| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2021/0912/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/07 |
| Огноо | 2021-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/07
2021 12 23 2022/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч Ө.Б , түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө ын Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр... тоотод оршин суух бүртгэлтэй, .... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлсэн байдал:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 615 дугаартай магадлалаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн;
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1071 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял;
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1787 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Х овогт Ө ын Б /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар. /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Б нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Содон” хорооллын автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч М.А ын эзэмшлийн “Iphone XS” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудлын орчим Ж.О ийн эзэмшлийн “Iphone X” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч 835.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б : “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй” гэв.
Шүүгдэгч Ө.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр “Содон” хорооллын автобусны буудал дээр ганцаараа явж байхдаа нэг охины халааснаас Iphone Xs маркийн гар утсыг хулгайлсан нь үнэн.
Мөн Монгол 3 дугаар сургууль дээр явж байгаад автобусанд суух гэж байсан эмэгтэй хүний улаан өнгөтэй гар утсыг нь шар өнгийн пальтоных нь баруун талын халааснаас авчихсан. Гар утсаа аваад автобусны буудлын ард талын байрны орцонд байж байгаад буцаад гараад ирсэн чинь цагдаа нартай таараад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 88, 102-103 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч М.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим “Содон” хорооллын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа өөрийн “Iphone Xs” маркийн саарал өнгийн гар утсаа пальтоны баруун халааснаасаа гаргаж ирж цаг харчхаад буцаад халаасандаа хийсэн. Автобусанд суугаад Ханын материалын автобусны буудал дээр буугаад гар утсаа гаргаж ирэх гэтэл алга болсон байсан. Ингээд би сандраад хүний гар утсаар өөрийн дугаар руу залгатал танихгүй ах аваад “гар утсыг чинь хулгайлсан хүнийг барьчихсан байна, Содон хорооллын автобусны буудал дээр хүрээд ир” гэхээр нь би шууд очсон. Миний гар утсыг хулгайлсан гэх 150-160 см орчим намхан нуруутэай, бор царайтай, бүлтгэр нүдтэй, туранхай биетэй хүнээс миний гар утсыг авч өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 40 минутын үед Монгол 3 дугаар сургуулийн зүүн талын автобусанд суугаад гар утсаа алга болсныг мэдээд шууд буусан. Тэгээд хүний утаснаас залгахад авахгүй байсан тул 102 дугаарт дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд гар утсыг чинь олсон гэсэн. Iphone X маркийн гар утас байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
Гэрч Т.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Содон” хорооллын автобусны буудал дээр автобусанд суух үедээ өөрийн гар утсаа халааснаасаа алдсан. Тэгээд тэр хавиар байж байсан чинь Зүүнсалааны автобус ирэх үед сэжиг бүхий эрэгтэй автобус руу орж байгаа хүнийг шахаад байсан ба өөрөө автобусанд суугаагүй үлдсэн. Тэгэхээр нь үргэлжлүүлээд хараад байж байсан чинь өмднийхөө арын халаасанд нэг юм хийсэн. Тэгээд араас нь барьж аваад сая авсан утсаа гаргаад ир гэсэн чинь юун утас вэ, би хулгай хийгээгүй гээд мэлзээд байсан. ...Тэгээд цагдаа дуудсаны дараа нөгөө залуу хулгайлж авсан утсаа гаргаж ирээд “за за, май ав” гээд Iphone Xs маркийн бор өнгийн утас гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
“Мастер үнэлгээ” ХХК, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 23-27, 122-123 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ө.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31, 134 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 136 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-69 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/, “Хаан банк”-ны дансны лавлагаа /хх-ийн 35-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ө.Б нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Содон” хорооллын автобусны буудал дээр насанд хүрээгүй хохирогч М.А ын эзэмшлийн “Iphone XS” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудлын орчим Ж.О ийн эзэмшлийн “Iphone X” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар авч 835.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Ө.Б ийн “...Би тухайн өдөр “Содон” хорооллын автобусны буудал дээр ганцаараа явж байхдаа нэг охины халааснаас Iphone Xs маркийн гар утсыг хулгайлсан нь үнэн. Мөн Монгол 3 дугаар сургууль дээр явж байгаад автобусанд суух гэж байсан эмэгтэй хүний улаан өнгөтэй гар утсыг нь шар өнгийн пальтоных нь баруун талын халааснаас авчихсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 88, 102-103 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч М.А ын “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим “Содон” хорооллын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа өөрийн “Iphone Xs” маркийн саарал өнгийн гар утсаа пальтоны баруун халааснаасаа гаргаж ирж цаг харчхаад буцаад халаасандаа хийсэн. Автобусанд суугаад Ханын материалын автобусны буудал дээр буугаад гар утсаа гаргаж ирэх гэтэл алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.О ийн “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 40 минутын үед Монгол 3 дугаар сургуулийн зүүн талын автобусанд суугаад гар утсаа алга болсныг мэдээд шууд буусан. Тэгээд хүний утаснаас залгахад авахгүй байсан тул 102 дугаарт дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд гар утсыг чинь олсон гэсэн. Iphone X маркийн гар утас байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
Гэрч Т.О ын “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Содон” хорооллын автобусны буудал дээр ...сэжиг бүхий эрэгтэй автобус руу орж байгаа хүнийг шахаад байсан ба өөрөө автобусанд суугаагүй үлдсэн. Тэгэхээр нь үргэлжлүүлээд хараад байж байсан чинь өмднийхөө арын халаасанд нэг юм хийсэн. ...Тэгээд цагдаа дуудсаны дараа нөгөө залуу хулгайлж авсан утсаа гаргаж ирээд “за за, май ав” гээд Iphone Xs маркийн бор өнгийн утас гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ө.Б нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 144 дүгээр хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Б ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Насанд хүрээгүй хохирогч М.А , хохирогч Ж.О нар нь хулгайд алдсан гар утсаа буцаан авсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ө.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.Б-ийг шүүхээс “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналын хүрээнд шүүгдэгч Ө.Б иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ө ын Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б ийг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б өд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.