| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00340/и |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн. 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Цогт сумын Давшилт нэгдлийн малчинаар томилогдож, 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн он зөрсөн, бичилт тамга тэмдэг зөрүүтэй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Энэ хүний бичиг баримтууд нь архивт зөрүүтэй, хөдөлмөрийн дэвтэр нь засвартай болохоор шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн. ******* хөдөлмөрийн дэвтэрт хэн ийм засвар хийсэн талаар надад тайлбарлаж өгөөгүй. Харин энэ хөдөлмөрийн дэвтрээ сумын архиваас олж авлаа гэж хэлсэн. Ажиллаж байх хугацаандаа баярын бичиг, шагнал урамшуулал авч байгаагүй. ******* эцэг эхээс 5-уулаа байх, би нарийн сайн мэдэхгүй байна. ******* гэдэг нь ээж нь байгаа юм. Тиймээс 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуусталх хугацаанд Цогт сумын давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 221 дугаартай 1984-1990 онуудын цалингийн лавлагаа /хх-3/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 494 дугаартай “...тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Цогт сумын Давшилт нэгдлийн даргын 1984-1990 оны тушаалыг шүүж үзэхэд ******* ажилд томилсон ажлаас чөлөөлсөн тушаал холбогдох баримт байхгүй” гэх архивын лавлагаа /хх-13/,
1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой, Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлээс ******* гэж нээсэн, Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн бригадын зөвлөл 0280, Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэл гэсэн тэмдэг дарагдсан хөдөлмөрийн дэвтэр эх хувь /хх-14-31/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж,
шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1233 дугаартай захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн архивын баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-36, 40-41/ зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар авагджээ.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цалингийн лавлагаанд 1984 оны 4-12 дугаар сар, 1985-1990 оны 1-12 дугаар саруудад цалин авсан талаар бичилт хийгдсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж байгаа Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн архивын баримтад мэдээлэлд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр хөмрөг-35, данс-1, хадгаламжийн нэгж-29, 33, 35, 37, 39, 41, 43 дугаартай, нийт 7 хавтас баримтад мэдээлэлд байгаа нэхэмжлэгчийн ажилласан хоног, авсан цалингийн талаарх мэдээлэл 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221 дугаартай архивын лавлагаанд бичигдсэн байдалтай тохирч, 1987 он дээр нийт цалин зөрүүтэй бичигдсэн, ажлын байрны нэрний талаар бүртгэл байхгүй байна /хх-3, 40-41/.
Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлээс 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ******* гэх нэрийг өмнө нь бичигдсэн байсан овог, нэрийг арилгаж дээр нь бичсэн байх бөгөөд ингэж засварласан бичвэртээ Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн бригадын зөвлөл 0280 дугуй тэмдэг дарж баталгаажуулсан /хх-14/,
нэгдлийн дарга гарын үсэг зурж, дэвтэр эзэмшигч гээд ******* гэж бичсэн, Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдэл гэсэн тамга дарсан, дэвтрийн 2-3 дугаар хуудсанд 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, Баян-Улаан бригадад хоньчиноор ажилуулав гэсэн бичилт хийгдэж бригадын зөвлөлийн шийдвэрээр гээд дээр нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн бригадын зөвлөл 0280 гэсэн дугуй тэмдэг дарсан байна /хх-15-16/.
Дээрх хөдөлмөрийн дэвтрийн 9 дүгээр хуудсан 1984 оны 4-12 дугаар сар, 10-15 дугаар хуудсанд 1985-1990 онуудын 1-12 дугаар саруудад цалин авсан талаар бичилт хийгдэж, олгов 0280, 424 гэсэн тэмдэгүүд дарсан байх бөгөөд 15 дугаар хуудсанд 2002 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийгмийн даатгалын 074 дугаартай байцаагч, 16 дугаар хуудсанд 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нийгмийн хамгааллын хяналтын 014 дугаартай улсын байцаагч нар тус тус үзлэг хийж, ажилласан хугацааг баталгаажуулан тамга дарж, гарын үсэг зурсан байна /хх-19-27/.
Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан хэсэгт малчнаар ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баян-Улаан хэсэгт малчнаар ажилласан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ