| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0067/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/081 |
| Огноо | 2022-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Б.Бат-Оргил,
Нарийн бичгийн дарга Г.Чингүн,
Шүүгдэгч Ч.Идшинноров нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.Идшинноровт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, ДС89021905 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Чойжилжавын Идшинноров,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ч.Идшинноров нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн Дайрга гэх газар иргэн А.Чинбатын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.Идшинноров нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн Дайрга гэх газар иргэн А.Чинбатын нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...
Хохирогч А.Чинбатын ... 2022 оны 01 сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Баянбулаг сумын 1-р баг Дайрга гэх газар Бүлтэг гэх айлд банш хийлцэхээр очсон. Тэгээд тэр айлд банш чимхэлцээд сууж байтал гаднаас манай сумын Наранбаатар эхнэр Даваасүрэнтэйгээ, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Ганаа эхнэр Бямбасүрэнтэйгээ, мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Батаа эхнэртэйгээ цуг гаднаас бүгдээрээ согтуу орж ирсэн. Тэгээд би Батаатай юм яриад сууж байтал Батаа “би хулгайч хүн шүү” гээд байсан. Тэгэхээр нь би “та тийм муухай юм ярьж болохгүй” гэтэл эхнэр нь “чи яасан том ярьдаг банди вэ” гээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “би томдоо яасан юм” гээд маргалдсан. Тэгээд байж байтал Батаагийн эхнэр “чи яасан том банди вэ” гээд гараараа цохих гээд байхаар нь би баруун хөл рүү нь хөлөөрөө жийсэн. Тэгээд байж байтал Наранбаатар ах “айлд битгий маргалдаад бай гарцгаая” гээд гарсан. Тэгээд Батаа миний дээлийн ханцуйнаас бариад явж байгаад эргэж хараад баруун гараа атгаж байгаад миний хамар луу цохисон. Тэгээд миний хамраас цус гараад тонгойгоод цусаа гоожуулаад сууж байтал Батаагийн эхнэр ирээд миний зүүн нүд рүү өшиглөсөн. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан..., ...Ч.Идшинноров намайг санаатай өшиглөсөн. Учир нь тэр надад хандаад “чи яасан том банди вэ” гэж хэлээд миний нүүр хэсэгт өшиглөсөн. Миний биеийн өндөр 175 см, өвдгөөрөө суухдаа ч газраас 70-80 см орчимд хөндийрсөн байсан. Тэр хүн надад бууцыг үсэргэх гэсэн бол тэгтлээ хөлөө дээшээ гаргахгүй байсан байх... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11, 65/,
Гэрч П.Мөнгөнбаганын ... Тэгээд би орой нь гэртээ очтол Бүлтэгийнх баншаа хийх гэж байхаар нь тэдний баншнаас хийлцэхээр гэрт нь ортол Бүлтэг, Чинбат, Чулуунбаатар, Долгормаа, Отгоо гэх хүмүүс баншаа хийх гэж байсан. Тэгээд 21 цагийн орчим гаднаас Наранбаатар, Даваасүрэн, Ганаа, Ганаагийн эхнэр, Батаа, Батаагийн эхнэр зэрэг 6 хүн бүгдээрээ согтуу орж ирсэн. Тэгээд би байж байгаад гэр лүүгээ ороод байж байтал гадаа хүмүүс пижигнээд байхаар нь гартал бууцны бэл дээр хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэгтэл хажууд Ганаа тэр хүмүүс рүү явах гээд байсан. Тэгэхээр нь би Ганааг Бүлтэгийн гэр рүү оруулчхаад гэрийнх нь гадаа зогсож байтал нөгөө хүмүүс доор пижигнээд байсан. Тэгээд байж байтал Батаагийн эхнэр урдаас ирж байхаар “юу болов, яагаад байгаа юм” гэж асуусан чинь “яасан ч яадаг юм” гээд Батааг хөтлөөд өөрийнхөө машин руу суусан. Тэгээд хүмүүс маргалдаад байсан газар Чинбат тонгойгоод суучихсан хажууд нь Наранбаатар хамт суучихсан байж байсан. Тэгээд Наранбаатарын эхнэр Даваасүрэн хажууд зогсож байхаар нь “юу болсон юм” гэж асуутал “хоорондоо маргалдаад Батаагийн эхнэр нь Чинбаагийн нүүр рүү өшиглөчихлөө” гээд машин руугаа явсан. Чинбаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг гэртээ ирэхэд Чинбатын нүд болон хамар хавдаж хөхөрсөн зүйл байхгүй зүгээр байсан. Тэр хүмүүс явсны дараа Бүлтэгийнд ортол Чинбатын хамар нь хавдаад зүүн нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 /,
Гэрч Г.Долгормаагийн “...Би 2022 оны 01 сарын 28-ны өдөр Баянбулаг сумын 1-р баг Дайрга гэх газар дүү Пэрэнлэй буюу Бүлтэгийнд банш хийлцэхээр ортол А.Чинбат гэрээсээ тавиур аваад банш хийлцэхээр ирсэн. Тэгээд бид нар баншаа хийгээд байж байтал гаднаас Наранбаатар, Даваасүрэн, Ганаа, Ганаагийн эхнэр, Батаа, Батаагийн эхнэр зэрэг 6 хүн бүгдээрээ согтуу орж ирсэн. Тэгээд бид нар банш хийлгэхгүй болохоор нь больсон. Тэгээд би байж байгаад гэр лүүгээ ороод байж байтал гадаа хүмүүс пижигнээд хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би нялх хүүхэдтэй учир гараагүй. Маргааш нь Наранбаатарын эхнэр Даваасүрэн Бүлтэгийнд ирчхээд “Чинбаа нүд хавдаад аймаг явсан байна” гэж ярьсан. Бид нарыг баншаа хийх гэж байхад Чинбат архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Чинбаагийн нүүр зүгээр байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/,
Гэрч Г.Мөнхзаяагийн ... Манайх 2022 оны 01 сарын 28-ны өдөр Баянбулаг сумын 1-р баг Дайрга гэх газар банш хийхээр байж байтал А.Чинбат гэрээсээ тавиур аваад банш хийлцэхээр ирсэн. Тэгээд бид нар баншаа хийгээд байж байтал гаднаас Наранбаатар, Даваасүрэн, Ганаа, Ганаагийн эхнэр, Батаа, Батаагийн эхнэр зэрэг 6 хүн бүгдээрээ орж ирсэн. Тэгээд бид нар банш хийлгэхгүй болохоор нь баншаа хийхээ больчхоод байж байхад гэрийн баруун орон дээр Батаа, Батаагийн эхнэр, Чинбаа нар маргалдаад байсан. Тэгээд маргалдаад байхаар би “та нар гарцгаа” гэтэл гараад явсан. Тэгээд байж байтал Чинбатын хамраас цус гарчихсан нүд нь хавдчихсан ороод ирсэн. Тэгэхээр би “гараа угаа юу болов” гэтэл Чинбаа “Батаагийн авгай нь нүд рүү өшиглөчихлөө” гэсэн. Тэгээд гар нүүрээ угаагаад дуусахаар нь би гэсгэлэн төмс нүдэн дээр нь тавьж өгсөн. Чинбаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Чинбат манайд ирэхэд нүд болон хамар хавдаж хөхөрсөн зүйлгүй зүв зүгээр байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26/,
Гэрч М.Чулуунбаатарын ... Тэгээд юм ярьж сууж байгаад Батаа, Чинбаа хоёр манай гэрийн баруун орны доор хоорондоо юм яриад сууж байтал Батаагийн эхнэр Чинбатыг “гөлөг минь чамайг танихгүй юм байна” гээд орилоод байсан. Тэгэхээр нь Чинбат “би тантай хэрэлдмээргүй байна” гээд дээлээ өмссөн. Тэгсэн чинь Батаа Чинбатыг “юу хуцаад байгаа гөлөг вэ” гээд бариад авсан. Тэгэхээр нь би босоод салгасан. Тэгсэн чинь Наранбаатар ах Ганаа хоёр “айлд битгий маргалдаад бай гар” гэсэн. Тэгээд Чинбат гарсан. Араас нь манайд ирсэн хүмүүс бүгдээрээ гараад явсан. Тэгээд удалгүй гаднаас Чинбатын нүд нь хөхрөөд хавдчихсан, хамраас нь цус гарчихсан ороод ирсэн. “Юу болсон юм” гэтэл Чинбат “Батаагийн эхнэр нүүр лүү өшиглөчихлөө” гэсэн. Тэгээд би гар дээр нь ус хийгээд нүүр гарыг нь угаалгаад байж байтал ирсэн хүмүүс яваад өгсөн. Чинбат манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, нүүр нь зүгээр байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31/,
Гэрч Д.Мөнхбатын ...Би 2022 оны 01 сарын 28-ны өдөр 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас эхнэр Идшинноров, Гантөмөр, Бямбасүрэн гэх хүмүүстэй хамт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1-р багийн Наранбаатар гэх найзындаа ирсэн. Наранбаатарынд Соёрхол нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи 6-уулаа хувааж уусан. Тэгээд Наранбаатарыг эхнэртэй нь аваад Бүлтэг гэх найзындаа очсон. Очтол Бүлтэгийнх баншаа хийж байсан. Тэгээд банш хийлцэж байгаад би Чинбаттай маргалдсан. Тэгээд орны хөл рүү ноцолдоод дээр доороо ороод байж байтал манай эхнэр намайг өмөөрөөд Чинбаттай маргалдаад байсан. Манай эхнэр Чинбат руу дайрахад Чинбат эхнэрийн гэдэс хавь руу хөлөөрөө тийрээд байсан. Тэгээд бид хоёрыг хүмүүс салгаад Чинбат бид 2 гадаа гарсан. Тэгээд баруун гараараа Чинбатын хамар хэсэг рүү хальт цохисон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 /,
Гэрч Г.Отгончимэгийн ...Батаагийн эхнэр Чинбаттай маргалдаад байхаар нь би болон манайхан “гэрт битгий маргалдаад бай гарцгаа” гэж хэлсэн. Тэгээд гадаа юу болсныг мэдээгүй. Удалгүй Чинбат гаднаас нүүр нь хавдчихсан байсан. Чинбаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, нүүр нь зүгээр байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 /,
Гэрч Д.Даваасүрэнгийн ...2022 оны 01 сарын 28-ны өдөр Батаа, Идшинноров, Ганаа, Бямбасүрэн гэх 4 хүн манайд ирээд Соёрхол нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи 6-уулаа хувааж уусан. Тэгээд Бүлтгийнд 20 цагийн орчим очиход баншаа хийж байсан. Тэгээд байж байтал Батаа Чинбааг “чи над руу муухай хардаг хэн бэ” гээд бариад авсан. Тэгсэн чинь гэрт байсан хүмүүс салгаад гаргасан. Тэгээд тэр хоёр хэрэлдээд гараад явсан. Тэгээд удалгүй эхнэр нь араас нь гарсан. Тэгээд Наранбаатар бид хоёр 10 орчим минутын дараа араас нь гартал Батаа, Идшинноров, Чинбат 3 хоорондоо маргалдаад байж байсан. Бид нарыг анх ирэхэд Чинбаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, нүүр нь зүгээр байсан. Цагаан сараар 2022 оны 02 сарын 02-ны өдөр ирж золгоход Чинбаагийн нүд нь хөхөрчихсөн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46 /,
Шүүгдэгч Ч.Идшинноровын ... Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 97/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн ... А.Чинбатын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / хх-ийн 50-51/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.Идшинноров нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Ч.Идшинноровыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Чинбат нь шүүгдэгчээс 140.000 төгрөгийг хүлээн авч цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар эвлэрлийн гэрээ хавтаст хэргийн 84-р хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Идшинноровын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боржигон овогт Чойжилжавын Идшинноровыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Идшинноровт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Идшинноровын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Идшинноровт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Идшинноров нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Идшинноровт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА