоно. Гэтэл шүүхээс 2 ширхэг таун хаусыг нь 2014 оны 2 сарын 22-ны өдрийн 02 дугаартай 1,000,000 ам.долларын зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн нь тогтоогдож байна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан иргэний гэрээнд үнэлэлт дүгнэлт өгч, энэ гэрээний дагуу шилжүүлсэн байна гэж дүгнэх ямар ч эрх зүйн боломж байхгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. А.У- үнэхээр өмчлөгч бол хөрөнгөө аль гэрээний дагуу шилжүүлэх нь хүний эрхийн асуудал. Эрүүгийн хэргийн шүүх зээлийн гэрээ байна гэж шууд дүгнэх ямар ч боломж байхгүй. Таун хауснууд нь тухайн үед улсын бүртгэлийн гэрчилгээ аваагүй, дугаар нойморгүй байхад зээлийн гэрээ байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Хохирогчийн олох ёстой байсан ашиг, орлого нь өөрөө гэмт хэргийн хохиролд тооцогдохгүй. Шүүхийн тогтоолд тодорхойлсноор хохирогч А.Б  2,527,993,521 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, мөнгийг А.У-шилжүүлэн өгсний хариуд А.У- өмчлөл, эзэмшлийн хэдэн төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг Ц.Б- шилжүүлэн авсан эсэх, эдгээрийн хоорондын үнийн зөрүүгээр хохирлын шууд үр дагаврыг тооцох боломжтой. Учир нь А.У- таун хаусуудыг шилжүүлэн өгөх үед Ц.Б- цагдаад гомдол гаргаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байсан, сайн дурын үндсэн дээр гэрээний үүргийн дагуу шилжүүлэн өгсөн байсан. Шүүхээс дүгнэхдээ “...хохирогч Ц.Б-ын хохирсон байдалд дүгнэлт хийхэд тэрээр ... шилжүүлсэн хөрөнгийн чинь оронд таун хаус өгнө” гэсэнд итгэж гэрээ байгуулсан байх тул А.У-ас хохиролд төлсөн гэх таун хаусын үнийг тогтоолгохоор шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ гэсэн байна. Гэрээ байгуулсан учраас үнэлгээ тогтоохгүй гэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний эрх зүйн гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэтээр шүүх дүгнэлт гаргаж байна. Энэ хэргийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж байгаа бол А.У-ас шилжүүлсэн хөрөнгийн үнэлгээг заавал тогтоолгох ёстой.   

А.У- хохирогч Ц.Б- нарын хооронд гэрээ байгуулагдах үед буюу 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б-т шилжүүлэн өгөх таун хауснуудын үнэ тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. Энэ талаараа Ц.Б-т А.У- урьдчилан хэлж байсан. “Номин Констракшн” ХХК-тай байгуулсан гэрээнээс өмнө Ц.Б-тай гэрээ байгуулсан зэрэг үйл баримтууд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч М.Ө , Ж.А , Б.А  гэрч Ц.Э  нарын мэдүүлэг, талуудын хооронд байгуулсан гэрээ зэргээр хангалттай тогтоогддог.

Иймд А.У- Ц.Б-т шилжүүлэх таун хаусны үнийг мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх, үүнээс шалтгаалан Ц.Б-т өгөх хаусны тоо ширхэг өөрчлөгдсөн байж болох, талуудын хооронд ийм тохиролцоо байсан эсэх зэрэг нь А.У- нь залилан мэхлэх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байх бөгөөд шүүхээс дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. “Мэргэн Девелопмент” ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт иргэний хариуцагчаар татаж оролцоогүй атлаа шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “Нарантуул” худалдааны төвийн баруун талд “Мэргэн Девелопмент” ХХК-ийн захиалан бариулж буй 10 давхар барилгыг А.У- бусдад учруулсан гэх хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийн бусдад хүлээх үүргийг компани хариуцахгүй гэж тодорхой заасан. Харин компанийн үүргийг хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааны хэмжээгээр хариуцна. Гэтэл энэ асуудлыг тогтоолгүйгээр хохирол тооцож шийдвэрлүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн тохиолдолд А.У-авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. А.У- хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, асран хамгаалах эрх нь түүний нэр дээр байдаг. Анхан шатны шүүхээс хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг А.У- эхэд шилжүүлсэн. Гэтэл түүний эх нь байнгын асаргаа шаардагддаг өндөр настай эцгийг нь асран хамгаалдаг. Хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгсөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв. ...” гэв.

 

Хохирогч Ц.Б-ын өмгөөлөгч М.А  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирлыг буруу тооцсон гэж байна. Ц.Б-ын зүгээс өгсөн эд хөрөнгүүдэд мэргэжлийн үнэлгээний байгууллагаар дүгнэлт гаргуулан хохирлыг тооцож, талуудын мэдүүлгээр буцааж авсан зүйлүүдийн үнийн дүнг хасч тооцсон учраас хохирлын хэмжээ зөв гарсан.

“Номин констракшн”-аас авсан бүх таун хаусуудыг өгсөн гэж байна. Манай зүгээс 1 ширхэг хаусыг авсан. Хаусны тоо, дугаарлалт дээр ямар нэгэн маргаан байдаггүй. Төслийн дугаар нь 1-ээс 8-ийн хооронд байдаг. Байшин дээрх дугаарлалт нь 101-ээс 108 гэсэн. Ц.Б- нь иргэн А.У- болон “Мэргэн Девелопмент” ХХК-тай нийт үндсэн 13 болон дагалдах 30 гаруй гэрээ хийгдэж, үүнтэй холбоотойгоор нийт 3 хаус авсан. Өөр зүйлийг шилжүүлэн аваагүй байдаг. Авсан хаусны тоот нь 1, 4 ,7 юм. Ирээдүйд эд хөрөнгө арилжих хэлцэл буюу А.У- талаас өгөх гэрээн дээр 5, 6, 7, 8 тоот хаусуудыг шилжүүлж өгнө гэж тодорхой заасан. 1,000,000 ам.долларын зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт дээр 1, 4 тоот хаусыг шилжүүлж өгнө гэж заасан. Энэ гэмт хэргийн зүйл болж байгаа байрны дугаарлалтаас зөвхөн 7 тоот хаусыг авсан. 1, 4 дугаартай хаус нь 1 сая долларын зээлийн гэрээтэй холбогдолтой болох нь шүүх хуралдааны явцад болон бичгээр өгсөн нотлох баримтаар нотлогдсон.

Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Мөнх-Оргилыг томилсон. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Шинэ хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор Ц.Б- өөрөө хохирогчоор тогтоогдсон тул процессийн алдаа байхгүй. Хаусны үнийн талаар талууд анхнаасаа 1 сая долларын гэрээ, эд хөрөнгө арилжих гэрээний үнийн дүнгээр тохирсон байдаг. Ц.Б-ын эд хөрөнгийг өөрийнхөө эзэмшил, ашиглалтад оруулах зорилго агуулснаас биш хаусны үнэ чухал байгаагүй. Хаусны үнийн талаар маргаж байгаа нь анхнаасаа хаусыг өгөхгүй байх зорилго харагдаж байна. 1, 4, 7 тоот хаусыг “Номин Констракшн” ХХК-иас авсныхаа дараа Ж  болон өөр бусад хүмүүсийн нэр дээр шилжүүлж өгсөн байсан.

Эдгээр хүмүүсээс буцааж авахын тулд тэр хүмүүсийн хохирлыг А.У- өмнөөс гэрээ хийж хохирлыг нь барагдуулж байж, 1, 4, 7 тоот хаусуудыг Ц.Б- өөрийн нэр дээр шилжүүлж авахын тулд 300.000.000 гаруй төгрөгийг харин А.У-зээлдүүлж, түүний бусдад тавьсан өрийг төлж эдгээр хаусуудыг авсан байдаг. ...” гэв.

 

Хохирогч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2014 онд 1 сая долларын зээлийн гэрээний үйл ажиллагаатай холбогдуулж А.У-тай танилцаж байсан. Ирээдүйд эд хөрөнгө арилжих гэрээг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийсэн. А.У- тухайн үед “Номин Констракшн” ХХК-тай 8 ширхэг хаус худалдаж авах гэрээ хийсэн. “Мэргэн Девелопмент” ХХК-ийн Б1 давхрыг “Номин Констракшн” ХХК-д зарж байгаа, чамд гэрээг нь үзүүлье гээд зөвхөн гэрээний “Номин Констракшн” ХХК-ийн захирлын гарын үсэг болон өөрийнхөө гарын үсэг зурсан хэсгийг харуулсан бөгөөд доторх агуулгыг үзүүлээгүй. Том компанийн хооронд нууцын гэрээ хийсэн учраас агуулгыг үзүүлэх боломжгүй байна гэж хэлээд М.А өмгөөлөгч бид хоёрт хэлж байсан. Миний хувьд бизнесийн хүн тул хаусыг хямд үнээр аваад хэсэг хугацааны дараа үнэ хүргэж зарж болох юм байна гэсэн сэдлийг Уянга надад өгсөн. “Номин Констракшн” ХХК-ийн хаусуудыг 2,000 ам.доллараар зарж байгаа, чи гэрчилгээгээ аваад хэдэн сарын дараа 2,000-2,200 ам.доллараар зарах боломжтой гэсэн итгэл төрүүлж анх гэрээ байгуулж байсан. А.У-ас “Номин Констракшн” ХХК-ийн 3 ширхэг хаусыг шилжүүлж авсан. Үүнээс ирээдүйд эд хөрөнгө шилжүүлж авахтай холбоотойгоор 1 ширхэг хаусыг шилжүүлж авсан байдаг. Хоёр ширхэг хаусыг нь 1 сая долларын гэрээгээ дүгнэж шилжүүлж авсан. Энэ нь гэрээнд дээрх байрны дугаарлалттай таарна. Энэ 3 ширхэг хаусыг маш удаан явж, хөөцөлдөж байж шилжүүлж авсан. Манайд шилжүүлнэ гэсэн хаусыг шилжүүлэхгүйгээр А.У- зугтаад байсан. Сүүлд нь өөр хүнээс сонсоход аль хэдийн нэрийг нь өөр хүнд шилжүүлээд зээл авсан байсан. Яагаад өөр хүн рүү шилжүүлж байгаа юм бэ? гэхэд яах ч аргагүй мөнгөний хэрэг гараад шилжүүлсэн  гэж хэлээд өөрийнхөө зүйлийг авах гэж дахин мөнгө төлж нэр дээрээ шилжүүлж авсан. А.У- анхнаасаа гэрээг залилан мэхлэн зорилгоор хийсэн. Анх А.У-тай танилцахад тухайн объект 4 давхар дээр явж байсан бол надаас мөнгө авсны дараа 10 давхарын карказаа дуусгасан. Өнөөдрийг хүртэл манайхаас авсан хөрөнгөөрөө энэ байшинг босгосон. А.У-хохирлоо барагдуулах ямар ч санаа байхгүй. Учир нь А.У- өөрөө хаана байгаа нь мэдэгддэггүй, холбоо барих утас байдаггүй. ...” гэв.

 

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлснээс хойш урьдчилсан хэлэлцүүлэгт А.Д оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан. А.Д шүүх хуралдаанд ирээгүй тул бүх оролцогч нарын саналыг асуугаад түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар нэгдсэн нэг саналд хүрсэн.

Арматур төмөр байсан эсэх талаар шалгаагүй гэсэн асуудал яригддаг. А.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Манай компани арматур төмөр оруулж ирдэг байсан. 2014 оноос 2016 онуудад А.У- компани манайхаас арматур төмөр аваагүй гэж мэдүүлсэн. Мөн надтай арматур авах гэрээг А.Д  хийсэн, гэтэл А.У- ямар нэгэн барьцаа төлбөр төлөхгүйгээр алга болсон. Тийм учраас би 3 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээ цуцалсан. Үүнээс хойш А.У-тай харьцаагүй, мэдэхгүй байна. ...” гэж мэдүүлсэн. “Үүр тээл” ХХК-ийн гол хүн ингэж мэдүүлсэн учраас дахиж энэ талаар шалгаагүй.

2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс буцаасан захирамжид “Номин Констракшн” ХХК-иас шалтгаалсан нөхцөл байгаа эсэхийг шалгах гэсэн боловч үүнийг шалгаагүй гэж байна. “Номин Констракшн” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулагдсан. Дараа нь Ц.Б-тай 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Ингэхдээ Ц.Б-т тодорхой тооны хөрөнгө буюу хаусуудыг шилжүүлж өгөх байсан. Гэтэл Ц.Б-тай гэрээ байгуулахаас өмнө “Номин Констракшн” ХХК-иас 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө авсан атлаа 2015 оны 1 дүгээр сард 4.6 тэрбум буюу 4 хаус болон өөр газрын хаусыг Одгэрэл гэх хүнд өрөндөө өгсөн байсан. Ц.Б-т өгөх хөрөнгө байхгүй болсон. “Номин Констракшн” ХХК-иас авсан хаусуудаа өөр өртэй байсан хүмүүс рүү шилжүүлсэн талаар А.У- өөрөө ч хэлдэг. “Номин Констракшн” ХХК-иас хөрөнгүүдээ гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сард авчихсан байсан. Энэ талаар хавтас хэрэгт авагдсан. Шүүх хэргийг бүхэлд нь хянаж, өөрчлөх боломжтой учраас хохирлын тооцоог үнэн зөвөөр шийдвэрлэх боломжтой.

А.У-, Б.Б- нар хоорондоо гэрээ хийсэн бөгөөд гэрээний заалтад “Үүр тал” гэсэн байсан. Тиймээс “Үүр тал” ХХК-иар нь лавлагаа авсан. Энэ гэрээний төслийг А.У- бэлдэж хийсэн гэж Б.Б-, Ч.Энхчулуун нар мэдүүлдэг.

Хохирогч Ц.Б-т шилжүүлсэн хаусын үнэлгээг гаргаагүй гэж байна. А.У- болон Ц.Б- нарын хооронд зөвхөн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнээс урьд нь 1 сая долларын гэрээ байгуулсан, харилцаатай хүмүүс. Шилжүүлсэн 3 хаусын 1 ширхгийг нь энэ хэрэгт холбогдуулж өгсөн. Үлдсэн хаусыг 1 сая долларын гэрээндээ өгсөн гэж хохирлыг тооцсон.

Ц.Б-аас А.У-шилжүүлсэн 10 нэр төрлийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, оролцогч нарт танилцуулж, үнэлгээний талаар аль нэг тал гомдол санал гаргасан зүйл байдаггүй. Энэ үнэлгээгээр хохирлыг тооцож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ц.Б-т өгсөн хөрөнгийн үнэлгээг гаргах байсан гэж хэлж байна. Энэ үнэлгээг гаргах шаардлагагүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Энэ хэргийг 2 жилийн хугацаанд шалгасан. Ц.Б-ын хувьд гэрээ хийснээс хойш 3 жил, Б.Б-, Ч.Э  нарын хувьд 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд А.У- хохирлоо төлөх хүчин чармайлт гаргаагүй. Шүүгдэгч А.У- анхан шатны шүүх хуралдаанд “Энэ хохирлыг төлөхгүй” гэж хэлж байсан. Хохирогч нарт учруулсан хохирлоо төлөх санаа А.У-байдаггүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

А.У- нь:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбассадор” нэртэй барилгын 5 дугаар давхарт хохирогч Ц.Б-ыг “Нарантуул захын баруун талд баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд уг барилгаас хямд үнээр талбай авах боломжтой, одоо манай барилгаас “АПУ” ХХК компани талбай худалдан авахаар санал ирүүлсэн байгаа, “Номин Констракшн” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт ирэх хаусуудыг хямд үнээр шилжүүлэн өгнө” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 02 дугаартай “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар Ц.Б-ыг төөрөгдөлд оруулан хуурч,  2,197,993,521 төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг орон сууц, 3 ширхэг автомашин, бэлэн 330,000,000 төгрөг зэргийг шилжүүлэн авч, нийт 2,527,993,521 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

БНХАУ-аас 5,000 тонн арматур төмөр оруулж ирэх тухай хуурамч гэрээ Б.Б-, Б.Э- нарт үзүүлэн зохиомол байдлыг бий болгон тэднийг хуурч, уг арматур төмрөө 1 тонныг нь 800,000 төгрөгөөр буюу хямдхан үнээр худалдана гэж төөрөгдөлд оруулж, Б.Э-урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 01/2015 дугаарай “Худалдах, худалдан авах гэрээ”-г Б.Б-байгуулж, хохирогч Б.Б-аас 244,076,664 төгрөгийн үнэлгээ бүхий 5 нэр төрлийн хөрөнгийг, хохирогч Б.Э-аас 693,291,990 төгрөгийн үнэлгээ бүхий 6 нэр төрлийн хөрөнгийг тус тус өөрийн компанийн ажилтан Д.Д-нэр дээр шилжүүлэн авч, өөрөө захиран зарцуулж хохирогч Б.Б-, Б.Э- нарт нийт 937,368,654 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

 

НЭГ. А.У- Ц.Б-ыг хуурч,  төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

1. 620,734,808 төгрөгийн үнэлгээ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсан гудамж, 95 дугаар байрны 603 тоот 164.13 м.кв 4 өрөө орон сууц, 2 гаражийн хамт,

2. 126,480,881 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 45А байрны 107 тоот 51.1 м.кв 2 өрөө орон сууц,

3. 95,891,169 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ШУТИС КТМС-ийн зүүн талд “Ариун Очир” ХХК-ний орон сууцны 12 давхарын 92 тоот 2 өрөө орон сууц,

4. 240,343,786 төгрөгийн үнэлгээ бүхий Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, Саруул хотхон цогцолборын 7 давхарын 77,8 м.кв орон сууц,

5. 197,118,692 төгрөгийн үнэлгээ бүхий Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, Саруул хотхон цогцолборын 7 давхарын 63,8 м.кв орон сууц,

6. 197,118,692 төгрөгийн үнэлгээ бүхий Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, Саруул хотхон цогцолборын 4 давхарын 63,8 м.кв орон сууц,

7. 333,305,494 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны нийт 172,8 м.кв талбайтай 4 ширхэг орон сууц,

8. 262,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2013 онд үйлдвэрлэгдсэн Lexus570 загварын автомашин 1 ширхэг,

9. 60,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2011 онд үйлдвэрлэгдсэн Nissan Patrol загварын автомашин 1 ширхэг,

10. 65,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2012 онд үйлдвэрлэгдсэн Wrangler загварын автомашин 1 ширхэг,

11. Бэлэн мөнгө 330,000,000 төгрөг буюу  нийт  2,527,993,521 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан үйлдэл нь:

            урьдын А.У-тай зээлийн гэрээ байгуулах зэргээр харилцаатай байсан, Нарантуул захын баруун талд баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай барилгадаа одоо хөрөнгө оруулалт хийж өгвөл хямд үнээр талбай өгнө, тус барилгаас талбай худалдан авах саналыг “АПУ” ХХК компани ирүүлсэн байгаа гэж хэлсэнд нь итгэсэн, оруулсан хөрөнгө оруулалтын чинь оронд “Номин Констракшн” ХХК-иас гэрээний төлбөрт ирэх хаусуудыг хямд үнээр шилжүүлэн өгье гэхээр нь уг хаусуудыг нь А.У-тай цуг явж судлаад 2,527,993,521 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгүүдөө А.У-шилжүүлэн өгч хохирсон гэж мэдүүлсэн хохирогч Ц.Б-ын мэдүүлэг /3 хх11-112, 113-114, 115-116, 4 хх 151, 170, шүүх хуралдаан/,

            10 орон сууц, 3 автомашины өмчлөлийг шилжүүлсэн баримтууд /3 хх 39-48/ ,

А.У- гэсэн 1 гишүүнтэй “Мэргэн девелопмент” ХХК-ийн гэрчилгээ /2 хх 25-26/,

            “...2016 оны 1 дүгээр сард ... “Номин констракшн” компанийн таун хаусын захиалгын гэрээг тань руу шилжүүлээд өгье гээд ...би гэрээг нь авсан...” гэх гэрч М.Өрнөхийн мэдүүлэг / 1 хх 154/, 

            2016 оны 1 дүгээр сарын 15-ны 06/06 дугаартай “Мэргэн девелопмент” ХХК-ийн “...Хан-Уул дүүрэг, Зайсан, 11-р хорооны Дипломат хотхоны 104 тоот хаусыг иргэн Мяндсан овогтой Өрнөхийн нэр дээр захиалгын гэрээг шилжүүлж өгнө үү” гэх албан тоот /2 хх 37/,

            2016 оны 1 дүгээр сарын 11-ний 16/03 дугаартай “Мэргэн девелопмент” ХХК-ийн “...Хан-Уул дүүрэг, Зайсан, 11-р хорооны Дипломат хотхоны 102 тоот хаусыг иргэн Жанчив овогтой Ганбаатарын нэр дээр захиалгын гэрээг шилжүүлж өгнө үү” гэх албан тоот /2 хх 36/,

            2016 оны 1 дүгээр сарын 28-ны 16/17 дугаартай “Мэргэн девелопмент” ХХК-ийн “...Хан-Уул дүүрэг, Зайсан, 11-р хорооны Дипломат хотхоны 102,105,106 тоот таун хаусуудыг иргэн Ц овогтой О нэр дээр захиалгын гэрээг шилжүүлж өгнө үү” гэх албан тоот /2 хх 39/,

            Хан-Уул дүүрэг, Зайсан, 11-р хорооны Дипломат хотхоны 35/3,35/,4,37/3 гэсэн хаусуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц  овогтой О  нэр дээр гаргаж өгөхийг хүссэн “Мэргэн девелопмент” ХХК-ийн албан тоот /2 хх 35/,

             “Номин констрашн” ХХК, “Мэргэн девелопмент” ХХК-ийн байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үйлчилгээний талбай захиалгын гэрээ /1 хх 166-170/,

            А.У-, Ц.Б- нарын урьдын итгэлцэл бүхий харилцаатай болохыг нотолж буй 2015-05-22-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө арилжих тухай иргэд хоорондын итгэлцлийн гэрээ” /2 хх 222/, 2017-06-06-ны Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ /2 хх 225/,

            Ц.Б-аас шилжүүлэн авсан эд хөрөнгүүдээ захиран зарцуулсан баримтууд /3 хх 18-38/,

             А.У-, Ц.Б- нарын хооронд хийгдсэн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай” хэлцэл /3 хх 53-54/,

            “...Мэргэн девелопмент” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намъянжүгийн гудамж 53 тоот хаягт баригдаж буй M-Squer нэртэй барилгаас үйлчилгээний талбай захиалж хамтран ажиллаагүй бөгөөд тухайн компанитай гэрээний болон гэрээний бус харилцаанд орж байгаагүй болно...” гэсэн “АПУ” хувьцаат компанийн 2018.02.19-ний албан тоот /4 хх 139/ зэргээр,

 

ХОЁР. А.У- Б.Б-, Б.Э- нарыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, тэднийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

            Б.Э-ы:

1. 148,399,101 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 36А байрны 84 тоот орон сууц,

2. 101,619,117 төгрөгийн үнэлгээ бүхий Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 53 дугаар байрны 3 тоот орон сууц,

3. 152,631,661 төгрөгийн үнэлгээ бүхий Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 54 дүгээр байрны 12 тоот орон сууц,

4. 145,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 55-55 УНГ улсын дугаартай M.Benz G-500 автомашин,

5. 21,479,221 төгрөгийн үнэлгээ бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, KH апартментийн зоорийн давхарт байрлах дулаан зогсоол,

6. 124,162,890 төгрөгийн үнэлгээ бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6В байрны 40 тоот орон сууцыг тус тус шилжүүлэн авч, нийт хохирогч Б.Э-д 693,291,990 төгрөгийн хохирлыг,

Б.Б-ы:

1. 89,538,332 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн 730 дугаартай павилоныг тус өөрийн компанийн ажилтан Ч.Д  нэр дээр өмчлөгчийн эрхийг нь шилжүүлэн авч, А.У- өөрөө захиран зарцуулж,

2. 89,538,332 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн 731 дугаартай павилон,

3. 25,000,000 төгрөгийн 78-98 УНГ улсын дугаартай H.Tugson автомашин,

4. 40,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 5991 УНТ улсын дугаартай Howo  автомашин, 6207 ГЧ чиргүүлийн хамт тус тус шилжүүлэн авч, нийт Б.Б-д 244,076,664 төгрөгийн хохирлыг, буюу Б.Б-, Б.Э- нарт  нийт 937,368,654 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан үйлдэл нь:

 

            “...А.У- Хятад Улсаас 5000 тн арматур төмөр оруулж ирэх гэрээтэй гээд хятад бичигтэй гэрээ үзүүлсэн, уг гэрээний дагуу оруулж ирэх арматур төмрөөсөө 1 тонныг нь 800,000 төгрөгт буюу хямдхан үнээр зарна гэсэн, хямдхан арматур худалдаж авч, түүнийгээ зараад ашиг олно гээд А.У-тай 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, Б.Б- 244,076,664 төгрөгийн, Б.Э-693,291,990 төгрөгийн эд хөрөнгүүдийг А.У- нэр зааж хэлсэн Д.Д-нэр рүү шилжүүлсэн. А.У- нь барьж байгаа барилгынхаа талбайг Б.Э-ажилладаг “Номин Констракшн” ХХК-д заран төлбөрт нь хаусууд авсан байдалд нь итгэсэн...” талаараа мэдүүлсэн  хохирогч Б.Б-, Б.Э- нарын мэдүүлгүүд /1 хх 70-71, 102-103,  2 хх 174-175, 176, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд/,

            4 орон сууц, 1 автомашины дулаан зогсоол, 3 автомашин, 2 худалдааны талбай /павилон/-г Д.Д-нэр рүү шилжүүлсэн баримт /1 хх 11-34/,

А.У- гэсэн 1 гишүүнтэй “Мэргэн девелопмент” ХХК-ийн гэрчилгээ /2 хх 25-26/,

            2 дугаар сарын 24-ний өдөр 2673,5 тонн арматур төмөр худалдан авах “Арматур худалдах, худалдан  авах гэрээ, гэрээний дагуу шилжүүлэх хөрөнгийн жагсаалт бүхий хавсралт /1 хх 45-50/,

А.У-ас худалдаж авах арматурын хэмжээг 2919,54 тонн арматур болгон өөрчилж байгуулсан 2016-03-04-ний Худалдах, худалдан авах №01/2016 тоот гэрээний нэмэлт гэрээ, гэрээгээр шилжүүлэх хөрөнгийн жагсаалт бүхий хавсралт /1 хх 40-43/,

363,18 тонн арматур төмөр нэмж, нийт 3282,71 тонн арматур худалдан авах тухай 2016-03-25-ний Худалдах, худалдан авах №01/2016 тоот гэрээний нэмэлт гэрээ /1 хх 36-37/,

“...Б.Б-, Б.Э- нарт шилжүүлэн авсан эд хөрөнгүүдийн үнэ болох 1,309,076, 000 төгрөгийг А.У- бэлэн мөнгөөр 2016.06.30-ны дотор төлнө...” гэсэн агуулга бүхий 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ /1 хх 60-62/,

             А.У- 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “БНХАУ-н “Зэй Жан Руй Хуй” гэдэг компанитай манай компани гэрээ байгуулж байсан...” гэх нотлох баримтгүй мэдүүлэг /1 хх 76/,

            А.У-зээлсэн мөнгөнийхөө төлбөрт 2 павилон /Б.Б-аас А.У- залилан шилжүүлж авсан/ -ыг өмчлөлдөө авсан болохоо мэдүүлсэн гэрч М.Ө мэдүүлэг /1 хх153-154/, баримт /1 хх 159/,

            хохирогч Б.Б-, Б.Э- нараас шилжүүлэн өгсөн эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний тайлан /1 хх 235-250, 2 хх 1-15/,

            HOWO загварын автомашиныг, чиргүүлийн хамт 40,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4 хх 115 тал/,

            Б.Б-, Б.Э- нараас авсан хөрөнгүүдийг өр төлбөртөө зарцуулсан талаарх гэрч Б.А , яллагдагч А.У- нарын мэдүүлэг /2 хх 179, 186/,

            Б.Б-, Б.Э- нараас шилжүүлэн авсан эд хөрөнгүүдийн өмчлөгч болсон гэрч Ц.Г  /2 хх 180/, Б.Г  /2 хх181/, М.Өрнөх /2 хх 182/, Ц.Х /2 хх 183/,А.О  /2 хх 184/, Д.Амгалан /2 хх 185/ нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

            Түүнчлэн, А.У- нь “...2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Үүр тээл” ХХК-тай байгуулсан “Арматур худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу авах арматураасаа Б.Б-, Б.Э- нарт өгөх байсан...” гэж байгаа боловч “Үүр тээл” ХХК-тай байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Арматур худалдах, худалдан авах гэрээ /1 хх 64-66/ нь бодит байдал дээр биелэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

 

            Тухайлбал, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Үүр тээл” ХХК-тай байгуулсан “Арматур худалдах, худалдан авах гэрээ“-ний гол нөхцөл нь “...А.У- “Үүр тээл” компанийн банктай байгуулах гэрээнд барьцаа хөрөнгө гаргаж өгөх...” байсан. Гэтэл А.У- нь барьцаа болгож “Үүр тээл” компанийн нэр дээр шилжүүлэх  “Номин Констракшн” ХХК-иас авсан хаусуудаа 2015 оны 6 дугаар сарын 23-нд Ц.Б-тай гэрээ байгуулан түүнд шилжүүлэн өгөхөөр болсон байсан, мөн давхар тус хаусуудынхаа захиалгын гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэрч М.Өрнөх /2 хх 36/, гэрч Ж.Г /2 хх 37/ нарт шилжүүлсэн байсан байдалтай байжээ.

 

Мөн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Үүр тээл” ХХК нь “...2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн арматур худалдах, худалдан авах гэрээг цуцалсан...” талаарх албан тоотыг /1 хх 63/ А.У-ирүүлсэн байхад А.У- нь 2016 оны 3 дугаар сарын 25-ний өдөр  Б.Б-худалдах арматурынхаа хэмжээг нэмэгдүүлэн гэрээ хийж байсан /1 хх 36-37/ нөхцөл байдал, 2016 оны 3 дугаар сарын 25-наас хойш өнөөдрийг хүртэл Б.Б-, Б.Э- нарт хохирлыг нь төлөөгүй (хохирогч нар өөрсдөө хөөцөлдөн зарим хөрөнгөө буцаан авсан) байгаа зэргээр А.У- Б.Б-, Б.Э- нарыг залилсан гэмт хэрэг давхар нотлогджээ.

 

Хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг мөрдөн байцаалтад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

            А.У-  2015 оны 6 дугаар сарын 23, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж эхэлсэн ба А.У- үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “...арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хорих ялын хугацаа хөнгөрсөн байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасанд нийцүүлэн А.У- үйлдэлд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй.

 

А.У- энэхүү бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

Ц.Б-ын 2,197,993,521 төгрөгийн үнэлгээ бүхий 10 ширхэг орон сууц, 3 ширхэг автомашин, бэлэн 330,000,000 төгрөг зэргийг шилжүүлэн авч (Ц.Б-т нийт 2,527,993,521 төгрөгийн хохирол учруулсан),

 Б.Б-аас 244,076,664 төгрөгийн үнэлгээ бүхий 5 нэр төрлийн хөрөнгийг, хохирогч Б.Э-аас 693,291,990 төгрөгийн үнэлгээ бүхий 6 нэр төрлийн хөрөнгийг нь тус тус шилжүүлэн авч (Б.Б-, Б.Э- нарт нийт 937,368,654 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан) буюу бусдад нийт  3,465,362,175 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байх тул анхан шатны шүүхийн А.У- үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч А.У- өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг нотлох баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүх доорх байдлаар дүгнэж, хянан шийдвэрлэлээ.

 

1.  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б , Н.У , Б.Г , Л.Ш нар тус тус “...А.Д  шүүх хуралдаанд оролцуулах...” хүсэлтээсээ татгалзсан болох нь, шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнө “...“Үүр тээл” ХХК-иас 2016 оны 1 болон 2 дугаар саруудад БНХАУ-ын “Зен жен рун хуй” болон өөр бусад компанитай байгуулсан арматур худалдах, худалдан авах гэрээг гаргуулж хэрэгт хавсаргах...” талаар хүсэлт гаргаагүй болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /5 хх 58/-ээр тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гэрч А.Д  оролцуулах хүсэлтийг хангаагүй, “Үүр тээл” ХХК-иас баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй талаарх давж заалдах гомдлууд үндэслэлгүй.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож,  шүүгдэгч А.У- гэм бурууг эцэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж “...“Номин Констракшн” ХХК-иас шалтгаалсан эрсдэл бий болсон эсэхийг, гэрээний үүрэг биелээгүй болох шалтгаануудыг тодруулах ажиллагааг хийлгэх...” шаардлагагүй.

 

2. А.У- нь “...Ц.Б-т  шилжүүлэн өгсөн  “Номин Констракшн” ХХК-иас авсан Хан-Уул дүүрэгт байрлах, Дипломат резидэнс 3 ширхэг таун хаусын үнэлгээг тогтоолгож хохирлоос хасуулах...”-аар, хохирогч Ц.Б- нь “...Хан-Уул дүүрэгт байрлах, Дипломат резидэнс хотхоны 35/2, 37/1, 37/4 тоот байрнуудыг авсан ба 37/1,37/4 дугаартай байрууд нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн тул 2 ширхэг таун хаусыг А.У- үйлдсэн гэмт хэргийн хохирлоос хасахгүй...” гэж хохирлын төлбөр дээр маргалдаж мэдүүлэг өгч байсан ба энэ талаарх давж заалдах гомдлыг хянавал А.У- мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хэрэгт бэхжүүлэгдсэн А.У- Ц.Б-т учруулсан хохиролтой холбогдох нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, А.У- өмчлөлд “ Хан-Уул дүүргийн 15-р хороо, “262.0 талбайтай Оранж таун” хотхон, таун хаус 1-ийг, 167,5 талбайтай Хан-Уул дүүрэг, Дипломат резидэнс, таун хаус 6-г, Хан-Уул дүүргийн 11 хороо, “Ривер гарден” хотхоны 401 дүгээр байрны 15 давхарт Пентхаус..” зэрэг эд хөрөнгийг шилжүүлэхээр “Мэргэн Девелопмент” ХХК-ийн захирал А.У-, “Номин Констракшн” ХХК нар 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр NCDMG2015 дугаартай Үйлчилгээний талбай захиалгын гэрээ /4 хх 74-76/-г байгуулсан байна.

 

А.У- нь тус гэрээний дагуу “Номин Констракшн” ХХК-иас авсан 167,5 талбайтай Хан-Уул дүүрэг, Дипломат резидэнс хотхоны 6 ширхэг таун хаусынхаа 1, 4 гэсэн дугаарлалт бүхий 2 ширхэг таун хаусыг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээний төлбөрт;  2, 5, 6, 7 гэсэн дугаарлалт бүхий 4 ширхэг таун хаусыг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай хэлцэл”-ээр тус тус Ц.Б-т шилжүүлэхээр тохиролцож, гэрээ байгуулсан болох нь А.У-, Ц.Б- нарын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай “Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ” /3 хх-ийн 73,74/, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ирээдүйд эд хөрөнгө арилжих тухай хэлцэл” /3 хх 53-54/ гэсэн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнд “...Гэрээний эргэн төлөлтийг зээлдэгч тал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дүнжингарав гудамж, Дипломат реседэнс хотхоны 1, 4 тоот 167.5 м.кв Таун хаус 2 ширхэг...-ийг шилжүүлж, эд хөрөнгөөр төлөхөөр тохиролцов” гэсэн /3 хх 73-75/ байх ба тус гэрээн дээрх 1, 4 тоот хаус гэсэн дугаарлалт нь Ц.Б-ын нэр дээр шилжүүлсэн 37/1, 37/4 гэсэн хаусын дугаарлалттай /4 хх 162,164/ дугаарлалтаараа таарч байна. Түүнчлэн, энэхүү 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай Зээлийн гэрээний талаар зохигчид маргаантай бол иргэний шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь гэрээний талуудад байгаа бөгөөд энэхүү гэмт хэрэгт холбогдуулан энэ гэрээний талаарх маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд хохирогч Ц.Б-ын “...35/2 гэсэн дугаарлалттай /4 хх 160/ хаусын үнэ 481,897,500 төгрөгийг А.У- залилсан гэмт хэргийн хохирлоос хасна. ...” гэсэн мэдүүлгийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

А.У- нь Хан-Уул дүүрэгт байрлах Дипломат резидэнс хотхоны таун хаусын үнэлгээг тогтоолгох шаардлагатай гэж байгаа боловч анхан шатны шүүх уг хаусны үнийг тогтоох шаардлагагүй гэсэн дүгнэснийг давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт байна гэж үзлээ.

 

Учир нь, А.У- нь “Номин констракшн” ХХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу 1 ширхэг таун хаусыг 670,000,000 төгрөгт тооцож авсан /4 хх 74/ гэдгээ мэдэж байсан бөгөөд уг таун хаусыг захиран зарцуулах эрх нь А.У-бүрэн байсан байх ба энэ эрхийнхээ дагуу А.У- нь мөрдөн байцаалтын шатанд Хан-Уул дүүргийн 11 хороо, Богины ам Дүнжингарав гудамж, 35/2 тоот хаягт байрлалтай 167.5 м.кв талбайтай газарт орших үл хөдлөх хөрөнгө /таун хаус/-ийнхөө өмчлөх эрхийг Ц.Б-т 481,897,500 төгрөгийн хохиролд шилжүүлэн өгч, Ц.Б- нь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн /4 хх 160/ байна. 

 

3. А.У- өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн “А.У-ас гаргуулахаар заасан хохирлын хэмжээ зөрүүтэй байгаа” талаар гаргасан давж заалдах гомдлыг хянавал:

 

Хохирогч Ц.Б-т учирсан 2,527,993,521 төгрөгийн хохирлоос А.У- шилжүүлэн өгсөн  Хан-Уул дүүрэгт байрлах Дипломат резидэнс 1 ширхэг таун хаусны үнэ 481,897,500 төгрөгийг /4 хх-ийн 160/,  620,734,808 төгрөгийн үнэлгээ бүхий Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсан гудамж, 95 дугаар байрны 603 тоот 164.13 м.кв 4 өрөө орон сууц, 2 гаражийн хамт эргүүлэн авсныг хасаж, үлдэх 1,425,361,213 төгрөгийг /4 хх 171/,

хохирогч Б.Б-д учирсан 244,076,664 төгрөгийн хохирол /үнэлгээ 1 хх-ийн 238- 2 хх 15,  /-ыг, 

хохирогч Б.Э-д учирсан 693,291,990 төгрөгийн хохирол /үнэлгээ 1 хх-ийн 238- 2 хх 15/-оос буцаан авсан 152,631,661 төгрөгийн үнэлгээ бүхий Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 54 дүгээр байрны 12 тоот орон сууц, Бенз G500 маркийн автомашины үнэ 145,000,000 төгрөг /2 хх 178-179/-ийг хасаж, үлдэх 395,660,329 төгрөгийг тус тус А.У-ас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх хохирогч Б.Э-хохирлын тооцоог буруу тооцсон, хохирогч нарын хохирлуудыг нэмж нэгтгэхдээ алдаа гаргасан, хохирогч Б.Э-, Ц.Б- нарын овгийн эхний үсгийг буруу бичсэн байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах...” агуулга бүхий  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын хохирлыг шийдвэрлэсэн 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.У-ас нийт 1.816.117.213 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Б-д 244.076.000 төгрөг, хохирогч Ч.Э-446.680.000 төгрөг, хохирогч Б.Б-1.425.361.213 төгрөгийг тус тус олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар Алтансүхийн Уянгаас нийт 2,034,213,897 /хоёр тэрбум гучин дөрвөн сая хоёр зуун арван гурван мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б  /РД:.............../-д 244,076,664 төгрөгийг, хохирогч Б.Э  /РД:ш........./-д 294,041,212 төгрөгийг, хохирогч Ц  Б  /РД:................./-т 1,496,096,021 төгрөгийг тус тус олгосугай...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.У- өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                   Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                            Д.ОЧМАНДАХ