Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2023/321/З |
Дугаар | 221/МА2023/0713 |
Огноо | 2023-11-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2023/0713
“Х х б” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Т.Б
Нэхэмжлэгч: “Х х б” ХХК /РД:2635534/
Хариуцагч: Оюуны өмчийн газрын шинжээч Б.О
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 40-2020-0026733, 40-2020-0026734 дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0623 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2023/0321/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х х б” ХХК-иас Оюуны өмчийн газрын шинжээч[1] Б.О-д холбогдуулан “... шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 40-2020-0026733, 40-2020-0026734 дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0623 дугаар шийдвэр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.2.1-д заасныг тус тус баримтлан “Х х б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Оюуны өмчийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар 5.1.1-д заасан захиргааны байгууллага болохын хувьд гадагш чиглэсэн шийдвэр гаргахдаа 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан шаардлагын дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүрэг хүлээнэ. Манай гаргасан мэдүүлэгт Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу шүүлт хийж, дүгнэлт гаргах үүрэг хүлээдэг боловч шаардлагатай бусад баримтыг нэмж бүрдүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байхад захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шүүх хянан шалгалгүй орхигдуулсан.
3.2. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 17 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн сүлд тэмдэг, туг, түүнийг үйлдэх, хэрэглэх журам”-ын дагуу холбогдох төлбөрийг төлж, Улаанбаатар хотын банк болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хооронд байгуулсан 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн С/1 дугаартай “Нийслэлийн сүлд тэмдгийг ашиглуулах тухай гэрээ”-гээр 2 жилийн хугацаатай ашиглахаар тохиролцсон бөгөөд гэрээний үргэлжлэх хугацааг талууд тохиролцохоор гэрээнд заасан, үргэлжлүүлэн 2020 он хүртэл ашиглаж ирсэн. Гэтэл шүүхээс гэрээний хугацаа сунгагдсан эсэх, Улаанбаатар хотын банкны лого нь нийслэл хотын сүлд тэмдэгтэй ижил байхад зөвшөөрөлтэй холбоотой баримт цуглуулаагүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ямар нэгэн маргаангүй болохыг Оюуны өмчийн газраас харгалзан үзээгүй болохыг харгалзаагүй.
3.3. Анхан шатны шүүхээс Улаанбаатар хот, банк гэдэг үгийг хамтад нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасан нийтээр хэрэглэдэг нэр томьёо, тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил зэргийг тайлбарласан үг гэж үзэх үндэслэлээ хангалттай үндэслэлээр тайлбарлаагүй, учир нь тус нэрээр 1998 оноос хойш үйл ажиллагаа явуулахад нэг ч удаа оюуны өмчийн маргаан үүсгэж байгаагүй, Монголбанкнаас арилжааны банкны зөвшөөрөл олгож үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад дээрх үндэслэлээр үгүйсгэж байгаа нь хангалттай үндэслэл болж чадахгүй, мөн хуулийн 5.2.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан гэж дүгнэхдээ “Улаанбаатар хотын банкны сүлд тэмдэг ашиглуулах гэрээ”, зөвшөөрөл сунгагдсан эсэхийг тогтоогоогүй зэрэг нь хуулийг буруу буюу дутуу тайлбарлаж дүгнэсэн.
3.4. Нэхэмжлэгчээс Улаанбаатар хотын банкийг өөртөө нэгтгэж авахдаа тус банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүлээсэн үүргийг биелүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтоосон нөхцөлийн дагуу харилцагчдад хэвийн үзүүлж байгаа талаар нотлох баримт гаргаж өгсөн байхад нотлох баримтаар үнэлээгүй, эдгээр нь оюуны өмчийн эрх эдлэх ёстойг хангалттай нотлох баримт байсан.
3.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.5-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0623 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.
4. Хариуцагч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхив шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “Х х б” ХХК-иас “Оюуны өмчийн газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан 40-2020-0026733, 40-2020-0026734 дугаартай Улаанбаатар хотын банк, нэр, лого бүхий барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Оюуны өмчийн газрын шинжээч Б.О-д холбогдуулж гаргасан.
3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгийг шинжээчийн эцсийн шийдвэрт дурдсан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй, “Улаанбаатар хотын банк” гэдэг нэр нь барааны тэмдгийн хувьд тухайн бүтээгдэхүүний онцлог, ялгагдах шинж чанарыг агуулаагүй, хуулиар хориглосон заалтад хамаарах үгсээс бүрдсэн, нэхэмжлэгчээс мэдүүлэг гаргахдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Нийслэлийн сүлд тэмдгийг ашиглуулах тухай гэрээ”-г сунгасан эсэх баримтыг хавсаргаагүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
4. Оюуны өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Оюуны өмчийн байгууллага аж үйлдвэрийн өмчийн эрхийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 12.3.1-д “аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн мэдүүлэг хүлээн авах, хянах, хайлт, мөн чанарын шүүлт хийх, бүртгэх” гэж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ”Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Оюуны өмчийн тухай хуульд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 29.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах, барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох, газар зүйн заалтыг бүртгэгдсэнийг илэрхийлэх таних тэмдгийг хэрэглэхтэй холбоотой журам, дүрмийг боловсруулж, батлах;” гэж тус тус заасан.
5. Түүнчлэн Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/122 дугаар тушаалаар баталсан “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”[2]-ын 2.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн мэдүүлж буй барааны тэмдэг Хуулийн 5 дугаар зүйлд заасан барааны тэмдэгт тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлан үзэж мэдүүлгээ ирүүлнэ”, 2.3-д “Мэдүүлэг нь хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасны дагуу Журмын хавсралт “Маягт БТ-01”-аар гаргасан өргөдөл болон хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан бусад зүйлүүдээс бүрдэнэ” гэж барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, аж үйлдвэрийн өмчийн эрхийг оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой аливаа харилцааг зохицуулжээ.
6. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан ч иргэн, хуулийн этгээдээс аж үйлдвэрийн өмчийн эрхийг бүртгүүлэхтэй холбоотой харилцааг дээрх хууль, захиргааны хэм хэмжээний актаар нарийвчлан зохицуулсан тул тухайн харилцаанд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулахтай холбоотой зохицуулалт хамаарахгүй байна.
7. Иймд магадлалын Тодорхойлох хэсгийн 3.1-д заасан “оюуны өмчийн байгууллага нь захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, анхан шатны шүүхээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянан шалгаагүй” гэх гомдлыг шүүх хүлээж авсангүй.
8. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргагч хуулийн этгээдийн этгээдээс гаргах мэдүүлэг /бүрдэл/, түүнд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.5.3, 6.5.5-6.5.8, 6.5.12 дахь заалтад тодорхойлсон бөгөөд тус хуулийн 7.1-д “Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг .. хийнэ”, 7.2-т “... мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл ..., энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасанд агуулгын тайлбар хийхэд, мэдүүлэг гаргагч нь тогтоосон шаардлага ба загварын дагуу мэдүүлгээ гаргаж, барааны тэмдгийг тодорхойлох, түүгээр олж авах онцгой эрхээр хамгаалагдах бараа, үйлчилгээний нэр төрөл, ангилал зэрэгт хамаарах буюу тэдгээрийг илэрхийлэх аливаа баримтыг өөрөө тодорхойлж, мэдүүлэгт хавсаргах; оюуны өмчийн байгууллага нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтын хүрээнд бүрдлийг хянаж, мэдээллийн нэгдсэн санд шүүлт хийсний дүнд бүртгэх эсэх шийдвэр гаргахаар журамласан байх тул “мэдүүлэг гаргах үед нийслэлийн сүлд тэмдэг ашиглахтай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ үргэлжилсэн, хугацаа сунгасан талаар баримтыг хавсаргаагүй тул хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
9. Өмнө дурдсанчлан, оюуны өмчийн байгууллагад барааны тэмдэг бүртгүүлэхээр гаргаж буй мэдүүлэгт шаардлагатай баримтыг бүрэн хавсаргаж ирүүлэх нь мэдүүлэг гаргагчийн үүрэг байхаар хуульчилсан энэ тохиолдолд Тодорхойлох хэсгийн 3.2, 3.3-д заасан гомдол үндэслэлгүй юм.
10. “Х х б” ХХК-ийн мэдүүлэгт заасан барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нөхцөлд, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3-д зааснаар барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэснээр түүнийг өмчлөх, бусдад шилжүүлэх, ашиглуулах зэрэг эзэмшигчийн онцгой эрх үүсч, хамгаалагдана.
11. Харин 40-2020-0026733, 40-2020-0026734 мэдүүлгээр тодорхойлсон бамбай хэлбэрийн хүрээтэй Хангарьд дүрстэй лого, “Улаанбаатар хотын банк” гэсэн монгол, англи нэршил бүхий дүрслэлийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар хамгаалагдах аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарахгүй гэж үзнэ.
12. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1-д “... Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн”, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид "нийслэл хот" гэх/ нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай эрх зүйн байдал бүхий хот мөн” гэж зааснаас үзэхэд “Улаанбаатар хот” гэдэг нэр нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан нийтээр хэрэглэдэг нэр томъёо байх ба энэ тохиолдолд “банк” гэдэг үг нь дангаараа тухайн бараа, үйлчилгээг тодорхойлохгүй, ялгах шинжийг агуулахгүй, энэ талаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээчийн эцсийн шийдвэр хуульд нийцсэн байна.
13. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 17 дугаар тогтоолоор “Нийслэлийн сүлд тэмдэг, туг түүнийг үйлдэх, хэрэглэх журам”-ыг баталсан бөгөөд энэ хэсгийн 8, 9-д зааснаар мэдүүлэг гаргагч нь холбогдох баримтыг бүрэн хавсаргаж өгөх үүргээ биелүүлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээг хавсаргаж ирүүлээгүй тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан “Монгол Улсын болон Парисын конвенци, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан;” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.
14. Хэрэгт авагдсан “Х х б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Х х б” ХХК, “Улаанбаатар хотын банк” ХХК-иудын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаас үзэхэд, тус хуулийн этгээдүүдийг нэгтгэснийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь нотлогдоно.
15. Өөрөөр хэлбэл “У х б” /РД:2637545/-ийг өөр хуулийн этгээдэд нэгтгэснээр тус банкны хувьд өөрийн нэрээр эрхлэн явуулах банкны тусгай зөвшөөрөл, арилжааны банкны үйл ажиллагаа дуусгавар болох үр дагавартай ба энэ тохиолдолд Хангарьд дүрстэй лого бүхий “Улаанбаатар хотын банк” гэсэн нэрийн дүрслэл (мэдүүлэгт заасан) нь барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүсгэхгүй.
16. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлэг нь дээрх байдлаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мэдүүлэгт дурдсан дүрслэл бүхий илэрхийлэл нь барааны тэмдэгт тавигдах шаардлагад нийцэхгүй, барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн эцсийн шийдвэрийн улмаас мэдүүлэг гаргагч “Х х б” ХХК-ийн тодорхойлсон “Улаанбаатар хотын банкны нэрээр үзүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд банк, харилцагчийн эрх ашгийг хамгаалах” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
17. Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, үйл ажиллагаа, түүнтэй холбоотой эрх үүрэг нь тухайн хуулийн этгээд нэгдэх, нийлэх зэрэг аливаа хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан, эсхүл барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхээр хамгаалагдсан эсэхээс үл хамааран Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, холбогдох бусад хууль, Монголбанкаас тогтоосон дүрэм журмаар зохицуулагдана.
18. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2023/0623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Анхан шатны шүүхээс “Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын Патент, барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.О”-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жинхэнэ хариуцагчаар сольж, “шинжээч Б.О” гэж өөрчилсөн байна.
[2] Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлийн 5552 дугаарт бүртгэгдсэн.