Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 218

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан “О.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ КХД-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “О.О” ХХК, /РД:20308../

            Хариуцагч: АМГТГ КХД

       Нэхэмжлэлийн шаардлага: АМГТГ КХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн 18-д "О.О" ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын Чингэлийн голын хөндлөн намаг гэдэг газар байрлах МV-0017.. төрөлтэй,1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх олгогдсон 54 гектар талбай бүхий уурхайд элсэн хайрга олборлох зориулалттай Ашигт малтмалын ашиглалтын 1701А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О.О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймаг дахь “О.О” ХХК нь 1999 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

“О.О” ХХК-ийн захирал В.Г би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дам хүнээс Булган аймгийн Орхон сумын “Чингэлийн голын хөндлөн намаг” нэртэй газарт эзэмшдэг “элс, хайрга” олборлодог 1701А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлөө хүчингүй болсон байна гэж сонсоод 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17/10 дугаартай албан тоотыг “Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэс”-т явуулсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу төлбөрөө төлөөгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна гэсэн утга бүхий хариуг ирүүлсэн. Энэ тоотыг би хүлээж аваад 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7/8763 гэсэн тоотоор тусгай зөвшөөрлийг маань хүчингүй болгосон тухай хариу ирсэн байх тул тусгай зөвшөөрлийг маань сэргээж өгнө үү гэсэн утгатай тоотыг Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтэст явуулсан.

Тус хэлтсээс хариу ирэхгүй байсан учир санаа маань амраад байж байтал шуудан хүргэгч А.П гэх эмэгтэй 2018 оны 04 дүгээр сарын 22-нд надад өгч гарын үсэг зуруулж авсан. Би уг хариуг аваад хэд хоногийн дараа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тус шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/Ш32018/3076 дугаартай захирамждаа “Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/438 дугаартай албан бичгийг хэзээ авсан болохоо нэхэмжлэлд тусгаагүй байна гэсэн байсан учир Орхон аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт хандаж дээрх хариу тоотыг 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр авсан тухайгаа албан тоотыг авахыг хүссэн учир 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 18/49 дугаартай тоотыг өгсөн боловч тус шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Энэ нэхэмжлэлээ Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2019/00791 дугаартай шийдвэрийг үндэслэн гаргаж байна.

АМГТГ КХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн хууль зүйн үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр гаргаж байна. Үүнд: 

1. Анх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр олгосон байхад доод тушаалын Кадастрын хэлтсийн дарга хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй;

2. “О.О” ХХК 17 жилийн турш "Ашигт малтмал ашиглалтын" тусгай зөвшөөрлөө ашиглаж ирсэн бөгөөд 18 дахь жилийнхээ төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлөх учиртай байсан ч 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн явдал тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэл болохгүй юм. Ашигт малтмалын тухай шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс тооцож жил бүр урьдчилан төлнө” мөн хуулийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэжээ. Дээрх заалтуудаас харахад хугацаа хэтэрснээс хойш хариуцлага тооцох 30 хоног байна.

3. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэхэд төлбөрөө төлсөн байх учиртай байсан бөгөөд алданги тооцох 30 хоног үүн дээр мэдэгдэл өгөх ажлын 10 өдрийг оруулан тооцвол 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөрөө төлсөн байдлыг маань 2018 оны төлбөрөө төлсөнд тооцох боломжтой байжээ гэж үзэж байна. Тэгээд ч ямар нэгэн мэдэгдэл огт ирээгүй болно.

4. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэжээ. Хэрэв мэдэгдэл ирсэн бол холбогдох баримтуудаа гарган өгөх байсан шүү дээ. Яасан гэж бүхэл бүтэн 17 жил ашигласан тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулах билээ.

5. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй...” гэжээ. “О.О” ХХК-ийн МV-00171 дугаартай тусгай зөвшөөрлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цуцалсан шийдвэр гарсан гэж байгаа боловч мэдэгдэл болон шийдвэр ирээгүй учир 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 07 дугаартай албан тоотыг явуулснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7/818 тоотын хамт “АМГТГ КХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэр ирснээр танилцлаа.

Иймд АМГТГ КХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн 18-д “О.О” ХХК-ийн “Ашигт малтмалын ашиглалтын 1701А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн “О.О” ХХК-ийн МV-0017.. тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхай кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ шийдвэрээр 1999 оны 05 дугаар сарын 06- ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Чингэлийн гол нэртэй газарт орших 100 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 1555х тусгай зөвшөөрлийг Монгол улсын иргэн З.Вд 3 жилийн хугацаатайгаар олгосныг, Геологи, уул уурхай кадастрын албаны даргын 1999 оны 108 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 20/22 улсын бүртгэлийн гэрчилгээтэй “О.О” ХХК-д шилжүүлснийг, Геологи, уул уурхай кадастрын албаны даргын 1999 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот шийдвэрээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Чингэлийн голын хөндлөн намаг 54 гектар талбайд ашиглалтын 1701А тоот тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар олгосныг ГУУКС-д бүртгэсэн байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2 заасныг зөрчсөн үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн цуцалсныг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 322 дугаар магадлалыг тус тус үндэслэн Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр сэргээж шийдвэрлэжээ.

“О.О” ХХК нь 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь жилийн, 2001 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3 дахь жилийн, 2003 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 4 дэх жилийн, 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5 дахь жилийн, 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6 дахь жилийн, 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 7 дахь жилийн, 2006 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 8 дахь жилийн, 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 9 дэх жилийн, 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 10 дахь жилийн, 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 11 дахь жилийн, 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 12 дахь жилийн, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 13 дахь жилийн, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14 дэх жилийн, 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдөр 15 дахь жилийн, 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 16 дахь жилийн, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17 дахь жилийн төлбөрийг тус тус төлсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.4-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно.”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй.” гэж заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэр гаргаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “О.О” ХХК-иас “АМГТГ КХД-ын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн 18-д "О.О" ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын Чингэлийн голын хөндлөн намаг гэдэг газар байрлах МV-0017.. төрөлтэй,1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх олгогдсон 54 гектар талбай бүхий уурхайд элсэн хайрга олборлох зориулалттай Ашигт малтмалын ашиглаптийн 1701А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийг шаардлагаа тодорхойлсны хүрээнд шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 “О.О” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Чингэлийн голын хөндлөн намаг нэртэй 54 гектар талбайд ашиглалтын 1701А тоот тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсныг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн цуцалсан байна.

Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 328 дугаар шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 322 дугаар магадлалыг тус тус үндэслэн Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр “О.О” ХХК-ийн ашиглалтын MV-00170. дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгоно”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ... захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах үндсэн нөхцөл нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүргээ биелүүлэх явдал бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд захиргааны байгууллагад тусгай зөвшөөрлийг цуцлах эрхийг хуулиар олгосон байна.

Нэхэмжлэгч “О.О” ХХК-ийн тухайд ашигт малтмалын ашиглалтын MV-00170. тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан боловч 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зөвхөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мөнгөн гүйлгээний журналаар тогтоогддог бөгөөд үүнийг нэхэмжлэгчээс үгүйсгээгүй, харин ч төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн явдал нь тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэл болохгүй, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 40 хоногийг тооцох ёстой, өөрөөр хэлбэл 08 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болно гэж маргасан.

Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс тооцож жил бүр урьдчилан төлөх бөгөөд уг төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн 30 хүртэл хоногийн дотор тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулан төлж болох хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгчийн дээрх маргасан үндэслэл үгүйсгэгдэж байна. 

Иймд нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн 30 хоног буюу 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор тухайн жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, төлбөр төлөх хугацааг 9 хоног хэтрүүлсэнтэй холбоотойгоор маргахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд хийсэн бөгөөд хариуцагчийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн хугацааг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ... захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасантай нийцэж байна.

Хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлэх нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшиж авсан эхний жилд хамаарна, 2 дахь жилээс эхлэн төлбөр төлөх хугацааны талаар мэдэгдэл хүргүүлэх үүрэггүй боловч манай зүгээс мэдэгдлийг үргэлж явуулдаг гэж тайлбарлах бөгөөд хариуцагчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/4730 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдэж, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/5802 тоот албан бичгээр маргаан бүхий 486 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсныг тус тус мэдэгдэж, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/438 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй гэх хариуг өгчээ.

Дээрх албан бичгүүд нь буцаагдаж ирээгүй буюу 7/4730 тоот албан бичгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 30 минутад, 7/5802 тоот албан бичгийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 10 минутад нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгсөн болох нь “М.Ш” ХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 4 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, өөрийн байр гэх хаягт, захирал З.В 99351....утасны дугаарыг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст бүртгүүлсэн байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хавсралтад хаягийн өөрчлөлт хийгдсэн тэмдэглэгээ бүртгэгдээгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс өөрийн компанийн хаяг өөрчлөгдөөгүй, 99351.... дугаар нь З.В гэх хүний утасны дугаар бөгөөд тэр хүн нас барсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 7/8763 тоот албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/438 тоот албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7/818 тоот албан бичгүүдийг гардаж авсан болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн ба эдгээр албан бичгүүд болон 7/4730, 7/5802 тоот албан бичгүүдийг ижил хаягаар явуулж, нэг хаягаар харилцаж байсан тул хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө болон гаргасны дараа нэхэмжлэгчид өөрийн боломжит аргаар мэдэгдсэн гэж үзнэ.

Харин нэхэмжлэгчийн “...бид шууданг хүлээн авсан гэх н.П гэх хүнийг танихгүй бөгөөд мэдэгдлийг манай албан ёсны хаягаар хүргүүлээгүй…” гэх тайлбарын тухайд нэхэмжлэгч компани нь “М.Ш” ХХК-ийн үйл ажиллагаатай бус, хариуцагчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй холбогдуулж маргаж байгаа, мөн нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад мэдүүлсэн албан ёсны хаягаа өөрчилж бүртгүүлээгүй тул бүртгэлтэй хаягаар нь мэдэгдэл, холбогдох шийдвэрүүдийг хүргүүлсэн үйл баримтад хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй, хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй.   Өөрөөр хэлбэл, н.П гэх хүн нэхэмжлэгч компанид ямар нэгэн гэрээгээр байнгын юм уу түр ажилладаг эсэх, нийгмийн даатгал төлдөг эсэхийг тодруулсны үндсэн дээр шууданг гардуулсан байх ёстой гэж үзэх боломжгүй бөгөөд ийм үүргийг хариуцагчид хуулиар хүлээлгээгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж зааснаар төлбөрийн баримтыг тухайн захиргааны байгууллагад өгөөгүй, төлбөр төлөх эцсийн хугацаа дуусах үед төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөх хүндэтгэн үзэх шалтгаанаа илэрхийлээгүй тул нэхэмжлэгчийн “...маргаан бүхий шийдвэр гарах үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байсан, шалгаж үзэх боломжтой байсан, манай захирал гадаад явсан байсан тул төлбөрөө төлөөгүй” гэх тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлөх” гэж заасан нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эхний жилд хамааралтай тул нэхэмжлэгч нь 7/4730 тоот албан бичгийг гардан авснаас үл хамаараад 34.2-т зааснаар дараа жилийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй тул заавал хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг хүлээн авсны үндсэн дээр төлбөр төлөх ёстой гэх утгаар ойлгохгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай тусгай зөвшөөрлийн “О.О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “О.О” ХХК-ийн АМГТГ КХД-д холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн 18-д "О.О" ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын Чингэлийн голын хөндлөн намаг гэдэг газар байрлах МV-0017.. төрөлтэй,1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх олгогдсон 54 гектар талбай бүхий уурхайд элсэн хайрга олборлох зориулалттай Ашигт малтмалын ашиглалтын 1701А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “О.О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДОЛГОРСҮРЭН